Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 174

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч А.Мөнхзул,

Хохирогч Ж.K, түүний өмгөөлөгч Баянзул /ҮД:   /

Шинжээч Т.Номинцэцэг

Шүүгдэгч /хохирогч/ Б.Э, шүүгдэгч Б.А тэдгээрийн өмгөөлөгч О.Баярбаясгалан /ҮД:2260/,

Шүүгдэгч Ж.Д, түүний өмгөөлөгч Н.Анхбаяр /ҮД:2001/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Онход овогт Жадамбын Д, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олуул  овогт Бямбадашийн Э, Бурд овогт Батнарангийн А нарт холбогдох 1708008790184 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар  сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Тээврийн дээд сургуулийн Цахилгаан хангамжийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 4, эх, дүү, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бурд овогт Батнарангийн А /РД:.../.

 

Монгол Улсын иргэн, 1970 оны 06 дугаар  сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, махны технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, охин, хүү, зээ нарын хамт, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Олуул овогт Бямбадашийн Э /РД:.../.

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 08 дугаар  сарын 23-ны өдөр Төв аймгийн Архуст суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Ус сувгийн удирдах газрын урьдчилан цэвэрлэх албаны шугам, худагийн засварчин ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 100-28а тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Онход овогт Жадамбын Д /РД:.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

            Нэг:Яллах талын нотлох баримтууд.

            1.1.Шүүгдэгч Б.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ 8 дугаар сарын 3-ны өдөр ээж, дүү, манай хүүхэд бид 4-лээ караоке дотроо байсан. 13 цагийн үед K нь дүү болох жирэмсэн эгчтэй хамт орж ирсэн. Ирээд 20000 төгрөг ширээ рүү шидчихээд эвдэрхий утас өгсөн байна, би энэ утасны чинь мөнгийг төлж чадахгүй гээд гарсан. Ээж бид хоёр ардаас нь гараад 50000 төгрөгийн үнэтэй утас байтал яагаад 20000 төгрөг өгч байгаа юм бэ, мөнгөө гүйцээж өг гэсэн. Тэр үед замын цаад талаас Д хүрч ирээд намайг алгадаад унагаасан. Би тухайн үед төрөөд сар гаруй л болж байсан тул ээж намайг хол бай, бичлэг хийгээрэй гэсэн. Би караокены үүдэнд зогсоод утсаараа бичлэг хийж байсан. Тэр үед Д, K нар ээжтэй зууралдаад Д ээжийн нүүр рүү нь цохисон. Ээжийн хамарнаас нь маш их цус гараад ээж бид хоёр хорооны цагдаа руу явсан. Хороон дээр очиход шүлхий гарсан шалтгаанаар нэг ч цагдаа байгаагүй. Хороо руу ортол K Д нар ардаас орж ирсэн. Тэгээд Д бичлэг хийсэн утсыг өмднийхөө дотор хийгээд гүйгээд гарсан. Ээж бид хоёр утсаа авахаар гарах гэтэл K хаалга тэгнэж зогсочихоод гаргахгүй байсан. Kийн охин Батцэцэг, түүний нөхөр, жирэмсэн дүү нь болон Д нар гадаа байсан. Гараад K хорооны үүдэнд намайг үсдсэн. Тэр үед хөдөлгөөнт эргүүлийн цагдаа ирж биднийг салгасан. K намайг хамар цохисон, нүүр, гар самардсан гэж ярьдаг. Хороон дотор K хаалга тэгнэж зогсочихоод гаргахгүй байсан тул би гарыг нь буулгах гээд самардсан, маажсан нь үнэн ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

            1.2.Хохирогч Ж.Kийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Чимгээ нь намайг үсдээд, охин нь миний биенээс чимхээд, гарнаас хазаад, ээжээс нь салсан чинь охин нь хоолойноос багалзуурдаж хана руу шахаад бид нар ноцолдсон ... намайг тэр караокений эзэн Чимгээ охиныхоо хамт цохиж зодсон.Миний цээжин биеэр дүүрэн маашиж, чимхэж, урагдсан, хөхөрсөн.Зүүн гарын шуу, хурууг хазаж хөхрүүлсэн, хамар луу цохиж хавдаж мурийсан ... Миний биед учирсан гэмтлийг Э гэх эмэгтэй өөрийн охины хамт бүлэглэж учруулсан. Одоо миний толгой өвдөөд байдаг болчихсон, эм ууж байгаа бусад ил харагдах шарх сорви нь эдгэрсэн ... надад учирсан гэмтлийг би нэг бүрчлэн тэрийг нь охин нь энийг ээж нь учруулсан гэж салгаж хэлж чадахгүй ямартай ч хэрүүл болоод л зууралдахаар хамт давхцаж ирээд цохих, чимхэх, хазах гэх мэтчилэн үйлдлийг хоёулаа хийгээд байсан ...” гэх мэдүүлэг /хх 6-7, 14-16, 132-134 х/,

            1.3.Хохирогч Ж.Kийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр манай охин намайг Эт 25000 төгрөг аваачаад өгчихөөч гэж хэлсэн. Уг нь манай охины 2 өдрийн цалин, бас нүдний линз өгсөн мөнгийг тооцохоор өргүй болсон байсан. Гэтэл хэрэг гардагийн урьд өдөр манай охинд линзээ ав, мөнгө өг гэж хэлсэн байсан. Би АТМ орж мөнгийг аваад оруулж өгсөн. Э, А нар намайг “муусайн гуйлгачингууд хүний мөнгө авчихаад удаачихлаа гэж хэлсэн. Би мөнгийг өгөөд гарч ирэхэд Э, А нар араас гарч ирээд тэд чи хүүхдийнхээ хүүхдийг хог дээр хаясан, чамайг цагдаа нар эрэн сурвалжилж байгаа гэх мэт доромжилсон. Дэлгүүрийн урд намайг эхлээд түлхсэн. Э нь намайг үсдсэн. Би Э, А хоёртой зууралдаад зогсож байтал таксины зогсоолоос манай нөхөр ирээд Аг салгасан. Эээс салчихаад би хороо руу явсан. Хороо дотор Э, А нар араас орж ирээд үүдний танхимд хоёулаа зэрэг намайг үсдэж цохисон. Охин нь намайг үсдэж байхад ээж нь гар барих гэх мэт хамт зодсон. Хорооныхон биднийг гаргасны дараа гадаа би Агийн үснээс татахад Э хамар руу цохьсон. Миний хамарнаас цус гарсан. Э, А нар явлаа гэхээр нь цагдаа дуудсан байгаа гэхэд сургуулийн хашаа руу яваад орсон. Миний дуудсан цагдаа ирээгүй, харин Э, А нарын дуудсан цагдаа ирсэн. Э цагдаатай уулзаад ирэхдээ хамартаа нойлын цаас хийсэн байсан. Томографын зураг авахуулсан төлбөр, өмгөөллийн хөлс, шүүх эмнэлэгт үзүүлсэн төлбөрөө нэхэмжилж байна ..” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

            1.4.Хохирогч Ж.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Kтэй хэрэлдээд зогсож байхад нөхөр нь хүрч ирээд миний охиныг түлхээд унагаасан. Тэгэхээр нь би охиноо цагдаа дууд гэж хэлээд утсаа гаргаж ирээд бичлэг хийж байтал Kийн нөхөр нь миний нүүрэн дунд цохиж хамраас цус гоожуулаад яваад өгсөн. Би охиноо дагуулаад Толгойтын Цагдаагийн тасаг руу очиход цагдаа нар шүлхийд явсан гээд байгаагүй. Тэгээд хорооноос гарах гэж байтал араас K нөхөр охиныхоо хамт орж ирээд K нь манай охиныг шууд үсдсэн. Би тухайн болсон явдлыг ноцолдож байх үедээ зууралдаад бичээд байсан. Гэтэл Kийн нөхөр гар утас булаагаад авчихсан. Тэгээд би 2 хоногийн дараа утсаа авахад миний утсан дээр байсан тухайн үеийн зодооны бичлэгийг устгасан байсан. Надад учирсан гэмтлийг Kийн нөхөр учруулсан. Kийн биед учирсан гэмтлийг тухайн үед ноцолдож байхдаа тэр авсан байх.  ...” гэх мэдүүлэг /хх 18-20, 154-156 х/, 

            1.5.Хохирогч Б.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Дт хамар тус газраа цохиулаад хамарны яс хугарсан. Би орлогоо алдсаны төлбөр, эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Орлоготой байснаа баталж банкны хуулгаа хэрэгт гаргаж өгсөн байгаа ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

1.6.Насанд хүрээгүй гэрч Б.Пүрэвбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 8 сарын 3-ны өдөр манай ээжийг тэр эрэгтэй хүн хамар руу нь цохисон. Тэгээд ээжийн хамарнаас цус гараад ээж намайг 00-ын цаас аваад ир гээд би авчирсан, тэгээд цагдаа руу явсан чинь тэр хүмүүстэй дахин тааралдсан, би машин дотор дүүтэйгээ үлдээд цонхоор харж байхад эд нар бөөн бужигнаан болоод зодолдоод байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 135-136 х/,

 

1.7.Гэрч С.Сүрэнхорлоогийн: “...2017 оны 8 сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс Сэлбээс 115 чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад бусдад зодуулсан гэх дуудлага Сэлбэ-10-с өгсний дагуу дээрх хүнтэй утсаар нь холбогдож байгаад жолооч цагдаа Жигбаярын хамт очиж шалгахад нийтдээ 5 хүн 1-р хорооны байрны ар талд байсан ба ээж охин 2 гэх 2 эмэгтэй хүн эхэлж тосч авч уулзаад охин нь манай ээжийг зодсон хүн ойрхон байгаа гэсний дагуу нөгөө зодсон гэх 2 хүнийг олж уулзсан, тэгээд бүгдийг нь Дүүргийн цагдаагийн хэлтэс Сэлбэ-10-т хүлээлгэж өгсөн. Тухайн үед зодуулсан гэх караокены эмгэтэйн хамар нь хавдсан, гэхдээ цус гараагүй, гар шуу хэсэг нь маажуулсан байдалтай шалбарсан, үс нь сэгсийсэн, харин цагаан цамцтай эмэгтэй нь хувцас хунар нь цус болчихсон байдалтай, нэг эмэгтэй нь бас хувцас хунар цус болчихсон хоорондоо зодолсон гэж байсан ... гэх мэдүүлэг /хх 169-170 х/,

 

1.8.Шинжээчийн 9950 тоот дүгнэлт

1.Ж.Kийн биед тархи доргилт, хамрын нуруун цус хуралт, зөөлөн эдийн няцралт, цээж, зүүн бугуй, сарвуу, баруун бугалга, баруун шуу, баруун гуянд цус хуралт, зүүн шуу баруун сарвуунд зулгарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 28 х/,

 

1.9.Шинжээчийн 9961 тоот дүгнэлт

1.Б.Эийн биед хамар ясанд хугарал, зүүн булгалга, нуруу, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх 33-34 х/,

 

1.10.Шинжээч эмч Т.Номинцэцэгийн: “...Б.Эийн биед үзлэг хийхэд хамар яс уг хэсгээрээ сэтэрсэн хугаралтай байсан, уг гэмтэл нь шинэ гэмтлүүд байсан ба хэрэг болох үед үүсэх боломжтой ...” гэх мэдүүлэг /хх 161-162 х, шүүх хуралдааны  тэмдэглэлээс/,

           

            Хоёр:Шүүгдэгч Б.Эийг Цагаатгах талын нотлох баримтууд /Өмгөөлөгч Б.Баярбаясгалангийн хүсэлтээр шинжлэн судлагдсан/

 

2.1.Б.Агийн гэрчээр болон  яллагдагчаар өгсөн: “... Манай ээж Э нь СХД-ийн 1-р хорооны нутаг дэсвгэрт байрлах Цэнхэр дэлгүүрийн тэнд “Доргио залуус” нэртэй караокег 2014 оноос хойш түрээслүүлж ажиллуулж байсан юм. Би 2017 оны 08 сарын 03-ны өдөр ээжийнхээ ажил дээр хоол идэх гээд очсон байсан. Тэгэхэд тэнд манай ээж Э, дүү Пүрэвбат /7 настай эрэгтэй/, манай хүү 1 сартай Дөлгөөн нар байсан. тэр үед гал тогоонд нь ажилладаг байсан Батцэцэг гэдэг хүүхдэд би өөрийн Жи мобайлын ухаалаг гар утсыг уг хэрэг болохоос 3 сарын өмнө 50,000 төгрөгөөр зарсан байсан. Тэр өдөр би Батцэцэг рүү залгаад утасныхаа мөнгийг авъя гэж хэлсэн. Урьд нь зөндөө хэлсэн боловч боломжгүй байна гээд яваад байсан, тэгээд мөнгөө нэхээд сүүлдээ мөнгө аваад ир гээд уурлахад гаднаас ээж нь болох K гэх хүн орж ирсэн. Тэгэхээр нь хөөе утасны мөнгөө авъя гэсэн чинь тэр утас чинь эвдэрхий утас байна лээ гэхээр нь би урлаад 3 сар барьж ашиглачихаад одоо эвдэрсэн гэдэг чинь юу гэсэн үг юм бэ гэхэд ширээний урд 20,000 төгрөг шидчихээд гараад явчихсан. Тэгэхээр нь араас нь гараад үлдсэн мөнгийг нь хэзээ өгөх юм бэ мөнгөө авъя гээд гарнаас нь бариад авсан, тэгсэн замын цаад талаас нөхөр нь гүйж ирсэн. Бид 2-ыг холоос зодолдож байна гэж харсан бололтой ирээд шууд түлхээд авсан. Тэгээд миний өвдөг шалбарчихсан байхад ээж гарч ирээд чи ороод цагдаа дууд гээд дотогшоо орсон. Манай ээж уурандаа танай охин чинь хүүхдээ хаяж явсан гээ биз дээ гээд хэлчихсэн чинь нөгөө ах ээжийн нүүр рүү цохиход хамарнаас нь цус гарсан. Тэгээд би гарч ээжийг салгаж аваад хороон дээр очиж цагдаа дуудах гэсэн боловч байхгүй байсан, гэтэл араас нөхөр нь ороод ирсэн. Би ээжийн нөүт-2 маркийн цагаан өнгийн гар утсан дээр ээжийн дүрс бүхий бичлэг болон бусад байдлыг бичих зорилгоор утсаа гаргаж ирээд барьж байтал тэр хүн булааж аваад гараад явчихсан. Тэгээд араас нь би гарах гэтэл K эгч хаалга хааж зогсоод би холдооч гэж түлхэхэд Батцэцэг нөхөртэйгээ ирсэн. Тэгээд хэрүүл хийгээд зогсож байтал K эгч намайг үсдээд авахаар нь би бас адилхан үсдэлцээд ноцолдоод зогсож байхад нөхөр нь буцаж ирээд миний цээжнээс базаад байсан, би газар харахад миний доошоо цус дусаад байсан, тэгээд юу болов боль гээд салаад байж байтал 102-ын цагдаа ирээд яг одоо наад утсаа хүмүүст нь өг гэхэд өгөхгүй та нар бие биенээ таньдаг юм байна гээд байсан. Тэгээд дүүрэг дээр ирэхэд нөгөө хүмүүс алга болчихсон байсан, тэгээд өргөдлөө өгөөд байж байтал 2 хоногийн дараа утсаа авахад нөгөө бичлэг байхгүй устгагдсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23, 69-70 х/,  

  

2.2.Ж.Дын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “...Тэр өдөр буюу 2017 оны 08 сарын 3-ны өдөр 16-17 цагийн үе гэж санаж байна. Би эхнэр Ж.Kийг хүлээгээд нэг такситай СХД-ийн 1-р хороо Цэнхэр дэлгүүрийн орчим зогсож байхад таксины жолооч хөөе Kээ болоич гээд орилоод байсан. тэгэхээр нь би гайхаад гараад очиход тэр Доргио залуус гээд Эийн ажиллуулдаг караокены ойролцоо Э нь охинтойгоо нийлчихсэн манай эхнэрийг үсдээд зодож байхад нь би очиж эхлээд охиныг нь салгаад түлхээд эргээд ээжийг нь салгах гээд очсон. Тэгээд салгачихаад би цагдаа дуудна гээд хорооны цагдаа руу эхнэрээ дагуулаад алхаад явсан. Хороон дээр очиход цагдаа байхгүй байж байтал Э охинтойгоо араас ирээд хорооны байран дотор бас зодолдсон. Тэгээд үсдээд энгэр цамцыг нь ураад хаячихсан, би арай гэж салгаад гадна гараад эхнэртэйгээ зогсож байтал Э машинтайгаа 107-р сургууль руу ороод явчихсан. Тэгээд цагдаагийн алаг машин ирээд тэр сургуулийн цаана зогсчихсон чинь Э цагдаа дээр очиж уулзаад байсан. тэгээд бүгдээрээ хамт эхнэр бид 2 дээр ирсэн. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр оч гээд бүгдээрээ хэлтэс дээр ирж мэдүүлэг өгсөн. Ийм л асуудал болсон. ...Хороон дотор зодоон болж байхад манай эхнэр охиных нь утсыг аваад надад өгөхөөр нь би аваад цаашаа эргээд явчихсан юм. Тэр утсан дээр нь манай охин руу бичсэн мессеж байгаа гэж бодсон. Тэгээд утсыг нь хонуулаад маргааш нь цагдаад өгсөн юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8, 96-97 х/,

            2.3.Шүүгдэгч Б.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр караоке дотор охин, хүү, зээ нарын хамтт байж байтал K гаднаас орж ирээд утасны мөнгө болох 20000 төгрөгийг ширээн дээр шидчихээд гараад явсан. А бид хоёр мөнгөө дутуу өгчихлөө гээд араас нь гарсан. Д манай охиныг цохиж унагаасан. Тухайн үед бороо орж байсан тул манай охин шавхайн дээр унасан. Би охиноо босгосон. K надтай зууралдаад, Д намайг цохиж хамарнаас цус гаргасан. Би караоке руугаа орж хамраа цэвэрлээд хорооны цагдаад дуудлага өгөх гээд очтол цагдаа байхгүй байсан. Хороон дээр ардаас K, Д нар орж ирээд дахиад барилцаж авсан. Бид зууралдаж маажилцсан. K манай охиныг үсдсэн. Kийн охин, хүргэн, дүү нар нь байсан. Бид хоёр дуудлага өгчихөөд зугатаагаад сургуулийн хашаан дотор цагдаа иртэл хүлээсэн. Тэр хооронд Д бичлэг хийсэн утсыг минь хулгай хийгээд аваад явсан ба 2 хоногийн дараа бичлэггүй утас над дээр ирсэн. Караокены гадаа байхад Д намайг цохисон, K намайг базсан. Би хүн цохиогүй ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

2.4.Гэрч Ж.Отгонтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би K эгчийн хамт зуун айлын арьс өнгөний эмнэлэг ороод буцаад харих гээд явж байтал Kийн охин Батцэцэг нь K эгч рүү залгаад ажлын газрын Чимгээ эгч над руу утасдаад элдэв янзын мессеж явуулаад байна, та очоод утасны үлдэгдэл мөнгийг нь өгчихөөч гэж ярьсан. K эгч бид 2 Батцэцэгийн ажил болох “Ах дүү Жамбал” хүнсний дэлгүүрийн хажууд байдаг караоке паб-д очсон, би хажуу талын дэлгүүрийн үүдэнд хүнтэй утсаар яриад зогсож байсан, эгч нөгөө караоке руу ороод удалгүй K эгч караокег ажиллуулдаг эмэгтэй болон түүний охинтой хоорондоо хэрүүл маргаан хийгээд гадаа үүдэнд гарч ирэхэд нөгөө эмэгтэй K эгч 2 хоорондоо зууралдаад улмаар нэгнийгээ түлхэлцэж нөгөө эмэгтэй K эгчийг танай охин хүүхдээ төрүүлээд жалганд хаясан гээ биз дээ хүмүүсээ сонсоорой гээд орилоод байсан, би жирэмсэн учраас  ойртож чадаагүй. Тэгээд K эгчийн нөхөр Д машинаасаа бууж ирээд нөгөө эмэгтэйн охиныг яагаад байгаа юм гээд салгах гээд түлхэхэд охин нь газар хажуу талаараа унаж харагдсан. Охин нь босож ирээд цагдаа дуудлаа гээд дотогшоо орсон. K эгч цагдаагийн хэсэг рүү нөхрийгөө дагуулаад явсан. Нөгөө эмэгтэй араас нь шарыг нь малтаад чи намайг зодоодох гээд охиндоо бичлэг хийгээрэй гээд байсан, би араас нь очиход тэд нар хоорондоо зодолдож байсан, манай хүргэн ах нөгөө эмэгтэйн гар утсыг бичлэг хийлээ гээд булаагаад авч гараад тамхи татах хооронд нөгөө эмэгтэй охинтойгоо нийлээд K эгчийг үсдээд энгэр заамыг нь маажиж самардаж зодсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 х/,

 

2.5.Гэрч О.Батцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хорооны үүдэн дээр А нь ээж Ж.Kийг үсдээд зогсож байсан ба Э эгч ээжийн цээжнээс зууралдаад байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 137-139 х/,

 

2.6.Ө.Агийн биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй тухай шүүх эмнэлгийн 9962 тоот дүгнэлт /хх 37 х/,

2.7.Нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаах тухай Прокурорын тогтоол /хх 83 х/,

2.8.Яллагдагч Б.Эийн мэдүүлэг өгөхөөс татгалзсан тэмдэглэл /хх 95 х/,

 

Гурав:Шүүгдэгч Ж.Дыг цагаатгах талын нотлох баримтууд./Өмгөөлөгч Н.Анхбаярын хүсэлтээр шинжлэн судлагдсан/

            3.1.Шүүгдэгч Ж.Дын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “8 дугаар сарын 3-ны орой би караокены наана байдаг таксины зогсоол дээр байсан таньдаг хүнийхээ таксинд суугаад эхнэрээ хүлээж байсан. Жолооч нь машинаас гараад тамхи татахдаа Э, А нар танай авгайг үсдээд зодож байна гэж хэлэхээр нь би гарч очиж салгаад хорооны цагдаа руу очих гээд явсан. Би Эийн хамар руу нь цохиогүй, таксины жолооч нар үүнийг гэрчилнэ. Хорооны доор очоод дахиад зодоон болсон. Би Эийн хамрыг мурийлгаагүй, өөрсдөө мэдэж байгаа ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

3.2.Б.Эийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл: “2017 оны 8 сарын 03-ны өдөр 13 цагийн үед Батцэцэгийн ээж ажил дээр орж ирээд би зарсан утасныхаа мөнгийг нэхэхэд хэл амаар доромжлон өгөхгүй гээд гарахад манай охин араас нь гараад барих гэтэл нөхөр нь миний охиныг цохиж унагаасан, би очиход эхнэр, нөхөр хоёр нийлж намайг зодсон, нөхөр нь нүүр лүү минь цохиж урьд нь гэмтсэн хамар луу цохиж доош зугтаахад араас нь машинтай очиход дахин зодсон ...” /хх 5 х/,

 

3.3.Гэрч О.Батцэцэгийн “... бичлэгийг би өөрийнхөө утсаар хийсэн. ... 1 дүгээр хорооны байрнаас гарч ирсэн үеийн бичлэг байгаа юм. ... тэр үед Э эгчийн хамар зүгээр байсан бөгөөд цагдаатай уулзаад буцаж ирэхдээ хамраа хугалуулчихлаа гэж ирсэн.Танай аав чинь миний хамар луу өшиглөчихлөө гэж хэлж ирсэн юм.  ... тэр бичлэг хийж дуусаад утас унтарсан. Үүнээс хойш ямар нэгэн зодоон болоогүй ...” гэх мэдүүлэг /хх 153 х/,

 

3.4.Камерийн бичлэг,

 

Дөрөв:Хувийн байдлын талаарх баримтууд.

4.1.Ж.Дын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41 х/

4.2.Б.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 42 х/

4.3.Б.Эийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 44 х/

4.4.Б.Агийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 71 х/

4.5.Б.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 72 х/

4.6.Тээврийн дээд сургуулийн тодорхойлолт /хх 110 х/

4.7.Б.Агийн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 111 х/

4.8.Б.Эийн захиргааны шийтгэл хүлээж байсан тухай лавлагаанууд /хх-ийн 53-58 х/

 

Тав:Хохиролын талаарх нотлох баримтууд.

5.1.Хохирогч Ж.Kийн Шүүх эмнэлэгт үзүүлсний төлбөр 8000 төгрөгийн баримт /хх 31 х/,

5.2.КТГ-т толгойн зураг авахуулсны төлбөрт 120,000 төгрөг зарцуулсан баримт /хх 196 х/,

5.3.Хохирогч Ж.Kийн өмгөөллийн хөлсөнд 500,000 төгрөг төлсөн тухай гэрээ /хх 197 х/,

5.4.Хохирогч Б.Эийн “Их цэцэгт нуга” ЗГБХН-өөс авсан эм тарианы үнэ 78 750, 147 750 төгрөгийн баримтууд /хх 200-201 х/,

5.5.Хохирогч Б.Эийн “Их төгөл” ХХК-иас авсан 3000, 3500 төгрөгийн эмчилгээний зардлын баримтууд /хх 204-205 х/,

5.6.Хохирогч Б.Эийн “Батчингүрэн”-ээс авсан 19,950 төгрөгийн эмийн бүтэгдээхүүний баримт /хх 203 х/,

5.7.Хохирогч Б.Эийн “Чаг” эмийн сангаас авсан 22,480 төгрөгийн эмийн баримт /хх 202 х/,

5.8.Хохирогч Б.Эийн “Хос зүтгэл” ХХК-иас авсан 9,800 төгрөгийн эм тарианы баримт /хх 209 х/,

5.9.Хохирогч Б.Эийн гаргаж өгсөн ямар эм тарианы үнэ болох мэдэгдэхгүй 26,000 төгрөгийн баримт, үнийн дүн тодорхой уншигдах боломжгүй 3 хуудас баримт /хх 206-207 х/,

5.10.Харилцах дансны хуулга /хх 211-224 х/,

5.11.Хохирогч Б.Эийн сэтгэл, санааны хохирол болон эм эмчилгээний зардалд нийт 3,280,000 төгрөг нэхэмжилсэн тухай хүсэлт /хх 225 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Зургаа:Шүүхийн дүгнэлтийн хэсэг.

 

6.1.Гэм буруугийн талаар.

 

Б.Э, Б.А нар 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 16-17 цагийн хооронд  Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэсвгэрт байрлах “Доргио залуус” караокений гадна болон 1 дүгээр хорооны байран дотор иргэн Ж.Kтэй  “утасны мөнгө дутуу өглөө”, “хүүхдээ хаясан” гэх байдлаар маргалдан улмаар үсдэх, хамар нүүр лүү нь цохих, чимхэх, хазах байдлаар зодож  эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн бугуй, сарвуу, баруун бугалга, баруун шуу, баруун гуянд цус хуралт, зүүн шуу, баруун сарвуунд зулгаралт бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь:

            - Шүүгдэгч Б.Агийн “... Ээж бид хоёр утсаа авахаар гарах гэтэл K хаалга тэгнэж зогсчихоод гаргахгүй байсан. Kийн охин Батцэцэг, түүний нөхөр, жирэмсэн дүү нь болон Д нар гадаа байсан. Гараад K хорооны үүдэнд намайг үсдсэн. Тэр үед хөдөлгөөнт эргүүлийн цагдаа ирж биднийг салгасан. K намайг хамар цохисон, нүүр, гар самардсан гэж ярьдаг. Хороон дотор K хаалга тэгнэж зогсочихоод гаргахгүй байсан тул би гарыг нь буулгах гээд самардсан, маажсан нь үнэн ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

- Хохирогч Ж.Kийн “... Чимгээ нь намайг үсдээд, охин нь миний биенээс чимхээд, гарнаас хазаад, ээжээс нь салсан чинь охин нь хоолойноос багалзуурдаж хананд шахаад бид нар ноцолдсон ... намайг тэр караокений эзэн Чимгээ охиныхоо хамт цохиж зодсон.Миний цээжин биеэр дүүрэн маажиж, чимхэж, урагдсан, хөхөрсөн.Зүүн гарын шуу, хурууг хазаж хөхрүүлсэн, хамар луу цохиж хавдаж мурийсан ... Миний биед учирсан гэмтлийг Э гэх эмэгтэй өөрийн охины хамт бүлэглэж учруулсан. ... надад учирсан гэмтлийг би нэг бүрчлэн тэрийг охин нь энийг ээж нь учруулсан гэж салгаж хэлж чадахгүй ямартай ч хэрүүл болоод зууралдахаар хамт давхцаж ирээд цохих, чимхэх, хазах гэх мэтчилэн үйлдлийг хоёулаа хийгээд байсан ...” гэх мэдүүлэг /хх 6-7, 14-16, 132-134 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/, 

 

- Гэрч С.Сүрэнхорлоогийн: “... Тухайн үед зодуулсан гэх караокены эмэгтэйн хамар нь хавдсан, гэхдээ цус гараагүй, гар шуу хэсэг нь маажуулсан байдалтай шалбарсан, үс нь сэгсийсэн, харин цагаан цамцтай эмэгтэй нь хувцас хунар нь цус болчихсон байдалтай, нэг эмэгтэй нь бас хувцас хунар цус болчихсон хоорондоо зодолдсон гэж байсан ... гэх мэдүүлэг /хх 169-170 х/

 

- Шинжээчийн 9950 тоот дүгнэлт

1.Ж.Kийн биед тархи доргилт, хамрын нуруун цус хуралт, зөөлөн эдийн няцралт, цээж, зүүн бугуй, сарвуу, баруун бугалга, баруун шуу, баруун гуянд цус хуралт, зүүн шуу баруун сарвуунд зулгарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 28 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Ж.Д нь 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 16-17 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Доргио залуус” караокений гадна иргэн Б.Эийг түүний эхнэр Ж.Kтэй маргалдаж зодолдсноос болон Б.Э нь “танай охин хүүхдээ хаясан биздээ” гэх асуудлуудаас болж нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, зүүн бугалганд цус хуралт бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            - Шүүгдэгч Б.Агийн “... Д, K нар ээжтэй зууралдаад Д ээжийн нүүр рүү нь цохисон. Ээжийн хамарнаас нь маш их цус гараад ээж бид хоёр хорооны цагдаа руу явсан. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

            - Хохирогч Ж.Эийн “...Kтэй хэрэлдээд зогсож байхад нөхөр нь хүрч ирээд миний охиныг түлхээд унагасан. Тэгэхээр нь би охиноо цагдаа дууд гэж хэлээд утсаа гаргаж ирээд бичлэг хийж байтал Kийн нөхөр нь миний нүүрэн дунд цохиж хамраас цус гоожуулаад яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 18-20, 154-156 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/, 

 

- Насанд хүрээгүй гэрч Б.Пүрэвбатын “...2017 оны 8 сарын 3-ны өдөр манай ээжийг тэр эрэгтэй хүн хамар руу нь цохисон. Тэгээд ээжийн хамарнаас цус гараад ээж намайг 00-ын цаас аваад ир гээд би авчирсан, ...” гэх мэдүүлэг /хх-ийн 135-136 х/,

 

- Гэрч С.Сүрэнхорлоогийн: “... Тухайн үед зодуулсан гэх караокены эмэгтэйн хамар нь хавдсан, ... байсан ...” гэх мэдүүлэг /хх 169-170 х/

 

- Шинжээчийн 9961 тоот дүгнэлт

1.Б.Эийн биед хамар ясанд хугарал, зүүн булгалга, нуруу, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх 33-34 х/

 

- Шинжээч эмч Т.Номинцэцэгийн: “...Б.Эийн биед үзлэг хийхэд хамар яс уг хэсгээрээ сэтэрсэн хугаралтай байсан, уг гэмтэл нь шинэ гэмтлүүд байсан ба хэрэг болох үед үүсэх боломжтой. ...” гэх мэдүүлэг /хх 161-162 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

    6.2. Шүүгдэгч Б.Э, Ж.Д тэдний өмгөөлөгч нарын нотлох баримтууд болон цагаатгуулахаар гаргасан саналуудын талаарх шүүхийн дүгнэлт:

    Шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын болон хохирол, хувийн байдлын талаар шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

   Шүүгдэгч Б.Агийн “... Д, K нар ээжтэй зууралдаад Д ээжийн нүүр рүү нь цохисон. Ээжийн хамарнаас нь маш их цус гараад ээж бид хоёр хорооны цагдаа руу явсан. ... K намайг хамарт цохисон, нүүр, гар самардсан гэж ярьдаг. Хороон дотор K хаалга тэгнэж зогсчихоод гаргахгүй байсан тул би гарыг нь буулгах гээд самардсан, маажсан нь үнэн ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ нь хохирогч Ж.Kийн мэдүүлэг /хх 6-7, 14-16, 132-134 х/, хохирогч Ж.Эийн мэдүүлэг /хх 18-20, 154-156 х/,   гэрч С.Сүрэнхорлоогийн мэдүүлэг /хх 169-170 х/, насанд хүрээгүй гэрч Б.Пүрэвбатын мэдүүлэг /хх-ийн 135-136 х/, Шинжээчийн 9950, 9961 тоот дүгнэлтүүд /хх 28, 33-34 х/ зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүхээс шүүгдэгч Б.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг яллах талын нотлох баримтаар тооцож үнэлсэн.

 

    Ж.Kээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор мэдүүлэг /хх-ийн 6-7 х/ авахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2-т заасан эрх, үүргийг танилцуулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул уг мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий нотлох баримтаар тооцож үнэлсэн болно.

 

Өмгөөлөгч Б.Баярбаясгалангийн:Хохирогч Ж.Kийн мэдүүлэгт Б.А, Б.Э нарын хэн нь яаж зодож гэмтэл учруулсан талаар тодорхой мэдүүлдэггүй, хоёулаа л зодсон гэж маш ерөнхий байдлаар мэдүүлдэг, бүлэглэсэн гэдэг нь тогтоогдоогүй, Ж.Отгонтуяаг зөрчлийн хэрэг шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг авсан нь нотлох баримтын шаардлага хангахгүй, Яллагдагч Ж.Дт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг сануулаагүй мэдүүлэг авсан, Б.А, Б.Э, Ж.Д нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан эрх, үүргийг бүрэн гүйцэд танилцуулаагүй, гэрч О.Батцэцэгт /хх-ийн 137 х/ Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийг сануулаагүй мэдүүлэг авсан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчиж цуглуулсан байх тул Б.Эийг цагаатгаж өгнө үү?, мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хэргийн мөрдөн байцаалтанд буцаах санал хэвээр гэх асуудлын талаар.

 

Шүүхийн дүгнэлт:

Ж.Дын гэрчээр болон яллагдагчаар өгсөн  /хх-ийн 8, 96-97 х/ мэдүүлгүүдээс дүгнэхэд: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэрчийн мэдүүлэг авахдаа хохирогч Ж.K, зөрчилд холбогдогч Б.А, Б.Э нартай садан төрлийн ямар холбоотой болохыг тодруулаагүй, хуульд заасан эрх, үүргийг болон худал мэдүүлэг өгсөн, мэдүүлэг өгөхөөс татгалзсан, зайлсхийсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулалгүй мэдүүлэг авсан, мөн яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан эрх, үүргийг бүрэн гүйцэд танилцуулаагүй мэдүүлэг авсан нь мөн хуулийн 31.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

 

Ж.Отгонтуяагаас гэрчээр мэдүүлэг /хх-ийн 9-11 х/ авахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.6 /гэрч/, 3.7 /хөндлөнгийн гэрч/ дугаар зүйлүүдэд заасан эрх, үүргийг аль алиныг тайлбарлан өгснөөс үзэхэд Ж.Отгонтуяа нь эрх зүйн байдлын хувьд гэрч, хөндлөнгийн гэрчийн аль нь болох ямар статустай субьект болох нь тодорхойгүй, Эрүүгийн хуульд заасан гэрчийн хүлээх үүргийг танилцуулалгүй мэдүүлэг авсан,

 

О.Батцэцэгээс мөрдөн байцаалтын шатанд гэрчийн мэдүүлэг /хх-ийн 137-139 х/ авахдаа хохирогч Ж.Kтэй садан төрлийн ямар харилцаатай болохыг тодруулаагүй, Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийг сануулаагүй,

 

Б.Агаас гэрчээр болон яллагдагчаар /хх-ийн 21-23, 69-70 х/ мэдүүлэг авахдаа бусад яллагдагч, хохирогч нартай төрөл садны ямар харилцаа холбоотой болохыг тодруулаагүй, Үндсэн хуулийн 16.14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6, 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгүүдэд заасан эрхээ эдлэх эсэхийг асууж тодруулаагүй мөн гэрчээр асуугдахад өмгөөлөгч авах, мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхийг эдлүүлээгүй, мөн яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан эрх, үүргийг бүрэн гүйцэд танилцуулаагүй зэрэг нь мөн хуулийн 31.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж цуглуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох боломжгүй гэж шүүх дүгнэсэн, өмгөөлөгч Б.Баярбаясгалангийн дээрх нотлох баримтуудын талаар гаргасан санал хууль зүйн үндэслэлтэй хэдий ч дээрх нотлох баримтуудаас бусад яллах талын нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдож байгаа тул шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн.

 

Мөн улсын яллагчаас Б.Агийн гэрч, яллагдагчаар, О.Батцэцэгийн гэрчээр, Ж.Дын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийг яллах талын нотлох баримт болгож яллах дүгнэлтийн үндэслэл болгож ирүүлснийг шүүх нотлох баримтаар тооцох боломжгүй тухай хууль зүйн үндэслэлээ дээрх хэсэгт дурьдсан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Харин Б.Эийн хувьд Б.Атай бүлэглэн Ж.Kийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ж.Kийн мэдүүлэг /хх 6-7, 14-16, 132-134 х/, гэрч С.Сүрэнхорлоогийн мэдүүлэг, шинжээчийн 9950 тоот дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан яллах талын нотлох баримтуудаар тогтоогдсон Тухайлбал:Хэрэг гарсан нөхцөл байдлын хувьд уг гэмт хэрэг удаан хугацааны турш караокений гадна талд болон хорооны байранд завсарлагатайгаар үргэлжилсэн байдаг бөгөөд хохирогч Ж.K “... хэрүүл болоод зууралдахаар хамт давхцаж ирээд зодох чимхэх, хазах үйлдлийг хоёулаа хийгээд байсан ...” гэх мэдүүлгээр шүүгдэгч нарын хэн нь ямар үйлдэл хийж гэмтэл учруулсныг тэр болгон нарийн мэдүүлээд байх боломжгүй байсан талаарх хохирогчийн мэдүүлэг үндэслэлтэй хэдий ч хохирогч Ж.K шүүгдэгч нарын зарим үйлдлүүдийн талаар Тухайлбал “... Эт эхэлж үсдүүлсэн, охин нь буюу Б.А биенээс нь чимхсэн, хазсан, маажсан ...” гэх байдлаар тодорхой мэдүүлсэн байдаг, түүний биед тархи доргилт болон олон тооны шарх, гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоогдсон тул шүүгдэгч Б.Э, өмгөөлөгч Б.Баярбаясгалан нарын цагаатгуулахаар гаргасан саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзсэн.

 

Өмгөөлөгч Н.Анхбаярын:Хэрэгт ач холбогдол бүхий хүмүүсийг гэрчээр асуугаагүй, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийсэн.Таксины жолооч гэх хүн Ж.Kийг хүнтэй маргалдаж байхыг харсан талаар Ж.Д хэлээд байхад уг хүнийг гэрчээр асуугаагүй, рентген зурагтай бичлэг алга болсон, уг бичлэгээр Б.Э өмнө нь хамрандаа гэмтэл авч байсан эсэх нь тодорхой харагдах байсан бөгөөд дахин дүгнэлт гаргуулах боломжтой байсан. Гэрч О.Батцээгийн мэдүүлэг /хх-ийн 153 х/, камерийн бичлэг зэргээр уг бичлэгийг хийхэд Эийн хамар зүгээр байсан гэдийг Батцэцэг хэлсэн, бичлэгээр мөн онцлох зүйл харагдаагүй, Ж.Дын үйлдлийг шүүгдэгч Б.Э, Б.А, гэрч Б.Пүрэвбат нараар нотлуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, 2 сар гаруй хугацаа өнгөрсний дараа Э, А нарыг гэрч, хохирогчоор асуусан, дан ганц шинжээчийн дүгнэлтээр Ж.Дын үйлдлийг нотлох боломжгүй учраас түүнийг цагаатгаж өгнө үү? гэх асуудлын талаар.

 

Шүүхийн дүгнэлт:

Өмгөөлөгчийн гаргасан мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийсэн, хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл өгөх хүмүүсийг гэрчээр асуугаагүй, хугацаа алдаж мэдүүлэг тайлбар авсан зэрэг нь мөрдөн байцаалт явуулсан болон хэрэгт хяналт тавьж байгаа холбогдох албан тушаалтнуудын хариуцлаггүй ажиллагаатай холбоотой болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Гэрч О.Батцэцэг “... бичлэг хийх үед Эийн хамар зүгээр байсан, цагдаатай уулзаад ирснийхээ дараа хамраа хугалуулсан гэж ярисан ...” гэж мэдүүлсэн байдаг боловч Ж.Дын “хохирогч Б.Эийн хамар луу цохиж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь шүүгдэгч Б.А, насанд хүрээгүй гэрч Б.Пүрэвбат /хх-ийн 135-136 х/, гэрч С.Сүрэнхорлоо /хх 169-170 х/, шинжээчийн 9961 тоот дүгнэлт /хх 33-34 х/, шинжээч эмч Т.Номинцэцэгийн мэдүүлэг /хх 161-162х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулсан, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий яллах талын нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон.

 

Б.Пүрэвбатын мэдүүлгийг яллах талын нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэлээ өмгөөлөгч тодорхой танилцуулаагүй хэдий ч Б.Пүрэвбат нь хэргийн газарт байсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрчид тавигдах шаардлагыг хангаж байгаа,  түүний мэдүүлэг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан журамд нийцсэн тул яллах талын нотлох баримтаар тооцож шүүх үнэлсэн болно.

 

Иймд шүүгдэгч Ж.Д, өмгөөлөгч Н.Анхбаяр нарын цагаатгуулах тухай саналыг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

6.3. Хохирлын талаар.

Хохирогч Ж.K өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 128,000 төгрөг зарцуулсан, мөн шүүгдэгч нарын буруутай ажиллагааны улмаас өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсны төлбөрт 500,000 төгрөг төлж эд хөрөнгийн алдагдалд орсон болох нь шүүх эмнэлэгт үзүүлсний төлбөр 8000 төгрөгийн баримт /хх 31 х/, КТГ-т толгойн зураг авахуулсны төлбөрт 120,000 төгрөг зарцуулсан баримт /хх 195 х/, өмгөөллийн хөлсөнд 500,000 төгрөг төлсөн тухай гэрээ /хх 196 х/ зэргээр нотлогдон тогтоогдсон тул нийт хохирол 628,000 төгрөгийг гэм буруутай шүүгдэгч нар болох Б.А, Б.Э нараас тэнцүү хувааж тус бүр 314,000 төгрөгийг гаргуулж Ж.Kд олгуулах нь зүйтэй.

 

Хохирогч Б.Эийн хувьд хамрын хугарлыг эмчлүүлэхэд нийт 285,230 төгрөг зарцуулсан болох нь “Их цэцэгт нуга” ЗГБХН-өөс авсан эм тарианы үнэ 78,750; 147,750 төгрөгийн баримтууд /хх 200-201 х/, “Их төгөл” ХХК-иас авсан 3000; 3500 төгрөгийн эмчилгээний зардлын баримтууд /хх 204-205 х/, “Батчингүрэн”-ээс авсан 19,950 төгрөгийн эмийн бүтэгдээхүүний баримт /хх 203 х/, “Чаг” эмийн сангаас авсан 22,480 төгрөгийн эмийн баримт /хх 202 х/, “Хос зүтгэл” ХХК-иас авсан 9,800 төгрөгийн эм тарианы баримт /хх 209 х/ зэргээр нотлогдож байгаа тул дээрх хохирлыг гэм буруутай этгээд болох Ж.Даас гаргуулж Б.Эт олгох нь зүйтэй гэж үзсэн.

 

Харин хохирогч Б.Э орлоготой байсныг нотлох баримт гэж банкны харилцах дансны хуулга хэрэгт гаргаж өгсөн бөгөөд уг баримтыг дангаар үнэлж түүний алдагдсан орлогыг тогтоож шийдвэрлэх боломжгүй, орлого олж байсан бол хувь хүний орлогы албан татвар төлж байсан баримт, бусад орлого олж байсныг нотлох баримтууд дутуу мөн ямар эм тарианы үнэ болох нь мэдэгдэхгүй 26,000 төгрөгийн баримт, үнийн дүн тодорхой уншигдах боломжгүй 3 хуудас баримт /хх 206-208 х/ зэрэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй тул холбогдох нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзсэн.

 

             6.4. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.

            Б.Э, Б.А, Ж.Д нарт холбогдох гэмт хэрэгт хохирогч Ж.K, Б.Э нарын зүй бус зан авир уг гэмт хэрэг гарахад зохих хэмжээгээр нөлөөлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

             6.5. Ял шийтгэлийн талаар.    

             Б.Э, Б.А, Ж.Д нарын хувьд хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсныг харгалзан Ж.Дт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний, Б.Ад 650 нэгжтэй тэнцэх хэмжээний, Б.Эт 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгуулийн ял тус тус оногдуулж, тэдгээрийн хувиараа хөдөлмөр эрхэлдэг, зохих хэмжээний орлого олдог байдлуудыг харгалзан үзээд уг торгуулийн ялыг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн.

             6.6. Бусад асуудлын талаар.

              Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Онход овогт Жадамбын Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 Олуул  овогт Бямбадашийн Э, Бурд овогт Батнарангийн А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Дыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Эийг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ялаар , Б.Аг  650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

    3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Б.Э, Б.А, Ж.Д нарт үүрэг болгосугай.

 

    4.Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Б.Эээс 314,000 төгрөг, Б.Агаас 314,000 төгрөг тус тус гаргуулж Сонгинохайрхан дүүрэг, 1-р хороо Толгойтын 10-28а тоотод оршин суух Ж.Kд,

Ж.Даас 285,230 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүрэг, 1-р хороо Толгойтын ... тоотод оршин суух Б.Эт тус тус олгож, хохирогч Б.Э бусад зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5.Б.Э, Б.А, Ж.Д нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Э, Б.А, Ж.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ