| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0502/З |
| Дугаар | 128/ШШ2024/0937 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2024/0937
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С******* ХХК /РД:/
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд хоорондын ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/505 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С******* ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/505 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаар маргаж байна.
2. Хэргийн үйл баримт, нотлох баримтууд:
2.1 Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд 2019 оны 5 дугаар сарын 13-нд С******* ХХК-аас гаргасан өргөдлүүдийг хүлээн авсан.
2.2 Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтэст 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ...солбилцол бүхий 9.0 га газар нь давхцалгүй, уг төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгүүлэхээр уламжилж байна гэх саналыг хүргүүлсэн,
2.3 С******* ХХК-аас 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 2019/16 дугаар албан бичгээр ...Б аялал жуулчлалын цогцолбор төвийг бий болгох төслийг хэрэгжүүлж Н буддын сүм цогцолбор, 5 одтой зочид буудал, морин спорт сургалтын төвүүдийг цогцоор нь барьж байгуулна, иймд Тэрэлж байгалийн цогцолбор газарт 9 га газрын эзэмших эрхийг олгож туслалцаа үзүүлнэ үү гэх хүсэлт гаргасан, үүний хариуд Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэх 10/5458 дугаар албан бичгийг С******* ХХК-д хүргүүлсэн байна.
2.4 С******* ХХК-аас 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 79 дугаар ...Б аялал жуулчлалын цогцолбор төвийг бий болгох төслийг хэрэгжүүлж Н буддын сүм цогцолбор, 5 одтой зочид буудал, морин спорт сургалтын төвүүдийг цогцоор нь барьж байгуулна, иймд Тэрэлж байгалийн цогцолбор газарт 9 га газрын эзэмших эрхийг олгож туслалцаа үзүүлнэ үү гэх хүсэлтийг дахин гаргасан.
2.5 Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр С******* ХХК-д ирүүлсэн 13/2662 дугаар албан бичгээр Ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудаст заасан нарийвчилсан үнэлгээний явцад тодруулах асуудлууд, онцгойлон анхаарах чиглэлийг харгалзан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэж 2020 оны 03 дугаар улиралд багтаан тус яаманд ирүүлэхийг мэдэгд-сэн,
2.6 С******* ХХК Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын бумбат хяр нэртэй 9 га тайлбайд Д ХХК-аар аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан хийлгэсэн,
2.7 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/523 дугаар тушаалаар Налайх дүүрэгт орших Горхи-Тэрэлжийн Б******* нэртэй 9.0 га талбайг С******* ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгож, 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 02******* дугаар бүхий гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгосон,
2.8 Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа 2020 оны 08 дугаар сарын 12-нд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтэст ...байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний ажлын тайланг байгаль орчны үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг дэмжиж байна гэх 20/586 дугаар албан бичгийг хүргүүлсэн,
2.9 Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр С******* ХХК-аас 04 дугаар ...2020 оны 03 дугаар улиралд Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн хурлаар оруулах байсан боловч Байгаль орчны аялал жуулчлалын яамнаас газар эзэмших гэрчилгээ гараагүй байгаа учир 2020 оны 03 дугаар улиралд тайлангийн хурлаар орж чадаагүй, ерөнхий үнэлгээний хугацааг сунгаж өгнө үү гэх хүсэлт гаргасан,
2.10 Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 13/1486 дугаар албан бичгээр 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 13/2662 дугаартай Ерөнхий үнэлгээний дүгнэлтийн хугацааг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгасныг мэдэгдсэн,
2.11 С******* ХХК-аас 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргад гурвалсан гэрээ хийх хүсэлт гаргаснаар Улаанбаатар хотын Налайх дүүргийн Засаг дарга, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга болон С******* ХХК нар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах 2021/41 дугаартай гэрээг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай байгуулсан.
2.12 С******* ХХК 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Х******* ХХК-тай Б аялал жуулчлалын цогцолбор барилгуудын загвар зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.
2.13 С******* ХХК-аас Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 21/12 дугаар ...архитектур төлөвлөлтийн даалгавар олгож өгнө үү гэх хүсэлт гаргасныг үндэслэн Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдөр 02******* дугаар газар ашиглах эрхийн гэрчилгээг үндэслэн МЗХ2022/******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар-ыг баталсан.
2.14 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Горхи-Тэрэлжийн Байгалийн Цогцолборт Газар цахим хаягаар иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж ...хариу тайлбарыг албан бичгээр нотлох баримтын хамт тус хамгаалалтын захиргаанд 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн, мөн хамгаалалтын захиргаанаас С******* ХХК-д сонсох ажиллагааны талаарх мэдэгдэл хүргүүлэн С******* ХХК-ийн менежер Г.Д******* 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 17 цаг 12 минутад хүлээн авсан,
2.15 Тус хамгаалалтын захиргаанаас 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 443 дугаар албан бичгээр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул хуульд заасан арга хэмжээг авах саналыг, иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудын жагсаалтын хамт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн бодлого зохицуулалтын газарт ирүүлсэн,
2.16. Байгаль, орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны №0113-2021/******* дугаар тодорхойлолтоор С******* ХХК нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар газрын төлбөрийн үлдэгдэл 2701440 төгрөг гэх тооцоо нийлсэн акт үйлдсэн,
2.17 С******* ХХК-аас 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ...Манай компаниас газрын төлбөрийг төлөхөөр төлбөрийн даалгавар үүсгэхээр хандахад төлбөрийн даалгавар үүсгэх боломжгүй гэсэн бичиг гарч ирж, төлбөрийг төлж чадахгүй нөхцөл байдалтай байна. иймд газрын төлбөрийг төлөх боломжтой болгож, төлбөрийн даалгавар үүсгэж өгнө үү хандсан,
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...С******* ХХК нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/523 дугаар тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт 5 жилийн хугацаатайгаар газар ашиглах эрхтэй эзэмшсэн. Газар ашиглах эрх эзэмшихтэй холбоотой Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд 2019 оноос хойш хүсэлт гаргаж байсан баримтууд хавтаст хэрэгт авагдсан.
Газар ашиглах эрхийг хэрэгжүүлэхээр холбогдох ажлуудыг гүйцэтгэж байх үед Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/505 дугаартай тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Маргаан бүхий акт гарахтай холбоотой сонсох ажиллагаа, мэдэгдэх ажиллагаа хийгдээгүй.
Нэхэмжлэгчийн хувьд газрын төлбөр төлөх гэхэд газрын төлбөрийн даалгавар үүсэхгүй байгаатай холбогдуулж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хүсэлт гаргаж 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас маргаан бүхий актыг гардаж авсан. Маргаан бүхий акт хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг хөндсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан.
Газар ашиглах эрхийг Налайх дүүргийн нутаг дэвсгэр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборын Б******* гэх нэртэй газарт 9 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/523 дугаар тушаалаар олгосон.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02******* дугаартай Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ олгосон гэдэг ч 2021 оны 02 дугаар сард гэрчилгээ олгогдсон.
2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2021/41 дугаартай Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ-г байгуулж, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамаар баталгаажуулсан үйл баримтууд хавтаст хэрэгт авагдсан баримтаар харагдаж байна.
Нэхэмжлэгч тал газар ашиглах гэрээнд заасан зориулалтын дагуу Б цогцолборыг барихаар төлөвлөж, тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 13/2662 албан тоотоор баталгаажуулсан. Д ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг боловсруулж, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны байгаль орчны аудитын үнэлгээний хэлтэст хүргүүлж баталгаажуулсан.
Гуравласан гэрээ батлагдсаны дараа Х******* ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гэрээ байгуулж, Б төслийн зургийг гүйцэтгүүлж Хот байгуулалт, хотын стандартын газар 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Мэргэжлийн зөвлөлийн хурлын 21******* дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зургийг батлуулж төслийн хэрэгжилттэй холбоотой барилгын зураг төсөл боловсруулах, батлуулах зэрэг ажлуудыг гүйцэтгэж байсан.
Нэхэмжлэл гарах хүртэл Б аялал жуулчлалын цогцолбор барих төслийн хүрээнд 326 сая төгрөгийн санхүүгийн зардал гаргасан. Мөн тухайн газрыг анх авахад улсын тэмдэгтийн хураамж 45 сая 300 мянган төгрөгийн төлбөр төлсөн баримт хэрэгт авагдсан.
Маргаан бүхий актыг 2024 оны 05 дугаар сард мэдсэн. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан сонсох ажиллагаа хийгдээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт сонсох ажиллагаа нь эрх нь хөндөгдөж байгаа этгээдээс тайлбар, санал авах ажиллагаа гэж заасан. Сонсох ажиллагаа хийсэн гэж тайлбарлаж байгаа ч фейсбүүкийн зар тавьсан гэдэг. Фейсбүүк нь албан ёсоор мэдэгддэг хэрэгсэл биш учраас хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй.
Мэдэгдэл хүргүүлсэн гэдэг нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 11 дүгээр сарын 02-ны өдрийн огноотой хүснэгт байсан. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлд заасан мэдэгдэх ажиллагаа болон 24 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдал тогтоох үйл ажиллагаа хийгдээгүй. Хэрэв сонсох ажиллагаа хийгдсэн бол нэхэмжлэгч талаас газар ашиглах үйл ажиллагаа хийгдэж байгаа талаар баримт, тайлбар гаргах боломжтой байсан. Хэрэв тайлбар санал авсан бол газар ашиглах эрхийг хүчингүй болгуулах тушаал гарахгүй байх нөхцөл байсан гэж үзэж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хэрэгжих ёстой. Нэхэмжлэгчийн хувьд Б цогцолборын төслийг хэрэгжүүлэхээр 2019 оноос хойш төлөвлөж, хуульд заасны дагуу газар ашиглах эрх авахаар холбогдох байгууллагад хандаж, Ерөнхий үнэлгээний дүгнэлт хийлгэсэн үйл баримтууд байгаа учраас хууль ёсны итгэл хамгаалагдах ёстой. Хэрэв газар ашиглах эрхийг хүчингүй болгох бол захиргааны байгууллага хуульд заасан тодорхой ажиллагааг бүрэн гүйцэт хийж шийдвэр гаргах ёстой байсан гэж үзэж байна.
Хуанлийн хоногоор тооцоход 2020 оны 07 дугаар сард тушаал гарсан. Газар ашиглах эрх бүрэн нээгдсэн үе нь 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр буюу гуравласан гэрээ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас баталгаажсан үед хэрэгжихээр байна. Тиймээс хуанлийн хоногоор тооцоход 2023 оны 08 дугаар сард хамгаалалтын захиргаанаас Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас ажлын хэсэг газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхийг судалж, санал гаргаж 2023 оны 09 дүгээр сарын 25-нд маргаан бүхий акт гарсан. Хуанлийн хоногоор 2 жил болсон. Гэхдээ 2 жилийн хугацаанд захиргааны байгууллагын үйл ажиллагаа удаашралтай байдлаас үүдэж барилгын ажил эхлүүлэх боломжгүй нөхцөл үүссэн. Одоо газар ашиглах эрхийг сэргээхэд нэхэмжлэгч талын төсөл хэрэгжих бүрэн боломжтой. Эдгээр нөхцөлүүдийг харгалзаж үзэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/505 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...С******* ХХК-д 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/523 дугаар тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборын Бумбатын горхийн хязгаарлалтын бүсэд 9 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар олгосон. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/505 дугаартай тушаалаар газар ашиглах эрхийг цуцалсан. Газар ашиглах эрх цуцалсан үндэслэл Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэсэн. Хэрэгт авагдсан баримтаар газрын төлбөрийн үлдэгдэл 27 сая төгрөг байдаг.
Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас хээрийн үзлэг хийхэд тухайн газар хоосон байсан нь хэрэгт авагдсан гэрэл зургаар тогтоогддог.
Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн 2023 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн 443 дугаар албан бичгээр газар ашиглах эрхийг цуцлах санал ирүүлсний дагуу, газар ашиглах эрхийг хүчингүй болгуулах тушаал гарсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж зааснаар газар ашиглах эрхийг цуцалсан.
2008 онд батлагдсан Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.10 дахь хэсэгт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт ...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас явуулсан хээрийн үзлэгээр тухайн газар хоосон, хашаа татаагүй байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь хэсэгт заасны дагуу хорин нэг болон түүнээс дээш этгээдэд сонсох ажиллагаа явагдсан тул Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас цахим хуудсаар нийтэд мэдээлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт Сонсох ажиллагаа явуулах арга хэлбэрт, цахим арга хэлбэрээр санал авах гэж заасны дагуу сонсох ажиллагаа явуулсан.
Мэдэгдлийг хүргүүлсэн нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн жагсаалтад сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн баримт хавтаст хэрэгт авагдсан. Тиймээс сонсох ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна" гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч С******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/505 дугаар тушаалаар С******* ХХК-ийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборын Б******* нэртэй газарт орших 9 га талбайн газар ашиглах эрхийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу газраа 2 жил ашиглаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгож, тушаалын 2 дахь заалтаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ-г хураан авч, кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт, энэ тушаалыг аж ахуй нэгжид мэдэгдэхийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд тус тус үүрэг болгосон байна.
2. Нэхэмжлэгч нь уг тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ ...Нэхэмжлэгч тал газар ашиглах гэрээнд заасан зориулалтын дагуу Б цогцолборыг барихаар төлөвлөж, тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийсэн,Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг боловсруулж баталгаажуулсан, гуравласан гэрээ батлагдсаны дараа Х******* ХХК-тай гэрээ байгуулж, Б төслийн зургийг гүйцэтгүүлж 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Мэргэжлийн зөвлөлийн хурлын 21******* дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зургийг батлуулсан гэж тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч ...Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас хээрийн үзлэг хийхэд тухайн газар хоосон байсан нь хэрэгт авагдсан гэрэл зургаар тогтоогддог, хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн 2023 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн 443 дугаар албан бичгээр газар ашиглах эрхийг цуцлах санал ирүүлсэн гэж маргав.
3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/505 дугаар тушаалд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан 14 дүгээр хурлаас гарсан шийдвэрийг тус тус үндэслэсэн байна.
4. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 27.1 дэх хэсэгт тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, 40 дүгээр зүйлийн 40.4-д Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно, 40.4.1-д Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр гэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж тус тус заажээ.
5. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэлүүд нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүд байх бөгөөд тухайлбал, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл үүнд хамаарна.
6. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгох-оор заасан.
7. Түүнчлэн зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж тайлбарлажээ.
8. Дээрх хуулийн болон тайлбарын заалтаас үзвэл, аливаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгоход тухайн газраа талуудын хооронд газар ашиглах гэрээ байгуулагдсанаас хойш хуанлийн 2 жилээс дээш хугацаанд дараалан ашиглаагүй байх, ийнхүү ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх урьдчилсан нөхцөл хангагдах учиртай.
9. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч С******* ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 05/21 дугаар Б аялал жуулчлалын цогцолбор барилгуудын загвар зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээг Х******* ХХК-тай байгуулж, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 21/12 дугаар албан бичгээр Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт архитетур төлөвлөлтийн даалгавар олгох хүсэлт гаргаж, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр МЗХ2022/******* дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг тус тус батлуулсан, энэ хугацаанд нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч захиргаатай тодорхой асуудлаар харилцаатай байсан нь тогтоогдсон.
10. Тухайлбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр газар ашиглах эрх олгосон боловч 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар газар ашиглах эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй байсан нь нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтээр тогтоогдсон, мөн гурвалсан гэрээг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хийсэн нь хариуцагч захиргаа дээрхи гэрчилгээг гаргаж өгөөгүй хугацаа алдсантай холбон тайлбарлаж мөн энэ тухай хүсэлт гаргаж байсан, энэ тохиолдолд аль хугацаанаас тооцож 2 жил өнгөрсөн гэж үзсэн нь тодорхой тогтоогдохгүй байна.
11. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх зарчимтай, түүнчлэн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасан.
12. Үүнээс үзвэл хариуцагч захиргаа шийдвэр гаргахын өмнө тухайн шийдвэр гаргахад хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан судлах ёстой атал энэ үүргээ биелүүлээгүй, тухайлбал нэхэмжлэгч байгууллага тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэж буй бол ямар шалтгааны улмаас ийнхүү хугацаа алдсан болох, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг зайлшгүй дүгнэх ёстой байсан гэж шүүх дүгнэв.
13. Гэтэл хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд уг тушаалыг гаргахдаа эдгээр нөхцөл байдлыг тодруулаагүй, нэхэмжлэгч байгууллагын төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай баримт бичгийн бүрдлийг хэрхэн тооцож үзсэн нь ойлгомжгүй, зөвхөн Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн 2023 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн 443 дугаар албан бичгээр газар ашиглах эрхийг цуцлах саналд үндэслэн шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүх үзлээ.
14. Мэдэгдэх, сонсох ажиллагааны талаар:
14.1 Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2-д Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ, 27 дугаар зүйлийн 27.2-д Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ, 27.2.1-д хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах-аар тус тус заасан.
14.3 Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газар гэх фэйсбүүк хаягаар нэхэмжлэгчид мэдэгдсэн нь хуулийн дээрхи заалтад нийцэхгүй, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас мэдэгдсэн гэх үйл баримт нь хариуцагчаас мэдэгдэл хүргэсэн гэж үзэх үндэслэл болохгүй.
14.4 Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох, мэдэгдэх ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг зөрчсөн гэж шүүх үзэв.
Иймд С******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/505 дугаар тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй..
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/505 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН