Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2023/ДШМ/844

 

   2023            8             22                                         2023/ДШМ/844

 

Ж.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Оргилбат,

хохирогч Б.А,

шүүгдэгч Ж.Х-ын өмгөөлөгч Л.А,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/814 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Х-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох ......... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б овгийн Ж.Х, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .............. аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ....... тоотод оршин суух хаягтай, /РД: ........./,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялуудыг болон өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын заримыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг 6 жил 1 сарын хугацаагаар тогтоосон,   

Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ялаар шийтгүүлж, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 142 дугаар шүүгчийн захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 5 жил 11 сар 19 хоногийн хорих ялаас чөлөөлсөн;

  

Шүүгдэгч Ж.Х нь 2022 оны 8 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, ..... .. тоотод оршин суух Д.Б-ын өмчлөлийн хүн байнга амьдрах байшинд нэвтэрч, 26.436.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан,

2022 оны 9 дүгээр сарын 02-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Толгойтын .. тоотод байрлах хохирогч Б.А-ын хүн байнга амьдрах зориулалттай байранд нэвтэрч, 4.650.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирол учруулсан,

мөн 2022 оны 8 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, ........... .. тоотод оршин суух Д.Б-ын өмчлөлийн өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч, асаагуурын гал гаргаж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэх явцдаа болгоомжгүйгээр гал алдан улмаар байшингийн дотор талыг бүхэлд нь шатаасны улмаас хохирогчийн эд хөрөнгөд нийт 73.869.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ж.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Х-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн, мөн бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгчид оногдуулсан 4 жилийн хорих ял дээр, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 5 жилээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х-ээс нийт 95.585.500 төгрөг гаргуулан, хохирогч Д.Б-д 92.877.380 төгрөг, иргэний нэхэмжлэгч Цагдаагийн ерөнхий газрын санхүү, аж ахуйн албанд 2.708.120 төгрөг тус тус олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Х тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2022 оны 6 дугаар сард эхнэр Б.Г болон 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороонд айлын хашаа байшин түрээслэн амьдарч байгаа. Эхнэр маань 7 сартай жирэмсэн, 3 охин маань 2 насны зөрүүтэй, энэ жил сургууль, цэцэрлэгт орно. Эхнэрт маань надаас өөр түшиж тулах хамаатан төрөл садан байхгүй. Би хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлаж өгнө үү. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан оногдуулсан 4 жилийн хорих ял дээр 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн 5 жилийн хорих ял болгосон билээ. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа ба эхнэр хүүхдүүд ар гэрийн байдлыг харгалзан үзэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг тусад нь эдлүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ж.Х-ын өмгөөлөгч Л.Амартогос тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ж.Х нь ар гэрийн байдлын хувьд эхнэр нь ажилгүй, жирэмсэн, бага насны хүүхдүүдтэй амьдардаг. Дээрх байдлыг харгалзан үзэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг тусад нь эдлүүлж өгөхийг хүсэн давж заалдах гомдол гаргасныг дэмжиж байна. ...” гэв.

Хохирогч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Надад нийт 4.650.000 төгрөгийн хохирол учирснаас 2.000.000 гаруй төгрөгийн бараа материалыг буцааж авсан. Үлдсэн мөнгөн төлбөрийг төлөх ёстой байсан ч Ж.Х нь “Хэргээ нэгтгэх хэрэгтэй байна, би ажил хийж төлбөрөө төлье, та хохиролгүй, гомдолгүй гэсэн бичиг хийгээд өгөөч” гэсэн. Хэргийг нь нэгтгэх талаас нь дэмжлэг үзүүлж бичиг хийж өгсөн учраас шүүхээс шүүгдэгчийг надад төлөх төлбөргүйг дурдсан. Гэтэл шүүгдэгч нь над дээр нэг ч удаа ажил хийгээгүй байсаар ял шийтгүүлсэн. Би гомдолгүй гэсэн бичиг хийж өгсөндөө буруудаж, өр төлбөрөө авч чадахгүй байдалд орсон. Одоо хохирол төлбөрөө хэзээ, яаж авахаа мэдэхгүй байгаа тул шүүх хуралдаанд оролцож тайлбар гаргаж байна. ...” гэв.

Прокурор Э.Оргилбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгчид 4 жилийн хорих ял оногдуулсан. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд өмнө нь удаа дараа гэмт хэрэгт холбогдож байсан, хохирол төлбөр барагдуулаагүй нөхцөл байдлууд хэрэгт авагдсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ж.Х нь 2022 оны 8 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Толгойтын .. тоотод оршин суух Д.Б-ын өмчлөлийн хүн байнга амьдрах байшинд нэвтэрч, 26.436.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан,

2022 оны 9 дүгээр сарын 02-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Толгойтын .. тоотод байрлах хохирогч Б.А-ын хүн байнга амьдрах зориулалттай байранд нэвтэрч, 4.650.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирол учруулсан,

мөн 2022 оны 8 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Толгойтын .. тоотод оршин суух Д.Б-ын өмчлөлийн өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч, асаагуурын гал гаргаж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэх явцдаа болгоомжгүйгээр гал алдан улмаар байшингийн дотор талыг бүхэлд нь шатаасны улмаас хохирогчийн эд хөрөнгөд нийт 73.869.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Д.Б-ын “...Би эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймагт очоод байж байтал надтай хамт жижүүрт гардаг Б.С залгаад “танай гэр шатсан байна” гэж хэлсэн. ... Гэртээ ирээд эд зүйлээ бүртгэж үзэхэд зарим зүйл алга байсан. Мөн 2 боодол цагаан торгон даавуу, 3 боодол дээлийн дотор даавуу, эмэгтэй хүний дээлэн куртик 60 ширхэг, ... зэргийг байшингийн хувцас хийсэн шкапны хамт гал гаргаж шатаасан байсан. ...” /1 хх 41-47/,

гэрч Ч.У-ийн “... Манай байшин нил утаа тортог болсон байсан бөгөөд гал гарч гэрт байсан эд зүйл болон миний хувцас оёдог байсан цех мөн шатсан байдалтай байсан. Мөн гэрээс эд зүйл алдагдсан байсан. ...” /1 хх 62-63/, 

гэрч П.Г-ийн “... Манай охин унтахаар хэвтэж гар утсаараа оролдож байснаа цонхоор хараад “хажуу айл шатаад байх шиг байна, утаа гараад байна” гэсэн. Тэгэхээр нь би босоод цонхоороо хажуу айл руу хартал дээврээс нь цагаан утаа гарч байсан тул 102-т дуудлага өгсөн. ...” /1 хх 77-78/,

гэрч Б.Г-ын “...Би ахлах ахлагч Баярбаатарын хамт албаны машинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан юм. ... айл шатаад байна гэх дуудлага мэдээллийг жижүүрээс хүлээн авч дуудлагын дагуу очсон. Тус хаяг дээрх байшингаас битүү утаа гарч байсан бөгөөд урд талын модон рамтай гурван цонх байсан бөгөөд цонхнууд бүгд хаалттай битүү, хаалга цоожтой байсан. ...” /1 хх 54-55/,

гэрч Э.Б-ын “...20 орчим минутын дараа гал унтраах анги ирж галыг унтраасан. ... эгчийг нь дагуулаад шатсан байшинд онцгой байдлын дэслэгч П-ын хамт ороход эмх замбараагүй, авдрыг нь онгойлгосон байдалтай, амбаарын хойд хаалга нь онгорхой, түлхэж үзэхэд нээгдэж байна гэж хэлсэн. ...” /1 хх 59/,

гэрч Б.П-ын “... Гал унтрааж утааг гадагшлуулаад харахад авдрын таг онгорхой, галд шатсан байдалтай харагдсан. ... үүдний амбаарын хаалга нь хаалттай түлхэхэд онгойж байсан. Хаалга цоожгүй байсан. ...” /1 хх 72-74/,

Иргэний нэхэмжлэгч Т.Д-ийн “...Д.Б нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн НХЖХ-ийн тасгийн эргүүлийн офицер албан тушаалд ажилладаг бөгөөд цагдаагийн байгууллагаас Д.Б-д хангалтаар олгосон нийт 43 төрлийн дүрэмт хувцас шатсан. ...цагдаагийн ерөнхий газрын санхүү аж ахуйн албанд нийт 2.708.120 төгрөгийн хохирол учирсан байна...” /1 хх 142-143/,

Шинжээч Д.Амгалангийн “... Хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын санхүү аж ахуйн албанаас ирүүлсэн хувцасны тооцоог үндэслэн үнэлсэн. Байшингийн үнэлгээг 15.000.000 төгрөгөөр тооцож үнэлгээ гаргасан. Зах зээлийн ханшаар тооцож үзэхэд ажлын хөлс нь 3 сая төгрөг, хэрэгтэй материал, бараа, туслах материал нь нийт 12.000.000 төгрөг болсон. ...” /2 хх 28-29/,

хохирогч Б.А-ын “... Би Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Толгойтын .. тоотод ... байх гэр эзэнгүй болохоор 7 хоногтоо 1-2 удаа эргэж очдог юм. Хамгийн сүүлд би 2022 оны 8 дугаар сарын 27, 28-ны үеэр нэг удаа ирэхэд хаалга, үүд цоожтой хэвийн байсан ба 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өглөө 10 цагийн үед хашаандаа ирж байшин грашаа үзтэл граш нь цоожтой, хойд урд талын хоёр байшингийн хаалга үүдийг хөшсөн байдалтай байхаар нь 10 цаг 18 минутад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Удалгүй цагдаагийн бүрэлдэхүүн ирээд ойр орчмын айлаар тандалт судалгаа хийж хэргийн газрын үзлэгийг хийхэд манай хашааны баруун урд талд байрлах тоосгон байшинтай хашаанд манай гэрээс алдагдсан зарим эд зүйл гарч ирсэн. ...” /2 хх 158-160/ гэсэн мэдүүлгүүд,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 11-15/, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 22-26, 144-157, 2 хх 142-151/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 27, 30, 2 хх 153/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, ... .. тоотод оршин суух Д.Б-ын гэрт 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хулгай орж, эд зүйлийг нь шатааж гал тавьсан гэх хэрэг бүртгэлийн 220802691 дугаартай хэргийн хөрсний дээж /1/, /2/, /3/ гэж хаягласан дээж тус /бүрт шатах, тослох материалын агуулга илрээгүй. ...” 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 4484 дугаартай дүгнэлт /1 хх 248/,

Дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 63-67/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан  /2 хх 12-17, 173-175/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Х-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, мөн бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэмт буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс Ж.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Ж.Х-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар тооцож, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 5 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангажээ.

Шүүгдэгч Ж.Х-ын “... гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн хүнд нөхцөл байдлыг харгалзан үзэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг тусад нь эдлүүлж өгнө үү....” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялын төрөл, хэмжээг тогтоохоор хуульчилсан ба шүүх гэмт хэрэг тус бүрт өөр өөр төрлийн ял оногдуулсан тохиолдолд хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх эсхүл тус тусад нь эдлүүлж болохоор шүүхэд эрх олгосон заалт гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт оногдуулахаар заасан ялын төрлүүдээс 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг сонгож, уг ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосныг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/814 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин хохирогч Б.А давж заалдах шатны шүүх хуралдааны явцад зарим эд зүйлээ хүлээн авсан, үлдэх хохирлыг аваагүйгээр “хохиролгүй, гомдолгүй” гэж бичиж өгсөн боловч хохирлоо бүрэн аваагүй талаар тайлбарласан тул түүнийг үлдэх хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх хүртэл хугацаанд цагдан хоригдсон 54 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/814 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Хохирогч Б.А нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Х-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х нь 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд 54 /тавин дөрөв/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                              Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                              М.АЛДАР