Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2018/ШЦТ/52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч А.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А-т холбогдох эрүүгийн 1838000230043 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А.А.

Шүүгдэгч А.А нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасгийн эмч Д.О-ны өрөөнөөс 2 ширхэг гар утас хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.А нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасгийн эмч Д.О-ны өрөөнөөс 2 ширхэг гар утас хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.О-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 14 цаг 20 минутын үед би ажил дээрээ өвчний карт бичээд байж байхдаа ширээн дээрээ зүүн гар талдаа хоёр симтэй цагаан өнгийн МИ маркийн гар утас, баруун гар талдаа жимобайлын хар өнгийн жижиг утсаа үлдээчихсэн байсан юм. Тэгээд өвчтэй хүмүүстэйгээ хальт уулзаад гарч ирсэн чинь миний хоёр гар утас алдагдчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар хуудас/,

Гэрч С.Г-ын “...2017 оны 12 дугаар сард өдрийг нь санахгүй байна. Нэг залуу ирээд хятад улсад үйлдвэрлэсэн шар хүрээтэй цагаан корпустай МИ загварын гар утас авчирч үзүүлээд пасскодоо мартчихлаа засаж өгч чадах уу гэсэн. Би утсыг нь үзэхэд сим картгүй байсан. Нөгөө залуугийн утсыг үзээд хот руу ярьж пасскод гаргах эсэхийг асуухад болно гэхээр нь тэр залууд 60 мянган төгрөг, 30 мянган төгрөгийн нэг утас өгөөд МИ маркийн утсыг нь худалдаж авсан. Тэр утсыг хотод байдаг засварчин руу явуулсан. Одоо надад байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Эд хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Юнител ХХК-иас ирүүлсэн лавлагаа /хх-ийн 55 дугаар хуудас/ зэрэг болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.А- нь учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хохирогч Д.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1838000230043 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч А.А-г хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-г 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

      4. Ялтны ял эдлэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

      5. Эрүүгийн 1838000230043 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 ШҮҮГЧ                            Н.НЯМСҮРЭН