| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0164/Э |
| Дугаар | 173 |
| Огноо | 2018-02-19 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Ц.Оюунэрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч Г.Тэгшжаргал /ҮД:0218/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тангууд овогт Лын А-д холбогдох 1803000010010 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-16-д сантехникийн засварчин, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Дангийн ...тоотод оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 283 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан Тангууд овогт Лын А /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Нэг:Яллах талын нотлох баримтууд.
1.1.Хохирогч Д.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...62 дугаар сургуулийн урд талын зам дээр зогсож байтал гэнэт зүүн талын хөл рүү машин мөргөснөөс болж би газар унасан. ...би тухайн үед албан газрын хаяг хараад дээшээ харж зогсож байхад машин ирж мөргөсөн болохоор би тэр машиныг ухарч байхыг хараагүй. ...миний зогсож байсан зам дээр нэлээн хэдэн машинууд зогсож байгаа харагдсан. ...Намайг мөргөдөг машины жолооч залуу миний эмчилгээний зардлыг төлж өгөөд, миний эрүүл мэндэд их анхаарал тавьж байгаад би их баярлаж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 х/
1.2.Шүүгдэгч Л.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ухрах үйлдэл хийж байтал гэнэт миний машины ард түс гэсэн чимээ гарахаар нь зогсоод машинаасаа буугаад хойд талаа хартал миний машины хойд талд нэг настай эрэгтэй хүн газар хэвтэж байхаар нь би тэр хүнийг машиндаа суулгаад шууд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан.. ...” гэх мэдүүлэг /хх 50-51 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
1.3.Гэрч Т.Ласүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би нөхрийн хамт ажилладаг залуу Занданшатарын эзэмшлийн “Тоёота Приус” маркийн ...УНЯ улсын дугаартай автомашиныг манай нөхөр бариад Сонгинохайрхан дүүргийн Цахилгаан шугам сүлжээ орчихоод 62 дугаар дунд сургуулийн урд талын зогсоолоос ухарч байтал манай машины ард “түг” гэсэн чимээ гарахаар нь манай нөхөр машинаасаа гараад хойд талаа хартал машины ард нэг хүн хэвтэж байхаар нь тэр хүнийг машиндаа суулгаад шууд гэмтэл явсан. ...” гэх мэдүүлэг / хх 20 х/,
1.4.Шинжээчийн 14366 дугаар дүгнэлт:
1.Д.Оийн биед баруун талын хөхлөг сэртэн дайран арагш дээш зулай ясны ар доод хэсгийг дайран лямбда заадас хүрсэн шугаман хугарал, хугаралын харалдаа хатуу бүрхүүл дээрх цусан хураа, духны баруун хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, духны хэсгийн хальсан доорх зайнууд, тал бөмбөлгүүдийн таславч хоорондын зайн цус харвалт, духны баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. гэх дүгнэлт /хх 25 х/,
1.5.Мөрдөгчийн магадлагаа 23: “...”Тоёота Приус” маркийн ...УНЯ улсын .дугаартай автомашины жолооч Л.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөн байна. ...” гэх магадлагаа /хх 38 х/
Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.
2.1.Л.Аийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 59 х/
2.2.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 64 х/
2.3.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 65/
Гурав:Хохирлын талаарх нотлох баримтууд.
3.1.Хохирогч Д.Оийн “...Намайг мөргөдөг машины жолооч залуу миний эмчилгээний зардлыг төлж өгөөд, миний эрүүл мэндэд их анхаарал тавьж байгаа ... хохиролд нийт 1,170,000 төгрөг авсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 х/
3.2.Хохирлын баримтууд /хх 69-71 х/
3.3.Хохиролд 1,170,000 төгрөг авсан тухай баримт /хх 93 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.
Шүүгдэгч Л.Аийн хэрэг гарсан нөхцөл байдлын талаар өгсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүд бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.
Гэм буруугийн талаар.
Л.А нь 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 10 цаг 30 минутийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр 62 дугаар сургуулийн урд талын автомашины зогсоол дээр “Тоёота Приус” маркийн ...УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах хөдөлгөөн хийж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчиж хойноо байсан явган зорчигч Д.Оийг мөргөж унагаан эрүүл мэндэд нь “баруун талын хөхлөг сэртэн дайран арагш дээш зулай ясны ар доод хэсгийг дайран лямбда заадас хүрсэн шугаман хугарал, хугаралын харалдаа хатуу бүрхүүл дээрх цусан хураа, духны баруун хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, духны хэсгийн хальсан доорх зайнууд, тал бөмбөлгүүдийн таславч хоорондын зайн цус харвалт, духны баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Д.Оийн “...62 дугаар сургуулийн урд талын зам дээр зогсож байтал гэнэт зүүн талын хөл рүү машин мөргөснөөс болж би газар унасан. ...би тухайн үед албан газрын хаяг хараад дээшээ харж зогсож байхад машин ирж мөргөсөн болохоор би тэр машиныг ухарч байхыг хараагүй. ...миний зогсож байсан зам дээр нэлээн хэдэн машинууд зогсож байгаа харагдсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 х/,
Шүүгдэгч Л.Аийн “...ухрах үйлдэл хийж байтал гэнэт миний машины ард түс гэсэн чимээ гарахаар нь зогсоод машинаасаа буугаад хойд талаа хартал миний машины хойд талд нэг настай эрэгтэй хүн газар хэвтэж байхаар нь би тэр хүнийг машиндаа суулгаад шууд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан.. ...” гэх мэдүүлэг /хх 50-51 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Т.Ласүрэнгийн “... хамт ажилладаг залуу Занданшатарын эзэмшлийн “Тоёота Приус” маркийн ...УНЯ улсын дугаартай автомашиныг манай нөхөр бариад Сонгинохайрхан дүүргийн Цахилгаан шугам сүлжээ орчихоод 62 дугаар дунд сургуулийн урд талын зогсоолоос ухарч байтал манай машины ард “түг” гэсэн чимээ гарахаар нь манай нөхөр машинаасаа гараад хойд талаа хартал машины ард нэг хүн хэвтэж байхаар нь тэр хүнийг машиндаа суулгаад шууд гэмтэл явсан. ...” гэх мэдүүлэг / хх 20 х,
Шинжээчийн 14366 дугаар дүгнэлт:
1.Д.Оийн биед баруун талын хөхлөг сэртэн дайран арагш дээш зулай ясны ар доод хэсгийг дайран лямбда заадас хүрсэн шугаман хугарал, хугаралын харалдаа хатуу бүрхүүл дээрх цусан хураа, духны баруун хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, духны хэсгийн хальсан доорх зайнууд, тал бөмбөлгүүдийн таславч хоорондын зайн цус харвалт, духны баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. гэх дүгнэлт /хх 25 х/,
Мөрдөгчийн магадлагаа 23: “...Тоёото Приус маркийн ...УНЯ улсын .дугаартай автомашины жолооч Л.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөн байна. ...” гэх магадлагаа /хх 38 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Хохирлын талаар.
Хохирогч Д.Оийн “...Намайг мөргөдөг машины жолооч залуу миний эмчилгээний зардлыг төлж өгөөд, миний эрүүл мэндэд их анхаарал тавьж байгаа ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 х/
Хохиролд 1,170,000 төгрөг авсан тухай баримт /хх 93 х/ зэргээр хохирогчийн эмчилгээнд зарцуулсан зардлыг төлсөн болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, харин хохирогч цаашид гарах эмчилгээний нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзсэн.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.
Л.А тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг өөрийн сайн дураар нөхөн төлсөн зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад тооцож харин түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Ял шийтгэлийн талаар.
Шүүгдэгч Л.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой цаашид гарах зардлыг төлөхийг үүрэг болгох, авто тээврийн чиглэлийн тодорхой үйл ажиллагаа явуулахыг хязгаарлах албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзсэн
.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу Л.Ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулсан болно.
Бусад асуудлын талаар.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 1,170,000 төгрөг төлөгдсөн, хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж, шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан тул жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Тангууд овогт Лын Аийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүд, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дахь хэсгийн 3.4-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Л.Ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэх, авто тээврийн тодорхой үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Л.Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
4.Л.Аийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохиролд 1,170,000 төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурьдаж, хохирогч цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5.Хэрэгт хураагдсан ирсэн Л.Аийн 533679 дугаартай В, С, Д ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ