| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/00461/И |
| Дугаар | 197/ШШ2025/01565 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 197/ШШ2025/01565
2025 02 21 197/ШШ2025/01565
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 6-р байр, ******* тоотод оршин суух, Ма******* На******* /регистрийн дугаар: ЕЮ7*******10109/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их сургуулийн гудамж, Бага тойруу, ******* байранд байрлах, ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,
6,564,420 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч М.На*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэтуяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.На******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******-ийн *******, ажиллаж байгаад *******-ийн Захирлын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дүгээр тушаалаар ажлаасаа гаргасан. үндэслэлгүйгээр халагдсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн дугаар шүүхийн шийдвэрээр намайг *******- ийн *******, хүний нөөцийн газарт Хуулийн зөвлөхийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч *******-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 58.204.524 төгрөгийг гаргуулан олгож, 2023 оны 03 дугаар сарын 30- ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, баталгуужуулалт хийхийг *******-д даалгаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрт хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэр хуулийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн *******-ийн Захирлын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар намайг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс *******, хүний нөөцийн газрын Хуулийн зөвлөхийн албан тушаалд эгүүлэн тогтоосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д "Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно." гэж заасан. Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон тул шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажилд томилсон өдрийг дуустал хугацаанд миний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорыг ажил олгогч хуульд зааснаар нөхөн төлөх үүрэгтэй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын дагуу шүүхээс миний дундаж цалин хөлсийг /2022 оны 11 дүгээр сард 2.645.8******* төгрөг, 12 сард 3.633.8******* төгрөг, 2023 оны 1 сард 2.910.446 төгрөг/-д нэг сард 3.063.389 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд нэг өдрийн цалин 145.876 төгрөг болохыг тогтоосон. Шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн томилсон тушаал гарах хүртэл /2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл/ ажлын нийт 45 хоног байх тул шүүхийн шийдвэрээр тогтоосон нэг өдрийн цалин 145.876 төгрөгөөр тооцож, нийт 6,564.42 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. /Хөдөлмөрийн тухай хуульд заасан бүх нийтийн амралтын өдөр болох 2024.11.26. 2025.01.01-ны өдөр буюу ажлын 2 хоногийг хасч тооцов. Иймд 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 07- ны өдөр хүртэл нийт ажлын 45 хоног ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 6,564.420 төгрөгийг *******-иас гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.
2. Хариуцагч Монгол Улсын Их Сургууль-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, М.На*******ыг Монгол улсын их сургуулийн *******, хүний нөөцийн газрын хуулийн зөвлөх албан тушаалд Монгол улсын их сургуулийн ректорын 2025 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн 4 дүгээр тушаалаар ажилд томилсон. Тиймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс ажилд томилох хүртэл хугацааны цалин хөлсийг нэхэмжлэлд дурдсан хэмжээгээр олгоход маргах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.На*******, нь хариуцагч Монгол Улсын Их Сургуульд холбогдуулан 6,564,420 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. М.На*******ыг Монгол Улсын Их сургуулийн *******, хүний нөөцийн газрын хуулийн зөвлөх албан тушаалд Монгол улсын их сургуулийн ректорын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4 дүгээр тушаалаар ажилд томилсон байна.
3. Монгол Улсын Их Сургууль нь нэхэмжлэгч М.На*******ын нэхэмжлэлийн шарадлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогдсон.
4. Дээрх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцэж байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
5. Монгол Улсын Их Сургууль нь 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/34 дугаартай итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох зэрэг эрхийг 1 жилийн хугацаатай Л.Эрдэнэтуяад олгосон нь хуульд нийцжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар М.На*******ын нэхэмжлэлтэй, 6,564,420 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Их сургуулийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол Улсын Их сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.На*******ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Монгол Улсын Их сургууль нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.АЗБАЯР