Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2023/ДШМ/817

 

    2023            8             15                                          2023/ДШМ/817

 

Ц.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Ганбаатар, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

иргэний нэхэмжлэгч Н.П,

иргэний хариуцагч “М” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,

шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Ч.Атарболд,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/427 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Э-ын өмгөөлөгч Ч.Атарболдын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Э-д холбогдох 2303 00176 0194 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б овгийн Ц-ийн Э, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв улсын төсөвт үйлдвэрийн газарт жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, .. дугаар гудамжны .. тоотод оршин суух, /РД: ......./,

Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 115 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 129 дүгээр зүйлийн 1, 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ял,

Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 122 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 267 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял,

Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн;  

Шүүгдэгч Ц.Э нь 2023 оны 3 дугаар сарын 8-ны шөнө 00 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Архивын ерөнхий газрын зүүн талын зам дээр “Хьюндай Старекс” загварын, .... улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх болон 12.1-т заасан Жолооч хөдөлгөөний хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна., 12.3-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч Ц.А, Г.Б, Ц.Ц нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, зорчигч Н.О-ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ц.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-г тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдаж ирүүлсэн шүүгдэгч Ц.Э-ын В,С,D ангиллын ..... дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ц.Э нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б, иргэний нэхэмжлэгч Ц.Ц, Н.П, Ц.А, Г.Б, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албад, иргэний хариуцагч “М” ХК нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б, иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба нарт, иргэний хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв Улсын Төсөвт Үйлдвэрийн Газар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б-д тус тус төлөх төлбөргүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-ээс 7.434.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв Улсын Төсөвт Үйлдвэрийн Газарт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б нь цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Э-ын өмгөөлөгч Ч.Атарболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 427 дугаар шийтгэх тогтоолын Ц.Э-д 1 жилийн хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Ц.Э нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үеэс эхлэн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол төлбөрөө төлсөн, цаашид гарах төлбөр мөнгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлуудад үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр түүнд хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн зорилго, зарчимд нийцээгүй гэж дүгнэж байна. Учир нь, шүүгдэгч Ц.Э нь хохирогч Г.Б, Ц.А, Ц.Ц, Н.П нарт хохирол мөнгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд тэдгээр нь гомдол саналгүй цаашид нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн амь хохирогчийн оршуулгын зардлыг төлсөн, хүүхдэд нь мөнгөн хадгаламж нээсэн, шүүх хуралдаан болох хүртэл хугацаанд хувийн зүгээс мөнгөн тусламж үзүүлсээр ирсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б шүүх хуралдаанд биечлэн оролцсон, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбар мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явц болон шүүх хурал дээр илэрхийлж тайлбарласан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэсэн гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй хүнд хэрэглэх заалтыг хууль тогтоогчийн зүгээс хуульчилж өгсөн. Шүүхээс энэхүү заалтыг хэрэглэх боломжтой нөхцөл байдал байхад хэрэглэлгүй орхисон нь Эрүүгийн хуульд заасан холбогдох зарчмыг зөрчиж байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Шүүгдэгчийн хувьд шүүх хурал болон мөрдөн байцаалтын шатанд амь хохирогчийн төлөөлөгч болон гэмтэл учруулсан хүмүүсээс уучлал гуйж, амь хохирогчийн төлөөлөгчид нь цаашид гарах төлбөр мөнгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 427 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүйд тооцон өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би болсон асуудалд маш их харамсаж байна. Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Н.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Надад болон байгууллагын зүгээс гомдол, санал байхгүй. Шүүгдэгч Ц.Э нь ажиллаж байх хугацаандаа маш сайн ажиллаж байсан. Хамт олон дундаа нэр хүндтэй хүн юм. Хамт олноороо батлан даалтад авч болох эсэхийг асууж байсан. Бидэнд гомдол байхгүй. Ц.Э өөрөө сахрын өвчтэй. Эхнэр нь бөөрний архаг дутмагшил оноштой, хоёулаа амьдардаг тул энэ байдлыг харгалзан үзэж өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авна уу. ...” гэв.

 Иргэний хариуцагч “М” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н тус шүүх хуралдаанд: “... Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Ц.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч хохирол төлбөрөө бүрэн барагдуулаагүй. Байгууллагаас талийгаачийн оршуулгын зардлыг төлж барагдуулсан. Уг зам тээврийн ослоос болж 1 хүний амь нас хохирсон. Хүний амь нас хохирсон хор уршиг арилах боломжгүй. Мөн хэд хэдэн хүний биед гэмтэл учирсан зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Ц.Э-д хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ц.Э нь 2023 оны 3 дугаар сарын 8-ны шөнө 00 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Архивын ерөнхий газрын зүүн талын зам дээр “Хьюндай Старекс” загварын, ..... улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх болон 12.1-т заасан Жолооч хөдөлгөөний хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна., 12.3-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч Н.О-ын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б-ын “...Би уг осол хэрхэн гарсан талаар мэдэх зүйлгүй. Осол гарсан талаар цагдаагаас утсаар ярьж хэлсэн. Талийгаач Н.О бид хоёр 1991 онд гэр бүл болж дундаасаа 2 хүүхэдтэй, том нь 32 настай, бага нь 15 настай, том нь тусдаа гарсан, бага охинтойгоо хамт амьдарч байна. ...” /1  хх 27/,

гэрч Ц.А-ийн “... 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ажлын хүмүүстэйгээ “Т” амралтын газарт очиж Мартын-8 тэмдэглээд 22 цагийн үед амралтын газраас хөдлөөд “Буянт-Ухаа 2” дээр Д гэх хүнийг буулгаад манайхны нэг нь юмаа мартсан байна гээд буцаад амралтын газар луу явсан. Явж байгаад буцаад эргэсэн, тэгээд би өөрөө согтолттой байсан болохоор осол хэзээ болсныг мэдэхгүй байна. Нэг сэрэхэд машин эргэж байсан, тэгээд зогсох үед нь хүмүүсээ бүртгэхэд миний урд буюу жолоочийн хажууд сууж явсан Б машинаас шидэгдсэн, О бас шидэгдсэн байсан. Миний ард Ц байсан. ...” /1 хх 63/,

иргэний нэхэмжлэгч Ц.Ц-ийн “... Э “Старекс” машиныг жолоодоод урд суудалд П суугаад, хойд зааланд би, А, Б, О, Д нар суусан. Д-ийг гэрийнх нь гадаа буулгаад явж байхад жолооч Э утсаар яриад байх шиг байсан, тэгээд буцаад амралтын газрын чиглэл рүү явж байгаад болиод дахиад буцаад Улаанбаатар хот руу эргээд явж байхад л жолооч Э орилох шиг болсон, тэгээд л түс, тас гээд машин онхолдсон. Тухайн үед цас хайлж байсан, их дулаахан өдөр байсан. Миний биед тархи доргилт гэмтэл үүссэн, өөр гэмтэл үүссэн зүйл байхгүй. ...” /1 хх 82/,

иргэний нэхэмжлэгч Н.П-ын “... Орой 23 цагийн үед Улаанбаатар хот руу “Старекс” загварын .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Э жолоодон түүний хажууд урд суудалд би суугаад, хойд зааланд О, Ц, А, Б нар сууж явсан. Замдаа Д эгчийг буулгаад цааш явж байхад манай цуг явж байсан машины дугуй нь хагарсан гээд бид нарыг буцаад дуудсан. Тэгээд очих гээд явж байхад болчихлоо гэхээр нь дахиад хотын төв рүү эргээд явж байхад нь би хальт зүүрмэглэсэн байсан. Нэг мэдэхэд жолооч бариарай гэж орилсон, тэгээд тас няс гэх чимээ гарсан, нэг сэрхэд машин босоогоороо эсрэг талын урсгалд Улаанбаатар хотоос гарах чиглэлд ороод зогсчихсон байсан. Би цонхоор буусан, буугаад харахад О эгч машины хойд талд зам дээр хэвтэж байсан. Явж очоод би дуудсан, тэгтэл хөдөлгөөнгүй, хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. ...” /1 хх 70/,

Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв УТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө-ийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...Би осол хэрхэн гарсан талаар мэдэх зүйлгүй. ... Би зүүн чиглэлд явах машинд суугаад хөдөлсөн. Гэртээ очоод амарч байтал Яармаг чиглэлд хүмүүс суулгаад явж байсан “Х.Старекс” загварын автомашин онхолдож хүн нас барсан гэж сонссон. Тухайн автомашин нь манай байгууллагын нэр дээр байдаг автомашин. Манайх төсвийн байгууллага учир автомашины эвдрэл гэмтлийн үнэлгээгээр гарсан үнийн дүнг нэхэмжилнэ. ...” /1 хх 103/,

түүний иргэний хариуцагчаар өгсөн: “... Бид байгууллагын зүгээс амь хохирогчийн ар гэрт нийт 9.868.000 төгрөг өгөөд байгаа. Жолооч нар тухайн өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Автомашины  хувьд оношилгоонд ороод тэнцсэн байсан. ...” /1 хх 106/,

иргэний хариуцагч “М” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ын “...  “Х.Старекс” загварын .... дугаарын автомашин нь манай байгууллагад жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулсан. 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаатай, хүчинтэй даатгалтай байна. Иймд хуулиар хүлээсэн үүргийн дагуу холбогдох материалыг бүрдүүлэн тус байгууллагад өгсөн тохиолдолд хохирлыг олгох боломжтой юм. ...” /1 хх 243/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн: “....Н.О-ын цогцост гавлын орой ясны олон тооны сэлтэрхий үүсгэсэн хугарал, суурь ясны хөндлөн хугарал, баруун зулай, чамархай, зүүн чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, хоёр хажуугийн ховдолд цус харвалт, хуйханд тархмал цус хуралт, баруун эгэмд цус хуралт, баруун эгэмд цус хуралт, зүүн шанаа, бүсэлхийд зулгаралд, зүүн талын 2-8-р хавирганы шууд бус хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гавлын орой ясны олон тооны сэлтэрхий үүсгэсэн хугарал, суурь ясны хөндлөн хугарал, баруун зулай, чамархай, зүүн чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, хоёр хажуугийн ховдлын цус харвалт, хуйхны тархмал цус хуралт, баруун эгмийн цус хуралт, зүүн шанаа, бүсэлхийн зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу авто ослын үед үүснэ. Зүүн талын 2-8-р хавирганы шууд бус хугарал нь сэхээн амьдруулах арга хэмжээ авах зорилгоор зүрхэнд шууд бус иллэг хийх үед үүсэх боломжтой. Талийгаачид задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь нас барах үедээ спиртийн зүйл хэрэглээгүй байна. ...” гэсэн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 793 дугаар дүгнэлт /1 хх 114-117/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн: “...Ц.А-ийн биед тархи доргилт, дух, зүүн нүдний зовхи, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 3445 дугаар дүгнэлт /1 хх 125-126/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн: “... Г.Б-ийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн зовхинд цус хуралт, зүүн дээд зовхинд 2 см, зүүн хацарт 1см, зүүн сарвуунд шарх, хамар, дагз, баруун шагайнд зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 3724 дүгээр дүгнэлт /1 хх 129-130/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн: “...Ц.Ц-ийн биед тархи доргилт, баруун хацарт зулгаралт, дух, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  ...” гэсэн  2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 3448 дугаартай дүгнэлт /1 хх 134-135/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн: “... Жолооч Ц.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.4-т заасан Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх. болон 12.1-т заасан Жолооч хөдөлгөөний хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна., 12.3-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 2. Хохирогч Н.О, Ц.А, Н.П, Г.Б нар нь Замын Хөдөлгөөний Дүрмийн 6.1-т заасан Тээврийн хэрэгслээр зорчигч дараах үүргийг хүлээнэ: а/ хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх /энэ дүрмийн 3.4 дэх заалтын “б” заалтын тайлбарт дурдсанаас бусад тохиолдолд/ гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. ...” гэсэн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 490 дугаартай магадлагаа /1 хх 172/,

Тээврийн цагдаагийн албаны шуурхай удирдлагын хэлтэст 00:39:26 цагт “.... Х.Старекс машин онхолдож хүн гэмтэж нас барсан.” гэсэн дуудлага бүртгэгдсэн лавлагаа /1 хх 14/,

Тээврийн цагдаагийн албаны 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 5-12/,

шүүгдэгч Ц.Э-ын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад 0 хувьтай, согтууралгүй тухай тэмдэглэл /1 хх 13/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 15, 17-20/,

2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Х.Старекс” загварын ..... улсын дугаартай автомашиныг даатгуулсан “М” ХК-ийн даатгуулагчийн гэрээ /1 хх 219/

“А” ХХК-ийн “Х.Старекс” загварын .... улсын дугаартай автомашины эвдрэл хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 157-160/, “Хас үнэлгээ” ХХК-ийн гацуур модны үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 166-171/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар , хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Э-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хохирлын хэр хэмжээ зэрэг нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор буюу 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Б, Ц.А нарын эрх зүйн байдлыг буруу тодорхойлон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор оролцуулсныг шүүхийн шатанд зөвтгөж, тэднийг болон Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон шийдвэр гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч Ц.Э-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс анхан шатны шүүх  хуралдааны явцад “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн, иргэний нэхэмжлэгч нарын “гомдолгүй” гэсэн хүсэлт, цаашид гарах бодит хохирлыг нөхөн төлөхөөр талууд тохиролцсон байдал зэргийг харгалзан шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлсэнтэй холбоотой Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Ц.Э-ыг Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоож, шүүгдэгч нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт тус тус зааснаар шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Э-д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолохыг дурдаж байна.

Түүнчлэн, шүүгдэгч Ц.Э нь 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 57 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон, эдлэх ялаас хасаж тооцов.

Шүүгдэгч Ц.Э-ын өмгөөлөгч Ч.Атарболдын ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т дахь заалтад зааснаар Ц.Э-д эрүүгийн хариуцлага оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/427 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “...01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ц.Э-ын нийт цагдан хоригдсон 57 /тавин долоо/ хоногийн нэг хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон, эдлэх ялаас нь хасаж тооцсугай.” гэсэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Ц.Э-ыг Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоосугай.” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Э нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд мэдэгдсүгэй.” гэсэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Э-д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Э-ыг нэн даруй суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР