| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2305000000935 |
| Дугаар | 2023/ДШМ/816 |
| Огноо | 2023-08-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Энэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 2023/ДШМ/816
2023 8 15 2023/ДШМ/816
Д.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Ганбаатар, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Энэрэл,
шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 2023/ШЦТ/576 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2305 00000 0935 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Д-ийн Б, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ........ аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт ........ дүүргийн .. дугаар хороо, ....... .. дугаар гудамжны .. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ..... дүүргийн .. дугаар хороо, ..... тоотод амьдардаг, /РД: ......../,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 712 дугаар шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,
Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 191 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1065 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1250 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн;
Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н” худалдааны төв дотор үйл ажиллагаа явуулдаг лангуунаас хохирогч Ш.Н-ийн эзэмшлийн “Iphone ХR" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 662.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 29 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ээс 662.000 төгрөг гаргуулан хохирогч Ш.Н-д олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй тул дараах байдлыг харгалзан үзэж ял хөнгөрүүлж өгнө үү. Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Мөн хохирол төлбөрөө төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байна. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж хорих ялаас өөр ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч Д.Б нь хохирлоо нөхөн төлөхөө анхнаасаа илэрхийлсэн. Уг гэмт хэрэг нь тэнсэх боломжтой хөнгөн гэмт хэрэг юм. Мөн тэрээр гэм буруугийн талаар маргадаггүй. Д.Б нь хувиараа барилгын туслах ажил хийдэг тул хохирлыг төлөх бүрэн боломжтой. Иймд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг нь 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Б нь урьд гэмт хэрэгт холбогдож, 4 удаагийн ял шийтгэлтэй. Үүнээс энэ төрлийн гэмт хэрэгт хоёр удаа холбогдож эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Анхан шатны шүүхээс хохирол барагдуулах боломж олгож, шүүх хуралдааныг 5 хоног завсарлуулсан боловч тэрээр хохирлыг барагдуулаагүй. Иймд анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзаад тухайн зүйл заалтад заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр хорих ял оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н” худалдааны төв дотор үйл ажиллагаа явуулдаг лангуунаас хохирогч Ш.Н-ийн эзэмшлийн “Iphone ХR" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 662.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Ш.Н-ийн “... саарал өнгийн нимгэн цамцтай эрэгтэй хүн орж ирээд манай лангуун дээр зарагдаж байсан үсний шампунь үзэж сонирхож байгаа харагдсан. Тэгээд анхны орж ирсэн үйлчлүүлэгчид зарах гэж байсан нарны тосоо үзүүлж дуусгаад нөгөө үл таних эрэгтэй хүн дээр очсон чинь гараад явсан байсан. Тэр эрэгтэйг юм аваад гарах шиг болсон болохоор нь лангуугаа шалгасан чинь миний гар утас байхгүй байсан. Араас нь гартал алга болсон байсан. ...” /хх 13/,
мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Б-ийн сэжигтнээр өгсөн “... Архины мөнгө олохоор Н худалдааны төв рүү ортол гоо сайхны хэрэгсэл зардаг лангуун дээр нэг гар утас ил харагдаж байхаар нь хулгайлаад авчихсан. ...” /хх 27/ гэсэн мэдүүлгүүд,
камерын бичлэгийг хуулбарласан сидинд үзлэг хийсэн тэмдэглэл “... Үзлэгээр ... гаднаас хар өнгийн кепик малгайтай, саарал өнгийн хажуу хэсгээрээ хар өнгийн оруулгатай ханцуйтай цамцтай, хар өнгийн өмдтэй... 160 см орчим өндөртэй, майга алхаатай 60 орчим насны эрэгтэй хүн орж ирэх бөгөөд лангуун дээр байршуулсан эд зүйлийг харж зогсож байгаад худалдагчийн суудаг гэх ширээ лүү эргэж хараад худалдагчийн ширээний шургуулгад хар өнгийн цэнэглэгчээр цэнэглэж байсан гар утсыг зүүн гараараа уг цэнэглэгчийг салгаж, хар өнгийн гар утсыг аваад хаалга хэсэг рүү алхах бөгөөд тухайн үед зүүн гарын ханцуй хэсэг рүү уг гар утсыг хийж хурдтай алхаж хаалгаар гарч байв...” гэсэн тэмдэглэл /хх 5-3/,
“Дамно” ХХК-ийн хохирогчийн гар утсыг үнэлсэн үнэлгээний тайлан /хх 15-17/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангажээ.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулахаар заасан ялын төрлүүд болох нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрх хязгаарлах ял, хорих ялаас дээрх нөхцөл байдлуудыг харгалзан хорих ялыг түүнд сонгон хэрэглэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Д.Б-ийн “... хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 2023/ШЦТ/576 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх хүртэл хугацаанд цагдан хоригдсон 41 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 2023/ШЦТ/576 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд 41 /дөчин нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ М.АЛДАР