Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2024/0981

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Д*******а,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.У*******,

Хариуцагч: Б******* дүүргийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Х*******,

Маргааны төрөл: Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгах эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Иргэн Б.Д*******аас Б******* дүүргийн Засаг даргад холбогдуулан “Иргэн Б.Д*******а миний эзэмшиж байгаа Б******* дүүргийн ******* хороо, *******, ******* тоот хаягт байршилтай, ******* м.кв талбайтай газрын эзэмших эрхийн хугацааг сунгуулахаар гаргасан хүсэлтэд Б******* дүүргийн Засаг дарга хариу өгөхгүй, өмнөөс нь газрын алба хариу өгсөн эс үйлдэхүй, мөн өөр огноотой бичгийг гомдлын хариу болгож цахимаар илгээсэн, анх газрыг 15 жилийн хугацаагаар бус 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр олгосон нь тус тус хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг Б******* дүүргийн Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
  2. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа “Иргэн Б.Д*******а миний эзэмшиж байгаа Б******* дүүргийн ******* хороо, *******, ******* тоот хаягт байршилтай, ******* м.кв талбайтай газрын эзэмших эрхийн хугацааг сунгахаас татгалзсныг хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг Б******* дүүргийн Засаг даргад даалгуулах” гэж тодорхойлсон бөгөөд харин “...Газрын эзэмших эрхийн хугацааг сунгуулахаар гаргасан хүсэлтэд Б******* дүүргийн Засаг дарга хариу өгөхгүй, өмнөөс нь газрын алба хариу өгсөн эс үйлдэхүй, мөн өөр огноотой бичгийг гомдлын хариу болгож цахимаар илгээсэн, анх газрыг 15 жилийн хугацаагаар бус 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр олгосон нь тус тус хууль бус болохыг тогтоолгох …” нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж тайлбарлан мэтгэлцсэн болно.
  3. Б******* дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 дугаар захирамжаар Б******* дүүргийн 10 дугаар хороо, *******, ******* тоот хаягт байршилтай, ******* м.кв талбайтай газрыг иргэн Б.Д*******ад гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.
  4. Нэхэмжлэгчээс Б******* дүүргийн газрын албанд өөрийн газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлт гаргасныг Б******* дүүргийн газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 15/32 дугаар албан бичиг болон 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 06/179 дүгээр албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах боломжгүй гэж хариуг өгсөн байна.
  5. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, улмаар нэхэмжлэгчээс бүрдүүлбэр хангуулж ирүүлээгүй тул нэхэмжлэлийг буцаасан байна.
  6. Нэхэмжлэгчээс 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дахин нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 3682 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд улмаар тус захирамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гомдол гаргасан байна.
  7. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 0407 дугаар тогтоолоор дээрх захирамжийг хүчингүй болгосон бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 4947 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсжээ.
  8. Нэхэмжлэгч Б.Д*******а шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Иргэн Б.Д*******а надад Б******* дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 дугаар захирамжаар Б******* дүүргийн ******* хороо, *******, ******* тоот хаягт байршилтай, 700 м.кв талбайтай газрыг эзэмших эрхийг олгосон. Энэ газартаа өөрийнхөө орлогын хэмжээнээс хамаарч боломжоороо хашаа барьсан. Газрын албанаас 2021 онд “Шороон замыг засмал зам болгох автозамын зурагт орсон газраа татаж багасга” гэсэн тул заасан хэмжээгээр нь багасган кадастрын зураг хийлгэсэн. Замыг 2022 онд дуусгасан юм. Тухайн үед газрын хэмжээ багасгасан гээд нөхөх олговор нэхэхэд өгөөгүй. Танай тэр хавийн газрыг чөлөөлүүлсэн айлд нөхөх олговор олгохгүй байхаар шийдвэрлэсэн гэж хариу өгөөд өнгөрсөн. Газрын албанд хандан газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлт гаргахад “Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийлгэж ир, багасгасан кадастрын зураг авчрах” гэсэн шаардлага тавьсан. 2022 оны 5, 6 дугаар сард дээрхи баримтуудыг бүрдүүлж өргөдлөө өгсөн. Үүнээс хойш гэрчилгээ гэрээ гарсан уу гэж асуухаар шийдээгүй байна, удахгүй шийд гарна хариу өгнө гэж хэлсээр 2023 оны 9 дүгээр сар өнгөрсөн. Миний эзэмшиж байгаа газрын эрхийг сунгахгүй бол яах гэж чанарын хянан баталгаа хийлгэсэн нь ойлгомжгүй байна. Энэ хооронд иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байхад газрын албанаас бичиг баримт ирэхэд миний эзэмшиж байгаа газрын эрхийг дуусгавар болгосон талаар ямар нэгэн тайлбар ирж байгаагүй. 2022 оны 10 дугаар сард миний эзэмшил газрын зэргэлдээ хашаанд амьдарч байсан иргэн Б.Д манай хашаанд гэрээ барьж дур мэдэн амьдарч эхэлсэн. Б.Д миний хашааг бусдад зарж борлуулсан, бусдаас мөнгө авсан асуудлыг газрын албанаас олж мэдсэнг түүнийг хашаанаас албадан нүүлгүүлэхээр Б******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 2 дугаар сард нэхэмжлэл гаргасан. Б.Дийн хүсэлтээр шүүхээс шаардсан баримтуудыг Б******* дүүргийн газрын албанаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлэхэд би өөрөө нэхэмжлэл гаргасаны дараа тухайн эзэмшиж байгаа газрын мэдээллийг Төрийн цахим үйлчилгээний машинаас авахад тус, тус миний эзэмшиж газрын бүх мэдээлэл хүчин төгөлдөр байсан. Иргэний хэргийн хариуцагч Б.Д нь Б******* дүүргийн засаг даргад холбогдуулан “Б.Д*******ын эзэмшиж байгаа газрыг өөрийнхөө нэр дээр газар эзэмших эрх олгуулахыг даалгах тухай” нэхэмжлэлийг 2023 оны 7 дугаар сард Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гэдгийг тус шүүхээс намайг гуравдагч этгээдээр татан оролцуулахад мэдсэн. Иргэний хэргийн шүүхээс миний нэхэмжлэлтэй хэргийг Захиргааны хэрэг шийдэгдэх хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн байгаа. Гурав. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад Б******* дүүргийн Газрын албанаас Б.Д*******а миний эзэмшиж байгаа газрын эрхийг цуцалсан тухай 2023 оны 08 дугаар сарын 5-ны өдрийн огноотой бичгийг Захиргааны шүүхэд ирүүлсэн байсан. Гэтэл энэ бичгийг надад мэдэгдээгүй. Ингээд шүүхэд хүсэлт гаргасаны дагуу Б******* дүүргийн газрын нэгдүгээр албаны 2024 оны 01 дүгээр сарын 11-ний огноотой бичиг Захиргааны хэргийн шүүхэд ирсэн. Мөн нэг хувийг надад шуудангаар ирүүлсэн байсан. Энэ бичигт дурьдсан шийдвэрийг эс зөвшөөрч, миний эзэмшиж байгаа газрыг хугацааг сунгаж өгнө үү гэсэн гомдлыг Б******* дүүргийн Засаг даргад 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шуудангаар гаргасан. 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Б.Д*******а надад өргөдөлийн хариу гарсан гэсэн мессэж ирсэн. Энэ мессэжний дагуу шалгахад 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хариуг хавсаргасан байсан. Ингээд Б******* дүүргийн тамгын газарт очиж “Танайх миний гомдлыг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шийдсэн гэх боловч хариу нь 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн бичиг байна. Ямар шийдвэр гарсан тухай хариу авна гэхэд газрын албанаас ав гэсэн. Газрын албанаас гомдлын хариу асуухад “Танай хариу гарсан, хэвлээгүй байна, буруу хариу өгсөн байна, хүн нь алга байна” гэж 3 удаа намайг явуулсан. 2024 оны 03 дугаар сарын 11-нд очиход газрын албаны ажилтан А.Х******* надад 2024 оны 02 дугаар 16-ны өдрийн огноотой бичиг өгсөн. Энэ бичигт Б******* дүүргийн Засаг дарга гарын үсэг зураагүй байсан.Б.Д*******а надад анх 5 жилийн хугацаагаар газар эзэмших эрх олгосон нь Монгол улсын газрын тухай хуулийн заалтыг зөрчсөн байна.

Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна гэжээ Б.Д*******а надад 15 жилийн хугацаагаар газар эзэмших эрх олгох байтал 5 жилийн хугацаагаар олгосон тул дээрхи хуулийн заалтыг зөрчиж байгаа. Тав. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно”,  22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мерний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэж заажээ. Хуулийн энэ хориглосон заалтад миний эзэмшиж байгаа газар орохгүй байна. Тэгээд ч би энэ газарт өөрөө дур мэдэн хашаа бариагүй, улсаас анх зөвшөөрч газар олгосон, 2022 оныг дуустал газрын төлбөрөө төлсөн байгаа. Миний эзэмшиж байгаа газрыг автозамын траст орсон гэж 2021 онд багасган кадастрын зураг хийлгүүлж, би хашаагаа дотогш татаж барих үед надад төрийн эрх бүхий байгууллагаас “Танай газар үерийн хамгаалалтын бүсэд орсон, газар эзэмших эрх сунгагдахгүй болсон, нүү” гэж хэн ч хэзээ ч шаардаж байгаагүй. Гэтэл эрх бүхий хүмүүс байн байн хуралдаад, нэг шийдвэр гаргаад, түүнийгээ иргэнд мэдэгдэхгүй орхиод, шүүхээс удаа дараа шаардсаны дараа 2024 оны 01 дүгээр сарын 11-нд шүүхэд хариу өгч байгаа нь хууль зөрчиж байна. Иргэн хүн эрх олгосон шийдвэрийн дагуу тухайн газарт хашаа бариад өмч хөрөнгө үүсгэсэний дараа албадан нүүлгэх гэж байгаа бол нөхөн төлбөр олгох, эсвэл газар олгох зэрэг олон зохицуулалт хуульд заасан байхад зүгээр л сунгахгүй болсон гээд асуудлыг шийдэхгүй орхиж байгаа нь хууль бус юм. Миний эзэмшиж байгаа газрын орчим маш олон айл амьдарч оршин сууж, үйлдвэр үйлчилгээний газар байрлаж байхад зөвхөн миний эзэмшиж байгаа гэзрын эзэмших эрхийг сунгаж өгөхгүй байхаар шийдвэрлэсэн нь хууль бус юм. Иймд иргэн Б.Д*******а миний эзэмшиж байгаа Б******* дүүргийн ******* хороо, *******, ******* тоот хаягт байршилтай, ******* м.кв талбайтай газрын эзэмших эрхийн хугацааг сунгуулахаар гаргасан хүсэлтэд Б******* дүүргийн Засаг дарга хариу өгөхгүй, өмнөөс нь газрын алба хариу өгсөн эс үйлдэхүй, мөн өөр огноотой бичгийг гомдлын хариу болгож замшул илгээсэн, анх газрыг 15 жилийн хугацаагаар бус 5 жилийн эзэмшүүлэхээр олгосон нь тус тус хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг Б******* дүүргийн Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэл гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

  1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б******* дүүргийн ******* хороо, 4 дүгээр хэсэг, ******* тоот газарт Б.Д*******а нь 2008 оноос хойш хашаа барьсан байсан. Газар эзэмших эрх хүссэн өргөдлөө 2014 онд өгсөн. Үүний дагуу 5 жилээр газар олгосон гэрчилгээ гарсан. Энэ хооронд 2021 онд Газрын албанаас танай зүүн талд авто зам барихаар болсон учраас газрыг чинь хасна. Тэгэхээр та нар газраа хасуул гэсэн. Үүний дагуу Б.Д*******а кадастр хийгээд очсон. Газрын албанаас хассан хэмжээгээр зам барилаа гэж хэлсэн. Энэ замыг бариад эхэлчихсэн байгаа. Бид Б******* дүүргийн Засаг дарга яагаад хууль бусаар газар сунгахгүй байна гэдгийг дараах 4 үндэслэлээр тодорхойлж байна. Нэгдүгээрт, Б.Д*******ын эзэмшиж байгаа газрын зүүн талд байрлаж буй авто зам нь голын эргийн хамгаалалтын далан гэдгийг эрх бүхий байгууллагаас тодорхойлсон бичиг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нотлох баримтаар ирчихсэн. Хоёрдугаарт, маргаж буй газрын хойд зүгт болон урд зүгт гурван километр газарт голын эрэг дагасан олон тооны айл өрх, аж ахуйн нэгжийн хашаа байрлаж байна. Энэ нь үзлэгээр тогтоогдсон. Эдгээрийг хэрхэн шийдэх талаар болон газрын эрхийг нь сунгахгүй байх тухай Б******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны төлөвлөгөөг хариуцагчаас одоо хүртэл ирүүлээгүй байгаа. Өөрөөр хэлбэл энэ маань зөвхөн Б.Д*******ад чиглэсэн газрыг нь сунгаж өгөхгүй байгаа үйлдлийг хууль бус гэж үзэж байгаа. Хэрвээ Газар зохион байгуулалтын алба болон Нийслэлийн газрын албаныхан авто замтай холбоотойгоор голын эргийн хамгаалалтын бүс дотор газар олгочихсон гэдгийг мэдсэн байж болно. Тэгвэл өнөөдөр тэр олон айлыг 2023 онд яах вэ, 2024 онд яах вэ гэдэг төлөвлөгөө байх ёстой. Үзлэг хийхэд баруун талд нь дүүрэн айлууд байгаа нь тогтоогдож байгаа. Өнөөдөр газрын алба энэ талаар ямар нэгэн төлөвлөгөө өгчихсөн бол, магадгүй нийслэлийн төлөвлөгөө аваад ирсэн бол бид нүүх ёстой юм байна гэж бодох байсан. Гэтэл ийм төлөвлөгөө өгөхгүйгээр өнөөдөр газар сунгахгүй гэж байгаа нь хууль бус гэдэг нь нотлогдож байна. 1 хүнд чиглэсэн хувийн сонирхолтой шийдвэр гаргасан гэж ойлгож байна. Энэ нь Газар зохион байгуулалтын алба 2022 оны 05 дугаар сард гаргасан гэсэн шийдвэрээ Б******* дүүрэг дээр байгаа албадан нүүлгэхэд өгөөгүй байгаад байдаг. Сүүлд нь захиргааны хэргийн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид энэ шийдвэрийг гаргачихсан гэсэн. Тэгвэл тухайн бичгээ өг гэхээр өгөхгүй байж байж байгаад шүүхийн журмаар 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Б.Д*******ын газрыг сунгахгүй гэсэн шийдвэр гаргаснаа өгсөн нь 1 хүнд чиглэсэн арга хэмжээ гэдгийг нотолж байгаа. Хэрвээ үнэхээр олон хүнд чиглэсэн шийдвэр байсан бол үүнтэйгээ холбоотой бүх баримтаа өмнөх хэрэг дээр өгч болох байсан. Энэ хэрэгт ч өгөөгүй байгаа. Дөрөвдүгээрт нь Газрын албанаас авто замын буюу далангийн гадна талд голын эрэг дотор зөндөө олон айлд газар олгочихсон байгаа. Тэгвэл үүнийг яаж шийдэх ёстой юм. Хамгаалалт авто зам буюу далангийн гадна талд голын эрэг дээр зөндөө олон айлд газар олсон. Үүнийг яах тухай нэг ч бичиг өгөхгүй байна. Энэ нь ганц хүнд чиглэсэн хувийн сонирхолтой шийдвэр гэдгийг нотолж байна. Хууль руугаа оръё. Монгол улсын газрын тухай хуульд газрыг 15 жилээс 60 жилийн хугацаагаар олгоно гээд заачихсан. Гэтэл 5 жилээр олгосон. Хэрвээ 2014 онд 15 жилээр газар олгосон бол энэ хүнд 2029 он хүртэл газар олгох байсан. Би нэхэмжлэлийнхээ үндэслэл дээр 5 жилээр газар олгосон нь хууль бус гээд биччихээд байхад Газрын алба болон Б******* дүүргийн Засаг даргын зүгээс 5 жилээр олгож байгаа нь хуулийн дотор талд гаргачихсан шийдвэр нь Хууль зүйн яаманд бүртгэгдчихсэн нийтээр дагаж мөрдөх журмын жагсаалтад орчихсон байдлаар гараад ирэх ёстой байсан. Одоогоор ийм юм байхгүй. 5 жилээр яагаад олгосон гэдгээ нотлоогүй. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө өгөхгүй байгаа нь энэ хүмүүст миний ярьж байгаагийн эсрэг 1 ч нотлох баримт байхгүй учраас хоосон сууж байна гэж үзэж байгаа. 1 гол асуудал байгаа. Газрын албаны зүгээс 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан шийдвэрийг захиргааны шүүхийн журмаар олж авангуутаа Б******* дүүргийн Засаг даргад гомдол гаргасан. Тэгэнгүүт Б******* дүүргийн Засаг дарга хариу өгөөгүй. Нэгдүгээрт, Газрын алба хариу өгсөн. Газрын албанд өгөх эрх олгосон тухай бичиг байхгүй. Хоёрдугаарт, Газрын албанд хариугаа авъя гээд очихоор танай хариуг өгчихсөн, танайд явуулчихсан гэдэг. Ямар бичиг явуулсан юм бэ, гэхээр нөгөө 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн бичгээ л явуулаад байгаа. Төрийн байгууллага иргэнтэй харьцаж байгаа, эрх мэдэлтэй байгууллага иргэнтэй харьцаж байгаа юм чинь огноотой нь хуулийнх нь хугацаанд явуулах ёстой байтал явуулахгүй байсан. Бид нэхэж байж сүүлд нь очиж ийм хариу гарсан юм байна гэдгийг мэдсэн. Эдгээр нь хууль бус үндэслэлтэй гэдгийг нотолж байгаа. Хамгийн сүүлийн 1 тайлбар байна. 2021 онд хойд талынх нь хашааны айл урд тал руу нүүгээд орчихсон. Тэгэхээр нэгэнт үерийн хамгаалалтын бүс юм бол тэр айлыг албадан нүүлгэх талаар Газрын албанаас бичиг өгч болох байсан. Яагаад энэ хүнд албадан нүүлгэх бичиг өгөхгүй, энэ хүн энд амьдраад байгаа юм. Өнөөдөр Монгол улсын хуульд хүн хэдэн ч газар эзэмшиж болно. Бид эзэмшил газар дээрээ хашаа барьчихсан байсан. Хашааг маань буулгачихсан. Үзлэгээр дахиад шинэ хашаа бариад эхэлчихсэн байгаа. Газрын алба газартаа хяналт тавьдаг юм бол баригдаж байгаа шинэ хашааг буулгах талаар захиргааны журмаар ямар нэгэн шаардлага өгчихсөн байх ёстой. Ийм зүйл байхгүй. Б.Д*******а гэдэг хүний эрх зөрчигдөж байгаа асуудал нь хувь хүнтэй холбоотой 1 хүнд чиглэсэн хууль бус шийдвэр учраас Б******* дүүргийн Засаг даргад Б******* дүүргийн ******* хороо, 4 дүгээр хэсэг, ******* тоотод байгаа Б.Д*******ын эзэмшил газрын газар эзэмших хугацааг нь сунгаж өгөх үндэслэлтэй гэж байгаа учраас үүнийг даалгаж өгнө үү.” гэжээ.
  2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Б.Д*******а тус дүүргийн 10 дугаар хороо, *******, ******* тоот ******* мк.в газрыг Б******* дүүргийн Засаг даргын 2014 оны 546 дугаар захирамжаар rэp бүлийн хэрэгцээний зориулалтаар 5-н жилийн хугацаатай эзэмшүүлж 2019 онд эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан.

Б.Д*******а эзэмшиж буй тухайн газрын хугацааг сунгуулах хүсэлтээ манай албанд 2022 оны 06 дугаар сарын 06, 2023 оны 04 сарын 14-ний өдөр өгсөний хүсэлтээ Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх 1 дүгээр дэд зөвлөлийн хурлаар хэлэлцэн (Усан сан бүхий онцгой хамгаалалтын бүс) газарт орсон тул эс зөвшөөрсөн хариу гарсан болно.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай 50 дугаар тогтоолоор батлагдсан “Усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс”-д орсон, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайд нарын 2015-06-05-ны өдрийн А-230/127 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Усан сан бүхий газар, усны эх үүсэврийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 3.9.11 дэх “Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориоглолтын ба хязгаарлалтын бүсэд орон сууц, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барьж ашиглахыг хориглоно” мөн журмын 3.9.12 дахь “Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориоглолтын ба хязгаарлалтын бүсэд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгохыг хориоглоно” гэх заалтуудыг тус, тус зөрчиж байгаа тул тухайн иргэний хүсэлт шийдвэрлэгдээгүй болно.

Мөн тухайн Б******* дүүргийн 10 дугаар хороо, *******, ******* тоот газар дээр иргэн Б.Д*******а нь амьдарч байгаагүй болно.” гэжээ.

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн захирамж 2014 онд олгогдсон байдаг. Ундны усны хориглолт хамгаалалтын бүсийг тогтоох журам нь 2016 онд гарсан. Үүний дагуу хугацаа сунгах хүсэлтийг Газар эзэмших ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн хурлаар хэлэлцсэний үндсэн дээр ундны усны хориглолтын бүсэд байгаа учир хугацааг сунгах боломжгүй гэдэг шийдвэр гаргасан. Иргэний өргөдлийг сарын дотор шийдвэрлэх хугацаандаа мессежээр таны өгсөн хүсэлтэд ийм шийдвэр гарсан гэдэг хариу өгсөн. Үүний дагуу иргэн өөрөө ирж бичиг баримтаа аваагүй учир 2024 оны 01 дүгээр сард албан бичгээр хүргүүлсэн. Тэгээд энэ айл нь 2014 онд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авсан хэдий ч газар дээрээ 1 ч удаа амьдарч байгаагүй. Газар дээр нь өөр хүн амьдраад маргаан үүсгээд яваад байгаа. ******* хороо, 10 дугаар хорооны зам дагуу үерийн далангийн бүсэд орчихсон газар эзэмших эрхийн гэрчилгээтэй болон гэрчилгээгүй иргэн аж ахуйн нэгжүүд байгаа. Энэ айлуудад манайхаас удаа дараа газраа чөлөөл гэдэг мэдэгдлийг хүргүүлээд явж байгаа. Үер ус болох эрсдэлтэй үеүдэд байнга мэдэгдэл өгч байсан. Тэдний газар дээр байгаа айлд ч өгч байсан. Энэ айл хэрвээ 2014 онд гэрчилгээгээ авсан юм бол яагаад тэр газраа 1 ч удаа ашиглахгүй байсан юм. Газрын тухай хуульд газраа 2 ба түүнээс дээш жил ашиглахгүй хүчингүй болно гэсэн заалт байдаг. Мөн хуулийн 40.1.6-д бас заасан байдаг. Манайхаас ганцхан энэ иргэнд холбогдуулж, ач холбогдол өгсөн зүйлгүй. Энэ орчинд байгаа хугацаа сунгах хүсэлт гаргасан болон гэрчилгээ шинээр авах айлуудад ийм журамтай байгаа гэж хугацааг сунгахгүй, шинээр гэрчилгээ гаргахгүй байгаа.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.”Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна.” гэж заажээ.

1.1. Тодорхойлох хэсэгт дурдсанчлан нэхэмжлэгчид анх Б******* дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 дугаар захирамжаар Б******* дүүргийн 10 дугаар хороо, *******, ******* тоот хаягт байршилтай, ******* м.кв талбайтай газрыг 5 жилээр газар эзэмшүүлсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У******* “... Монгол улсын газрын тухай хуульд газрыг 15 жилээс 60 жилийн хугацаагаар олгоно гээд заачихсан. Гэтэл 5 жилээр олгосон. Хэрвээ 2014 онд 15 жилээр газар олгосон бол энэ хүнд 2029 он хүртэл эзэмших эрхтэй байх байсан…” гэж тайлбарлаж байна.

1.2. Гэвч нэхэмжлэгч 5 жилийн хугацаагаар газар эзэмшүүлснийг хүлээн зөвшөөрч газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээг авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд газар эзэмших эрхийн хугацааг 5 жилээр олгосон нь түүний эрхийг нь зөрчсөн гэж үзсэн бол хуульд заасан хугацаанд энэ талаар холбогдох байгууллага, шүүхэд хандах боломжтой байжээ.

1.3. Хэдийгээр анх газар эзэмшүүлэхдээ хуульд зааснаас богино хугацаагаар эзэмшүүлсэн нь хуульд нийцээгүй боловч нэхэмжлэгч тус хугацааг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сунгахыг даалгах боломжгүй.

  1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.”Дүүргийн газрын алба нь энэ хуулийн 23.4-т зааснаас гадна иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг шилжүүлэх, эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгах хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэнэ.”, 37 дугаар зүйлийн 37.2.”Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна.” гэж заажээ.

2.1. Нэхэмжлэгч газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг Засаг даргад гаргасан байхад газрын алба хариу өгсөн нь үндэслэлгүй гэх боловч Газрын тухай хуульд зааснаар дүүргийн Засаг даргын харьяа тухайн асуудлыг хариуцсан нэгж болох газрын алба газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах өргөдөлд хариу өгснийг буруутгах үндэслэлгүй байна.

2.2. Нэхэмжлэгчээс 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гаргасан өргөдөлд 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичгийг хавсаргасан нь газар эзэмших эрхийн хугацааг сунгахаас татгалзсан үндэслэлд хамаарахгүй ба харин хариуцсан ажилтны хариуцлагагүй үйлдэлтэй хамааралтай байна. Хариуцагч цаашид иргэн, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, гомдол хариу өгч байгаа асуудалд анхааралтай хандвал зохино.

  1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6.”Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно.” гэж заажээ.

3.1. Нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан онцгой хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай нь хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 3/2030 дугаар албан бичиг, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0079 дүгээр хуулийн хүчин шийдвэр зэрэг баримтаар тогтоогдож байх ба хуульд зааснаар онцгой хамгаалалтын бүсэд аливаа зориулалтаар газар эзэмшүүлэхийг хориглох бөгөөд Б******* дүүргийн газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 15/32 дугаар албан бичиг болон 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 06/179 дүгээр бичгүүдээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай үндэслэлээр эзэмших эрхийг сунгахаас татгалзсан нь хуульд нийцжээ.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэр дэх гол мөрний урсац бүрэлдэх эх, түүний цутгал голуудын урсцыг нэмэгдүүлэх, нөөцийг хуримтлуулах, зүй зохистой ашиглах, хамгаалах, хүн амыг үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн болон усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн зургийг тус тус баталж шинэчлэн тогтоожээ.

4.1. Тус тогтоолоор маргаан бүхий газар усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд хамаарахаар болсон боловч хариуцагчийг татгалзсан шийдвэр гаргах үед маргаан бүхий газар онцгой хамгаалалтын бүсэд хамаарч байсан нь тогтоогдсон тул түүнээс хойш гарсан шийдвэртэй холбогдуулан хариуцагчийн шийдвэрийг хууль бусад тооцох үндэслэлгүй.

4.2. Харин маргаан бүхий газрын ойр орчим бусад иргэн, хуулийн этгээд газар эзэмшиж байгаа болон түүний эзэмшиж байсан газар усны сангийн энгийн хамгаалалтын бүсэд шилжсэнтэй холбогдуулан хуульд заасан үндэслэл журмын дагуу маргаан газар эзэмших газар эзэмших асуудлаа шийдвэрлүүлэхэд шүүхийн энэ шийдвэр саад болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8, 37 дугаар зүйлийн 37.2, 33 дугаар зүйлийн 33.6-д заасныг баримтлан Б.Д*******аас Б******* дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Иргэн Б.Д*******а миний эзэмшиж байгаа Б******* дүүргийн ******* хороо, *******, ******* тоот хаягт байршилтай, ******* м.кв талбайтай газрын эзэмших эрхийн хугацааг сунгахаас татгалзсныг хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг Б******* дүүргийн Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

    

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.ДАМДИНСҮРЭН