Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/00245

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/00245

 

Т.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/03060 дугаар шийдвэртэй

Т.Гын нэхэмжлэлтэй хариуцагч Т ХК-д холбогдох

засвар тохижилтын зардалд 30 424 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, түрээсийн байрыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, Д.Ганчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Түвшинцэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Гэд Т ХК-ний хуучин агуулахын талбайг ашиглахыг санал болгосны дагуу 20 000 000-30 000 000 төгрөгийг засвар үйлчилгээ, тохижилт хийж үйл ажиллагаа явуулж, Т ХК-ний хуучин агуулахад түрээсийн төлбөр төлдөг болсон. Бас нэмж нэг талбай түрээсэлж, нийт 30 000 000 гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Бид хуульд заасан давуу эрхээ эдлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өмнө нь тохижуулж байсан зүйлүүд одоо муудаад ашиглахын аргагүй болсон тул тохижилтод зарцуулсан мөнгөө гаргуулахаар хандсан. Иймд засвар тохижилтын зардалд 30 424 000 төгрөгийг Т ХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Түвшинцэнгэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Г уг агуулахыг автомашин угаалгаар ажиллуулах саналыг тасралтгүй тавьж байсны эцэст зөвшөөрч түрээсэлсэн. 2015 оны 09 сараас тохижуулах зөвшөөрөл өгч, 6 сарын турш түрээсийн төлбөр огт аваагүй. 2016 оны 04 сарын 01-нээс түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээнд 20 000 000 төгрөгийг тохижилт хийнэ. Иймд 3 жилийн хугацаанд түрээсийн төлбөрт өөрчлөлт оруулахгүй гэсэн хатуу нөхцөлийг оруулж өгсөн. Түрээсийн гэрээний 5.4, 5.6-д тохижилт хийх, ашиглахтай холбоотой зүйлийг оруулж өгсөн. Т ХК-аас 3 жилийн хугацаанд түрээсийн төлбөрт өөрчлөлт оруулаагүй. Түрээсийн төлбөрөө 1 600 000 төгрөгөөс бууруулж 1 350 000 төгрөгийг төлдөг байсан. 3 дах агуулахыг түрээслэх эрхийг өгч, мөн эхний 6 сар түрээсийн төлбөр аваагүй. Хариуцагч нь 3 жил ажиллуулах хугацаандаа түрээсийн төлбөрөө байнга хугацаа хэтрүүлж төлдөг байсан. Шинжээч томилуулсан учир дотоод засалд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн. Манай байгууллага их хэмжээний өрөнд орсон тул 1 жилийн төлбөрөө бөөнд нь буюу 40 000 000 төгрөгийг бэлнээр авч түрээсэлсэн байгаа. Түрээсийн гэрээг цуцалснаас хойш Т.Г нь том том машинтай залуусыг олон хоногоор агуулахыг гадаа хонуулах, архи дарс ууж, үймээн самуун үүсгэж, янз бүрийн зүйл хийж байсан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Түвшинцэнгэл шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Түрээсийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг 9 сар хүртэл тасралтгүй 3 удаа өгч байсан. Цагдаад мэдэгдэж танхайрах хэргээр үүсгэж, үүнийхээ дагуу иргэний маргааныг эвлэрүүлэх гэсэн. Иймээс Т.Гтэй эвээр тохиролцох асуудал гарах боломжгүй болсон тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн агуулахыг чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг сайн ойлгохгүй байна. Тэндээс хөөгдөж гараад 1 жил өнгөрсөн байна. Дахин энэ гарзыг түрээслэхгүй гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар хариуцагч Т ХК-аас түрээслэсэн эд хөрөнгийг засаж сайжруулахад гарсан зардалд 10 424 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Гэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.1.5, 326 дугаар зүйлийн 326.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Гэд холбогдуулан гаргасан түрээслэсэн эд хөрөнгө чөлөөлөхийг даалгах тухай хариуцагч Т ХК-ний сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 56.5, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 383 000 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХК-аас улсын тэмдэгтийн хураамж 181 734 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Гэд олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчимэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шүүх хууль, гэрээг буруугаар буюу хариуцагчийн өмгөөлөгчийн үгээр гэрээг мушгин гуйвуулсан тайлбараар шийдвэр гаргасан. Гэрээнд түрээсийн объектын гаднах тохижилтыг үлдээж, доторхи тохижилтоо буцаан авч хуучин байдлаар хүлээлгэн өгөхөөр заасан. Шүүх гаднах тохижилтыг гэрээнд зааснаар үлдээж, доторх тохижилтыг буцаан авч болохгүй, хуучин хэвэнд нь оруулж болохгүй, хариуцагчид үлдээж ашиглуул гэсэн утгатай шийдвэр гаргасан. Иймд хариуцагчид илэрхүү үйлчилж, бусдын эд хөрөнгөнд хууль, гэрээнд заагаагүй үндэслэлээр бусдад шилжүүлсэн 3060 тоот шийдвэрийг өөрчилж, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Т.Чинзориг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:... Хариуцагч компанийн хувьд нэхэмжлэгч Т.Г Ажлын байр түрээслүүлэх гэрээг -г 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нэг жилийн хугацаатай байгуулж түүний бүх санал хүсэлтийг хангаж 3 жил хамтран ажилласан. Т.Г нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс анхны засвар тохижилтын ажилд 20 000 000 төгрөгийг зарцуулсан учир 3 жилийн хугацаанд түрээсийн төлбөрт өөрчлөлт оруулахгүй гэдэг гол нөхцөлийг зөвшөөрсөн. Хэдийгээр түрээсийн гэрээнд нэг сарын түрээс 1 800 000 төгрөгөөр тохирсон боловч үнэн хэрэгтээ 1 350 000 төгрөг төлдөг байсан. Үүний зөрүү бид 16 200 000 төгрөгөөр хохирсон. Сүүлд мөн нэг гарааш нэмж хөлслөхдөө мөн 6 сарын түрээсийн төлбөр болох 6 000 000 төгрөгөөс чөлөөлсөн. Энэ чөлөөлсөн төлбөр мөнгө нь тухай засвар хийсэн зардалдаа шингэхээр тохирсон. Тэгэхээр манай компани 22 200 000 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлсөн нь засварын зардлыг шингээсэн үйл баримт гэж үзэж болно. Түрээсийн гэрээний хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 3 жилийн хугацаатай байгуулаад 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон. Манай талаас тухайн гараашид нэмэлт шат хийж тусгаарлах павилон шиг юм барихыг зөвшөөрөөгүй бөгөөд Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.6-д хөлслөн авсан эд хөрөнгөнд салгаж болох засан сайжруулалтыг хийсэн бол гэрээ дуусгавар болоход түүнийгээ салгаж авах боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Т.Г нь хариуцагч Т ХК-д холбогдуулан засвар тохижилтын зардалд 30 424 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч түрээсийн байрыг чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчид 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Ажлын байр түрээслэх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Т.Г 2016 оны 02 сард хариуцагч Т ХК-ийн эзэмшлийн Баянгол дүүрэг, 3 хороо, Энгельсийн гудамж дагуу байрлалтай, агуулахын зориулалтаар ашиглаж байсан барилга хөрөнгийг авто угаалга, дулаан гаражийн зориулалтаар түрээслэхээр, мөн 2017 оны сүүлээр түрээслэгч түрээслэсэн эд хөрөнгийн залгаа түрээслүүлэгчийн өөр этгээдэд түрээсэлж байсан объектийг мөн түрээслэн авч сарын 1 000 000 төгрөг нэмж төлөхөөр амаар тус тус тохиролцсон байна. Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний үүрэг үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1-т гэрээний хугацаа дууссан бол эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болно гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон, хариуцагч Т ХК нэхэмжлэгчийн түрээсийн гэрээний дагуу эзэмшиж ашиглаж байсан эд хөрөнгийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Ц.Бямбажаргалд түрээслэсэн, түрээсийн төлбөрт 40 000 000 төгрөгийг Ц.Бямбадоржоос бэлнээр авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийж хариуцагч Т ХК-ийн нэхэмжлэгч Т.Гэд холбогдуулан гаргасан түрээсийн байрыг чөлөөлүүлэхээр гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байна. /хх.208/

Хөрөнгийн үнэлгээний Итгэлт эстимейт ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн дүгнэлтэд Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Энгельсийн гудамж дагуу байрлах Т ХК-ийн авто угаалга зориулалтаар нэхэмжлэгч Т.Гэд түрээсэлж байсан байранд нэхэмжлэгчийн хийсэн засвар, тохижилт, засан сайжруулалтын үнэлгээ 30 424 003 төгрөг гэж тогтоосон байна. /хх.184, 204-205/

Иймд нэхэмжлэгч буюу түрээслэгч Т.Г нь хариуцагч буюу түрээслүүлэгч Т ХК-аас түрээсийн байрыг өөрийн зардлаар засан сайжруулахад гарсан зайлшгүй зардлаа гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасны дагуу шаардах эрхтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх гэрээний агуулгыг буруу тайлбарласан, 20 000 000 төгрөгийн тохижилт засан сайжруулалтын мөнгийг буцааж гаргуулах ёстой гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний нэмэлт нөхцөл гэсэн заалтад тус Т ХК-ийн дулаан гаражид Т.Г нь өөрийн хөрөнгө болох 20 000 000 төгрөгөөр засвар үйлчилгээ хийсэн. Мөн 3-н жилийн хугацаанд түрээсийн үнэнд өөрчлөлт орохгүй /1 сарын 1 800 000 төгрөг/ гэж заасан байна.

Анхан шатны шүүх гэрээний дээрхи тохиролцоогоор түрээслэгч түрээслүүлэгчийн зөвшөөрлөөр түрээслэн авсан эд хөрөнгийг засан сайжруулсан, үүний хариуд түрээслүүлэгч түрээсийн төлбөрт 3 жилийн хугацааанд өөрчлөлт оруулахгүй байх үүрэг хүлээсэн байна гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

Учир нь, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт үгийн шууд утгаар тайлбарлана. Зохигчид гэрээний дээрх заалтаар түрээслүүлэгч нь түрээслэгчид 20 000 000 төгрөгийн засан сайжруулалт хийх буюу тохижилт хийхийг зөвшөөрсөн түрээслэгч 3 жилийн хугацаанд түрээсийн үнэд өөрчлөлт оруулахгүй байхаар тохиролцсрн нөхцлийг заасан байгаагаас үзэхэд 20 000 000 төгрөгийн тохижилт хийснийхээ мөнгийг буцааж авахгүй, нэхэмжлэгч түрээсийн үнээ нэмэхгүй гэсэн агуулгаар байгуулагдсан байна гэж үзнэ. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар гэрээний тухайн заалтыг бусад агуулгатай нь харьцуулан тодорхойлох ёстой. Түрээслэгчийн зүгээс түрээсийн зүйлд засан сайжруулалт хийхийг түрээслүүлэгч зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Шинжээчийн дүгнэлтээр түрээсийн байранд хийсэн засан сайжруулахад гарсан зайлшгүй зардал 30 240 424 төгрөгийн зардал гарсан гэж дүгнэсэн бөгөөд 10 424 000 төгрөгийг түрээсийн байранд тохижилтын салгаж үл болох хөрөнгөд гаргасан зардлыг Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 294 дүгээр зүйлийн 294.1.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар хариуцагч Т ХК-аас түрээслэсэн эд хөрөнгийг засаж сайжруулахад гарсан зардалд 10 424 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Гэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/03060 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Т.Гын төлсөн 310 100 төгрөг, хариуцагч Т ХК-ийн төлсөн 181 734 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Ц.ИЧИНХОРЛОО