Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2024/0994

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Э /РД:/,

Нэхэмжлэгч: Л.Э /РД:/,

Нэхэмжлэгч: Э.Э /РД:/

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Д.У /РД:/,

Гуравдагч этгээд: Н.Э /РД: /,

Гуравдагч этгээд: Д.Н /РД:/ нарын хоорондын Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/372 дугаартай захирамжийн гуравдагч этгээдүүдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын гаргасан газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарын зүгээс гаргасан газар эзэмших тухай хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгөхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, Н.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нараас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/372 дугаартай захирамжийн иргэн Д.У, Н.Э, Д.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын гаргасан газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарын зүгээс гаргасан газар эзэмших тухай хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгөхийг хариуцагчид даалгах-аар маргаж байна.

2. Хэргийн үйл баримт, нотлох баримтууд:

2.1 Иргэн Д.У, иргэн Н.Э, иргэн Д.Н нар нь 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хын ,, тоотуудад газар эзэмших хүсэлт гаргасныг цахим системд бүртгэсэн,

3. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 58 дугаар тогтоолоор баталсан тус дүүргийн 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2.1-д Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох хэсгийн 6-д Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Хд 20.0 га газрыг 334 иргэнд эзэмшүүлэхээр төлөвлөсөн,

4. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд иргэн Ж.Э нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр, иргэн Л.Э, Э.Э нар нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тус тус Баянзүрх дүүргийн 11-р хороо Хд 0.7 га газрыг холбогдох хууль журмын дагуу олгож өгнө үү гэх өргөдлүүдийг тус тус гаргасан нь цахим системд бүртгэгдсэн,

5. 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын А/372 дугаар Газар эзэмших эрх олгох тухай захирамжаар нэгж талбарын 13 дугаар бүхий 695 м.кв газрыг Д.Уд гэр орон сууцны хашааны газар зориулалтаар, 15 жилийн хугацаатайгаар, 00 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг, нэгж талбарын 13 дугаар бүхий 500 м.кв газрыг Н.Э-д гэр орон сууцны хашааны газар зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар 00******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон, 13 дугаар бүхий 607 м.кв газрыг Д.Н-д гэр, орон сууцны хашааны газар зориулалтаар, 15 жилийн хугацаатайгаар, 00******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус олгосон байна.

6. Ж.Э, Л.Э нар нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Засаг даргад ...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дугаар А/372 захирамжаар Д.У, Н.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэх гомдол гаргасан,

7. Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч иргэн Ж.Эт 01-01/1952 дугаар албан бичгээр, иргэн Л.Эд 01-01/1951 дугаар албан бичгээр, иргэн Э.Эд 01-01/1950 дугаар албан бичгээр тус тус бусдын газартай давхцалтай байх тул, газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэх хариу хүргүүлсэн байна.

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Ж.Э, Л.Э, Э.Э нар нь Баянзүрх дүүргийн 11-р хорооны Хд байрлах тухайн газруудыг 2020 оноос эзэмшсэн. Тухайн газрыг бодитоор эзэмшиж хамаатны хүмүүс нь амьдарч байгаа. Энэ хугацаанд Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд газар эзэмших хүсэлт өгөхөд маргаан бүхий газар, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан учраас хүсэлт шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдалтай байсан. 2020 оноос хойш маргаан бүхий газарт амьдарч байхад тухайн газрыг өөр этгээд эзэмших талаар, өөрийнх нь газартай давхцалтай талаар хүсэлт гомдол ирж байгаагүй.

Газар зохион байгуулалтын албанд удаа дараа хүсэлт гаргасны үндсэнд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан. Үүний дараа 2023 оны 02 дугаар сард нэхэмжлэгч нар маргаан бүхий газрын байршилд газар эзэмших хүсэлт өгсөн. Маргаан бүхий газрын байршилд нэхэмжлэгч нар болон тэдгээрийн хамаатнууд зуслан маягаар хамт амьдаръя гээд бүгдээрээ газар эзэмших хүсэлтээ өгч байсан. Тэдгээрээс 7 айлын хүсэлтийг шийдвэрлэж газар эзэмших эрх олгож, үлдсэн 3 айлын газар эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй. 2024 онд тухайн газарт амьдарч байсан түрэмгий хүмүүс гэрээ буулга гэж шаардлага тавьж байсан. Үүний дараа дүүрэг, нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас тодруулга авч байсан. Энэ асуудлаар гуравдагч этгээд нар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газарт гомдол гаргасан байсан. Гаргасан гомдолтой танилцаад гуравдагч этгээд нарт газар олгосныг мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх олгосон захирамж яагаад хууль бус гэхээр газар зохион байгуулагч захиргааны акт гарахын өмнө хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийхгүйгээр 2020 оноос хойш маргаан бүхий газруудыг бодитоор эзэмшсэн иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж газар эзэмших эрх олгосон гэж үзэж байна.

Маргаан бүхий газар амьдарч байгаа иргэд 2018 оноос хойш маргаан бүхий газрыг эзэмшинэ гээд шар тэмдэг тавьж байсан. Тухайн үед маргаан бүхий газар нь гол усны үер болдог голын хамгаалалтын бүс гээд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орохгүй байсан. Шар тэмдэг тавьж байх үед тухайн газарт маргаан байгаагүй.

2020 оноос нэхэмжлэгч нар бодитоор эзэмшихдээ тухайн газарт байсан их хэмжээний хогийг цэвэрлэж, ачуулж хашаа барьсан. Би яагаад мэдээд байна гэхээр би өөрөө газар эзэмших хүсэлт өгсөн иргэдийн нэг нь. Би хоёр найзтайгаа нийлж тухайн газарт зуслан болгож амьдаръя гээд хашаа барьж, хог цэвэрлэж тодорхой хэмжээний хөрөнгө гаргасан. Бид нар газар эзэмших хүсэлт өгөөд газар зохион байгуулагчтай газрыг үзээд 3 хүний хүсэлтийг шийдвэрлээгүй. Тэгэхэд гуравдагч этгээд нарт маргаан бүхий газрыг олгосон байсан.

Гуравдагч этгээд нарт маргаан бүхий газарт бодитоор эзэмшил үүсгээгүй, ашиглаагүй байдаг. Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж нэхэмжлэгч Ж.Э, Л.Э, Э.Э нарын шударгаар газар эзэмших эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Тиймээс Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар 31-ний өдрийн А/372 дугаартай захирамжийн гуравдагч этгээд нар болох Д.Н, Д.У, Н.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэж шүүхээс хүсэж байна.

Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч нарын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр газар эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй, газрын давхцалтай талаар ямар нэгэн хариу өгөөгүй. Нэхэмжлэгч нарын хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр тухайн газарт бодит эзэмшил үүсгээгүй, ашиглаагүй гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нарын газар эзэмших тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг шүүхээс тогтоож өгнө үү.

Газар эзэмших тухай хүсэлтийг Газрын тухай хуульд заасны дагуу тодорхой хугацаанд шийдвэрлэх ёстой байдаг. Нэхэмжлэгч нарын гаргасан газар эзэмших тухай хүсэлтийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан. Нэхэмжлэгч Ж.Э, Л.Э, Э.Э нар 2021 оноос хойш маргаан бүхий газрыг бодитоор эзэмшиж байсан гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч нар хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүйгээр маргаан бүхий газрыг эзэмшиж байсан.

Цахим мэдээллийн санд бүртгэгдсэн өргөдөл нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр шинээр газар эзэмших тухай өргөдөл ирүүлсэн байна. Д.Н, Д.У, Н.Э нар нь 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шинээр газар эзэмших тухай хүсэлтийг цахимаар ирүүлсэн байна. Өмнөх газар зохион байгуулагч маргаан бүхий газарт очиж үзэхэд эзэн холбогдогч байгаагүй, Д.Н, Д.У, Н.Э нар түрүүлж газар эзэмших тухай хүсэлт ирүүлсэн учраас маргаан бүхий газарт барьсан байшингийн эзэн гэж үзэж, 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд төлөвлөгдсөн 3 нэгж талбар бүхий газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар 31-ний өдрийн А/372 дугаартай захирамжаар олгосон. Тухайн газарт хээрийн судалгаа хийхэд хашаа баригдсан гэхдээ эзэн холбогдогч нь тодорхойгүй байсан гэв.

10. Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Маргаан бүхий газрыг 2016 оноос хойш эзэмшихээр хөөцөлдөж байсан. Тухайн үед газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй байсан. 2019 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон гээд тодорхой бичиг баримтуудыг бүрдүүлж кадастрын зургийг 2019 онд хийлгэж 2020 онд цахимаар материалаа өгсөн. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон та материалаа өгч болно гэж хэлж байсан. Би сар болгон өргөдөл хүсэлтийг шийдвэр гарахгүй байгаа талаар тодруулахаар газар зохион байгуулалтын албанд очдог байсан. Удахгүй шийдэгдэж гэрчилгээ нь гарна гэх байдлаар ханддаг байсан. гэв.

11. Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн гаргасан Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй. Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны актын улмаас хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн буюу нийтийн эрх зүйн субьектив эрх гэдгийг тодорхойлох ёстой. Нэг зүйл тодруулмаар байна. Нэхэмжлэгч Э.Э оршин суугаа хаягийг Баянзүрх дүүргийн 11-р хороо, хын ******* тоот гэж тодорхойлдог. Энэ ямар байдлаар давхцалтай байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч Э.Эийн хувьд гуравдагч этгээд Д.Над олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Д.Нын хаяг х ******* тоот хаягтай байдаг. Нэхэмжлэгч нарын хувьд ямар эрх зөрчигдөөд байгаа нь тодорхойгүй. Газар эзэмших хүсэлт гаргасан газар нь Газрын тухай хуульд заасан шаардлагуудыг хангаагүй учраас хүсэлтийг шийдвэрлэхэд бусдын эзэмшиж байгаа газартай давхцалтай гэдэг шалтгаанаар хариу өгөөгүй гэж тайлбарладаг. Хэргийн материалд Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын алба болон Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж Нийслэлийн Засаг даргаас гомдлын хариуг хүргүүлсэн. Хариу хүргүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу бусдын эзэмшил газартай давхцалтай, зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн, бусдын эзэмшиж ашиглаж байгаа газарт зөвшөөрөлгүй хашаа барьсан гэх үндэслэлүүдийг заасан. Энэ хариу гуравдагч этгээд нарын гомдол гаргасантай холбоотой.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага нь газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож нэхэмжлэгч нарын гаргасан газар эзэмших тухай хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгөхийг хариуцагчид даалгуулах нэмэгдүүлсэн шаардлагатай. Нэхэмжлэгч нарын гаргасан хүсэлтийг татгалзсан шийдвэр гаргасан нь бусдын эзэмшил газартай давхцалтай учраас. Газрын тухай хуульд өөрчлөлт орж Газрын тухай хуулийн 21.2, 21.2.4, 21.5, 21.5.3-д заасны дагуу газар эзэмших, ашиглах эрх нийслэлийн Засаг даргад шилжсэн. Тиймээс хуулийн хувьд нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах боломжгүй.

Газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохын тухайд Баянзүрх дүүргийн Засаг дарга, нийслэлийн Засаг даргаас татгалзсан шийдвэр хариу өгсөн. Ирүүлсэн албан бичгүүдэд хариу өгсөн байгаа нь захиргааны акт гаргахаас татгалзсан үйлдэлд хамаарч байгаа учраас хариуцагчийн газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг нь эс үйлдэхүй гэж тогтоолгоно гээд байгаа нь үндэслэлгүй. Нотлох баримт шинжлэн судлах үед тодорхой харагдана гэв.

11. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гуравдагч этгээд нарын төлөөлөгчдийн зүгээс сансрын зураг гаргуулах хүсэлт гаргасан. Маргаан бүхий газарт 2020 оноос хойш нэхэмжлэгч нар бодитоор эзэмшиж, амьдарч байсан гэж тайлбарлаад байдаг. Тухайн байршилд 2023 оны 05 дугаар сар хүртэл байшин баригдаагүй гэдэг нь сансрын зурагт харагддаг. Өмнө гаргасан хүсэлтийн дагуу сансрын зурагт үзлэг хийлгэж байж маргаан бүхий 3 нэгж талбарын байршилд хэдэн онд яаж бодитоор эзэмшсэн, гуравдагч этгээдийн үерээс үүдэж урссан гэрийн буйр хаана үлдсэн, хэзээнээс эзэмшсэн талаар сансрын зургийг нотлох баримтаар ирүүлж үзэх нь зөв гэж үзэж байна. 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гуравдагч этгээд нарын төлөөлөгчдийн зүгээс хүсэлт гаргаж, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн захирамж гарсан.

Гуравдагч этгээд нар анх 2016 оноос маргаан бүхий газарт ногоо тарьж амьдардаг байсан. 2018 оноос тухайн газрыг хууль ёсоор эзэмшихээр хөөцөлдөж 2020 оны 04 дүгээр сарын 22-нд газар эзэмших хүсэлт өгч байсан. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт заасны дагуу газар эзэмших хүсэлт бүртгэж, хүсэлт хүлээж авсан тодорхойлолтыг өгсөн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ж.Э, Л.Э, Э.Э нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэг: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/372 дугаартай захирамжийн иргэн Д.У, Н.Э, Д.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1 Нэхэмжлэгч нараас маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах үндэслэлээ ...Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд газар эзэмших хүсэлт өгөхөд маргаан бүхий газар, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан учраас хүсэлт шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдалтай байсан. 2020 оноос хойш маргаан бүхий газарт амьдарсан,...тухайн газрыг өөр этгээдийн газартай давхцалтай талаар хүсэлт гомдол байгаагүй гэж тайлбарласныг хариуцагч ...нэхэмжлэгч нар хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүйгээр маргаан бүхий газрыг эзэмшсэн,...цахим мэдээллийн санд өргөдөл нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр бүртгэгдсэн, харин Д.Н, Д.У, Н.Э нар 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүсэлтээ цахимаар ирүүлсэн гэж, гуравдагч этгээд нараас ...2019 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон гээд тодорхой бичиг баримтуудыг бүрдүүлж кадастрын зургийг 2019 онд хийлгэж, 2020 онд цахимаар материалаа өгсөн, нэхэмжлэгч нарын хувьд ямар эрх зөрчигдөөд байгаа нь тодорхойгүй... гэж тайлбарлан маргаж байна.

1.2 Маргаан бүхий захиргааны акт болох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/372 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлиг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалыг тус тус үндэслэн хүсэлт гаргасан иргэн Д.У, Н.Э, Д.Н нарт Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Хд гэр бүлийн зориулалтаар 700 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар тус тус эзэмшүүлж шийдвэрлэжээ.

1.3 Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 21 дүгээр зүйлийн 21.5-д Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 21.5.3-т дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах гэж, 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж тус тус заасан.

1.4 Хэрэгт цугларсан баримтууд, шүүхээс хийсэн бичиг баримтын болон тухайн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзвэл гуравдагч этгээд Д.У, Н.Э, Д.Н нар нь 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад газар эзэмших хүсэлт гаргаж, түүндээ кадастрын зураг, гараар бичсэн өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны тодорхойлолт, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт зэрэг баримтуудыг хавсаргаж ирүүлснийг мэргэжилтэн Б.Энхсайхан хүлээн авч өргөдөл, гомдлын бүртгэл-хяналтын 01110-05-******* дугаарт бүртгэсэн, улмаар уг хүсэлтийн дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/372 дугаар захирамжаар Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Хд гэр бүлийн зориулалтаар тус бүр 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгож, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 0000198413, 00*******, 00******* дугаар гэрчилгээнүүдийг тус тус олгосон,

Нэхэмжлэгч Ж.Э, Л.Э, Э.Э нарын тухайд, 2021, 2022 онуудад хүсэлт гаргасан гэх боловч уг хүсэлт нь баримт бичгийн бүртгэлд албан ёсоор орж бүртгэгдээгүй, харин 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд хандаж газар эзэмших хүсэлтээ албан ёсоор гаргасан болох нь хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 мдүгээр албанд гараар бичсэн өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас, кадастрын зураг зэрэг баримтаар тогтоогдож байна.

1.5 Газрын тухай хуулийн холбогдох хэсэгт орсон 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн нэмэлт өөрчлөлт болон мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7-д Монгол Улсын иргэн энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан газрыг эзэмших хүсэлтийг засаг захиргааны нэгж болон зориулалтаа сонгож нэг удаа гаргах бөгөөд тухайн иргэний хүсэлт шийдвэрлэгдэх хүртэл өргөдлийн бүртгэлийн мэдээллийн санд хадгалагдана, хуулийн 29.9-д Иргэний үнэ төлбөргүй газар эзэмших хүсэлтийг өргөдлийн бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн дарааллын дагуу шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

Үүнээс үзвэл гуравдагч этгээд Д.У, Н.Э, Д.Н нар нь нэхэмжлэгч нараас түрүүлж буюу 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өргөдөл гаргасныг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/372 дугаар захирамжаар шийдвэрлэсэн, энэ тохиолдолд хариуцагч захиргаа Газрын тухай хуулийн дээрхи заалтуудыг зөрчөөгүй, өөрөөр хэлбэл цахим системд бүртгэгдсэн дарааллыг үндэслэн шийдвэр гаргасныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь:

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8-д Иргэний үнэ төлбөргүйгээр газар эзэмшихээр цахим системээр гаргасан хүсэлтийг дараах дарааллын дагуу эрэмбэлэн бүртгэнэ, 29.8.1-д өмнө нь гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих болон хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар үнэ төлбөргүй газар эзэмшиж байгаагүй иргэний хүсэлтийг жагсаалтын эхэнд, цахим системд хүсэлт гаргасан огноогоор, 29.8.2-д энэ хуулийн 29.8.1-д зааснаас бусад иргэний хүсэлтийг цахим системд хүсэлт гаргасан огноогоор гэж тус тус заасан.

1.8 Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл хуульд заасан журмын дагуу гаргасан иргэн Д.У, Н.Э, Д.Н нарын газар эзэмших хүсэлтийг хариуцагч хүлээн авч, тэдэнд газар эзэмших эрх олгосон нь хууль зүйн үндэслэлтэй, хариуцагч захиргааны байгууллагын бүрэн эрхийн хүрээнд, хуулиар тогтоосон чиг үүрэгт нийцсэн, уг захирамжийн улмаас нэхэмжлэгч Ж.Э, Л.Э, Э.Э нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нар нь тухайн газарт 2021 оноос хойш амьдарч байгаа, уг газрыг бодитоор ашиглаж байхад захиргаа хээрийн болон суурин судалгааг зохих журмын дагуу хийгээгүйгээс тэдний эрх, хууь ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж маргасан ба шүүхээс хийсэн үзлэгийн явцад тухайн газарт нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын хэн аль нь хашаа барьсан /давхарлаж барьсан/, нэхэмжлэгч талын гэх айлын гэр баригдсан байсан үйл баримтууд тогтоогдсон хэдий ч эдгээр нь нэхэмжлэгчийг газрыг хууль ёсоор эзэмшиж байсан гэж үзэх үндэслэл болохгүй.

Нэгэнт хууль ёсоор үүсээгүй газар эзэмших эрхийг шүүхээс хамгаалах, сэргээн тогтоох тухай ойлголт байхгүй бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч нарт сэргээн тогтоолгох хууль ёсны эрх, түүнчлэн шаардах эрх ч хууль ёсоор үүсээгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан, нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх нэгэнт хууль ёсоор үүсээгүй энэ тохиолдолд тэдний газар эзэмших эрхийг шүүхээс хамгаалах, сэргээн тогтоох тухай ойлголт байхгүй, нэхэмжлэгч нар нь 2021 оноос хойш тухайн газарт амьдарч байгаа гэх үйл баримт нь тэдэнд газар эзэмших эрхийг шууд үүсгэхгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нар нь тухайн газар дээр хашаа барьсан, гэр барьсан, хог шороог цэвэрлэсэн гэж тайлбарлаж байх боловч эдгээр нь нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх шууд үүсгэх үндэслэл биш тул энэ талаархи нэхэмжлэгч нарын тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Иймд нэхэмжлэгч Ж.Э, Л.Э, Э.Э нараас гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/372 дугаартай захирамжийн иргэн Д.У, Н.Э, Д.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хоёр: Нэхэмжлэгч нарын гаргасан газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарын зүгээс гаргасан газар эзэмших тухай хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1 Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр бидний гаргасан газар эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй, газрын давхцалтай талаар ямар нэгэн хариу өгөөгүй, нэхэмжлэгч нарын хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа тухайн газарт бодит эзэмшил үүсгээгүй, ашиглаагүй гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн нь хууль бус гэж тодорхойлсныг, хариуцагчаас нэхэмжлэгч нарын хүсэлтэнд цахимаар 2023 оны 03 дугаар сарын 05-нд хариу өгч өргөдөл хаагдсан гэж, гуравдагч этгээдээс ...Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргаас татгалзсан хариу өгсөн гэж тус тус маргав.

2.2 Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Ж.Э, Л.Э, Э.Э нар нь 2021, 2022 онуудад газар эзэмших хүсэлт гаргаж байсан гэж тайлбарлаж байх боловч уг үйл баримтууд нь нотлогдоогүй, нэхэмжлэгч нар энэ талаархи баримтаа шүүхэд гаргаж ирүүлээгүй, харин 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд газар эзэмших тухай хүсэлт гаргасныг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01110-05-*******, 01110-05-00*******, 01110-05-00******* дугаарт тус тус бүртгэж, энэ тухай тодорхойлолт олгосон.

Түүнчлэн нэхэмжлэгч нар нь 2021 болон 2022 онуудад өргөдөл хүсэлт гаргаж байсан гэх үйл баримттай маргаагүй ба харин 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гаргасан газар эзэмших хүсэлт-д хариуцагч хариу өгөөгүй, хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж маргаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж тус тус заасан.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл нэхэмжлэгч Ж.Э, Л.Э, Э.Э нарын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гаргасан газар эзэмших хүсэлт-д тухайлбал Ж.Эт Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01-01/1952 дугаар албан бичгээр Л.Эд 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01-01/1951 дугаар албан бичгээр, мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Э.Эд 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01-01/1950 дугаар албан бичгээр тус тус ...таны хүсэлт гаргасан байршилд нэр бүхий иргэнээс газар эзэмших хүсэлт ирүүлсний дагуу газар эзэмших захирамж, гэрчилгээ олгосон байна...бусдад газар эзэмших эрх олгосон байршилтай давхцаж байгаа тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариу өгсөн болох нь тогтоогдов.

Үүнээс үзвэл эдгээр албан бичгүүд нь нэхэмжлэгч нарын 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн газар эзэмших хүсэлт-д хамаарч байхаас гадна Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/372 дугаар захирамжаар тухайн газрын эзэмших эрхийг гуравдагч этгээд нарт олгосны дараа уг хүсэлтүүдийг ирүүлсэн, энэ тохиолдолд хариуцагч захиргааг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

2.3 Өөрөөр хэлбэл, хариуцагч захиргааны байгууллагаас тухайн газарт аливаа эзэмшил хууль ёсоор үүсээгүй байсныг харгалзан, хуульд заасан журмын дагуу ирүүлсэн гуравдагч этгээд Д.У, Н.Э, Д.Н нарын хүсэлтээр Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 болон 23.8-д заасны дагуу тэдэнд газар эзэмших эрх олгосныг үндэслэн нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгох боломжгүй гэж мэдэгдсэнийг захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй гэж үзэхгүй.

Хэрэгт авагдсан болон дээр дүгнэгдсэн баримтуудаар нэхэмжлэгч нарын гаргасан газар эзэмших хүсэлтэнд захиргаа зохих журмын дагуу хариу өгсөн байх тул нэхэмжлэгч Ж.Э, Л.Э, Э.Э нарын гаргасан 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн газар эзэмших хүсэлт-ийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч нараас гаргасан ...газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарын зүгээс гаргасан газар эзэмших тухай хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.4, 29 дүгээр зүйлийн 29.9, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ж.Э, Л.Э, Э.Э нараас гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/372 дугаартай захирамжийн гуравдагч этгээд Д.У, Н.Э, Д.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын гаргасан газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарын зүгээс гаргасан газар эзэмших тухай хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН