| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0165/Э |
| Дугаар | 172 |
| Огноо | 2018-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Отгонтөгс |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч Т.Отгонтөгс,
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Батхаан боржигон овогт Сын Б-д холбогдох 1708029610068 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,1981 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Батхаан боржигон овогт Сын Б /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Нэг:Яллах талын нотлох баримтууд.
1.1.Хохирогч Д.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Сити бааз ХХК-нд 2017 оны 09-р сарын 04-ний өдрөөс ажилд орсон. Миний хийж гүйцэтгэх ажил бол хувийн хэвшлийн автобусанд шалгалтын ажиллагаа явуулж гаднаас орж ирсэн иргэд автобусны картаа уншуулж байгаа эсэхийг харж шалгах үүрэгтэй. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хувиарт ёсоор ТЭЦ-4-өөс Зунжин чиглэлд явж байсан 14-025 дугаартай автобусанд шалгалт хийж байсан чинь ТЭЦ-4-ийн автобусны буудлаас 2 согтуу залуу орж ирээд жолоочид мөнгөө өгөөд суухаар нь би согтуу хүмүүс байсан болохоор маргалдаж магадгүй гэж бодоод картыг нэхээгүй дуугүй явж байгаад Хархорин захын урд талын автобусны буудал дээр ирэхэд та хаана буух вэ гээд нөгөө 2 хүн дээр очоод хэлсэн чинь нөгөө 2 залуугийн махлаг ах нь намайг “ална шүү пизда минь” гэхээр нь би болиод урагшаа автобусны жолоочийн хэсэг рүү явсан. Автобус Цамбагаравын буудал дээр ирээд зогсохоор нь би нөгөө хүмүүст очоод та хаана буух вэ гээд асуусан чинь “нөгөө намайг ална гээд байсан бүдүүн залуу үйлдвэр комбинатын 19-ын буудал дээр бууна” гэж хэлэхээр нь би одоо энд буугаад “Ган хийц” нэртэй автобусанд суувал орно манай автобус хойшоо 3-р эмнэлэг рүү эргэнэ гэж хэлсэн. Намайг жолоочийн хажууд зогсож байсан чинь миний араас хүн ирэх чимээ гарахаар нь би эргээд харсан чинь миний нүүр рүү, нүдэндээ зүүсэн байсан шил рүү нөгөө ах гараараа нэг удаа цохиод миний нүдний шил хагараад хөмсөг рүү зоогдоод цус гоожоод би нүдээ дараад доошоо тонгойсон чинь миний толгой руу нөгөө ах гараараа цохиод зодсон, автобусанд байсан зорчигч нар намайг тэр ахаас салгаад холдуулсан. Тэгээд манай жолооч намайг зодуулахыг хараад замаа чөлөөлж зогсоод 102-т дуудлага өгч намайг зүгээр байхад зодсон залууг бариулсан. Би тухайн хэргээс болж 12 ширхэг оёдол тавиулсан. Миний 800,000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулсан тул одоо надад гомдол санал байхгүй, дахин энэ асуудлаар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 х/
1.2.Шүүгдэгч С.Бын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр найз Мягмарсүрэнгийн гэрт архи ууж байгаад гэр рүүгээ явах гэсэн чинь таксины мөнгө байхгүй болохоор нь “Зунжин” чиглэлийн автобусанд суугаад Сапорогийн буудал руу явсан, замдаа автобусанд явж байгаад карт байхгүй болохоор бэлэн мөнгийг нь өгчих үү гэсэн чинь картаар үйлчлэнэ гэж хэлээд намайг автобусны буудал болгон дээр автобуснаас буух шаардлага тавиад байхаар нь тухайн үед би согтуудаа тэр залуугийн нүүр рүү гараараа 1 удаа цохисон чинь хөмсгөн дээрээ гэмтэл авсан. ...би тэр залууг цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан. ... хохиролд 800,000 төгрөг төлсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
1.3.Гэрч П.Золжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 20-ны манай дүү Э над руу залгаад эгчээ би сая Саппоро дээр автобусанд хүнд зодуулчихлаа одоо гэмтлийн эмнэлэг рүү явж байна та хүрээд ир гэхээр нь би гэмтлийн эмнэлэг рүү яваад очсон чинь манай дүү эмнэлэг дээр ирээгүй байхаар нь би дүү рүүгээ залгасан чинь цагдаагийн хэлтэс дээр зодсон хүнээ бариулчихлаа гэсэн тэгээд би цагдаагийн хэлтэс дээр ирсэн чинь манай дүүг зодсон хүнийг цагдаа нар авч яваад манай дүүгийн зүүн нүдний дээд хөмсөг зовхи хэсэгт шарх үүссэн байсан, маш их цус гараад дүүгээ дагуулж гэмтлийн эмнэлэгт очиж оёдол тавиулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 х/
1.4.Шинжээчийн 458 тоот дүгнэлт
1.Эийн биед зүүн дээд зовхинд шарх, цус хуралт, 2 хөмсөгний голд зулгарал, чамархайн баруун хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 23 х/
Хоёр:Хувийн байдлын талаарх нотлох баримтууд.
2.1.Гэрч С.Хандхишигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би эхээс 6-лаа бөгөөд Б миний дараагийн дүү минь байгаа юм. Манай дүү олон дунд явж сурсан, багаасаа хүнд ажилд төрөл хийгээд хүнтэй харилцаж явсан, нийтэц зантай, манай гэр бүлийнхэн дундаас том биетэй нь мөртлөө хамгийн зөөлөн сэтгэлтэй нь байгаа юм. Манай дүү багаасаа сургууль цэцэрлэгээр хүмүүжсэн, илүү дутуу араншин байхгүй, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг сайн залуу байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 х/,
2.2.Гэрч С.Хандсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай ах Улаанбаатар хотод төрсөн. Багаасаа цэцэрлэг сургуулиар явсан, барилгын инженер мэргэжилтэй, эхнэр 2 хүүхэдтэй, ах дүү нартаа анхаарал сайн тавьдаг, төлөв даруу зантай, илүү дутуу зангүй хүн байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх 18 х/
2.3. С.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 33 х/
2.4. С.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 39, 56 х/
2.5. Оршин суугаа газрын тодорхойлолт /хх 41 х/
2.6. Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 42 х/
Гурав:Хохирлын талаарх нотлох баримтууд.
3.1.Хохирогч Д.Эийн “...миний 800,000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулсан тул одоо надад гомдол санал байхгүй, дахин энэ асуудлаар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 х/
3.2.Хохиролд 800,000 төгрөг төлсөн баримт /хх 58, 59 х/ зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.
Шүүгдэгч С.Б нь гэм буруу дээр маргаагүй бөгөөд түүний мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.
Гэм буруугийн талаар.
С.Б нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Саппорогийн автобусны буудал орчимд “Зунжин” чиглэлийн 14-025 дугаартай автобусанд сууж явахдаа карт шалгагч Д.Эийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж улмаар нүүрэн тус газар нь гараар цохиж “зүүн дээд зовхинд шарх, цус хуралт, 2 хөмсөгний голд зулгарал, чамархайн баруун хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Д.Эийн “... Автобус Цамбагаравын буудал дээр ирээд зогсохоор нь би нөгөө хүмүүст очоод та хаана буух вэ гээд асуусан чинь “нөгөө намайг ална гээд байсан бүдүүн залуу үйлдвэр комбинатын 19-ийн буудал дээр бууна” гэж хэлэхээр нь би одоо энд буугаад “Ган хийц” нэртэй автобусанд суувал орно манай автобус хойшоо 3-р эмнэлэг рүү эргэнэ гэж хэлсэн. Намайг жолоочийн хажууд зогсож байсан чинь миний араас хүн ирэх чимээ гарахаар нь би эргээд харсан чинь миний нүүр рүү, нүдэндээ зүүсэн байсан шил рүү нөгөө ах гараараа нэг удаа цохиод миний нүдний шил хагараад хөмсөг рүү зоогдоод цус гоожоод би нүдээ дараад доошоо тонгойсон чинь миний толгой руу нөгөө ах гараараа цохиод зодсон, автобусанд байсан зорчигч нар намайг тэр ахаас салгаад холдуулсан. ... Би тухайн хэргээс болж 12 ширхэг оёдол тавиулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 х/,
Шүүгдэгч С.Бын “...2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр найз Мягмарсүрэнгийн гэрт архи ууж байгаад гэр рүүгээ явах гэсэн чинь таксины мөнгө байхгүй болохоор нь “Зунжин” чиглэлийн автобусанд суугаад Сапорогийн буудал руу явсан, замдаа автобусанд явж байгаад карт байхгүй болохоор бэлэн мөнгийг нь өгчих үү гэсэн чинь картаар үйлчилнэ гэж хэлээд намайг автобусны буудал болгон дээр автобуснаас буух шаардлага тавиад байхаар нь тухайн үед би согтуудаа тэр залуугийн нүүр рүү гараараа 1 удаа цохисон чинь хөмсгөндөө гэмтэл авсан. ...би тэр залууг цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Гэрч П.Золжаргалын “...2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манай дүү Э над руу залгаад эгчээ би сая Саппоро дээр автобусанд хүнд зодуулчихлаа одоо гэмтлийн эмнэлэг рүү явж байна та хүрээд ир гэхээр нь би гэмтлийн эмнэлэг рүү яваад очсон чинь манай дүү эмнэлэг дээр ирээгүй байхаар нь би дүү рүүгээ залгасан чинь цагдаагийн хэлтэс дээр зодсон хүнээ бариулчихлаа гэсэн тэгээд би цагдаагийн хэлтэс дээр ирсэн чинь манай дүүг зодсон хүнийг цагдаа нар авч яваад манай дүүгийн зүүн нүдний дээд хөмсөг зовхи хэсэгт шарх үүссэн байсан, маш их цус гараад дүүгээ дагуулж гэмтлийн эмнэлэгт очиж оёдол тавиулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 х/,
1.7.Шинжээчийн 458 тоот дүгнэлт
1.Эийн биед зүүн дээд зовхинд шарх, цус хуралт, 2 хөмсөгний голд зулгарал, чамархайн баруун хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 23 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.
Хохирлын талаар.
Хохирогч Д.Эийн “...Миний 800,000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулсан тул одоо надад гомдол санал байхгүй, дахин энэ асуудлаар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 х/, хохиролд 800,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх 58, 59 х/ зэргээр шүүгдэгч нь бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлыг бүрэн төлсөн болох нь тогтоогдож байна гэж шүүх үзсэн.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.
С.Б нь бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлын зардлыг өөрийн сайн дураар нөхөн төлсөн тул түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Ял шийтгэлийн талаар.
Эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийн ялыг түүний улирлын чанартай ажил хөдөлмөр эрхэлдэг гэх байдлыг харгалзан 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгосон болно.
Бусад асуудлын талаар.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирлын 800,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Батхаан боржигон овогт Сын Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг С.Б-д үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.Б-д мэдэгдсүгэй.
5.С.Бын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 800,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ