Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/873

 

 

 

 

           2023           8            29                                          2023/ДШМ/873

 

Б.Цэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Өлзийжаргал,

хохирогч Б.Наранбаатар,

хохирогч О.Энхжаргал, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч С.Батнасан, 

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/313 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч О.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдлоор Б.Цэд холбогдох 1810007970748 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Сааралынхан овгийн Б.Ц, 1969 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, эмэгтэй, 52 настай, дээд боловсролтой, эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны хороолол, 77 дугаар байрны 43 тоотод оршин суудаг, /РД:ДА69021703/,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 8 жил, 6 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 8 жил 6 сарын хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 сарын баривчлах ял, мөн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын баривчлах ялуудыг багтааж, нийт эдлэх ялыг 8 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон.

Б.Ц иргэн Б.Туулыг хуурч, ноолууран бүтээгдэхүүнээ оёдлын цех байгуулах гэсэн хэрэгцээг далимдуулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, тоног төхөөрөмж, түүхий эд авна гэх зэргээр төөрөгдөлд оруулан 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд нийт 123.085.000 төгрөгийг дансаар болон бэлнээр шилжүүлэн авч, Б.Туулд 123.085.000 төгрөгийн,

Самбо бөхийн улсын аварга болох гээд санхүүжилт хэрэгтэй байна гэж иргэн Д.Хишигдэмбэрэлийг хуурч 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Хаан банк дахь 5062133646 дугаарын дансаар 50.000.000 төгрөг шилжүүлэн авч, иргэн Д.Хишигдэмбэрэлд 50.000.000 төгрөгийн,

Төрсөн хүүхэд нь Хөх хотын консулаар томилогдоход мөнгө хэрэгтэй байна гэж Б.Наранбаатарыг хуурч, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 хороололын 19-333 тоотод байх 4 өрөө орон сууцыг нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр итгэмжлэлээр шилжүүлэн авч, Б.Наранд 60.000.000 төгрөгийн барьцаанд тавьж 87.875.000 төгрөгийн,

Мөн өөрийн өмчлөлийн бус Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Агниста хотхонд 3 өрөө байрыг зарна гэж хуурч, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 58-2 тоот орон сууцыг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авч, 124.674.443 төгрөгийн, Б.Наранбаатарт нийт 212.549.443 төгрөгийн,

Газар эзэмших гэрчилгээ гаргаж өгнө гэж О.Энхжаргалыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар 2016 оноос 2017 онд 46.000.000 төгрөгийг дансаар болон бэлнээр шилжүүлэн авч ,О.Энхжаргалд 46.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад нийт 431.634.443 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Сааралынхан овогт Б.Цийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Цийг 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цэд энэ тогтоолоор оногдуулсан 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Туул, О.Энхжаргал, иргэний нэхэмжлэгч Б.Наран нар нь гэм буруутай этгээдээс өөрт учирсан бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Иргэний нэхэмжлэгч Б.Туулын нэр дээр шилжсэн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 хороолол 19-333 тоот орон сууцыг Б.Наранбаатар /РД:ТИ84112677/-ын, шүүгдэгч Б.Цийн нэр дээр шилжсэн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 58-2 тоот орон сууцыг П.Эрдэнэсүрэн /РД:ПЭ47050208/-гийн нэр дээр тус тус шилжүүлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 454 дугаартай “Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 1 хороолол 19-333 тоот, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 58-2 тоот орон сууц”-ын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч Б.Цэд урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цэд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Хохирогч О.Энхжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Анхан шатны шүүх нь надад учирсан бодит хохирлыг 49.000.000 төгрөг болгон үндэслэлгүйгээр хасаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх” гэж, мөн хуулийн 16.15 дугаар дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч нь ...нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар хянах” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь ...гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд оршино” гэж тус тус хуульчилсаныг зөрчсөн шийдвэр болсон.

Энэ талаарх нотлох баримтууд шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдаанд Б.Цийн мэдүүлэг, шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг, өмгөөлөгч О.Баярбаясгалан болон миний хэлсэн үг зэргээр хувцаснуудыг Б.Ц нь хууран мэхлэх замаар надаас авч надад 3.090.000 төгрөгрийг хохирлыг учруулсан нь хангалттай нотлогдож байна.

            2. 2023/ШЦТ/323 дугаартай шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт гэрч Ч.Саранцэцэг, хохирогч Б.Наранбаатар, хохирогч О.Эрдэнэжаргал, иргэний нэхэмжлэгч Б.Наран нарын нэрийг бичсэн нь Улсын Дээд шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 1 дэх хэсэгт заасан аргачлалд “...шийтгэх, цагаатгах тогтоолын  удиртгал хэсэгт шүүгдэгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нарын нэрсийг энэ хэсэгт заана. Харин бусад оролцогч болох иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хохирогч, гэрч, шинжээч нарын  нэрсийг зөвхөн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгана. ...” гэснийг зөрчин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...Шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарласан. ...” гэсэнд хамаарч байгаа бөгөөд анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн.

            3. 2023/ШЦТ/313 дугаар шийтгэх тогтоол нь үг, үсгийн алдаатай бөгөөд шүүх хуралдаан дээр хэлсэн мэдүүлгийн утгыг эсрэгээр нь болгож бичсэн, хохирлын тооцоо буруу тооцсон зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байхаар бичигдсэн байна. ...” гэсэн, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад “...анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу, дүрсний зөрүүтэй бол. ...” гэсэнд тус тус хамаарч байна.

            Үүнд: 3.1. Шийтгэх тогтоолын 24 дүгээр талд байх “бусад асуудлын талаар” гэсэнд О.Эрдэнэжаргал надад учирсан хохирлын тооцоололыг нийт 49.090.000 төгрөгөөс 46.000.000 төгрөгийг хасаад 3.090 төгрөг байх ёстойг 3.070.000 төгрөг гэж буруу тооцож бичсэн.

            3.2. Шийтгэх тогтоолын 21 дүгээр талд гэрч Саранцэцэгийн мэдүүлгийн утга агуулгыг гуйвуулан, ойлгомжгүйгээр “өглөгө” гэсэн үгийг “орлого” гэж алдаатай бичсэн.

            3.3. Шийтгэх тогтоолын 16 дугаар талд шүүх хуралдаан дээр мэдүүлсэн миний мэдүүлэг “...Цэрэндэжидэд 15.000.000 төгрөгийг би гаргаж өгсөн бөгөөд Ганбаяр, Нямтөгс нар нь тагтан дээр хараад зогсож байсан. ...” гэж хэлснийг “...Ганбаяр, Нямтөгс нар 15.000.000 төгрөгийг Цэрэндэжидэд гаргаж өгсөн. Миний бие үүнийг тагтан дээр хараад зогсож байсан. ...” гэж алдаатай бичсэн.

            4.  2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид хэрэгт ач холбогдол бүхий 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Цэрэндэжидээс “газар гаргаж өгч чадахгүй бол мөнгөө авья, чамд 2 сарын хугацаа өгч харна” гэхэд Цэрэндэжид нь “газрыг чинь гаргасан байгаа, нэмээд 200.000.000 төгрөг өг” гэж дахин залилаж нэмж мөнгө авах гэж байгаа, мөн намайг сүрдүүлж, улмаар бусдаар дарамтлуулна гэж заналхийлж машинаасаа намайг буулгалгүй харанхуй шөнө гэрийн гаднаас авч давхиж байгаа, миний бие машины хаалгыг хөдөлгөөн дунд нь онгойлгож машинаас унаж байгаа зэргийг утсан дээр бичиж, Сиди дээр буулгаж өгсөн боловч уг бичлэг нь мөрдөн байцаалтын шатанд хавтас хэргээс алга болсон. Мөн гомдол гаргаад шалгуулж байх хооронд Цэрэндэжид нь миний цахим зургийн өмнө зул асааж тавьснаар гаргаж намайг “нас баржээ, оргон зайлсан” хэмээн пост оруулж, сэтгэл зүйн дарамт үзүүлэн нэр хүндэд минь халдаж, улмаар гомдлоо татаж ав гэж сүрдүүлж байсан ба эдгээрийг мөн мөрдөгчид гаргаж өгсөн боловч ямар ч арга хэмжээ авалгүйгээр уг нотлох баримтууд алга болсон. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хуурамч нотлох баримт болон нотлох баримтыг устгах гэмтээх ...зэргийг хууль сахиулагчид хийсэн бол. ...” гэсэнд хамаарч байна.

            5. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах хүсэлтүүдийг удаа дараа бичгээр гаргасан боловч өнөөдрийг хүртэл хурлын тэмдэглэлтэй танилцах боломжоор хангаагүй, ямар нэгэн байдлаар ирүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүхийн шийдвэр уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор гаргаж, ...прокурор, оролцогчид танилцуулна. ...” гэснийг зөрчжээ.

            6. Анхан шатны шүүх шүүгдэгч эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4, 1.6 дахь заалтууд, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар түүнд ял оногдуулсан.

            Шүүгдэгч нь тодорхой гэмт хэрэгт бусдыг гүтгэж мэдүүлэг өгсөн бол энэ нь хүндрүүлэх нөхцөл болохын зэрэгцээ Эрүүгийн хууль заасан хариуцлага хүлээх үндэслэл болно.

            Үүнд: “...Хүнд гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш 8 жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдсэн бол хүндрүүлэх нөхцөл байдал болно. ...”,

            “...Урьд нь санаатай гэмт хэрэг үйлдсэн хорих ял шийтгэгдсэн этгээдээс ялаас эдэлж байх хугацаандаа эсхүл ялаа эдэлж дууссаны дараа дахин гэмт хэрэг үйлдэхийг рецидев гэмт хэрэг гэнэ. ...”,

            “...Зөвхөн нэг төрлийн эсхүл хоорондоо төсөөтэй гэмт хэргийг дахин үйлдсэнийг тусгай давтамжтай байгаа тогтвортой үйлдсэн, амьдралын эх үүсвэр болгосон шинж бүхий гэмт хэрэг гэнэ. ...” гэсэн эдгээр бүх шинж нь хүндрүүлэх нөхцөл байдлуудыг бүрэн хангасан бөгөөд түүний шүүх хуралдаан дээр мэдүүлсэн мэдүүлэг, гэрч, хохирогч, өмгөөлөгч нарын мэдүүлэг, түүний хувийн байдал зэргээр хангалттай нотлогдож байхад хөнгөрүүлж, торгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр бодитой, эргэлзээгүй, шударга байх зарчимд нийцэхгүй байна.

            Шүүгдэгч нь 2000 оноос 2019 оны хооронд нийтдээ 147 хүн залилан мэхэлж хохироосон атлаа хохирлоо нэхсэн хүмүүсийг эсрэгээр нь гүтгэж, айлган, дарамталж, сүсэг бишрэлээр нь далимдуулдаг. Ялангуяа ганц бие, хөрөнгө мөнгөтэй хүмүүстэй танилцаж улмаар өөрийгөө Элбэгдоржийн бөө гэж итгүүлж, залилдаг, нууцар бичлэг хийж айлган сүрдүүлдэг байсан зэргийг шүүх анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчлөө. Өөрийн хийсэн гэмт хэргээ нуух зорилгоор намайг гүтгэсэн. Тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй бөгөөд уул, уурхайн компанитай, консалтинг үйлчилгээ үзүүлдэг, оёдлын салон ажиллуулдаг гэдэг нь худлаа бөгөөд шүүхийг болон бусдыг төөрөгдөлд оруулж байна.

            2020 оны 7 дугаар сард надад холбогдох шүүх хуралдаан дээр гэрчээр мэдүүлэг өгсөн ба тухайн хувцаснуудыг өөрөө өмссөн зураг нь гарч ирмэгц авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байсан. Өөрийнх нь авсан тэдгээр хувцаснуудын мөнгийг би оёдолчин Дулмаа болон худалдагч Нарангэрэлт нарт Цэрэндэжидийн өмнөөс өгч бодитоор 3.090.000 төгрөгөөр хохирсон. Мөн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр болсон шүүх хуралдааны үеэр намайг “...“Ривер Гарден” хотхоны 308-201 тоот байрыг зарна гээд өөрөөс нь 20.000.000 төгрөг аваад залилсан, түүнээс хойш уг байрыг 3 хүнд давхардуулан зарсан. ...” гэж, мөн намайг хүүтэйгээ 2 тэрбум төгрөгийн хохиролтой хэрэгт холбогдсон гэж хүүг минь хамт гүтгэсэн.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...Шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй. ...”, 1.2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. ...” гэх үндэслэлд хамаарч, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан, мөн дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн зэргээр ял хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлж, улмаар торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн зорилго, зарчимд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

            Намайг дөнгөж төрсөн, хоёр нялх хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй амьдрах гэж ядарч явах үед минь гүтгэж, залилж, нэр хүндэд минь халдсан. Хүн чанаргүй, маш муухай үйлдэл хийсэн. Энэ хүний худал гүтгэлгээс болж миний амьдрал эргэсэн. Б.Цэд гүтгүүлж хүнд хэрэгт унасан. Өөрөө авч өмссөн байж “2017 оны 6 дугаар сарын 31-ний өдөр гэсэн 1.300.000 төгрөгийн төлбөрийн баримтыг өгч, О.Энхжаргал оёдолчноос очиж хувцас авсан” гэсэн. Надаар хувцас авахуулсан ч мөнгийг нь өгөлгүй намайг авсан мэтээр гүтгэж, миний эрх зүйн байдлыг дордуулсан. Гэрээтэй холбоотой иргэний хэргийн маргааны хөөн хэлэлцэх хугацааг татах зорилгоор өөрийн авсан хувцасыг намайг авсан мэтээр гүтгэж хэрэгт оруулсан. 1.300.000 төгрөгөөс болж би 4 жилийн хорих ял шийтгүүлээд сууж байна. 1.300.000 төгрөгийн хохирол гэж харагдах боловч энэ нь миний амьдралыг эргүүлсэн маш муухай гүтгэлэг байсан. Би буруутан болж шоронд ороод ходоодны хорт хавдартай болсон. Хоёр хүүхэд маань 6 настай бөгөөд хүүхдүүдээ гэртээ үлдээгээд энэ хүний хорон муу санаа, өс хонзонгийн улмаас энд хоригдож байна. Хүүхдүүдийн маань эцэг нас барсан ба нөхрийг маань нас барахад шүүгдэгч маш их нөлөөлсөн. Б.Цийн хувийн зан байдал хэзээ ч засрахгүй, нийгэмд маш их аюултай үйлдэл хийдэг хүн. Олон гэр бүлийг салгасан. Бараг гишгэсэн газрынх нь цэцэг хүртэл үхнэ. Надад өөр хэлэх муу үг алга. Би маш их хохирол амсаад сууж байна. Миний өөрийн шийтгэгдсэн хуурамч нотлох баримт оруулсан үйлдэл маань Авлигатай тэмцэх газарт шалгагдаж, тэр талаарх ажиллагаа явагдаж гэм буруугүй маань батлагдаж гарах гэж байна. Тийм учраас шүүгдэгчийн нийгэмд аюултай болохыг бодолцож, шүүх шударга байх, бодитой байх, хуулийн дагуу үнэн зөв байх зарчимд тохирсон шийтгэл оногдуулж өгнө үү. Анхан шатны шүүх шүүгдэгчид илт давуу байдал бий болгож торгосон. Гэтэл намайг энд хоригдож байх хугацаанд 30.000 төгрөгийн төлөө 3 нялх хүүхдээ орхиод шийтгэгдэж орж ирсэн хүн байна. Гэтэл 140 гаруй хүн хохироосон, өмнө нь 8 жилийн хорих ял шийтгүүлсэн, ялтай байх хугацаандаа олон хүнийг залилж, амьдралыг нь эргүүлсэн хүн торгуулж байна. Б.Ц бичлэг хийж дарамталдаг тул хохирсон олон хүн гомдол гаргадаггүй. Жишээлбэл, ерөнхийлөгч Баттулгын эхнэрийг бичлэг хийж дарамталсан. Иймд тохирсон ял шийтгэлийг шударгаар оногдуулж өгнө үү. Мөн Б.Цийн өмнөөс тус болж авч өгсөн хувцасны төлбөр 3.090.000 төгрөгийг би төлсөн. Тухайн хувцасыг өөрөө өмсөж явсан зураг нь байхад намайг авсан мэтээр буруутгаж, намайг шийтгүүлсэн. /Тухайн хувцасыг өмсөж явсан гэх Б.Цийн зургийг үзүүлэв/. Миний хоёр хүүхэд өнөөдөр сургуульд ч сурч чадахгүй, би энд хоригдоод үнэн шударга гэх зүйл алдагдаад байна. Иймд үнэн зөвийг нь олж өгнө үү гэж гомдол гаргасан. Түүнээс өс хонзон санаж гаргаагүй болно.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, надад учирсан бодит хохирол болох 1 ширхэг дээлний үнэ 350.000 төгрөг, 3 ширхэг даашинзны үнэ 540.000 төгрөг, 1 ширхэг шубаны үнэ 2.200.000 төгрөг, нийт 3.090.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн сэтгэл санаа, эрүүл мэнд, нэр хүндэд учирсан хохирлыг Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг, түүнлэн  шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохирсон эсэхийг магадлаж өгнө үү. ...” гэв.

            Хохирогч О.Эрдэнэжаргалын өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Энхжаргалын гаргасан гомдлыг бүхэлд нь дэмжиж байна. 3.090.000 төгрөгтэй холбоотой асуудлыг шүүх шийдвэрлээгүй, уг асуудал нь гэмт хэргийн шинжтэй болох нь 2 дугаар хавтаст хэргийн 107, 108, 109 дэх талд авагдсан баримтууд, хохирогч О.Энхжаргалын удаа дараа өгсөн мэдүүлгүүд, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Цийн тухайн платье дээлийг авснаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг байхад анхан шатны шүүх үнэлэлгүй иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж үлдээсэнд гомдолтой байгаа. Б.Ц “найзад нь хувцас хэрэг болоод байна, чи оёулаад өгөөч” гэсэн учраас О.Энхжаргал өөрийнхөө нэрээр оёулж, шүүгдэгчид өгсөн байдаг. Өмнөөс нь О.Энхжаргал цагдаагийн байгууллагад дуудагдаж бусдыг залилсан хэрэгт буруутгагдаж тус хэрэг нь шийдвэрлэгдсэн. Энэ хэргээс улбаалж үндсэн хэрэг нь явж байгаа талаар миний үйлчлүүлэгч тайлбарлаж байна. Тэгэхээр 3.090.000 төгрөгийн хувцастай холбоотой хэрэгт Б.Цийн үйлдэл байдаг.   Хохирогчийн үзүүлж буй зураг хэрэгт авагдсан. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах учраас ийм бодитой үйл баримтуудыг хянаж үзнэ үү. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 147 дахь талд Саранцэцэг гэх хүний 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр өгсөн хоёр дахь удаагийн мэдүүлэг авагдсан. Энэ хүн мэдүүлэг авахдаа өмнөх өгсөн мэдүүлэг худал гэж мэдүүлгээсээ няцдаг. Өөрөөр хэлбэл, хууль сануулж мэдүүлэг авсан байхад хоёр дахь удаа мэдүүлэг өгөхдөө “Б.Ц гэх хүн намайг очоод ийм мэдүүлэг өгчих гэж хэлсэн. Түүнээс биш хохирогч гэх О.Энхжаргал нь 41.200.000 төгрөгийг Б.Цээс аваагүй. Анх Б.Ц намайг хэлээд өгөөч гэсэн учраас би тэгж хэлсэн. Одоо миний хэлж байгаа зүйл үнэн зөв” гэсэн. Гэтэл үүнийг огт шалгаагүй. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэрч худал мэдүүлсэн гэмт хэргийн шинжтэй байхад ямар ч мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийн шинж Б.Цийн үйлдэлд байдаг. Тэрээр Саранцэцэг гэх хүнтэй хамтран оёдлын цех ажиллуулдаг байсан. Хамт байх хугацаандаа нөлөөлсөн нь Саранцэцэгийн хоёр дахь удаагийн мэдүүлгээс харагдаж байхад анхан шатны шүүх үнэлэлт дүгнэлт хийлгүй ял завших боломж олгосон. Тиймээс эрхэм шүүгчид үүнд дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн алдаатай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

            Хохирогч Б.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн шийтгэх тогтоолын 7 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэгч Б.Туулын нэр дээр шилжсэн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 хороолол 19-333 тоот орон сууцыг Б.Наранбаатар /РД:ТИ84112677/-ын, шүүгдэгч Б.Цийн нэр дээр шилжсэн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 58-2 тоот орон сууцыг П.Эрдэнэсүрэн /РД:ПЭ47050208/-гийн нэр дээр тус тус шилжүүлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.” гэсний Б.Туул гэх хүний оронд Б.Наран гэх хүний нэр байх ёстой. Шийтгэх тогтоолд буруу бичигдсэн байсан тул үүнийг залруулж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Энхжаргал надаас болоод ял эдэлж байгаа юм шиг ярьж байна. Түүний ял авсан хуралд би гэрчээр оролцож байсан тул миний хувьд ямар нэгэн холбогдол байхгүй. О.Энхжаргал миний хувийн байдалд хэт халдаж байгаад гомдож байна. Хүн муудалцаж маргаж болох ч ингэж гүтгэж болохгүй. Намайг фейсбүүкээр гүтгүүлж, дараа нь гомдол гаргасан байна. Надад 15.000.000 төгрөг өгснөө шүүхээс 40.000.000 гаруй төгрөгийг гаргуулсан. Шүүхийн шийдвэрээр тогтоосон учраас надад өгөхөөс өөр арга, боломж байгаагүй. Өнөөдрийг хүртэл намайг шалгасан мөрдөгч намайг хамгаалж, О.Энхжаргалыг надад зодуулсан гэсэн нотлох баримтыг устгах боломжгүй. О.Энхжаргал намайг бүх хохирогч, хэргээ шалгуулж байсан цагдаа, прокурор, шүүх, хэргийг минь шийдвэрлэж ял өгсөн шүүгч Батгэрэлд хүртэл тэрбум төгрөгийг авлига өгсөн гэж гүтгэж өргөдөл гаргасан ч өөрөө хүн гүтгэсэн хэргээр шалгагдаж байгаа. Тиймээс О.Энхжаргалын эдгээр гүтгэлгийг зогсоож өгөөч. Би 20 жилийн өмнө ял эдэлж байсан. 147 хохирогчид нэг ч төгрөгийн хохиролгүй, шүүхийн шийдвэрээр төлөх төлбөргүй. Мөн тэр хэргээс болж нас барсан нөхрийнхөө хохирлыг хүртэл би төлсөн. Би одоо 55 настай, О.Энхжаргал 64 настай. О.Энхжаргал хүн гүтгээд амьдраад байж болно гэж бодож байгаа бол хэрээс хэтэрч байна. Аймхай, сул дорой, хамгаалах хүнгүй, 4 өнчин хүүхдээс өөр юмгүй, урьд нь ял шийтгүүлж байсан эмэгтэй надад нэг шүүх хурал болоход нь хэдэн төгрөг нэмж гаргуулахаар хандаж, хүнийг аргагүй байдалд оруулсан. Би өмнө нь 8 жилийн хорих ял шийтгүүлж байсан тул айдастай амьдардаг. Иймд О.Энхжаргалын гүтгэлийг зогсоож өгөөч. Хүн бүрийг гүтгэж, гавьяа байгуулсан юм шиг ярьж байна. Тэрбум гаруй төгрөгийн хохиролтой хүн байж 1.300.000 төгрөгийн хохиролтой гэж яриад байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Цийн өмгөөлөгч С.Батнасан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэсэн байр суурьтай оролцож байна. Шийтгэх тогтоолд залруулбал зохих техникийн шинжтэй алдаанууд байгаа. Тухайлбал, иргэний нэхэмжлэгч Б.Нарангийн нэрийн оронд Б.Туулын нэрийг бичсэнээс болж орон сууц өмчлөгчийн нэр шилжүүлэлгүй удааширсан асуудал үүссэн. Б.Цийн хувьд хохирогч нарт учруулсан хохирлоо бүрэн төлж, мөн шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг төлж барагдуулсан. Давж заалдах гомдлын тухайд, хохирлыг үндэслэлгүй хассан зүйл огт байхгүй. Энэ хэргийн хохирогч О.Энхжаргал, Б.Туул, шүүгдэгч Б.Ц нар цагтаа найз нөхдийн холбоотой явсан бөгөөд дансаар болон бусад байдлаар бие биедээ мөнгө өгч, авсан асуудал маш их байсан. Гэтэл хоорондоо муудалцсанаас болж тэр бүгдийгээ хохиролд тооцсоныг мөрдөн шалгах байгууллага шалгаж, аль хэсгийг нь залилсан талаар маш нарийн ажиллагаа явуулж, шүүх тэдгээр нотлох баримтыг үндэслэж хохирлын хэмжээг тогтоосон. Шүүхээс тогтоосон хохирлыг Б.Ц бүрэн төлж барагдуулсан. Хохирогч О.Энхжаргал шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулсан гэж байна. Гэвч шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. Түүнээс биш зайлшгүй хорих ял оногдуулна гэсэн үг, үсэг байдаггүй. Сонгох санкцитай энэ хэрэгт шүүгдэгчид 20.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг төлбөрийг хуваахгүйгээр, нэг удаа төлөхийг даалгаж шийдвэрлэснийг үйлчлүүлэгч маань биелүүлсэн. Иймд хохирогч О.Энхжаргалаас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Б.Өлзийжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн тул хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Б.Ц иргэн Б.Туулыг хуурч, ноолууран бүтээгдэхүүнээ оёдлын цех байгуулах гэсэн хэрэгцээг далимдуулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, тоног төхөөрөмж, түүхий эд авна гэх зэргээр төөрөгдөлд оруулан 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд нийт 123.085.000 төгрөгийг дансаар болон бэлнээр шилжүүлэн авч, Б.Туулд 123.085.000 төгрөгийн,

Самбо бөхийн улсын аварга болох гээд санхүүжилт хэрэгтэй байна гэж иргэн Д.Хишигдэмбэрэлийг хуурч 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Хаан банк дахь 5062133646 дугаарын дансаар 50.000.000 төгрөг шилжүүлэн авч, иргэн Д.Хишигдэмбэрэлд 50.000.000 төгрөгийн,

Төрсөн хүүхэд нь Хөх хотын консулаар томилогдоход мөнгө хэрэгтэй байна гэж Б.Наранбаатарыг хуурч, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 хороололын 19-333 тоотод байх 4 өрөө орон сууцыг нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр итгэмжлэлээр шилжүүлэн авч, Б.Наранд 60.000.000 төгрөгийн барьцаанд тавьж 87.875.000 төгрөгийн,

Мөн өөрийн өмчлөлийн бус Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Агниста хотхонд 3 өрөө байрыг зарна гэж хуурч, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 58-2 тоот орон сууцыг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авч, 124.674.443 төгрөгийн, Б.Наранбаатарт нийт 212.549.443 төгрөгийн,

Газар эзэмших гэрчилгээ гаргаж өгнө гэж О.Энхжаргалыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар 2016 оноос 2017 онд 46.000.000 төгрөгийг дансаар болон бэлнээр шилжүүлэн авч ,О.Энхжаргалд 46.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад нийт 431.634.443 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч О.Эрдэнэжаргалын “...Улсын ерөнхий прокурорт таньдаг хүн байгаа гэж хэлээд, танихгүй өмгөөлөгч оруулж ирээд тэрэндээ мөнгө өгүүлээд, өөрөө дундаас нь 5 сая төгрөг аваад эхэлсэн. Энэ нь 2015 оны 08 дугаар сараас 2016 оны 03 дугаар сарыг хүртэл үргэлжлээд, Саранцэцэгийн подвалоос Энхжаргалын асуудлыг хөөцөлдөж байна, тэр шүүгч, прокурор, цагдаад өгнө гээд нийт 6.000.000 төгрөгийн хувцсыг оёулаад аваад яваад байсан байдаг. 2016 оны 01 дүгээр сарын сүүлээр надаас эхний 5.000.000 төгрөгийг бэлнээр авсан. ...Ингээд 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Ривер Гардны 308 дугаар байр буюу манай гэрийн гадаа ирээд эхний 15.000.000 төгрөгийг бэлнээр авсан. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 5.000.000 төгрөгийг бэлнээр авсан ба ингэхдээ бас л манай гэрийн гадаа ирээд би өөрийнхөө машинд орж мөнгийг өгсөн. ...би одоо гялс өгөхгүй бол болохгүй нь гээд 3.000.000 төгрөгийг харанхуй шөнө байсан ч хамаагүй орж ирээд бэлнээр авч байсан. Мөн 2.000 000 төгрөг, 6.000.000 төгрөгүүдийг Нямтөгс миний данс руу шөнө дунд шилжүүлсэн байдаг. “...газар авч өгнө гэсэнтэй холбоотойгоор бэлнээр 20.000.0000 төгрөгийг, дансаар 8.000.000 төгрөгийг шилжүүлж нийт 28.000.000 төгрөгийг Цэрэндэжидэд өгсөн юм. Цаашлаад 2016 оны 10 дугаар сард хүүхдийн 100-д сайдаг подвалд байрлах валют арилжаалах цэг дээр байх миний танил дүүгийн дэлгүүрээс 2.200.000 төгрөгийн үнэтэй саарал шубийг надаар хэлүүлж авсан боловч мөнгийг нь өгнө гэж хэлээд өгөөгүй. ...Тэгээд энэ газрыг авахтай холбоотой эхний 10.000.000 төгрөгийг манай хүүгийн эхнэр Золбоо Ганбилэг нар машинтай нь зэрэгцэж зогсож байгаад бэлнээр өгсөн байдаг. ...Тэгээд тухайн плажнуудыг би Дэрэндэжидэд өгсөн боловч Цэрэндэжид энэ плажнуудыг аваагүй гэсэн атал тухайн үед емссөн зургууд нь байгаад байгаа юм. Ингээд Цэрэндэжид надад 46.000.000 төгрөгийн хохирол учруулсан ба плаж шубний мөнгө энэ мөнгөн дүнд багтаагүй байгаа. Үүн дээр нэмээд 2016 оны 10 дугаар сард авсан 2.200.000 төгрөгийн шубны үнэ, Ялгуун салоны оёдолчдоос өгсөн 350.000 төгрөгийн үнэ бүхий нэг ширхэг дээлийн үнэ, 2017 оны 07 дугаар сард Ялгуун салонд оёулсан ногоон, ягаан, хар гэх гурван плажны үнэ 180.000 төгрөг нэмж нэгтгээд нийт 49.090.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байгаа. Би маш их гомдолтой байна...” /1хх 126, 130-132, 133-135, 139-140, 141-142/,

хохирогч Б.Наранбаатарын “...2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 99118015 дугаараар Цэрэндэжид гэх хүнтэй ярьж, уулзаад нотариатын газарт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19-333 тоот бүхий 126 метр квадрат бүхий 130.000.000 төгрөгийн үнэ бүхий 4 өрөө байрыг Цэрэндэжид гэх хүнд итгэмжлэл олгож явуулсан. ...2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 58-2 тоот бүхий 57 метр квадрат 114.000.000 төгрөгийн үнэтэй 2 өрөө байрыг мөн шилжүүлсэн. ...” /2хх 157-158, 159-160, 161-162/,

хохирогч Д.Хишигдэмбэрэлийн “...Цэрэндэжид “самбо бөхийн улсын аварга болох гээд санхүүжилт хэрэгтэй байна 50.000.000 төгрөг зээлээч удахгүй өгнө сүүлд нь эргээд туслана” гэхээр нь ямар нэгэн зүйл бодолгүйгээр 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өөрийн үеэл ах Өлзийбулаг руу утсаар яриад Цэрэндэжидийн өгсөн 5062133646 Хаан банкны данс руу 50.000.000 төгрөг шилжүүлсэн юм. Тухайн үед хүү болон мөнгийг өгч авах ямар нэгэн хугацаа тохироогүй. “Та мөнгөө яаралтай шилжүүл” гэж хэлэхэд “удахгүй өгнө” гэсээр 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр миний Хаан банкны 5003658438 данс руу 10.000.000 төгрөг шилжүүлсэн үлдэгдэл 40.000.000 төгрөг шилжүүлэхгүй болохоор нь 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн байгууллагад гомдол гаргаж хандсан юм. ...Цэрэндэжид анх уулзах үед самбо бөхийн холбооны ерөнхийлөгч нь тагнуулын ерөнхий газрын дарга Гэрэл мөн Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгатай худ ургийн холбоотой удахгүй самбо бөхийн улсын аварга болох гэж байгаа гэхээр нь итгэсэн юм. ...” /3хх 126, 127-128/,

хохирогч Б.Туулын “...Б.Ц анх “9911- тэй дугаар авч өгнө, түүнчлэн өөрийгөө маш уран, загварын дээл оёдог хамтарч оёдлын салон ажиллуулъя” гэж итгүүлэн салоны түрээсийн төлбөр, материалын мөнгө, Говийн ноолууран даавуу авна, ажилчдын цалин хөлс өгнө, оёдлын машин авмаар байна, үзэсгэлэнд оролцмоор байна” гэх мэтээр намайг хуурч мэхэлж, цувуулж авсаар 80.000.000 орчим төгрөг авсан боловч сүүлд нь мөнгө авахдаа ярьж байсан сайхан зүйлүүд нь бүгд худал болж таарсан учир би түүнээс мөнгөө буцааж авах талаар хэлэхэд “удахгүй өгнө, зээл бүтэхээр өгнө, тэрнээс мөнгө авахаар өгнө, тийм ч хөрөнгийг зарагдахаар өгнө, уурхайгаас ашиг авахаараа өгнө” гэх мэтчилэн үргэлж худал ярьдаг байсан төдийгүй нэмж залилж авсаар нийтдээ 200 гаруй сая төгрөг авч намайг хохироосон. Миний бие дээрх мөнгийг Б.Цэд өгөхдөө өмнө өгсөн мөнгөө буцааж авахын тулд хэлсэн үгэнд нь итгэж, хууртагдаж байсан. ...2015 оны 6 дугаар 18-ны өдөр 3.000.000 төгрөг, 2015 оны 6 дугаар 22-ны өдөр 4.000.000 төгрөг, нийт 7.000.000 төгрөгийг авсан байсан бөгөөд дугаарын мөнгө өгөх болоход бид 2 тооцоо хийж байгаад өмнө өгсөн 7.000.000 төгрөгөө оролцуулаад дээр нь 3.000.000 төгрөг, 2015 оны 6 дугаар 29-ний өдөр Цэрэндэжидийн охин Номиндарийн Хаан банкны 5034318870 тоот дансанд нэмж шилжүүлэн нийт 10.000.000 төгрөгөөр 9911- тэй дугаар 2 ширхэгийг авахаар болсон. ...Надаас 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 4.000.000 төгрөг нийт 9911-тэй дугаар авч өгнө гэж 14.000.000 төгрөг авсан боловч одоо хүртэл дугаар ч үгүй мөнгө ч үгүй залилуулсан. Дараа нь “дугаар юу болов” гэсэн чинь “өөр дугаар гаргаж байгаа удахгүй, орой ярьсан” гээд л таг болсон. ...2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд зээлэх, хамтран ажиллах салон нээхэд хэрэгтэй гэх мэтээр бэлнээр 68.955.000 төгрөг дансаар 165.095.000, нийт 226.045.000 төгрөгийг залилж авсан байна. ...Ихэвчлэн дансаар шилжүүлж байгаа мөнгийг би өөрийн эзэмшлийн Хаан банкны 5034494299, Хас банкны 5002081517, Голомт банкны 1605008571, Төрийн банкны 104500661707 данснаас Б.Цийн Хаан банкны 5062133646, Номиндарь Хаан банкны 5034318870, Худалдаа хөгжлийн банкны 459027244, Намуундарийн Хаан банкны 5065218803 данснууд руу мөнгө шилжүүлж байсан. ...” /4хх 66-67, 68-74, 75-79/,

Иргэний нэхэмжлэгч Б.Нарангийн “...Анх 2019 онд Заяа гэж хүн над дээр ирсэн ба “манай эгчид мөнгөний хэрэг болоод байна” гээд Цэрэндэжидийг надад хэлж байсан. Тэгэхээр нь би барьцаа байвал болно гэдгийг хэлсэн байдаг. Ингээд удалгүй надад байр үзүүлэхээр болоод би Наранбаатарын Сонгинохайрхан дүүрэгт байх байрыг үзээд 60.000.000 төгрөгийг Цэрэндэжидтэй зээлийн гэрээг хийгээд байрыг өөрийн нэр дээр шилжүүлээд зээл өгсөн. Тухайн байрыг үзэж байхдаа “байрыг чинь барьцаалж болох юм уу” гэхэд Наранбаатар “зүгээрээ, би итгэмжлэл бичээд өгсөн” гэж хэлж байсан. Би 2.5 хувийн хүүтэй зээл өгсөн ба үүнээс хойш 2019 оны 12 дугаар сар болон 2020 оны 1 дүгээр сард хүү төлсөн боловч үүнээс хойш Цэрэндэжид нь надад ямар нэгэн хүү болон үндсэн зээлийн төлбөрийг төлөөгүй. Үүний дараа надаас дахиад зээл авсан байдаг. Гэтэл Цэрэндэжид мөнгөө төлөхөө больсон тул би байрны эзэн болох Наранбаатар руу залгахад “би цагдаад хандсан” гэж хэлсэн. Үүнээс хойш мөнгө төлөөгүй байж байгаад 2023 онд 8.000.000 төгрөг төлсөн байна. Өөрөөр хохирол барагдуулсан зүйл байхгүй байна. Б.Ц нь 60.000.000 төгрөг дансаар авч өнөөдрийг хүртэл хүү тооцох юм бол 84.000.000 төгрөг болж байна. ...” /2хх 165/,

Б.Цийн яллагдагчаар өгсөн “...2013 онд суллагдсан ба 2014 оны намар сүлжээний бизнес хийдэг хэсэг хүмүүстэй танилцаж, сургалтад сууж байхдаа Туултай танилцаж байсан ба энэ үедээ “би Төв аймгийн Эрдэнэ сум Цонжинболдогт газартай, зарна” гэж хэлсэн чинь Туул сонирхоод нөхөр Бадмааванчин болон өөрийнхөө нэр дээр 4000 м.кв газрыг 40.000.000 төгрөгөөр бодож авахаар анх тохиролцож Бадмааванчиг надад 6.000.000 төгрөг өгсөн. Туул 7.000.000 төгрөгийг данс болон бэлнээр өгснийг нь санахгүй байна. ...Би Туулд хандаж “шинэ нисэх онгоцны буудлын хойд талд газар авсан 1 айлын газар 5000 мкв талбайтай 1 газрыг 20.000.000 төгрөгөөр зарна” гэхэд Туул зөвшөөрч 7 газрыг авч “увуулж цувуулаад мөнгийг нь өгье” гэж хэлээд миний Хаан банкны данс руу мөнгө шилжүүлдэг. Мөн би тухайн үед шүүхийн шийдвэрт өртэй байсан учир миний банкны дансыг заримдаа хаачихдаг байсан тул охин Номиндарийн Хаан банкны данс руу шилжүүлж авдаг байсан. тухайн үед хэдэн төгрөг өгснийг мэдэхгүй байна. Мөн мөнгөний тооцоо ч алдагдаж дундаа орсон юм. 2016 оноос 2017 онд “Хандгайтын зусланд би 6 айлын газар зарна” гэхэд Туул “авъя” гэж хэлээд 1 айлын газрыг 20.000.000 төгрөгөөр бодож 6 айлын газрыг авсан. Энэ үед  Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах Саруул захын орчим жижиг өрөөг түрээслэн оёдлын үйлдвэрлэлийг ганцаараа явуулж байхад Туул над дээр ирж “хоёулаа хамтарч оёдлын цехийн үйл ажиллагаа явуулъя” гэж хэлээд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах дипломат 95 орон сууцны 1 давхрын 3 өрөө байрыг сарын 1.500.000 төгрөгөөр түрээсэлж Туул 7.500.000 төгрөгийн төлбөрийг төлсөн. Мөн “материалын мөнгө” гэж над руу 12.000.000 төгрөг, 3.000.000 төгрөг гээд шилжүүлж байсан одоо сайн санахгүй байна. Оёдлын цех ажиллуулах үед эсгүүрчин хэрэгтэй байсан тул эсгүүрчин Саранцэцэгийг сансарт подволд үйл ажиллагаа явуулж байхад нь санал тавьж, Саранцэцэг бид гурав ярилцаж гурвуулаа хамтарч ашгаа хувааж авахаар тохиролцож Саранцэцэг дипломат 95-д байх байранд ирж хамтарч ажиллаад явж байхад Саранцэцэг бид хоёрын хооронд яс хаяж худлаа ярьдаг байсан. Мөн материалыг сольж өөртөө ашигладаг байсан ч тухай бүрт нь тоодоггүй байсан ба би өөрийн гэсэн хэрэглэгчтэй, Саранцэцэг өөрийн гэсэн хэрэглэгчтэй байсан болохоор өөр өөрсдийн хэрэглэгч нар бүтээгдэхүүнийг зарж борлуулаад Саранцэцэг өртэй байсан тул Саранцэцэгийн өрийг дарж дуусаад дараа нь Туул бид гурав ашгаа хувааж авна гэж ярьж байсан мөн би ажилчдын цалин хөлсийг өөрөө тавьдаг байсан. Оёдлын цех ажиллуулснаас хойш Туул Саранцэцэг бид гуравт ямар ч ашиг ирээгүй. ...” /5хх 214, 215-216, 217-221, 222-226/ гэсэн мэдүүлгүүд,

“Дамно” хөрөнгө үнэлгээний газрын шинжээчийн дүгнэлт, гэрэл  зургийн үзүүлэлтүүд  /2хх 138-153/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч Б.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Цийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Хохирогч О.Энхжаргал “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, надад учирсан бодит хохирлыг нөхөн төлүүлж, мөн сэтгэл санаа, эрүүл мэнд, нэр хүндэд учирсан хохирлыг Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг, түүнлэн  шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохирсон эсэхийг магадлаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Анхан шатны шүүх нь Б.Цэд холбогдох хэргийн гэм буруугийн болон учирсан хохирлын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн ба Б.Ц нь 46.000.000 төгрөгийг хохирогч О.Энхжаргалд төлж барагдуулсан байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ О.Эрдэнэжаргал нь гэм буруутай этгээдээс өөрт учирсан бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэхийг зааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал. ...” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг,  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх”-аар тус тус хуульчилсан байна.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Ц нь үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж, нийт хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх бөгөөд энэхүү байдлыг харгалзан анхан шатны шүүх түүнд торгох ял оногдуулсан нь буруутган дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байх тул дээр дурдсан үндэслэлээр хохирогч О.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэгч Б.Нарангийн нэрийг “Б.Туул” гэж техникийн шинжтэй алдааг залруулж, мөн шийтгэх тогтоолын 9 дэх заалт болон 11 дэх заалтууд хоорондоо зөрчилтэй байдлаар бичигдсэн байх тул 9 дэх заалтыг хүчингүй болгох нь зүйтэй.

Мөн хохирлын талаар дүгнэхдээ шүүгдэгч Б.Цээс нийт 229.335.000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт гаргуулахаар шийдвэрлэсэн боловч завсарлага авсан хугацаанд хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт нийт 229.335.000 төгрөгийн хохирлыг төлсөн хэмээн агуулгын хувьд зөрүүтэй бичсэний дурьдах нь зүйтэй.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/313 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн зарим заалтыг хүчингүй болгож, зарим заалтад өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч О.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/313 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “...Иргэний нэхэмжлэгч Б.Туулын нэр дээр шилжсэн. ...” гэснийг “...Иргэний нэхэмжлэгч Б.Нарангийн нэр дээр шилжсэн.. ...” гэж өөрчилсүгэй.

2. Тогтоох хэсгийн 9 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч О.Эрдэнэжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй, шүүгдэгч Б.Ц нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.  

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ