Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2023/ДШМ/845

 

    2023           8             22                                         2023/ДШМ/845

                                                               Д.Х, Т.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Рэгзэдмаа,  

шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч Л.Амартогос,

шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/812 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Э-ийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Х, Т.Э нарт холбогдох ...... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

1. Ц овгийн Д.Х, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хадам эх, эхнэр, хүүхдийн хамт .....тоотод оршин суух, /РД: ......./,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн ..... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сар 12 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

2. Б овгийн Т.Э, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Ховд аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ....тоотод оршин суух, /РД: ........../,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн .... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2022 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн Сэлэнгэ аймаг дахь Мандал сумын шүүхийн .. дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 12 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;  

Шүүгдэгч Д.Х нь ганцаараа 2023 оны 3 дугаар сарын 04-ний орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр 32 дугаар байрны зүүн талд О.З-ийн “Айфон-7плас” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 03 дугаар сарын 09-ний орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 44 дугаар байрны хажууд С.М-ийн “Рэлми ЖТ A-53” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 850.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 03 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 19 дүгээр байрны аркаар явж байсан иргэн Ж.Х-ээс “гар утсаараа яриулаач” гэж гуйхдаа иргэн Ж.Х-ын халааснаасаа гаргасан “Айфоне-11про” загварын гар утсыг булаан авч зугтааж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Т.Э-тэй бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 17 дугаар байрны хажууд Д.Н-ийн “Самсунг-А53” загварын гар утас, Хаан банкны карт, 129.550 төгрөгийг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 839.550 төгрөгийн хохирол тус тус учруулан, 4 удаагийн үйлдлээр бусдад нийт 3.289.550 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэмт хэрэг,

шүүгдэгч Т.Э нь ганцаараа 2023 оны 03 дугаар сарын 05-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Солонгос бэлэн хувцас худалдаа” дэлгүүрийн харалдаа гар утсаараа яриад явж байсан Ч.А-ийн “Рэдми нөүт-8” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулан,

Д.Х-тэй бүлэглэн, 2023 оны 03 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 17 дугаар байрны хажууд Д.Н-ийн “Самсунг-А53” загварын гар утсыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 839.550 төгрөгийн хохирол тус тус учруулан, 2 удаагийн үйлдлээр бусдад нийт 1.539.550 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Х, Т.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Х, Т.Э нарыг ганцаараа болон бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-д 2 жилийн хугацаагаар, Т.Э-д 10 сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Э-д энэ тогтоолоор оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1488 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 12 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 11 сар 12 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Х, Т.Э нарын тус бүр цагдан хоригдсон 105 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Х-ээс нийт 2.989.550 төгрөгийг гаргуулан хохирогч С.М-д 850.000 төгрөг, хохирогч Ж.Х-д 1.300.000 төгрөг, хохирогч Д.Н-д 839.550 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Д.Х, Т.Э нар нь хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, Д.Х-ээс хохирогч О.З-д 300.000 төгрөг хүлээлгэн өгсөн, Т.Э-ээс хохирогч Ч.А-д гар утсыг биетээр хүлээлгэн өгсөн тул хохирогч Ч.А “гомдолгүй” гэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Болсон явдлын талаар:

Би 2023 оны 3 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын автобусны буудлын орчим Д.Н-ийн гар утас, 2023 оны 3 дугаар сарын 5-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Солонгос бэлэн хувцас худалдааны харалдаа Ч.А-ийн гар утсыг тус тус согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүч хэрэглэхгүйгээр булаан авч энэ гэмт хэрэг үйлдэгдсэн.

Би 2022 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын шүүхийн 54 дүгээр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэж суллагдсан бөгөөд хоригдож байх хугацаандаа өөрийн сурсан мужааны мэргэжлээр Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, .... тоотод эхнэр 2 хүүхдийн хамт мод, модон эдлэлийн цех ажиллуулж, монгол гэрийн хаалга, тооно, тавилга хийж зарж борлуулж байсан. Би анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгаа арилгасан зэргийг харгалзан үзэж, надад оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Эийн өмгөөлөгч Н.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Т.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх үндэслэл бүхий хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг дурдаж миний үйлчлүүлэгчид хөнгөн ял шийтгэл оногдуулсан. Гэхдээ ар гэрийн байдал, амьдралыг нь харгалзан үзэж, түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгөхийг хүсч байна. ...” гэв.

Шүүгдэгч Д.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Надад хэлэх тайлбар байхгүй. Т.Э-ийн гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Д.Х-ын өмгөөлөгч Л.Амартогос тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэмж хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Прокурор Д.Рэгзэдмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Т.Э нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн .. дүгээр захирамжаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан. Гэтэл хяналтын хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу өмнөх гэмт хэрэгт оногдуулсан эдлээгүй үлдсэн ялыг энэ тогтоолоор оногдуулсан ялтай нэмж нэгтгэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Д.Х нь ганцаараа 2023 оны 3 дугаар сарын 04-нөөс 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд 3 удаагийн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн О.З, С.М, Ж.Х нарын эд зүйл буюу гар утаснуудыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, нийт 2.450.000 төгрөгийн хохирол,

мөн шүүгдэгч Т.Э-тэй бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 17 дугаар байрны хажууд Д.Н-ийн “Самсунг-А53” загварын гар утас, Хаан банкны карт, 129.550 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 839.550 төгрөгийн хохирол тус тус учруулан, нийт 4 удаагийн үйлдлээр бусдад нийт 3.289.550 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэмт хэргийг,

шүүгдэгч Т.Э нь ганцаараа 2023 оны 03 дугаар сарын 05-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт гар утсаараа яриад явж байсан Ч.А-ийн “Рэдми нөүт-8” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулан,

мөн Д.Х-тэй бүлэглэн, 2023 оны 03 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 17 дугаар байрны хажууд Д.Н-ийн “Самсунг-А53” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 839.550 төгрөгийн хохирол тус тус учруулан, нийт 2 удаагийн үйлдлээр бусдад нийт 1.539.550 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч О.З-ийн “... Би гар утсаараа яриад явж байтал нэг үл таних эрэгтэй хүн миний гар утсыг шүүрээд 28 дугаар байрны хажуу талын шатаар зугтаахад нь би араас нь хөөх гэж байгаад шат руу өнхөрч унаад үлдсэн. ... Тухайн хүн хар өнгийн хүрэмтэй, цагаан өнгийн бэлтгэлийн өмдтэй, 165 см орчим өндөртэй хүн байсан. ...” /1 хх 7/,

хохирогч С.М-ийн “... Худалдаа хөгжлийн банкны буланд үл таних эрэгтэй гар утсаараа ярих гээд явж байхад миний гар утсыг булаагаад зугтсан. ... Миний гар утас “Realme GT” загварын гар утас байсан. ...” /1 хх 49/,

хохирогч Ж.Х-ын “...Би найз Ц-ын хамт байрны аркаар явж байхад үл таних залуу араас ирснээ “гар утсаараа түр яриулаач” гэхээр нь “Айфоне 11 про” загварын гар утсаа халааснаасаа гаргаж байхад тухайн залуу миний гар утсыг булааж аваад зугтаасан. ...” /1 хх 97/, 

хохирогч Д.Н-ийн “... Намайг ганцаараа алхаад явж байхад нэг үл таних эрэгтэй хүн хүрч ирээд цаг асуухаар нь би цүнхнээсээ гар утсаа гаргаж ирээд цаг хэлчихээд цаашаа явж байтал яг манай байрны урд талд өөр нэг үл таних эрэгтэй хүн араас гарч ирээд миний зүүн гартаа барьж байсан гар утсыг аваад зугтаасан. ...” /1 хх 148/,

хохирогч Ч.А-ийн “... Би дэлгүүрийн урдуур утсаар яриад алхаад явж байтал араас нэг үл таних эрэгтэй хүн миний гар утсыг шүүрээд тухайн дэлгүүрийн урдуур гүйгээд араар нь тойрч автобусны буудал руу гүйсэн. Би араас нь хөөж гүйж байгаад гүйцэхээ больсон. ... Миний гар утас “Самсунг редми нөүт-8” загварын гар утас байсан. ...” /2 хх 40/,

гэрч С.Б-ийн “...Тухайн үед манай найз М гэр лүүгээ явахаар гарсан. Гэтэл удалгүй буцаж орж ирээд сандарсан байдалтай байхаар нь юу болсон талаар асуухад гар утсаа хүнд булаалгасан гэж хэлсэн. ... Би цагдаад дуудлага өгсөн. ...” /1 хх 56/,

гэрч Ц.Ц-ийн “... Би хоолны газрын гадаа байж байтал Э, Х нар хүрч ирээд Х надад 2 ширхэг гар утас өгөөд “байлгаж байгаарай” гэж хэлсэн. Би тухайн 2 гар утсыг халаасандаа хийсэн. ... Ягаан өнгийн “Самсунг А53”, хар өнгийн “Айфоне 7 плас” загварын гар утаснуудыг авсан. ...” /1 хх 9/ гэсэн мэдүүлгүүд,

Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 75-79, 123-126, 176-177/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 128-130, 174-175/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 10-11, 65, 119, 160, 166, 2 хх 48-49/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 40-43, 2 хх 34-35/ гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 120/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Д.Х, Т.Э нарыг ганцаараа болон бүлэглэж, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-д 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Э-д 10 сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. 

Мөн шүүх шүүгдэгч Т.Э-д энэ тогтоолоор оногдуулсан 10 сарын хорих ял дээр өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 12 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 11 сар 12 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Шүүгдэгч Т.Э-ээс “...оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй. 

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан ялыг хөнгөрүүлж болохоор хуульчилсан.

Хэдийгээр шүүгдэгч Т.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн /эд зүйлийг биет байдлаар хохирогчид буцаан өгсөн/ зэрэг нөхцөл байдал тогтоогдож байгаа хэдий ч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, гэмт үйлдлийн давтамж, түүний хувийн байдал зэргээс үзэхэд түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ тохирсон гэж үзнэ.

Иймд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлгүй тул шүүгдэгч Т.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч нарын 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр шүүхийн зөвшөөрөлгүйгээр цагдан хоригдсон 1 хоногийг оруулан тооцолгүйгээр шүүгдэгч тус бүрийн цагдан хоригдсон хоногийг дутуу тооцсон тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х, Т.Э нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх хүртэл хугацаанд цагдан хоригдсон 55 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/59 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...105 хоногийг ...” гэснийг “... 106 /нэг зуун зургаа/...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х, Т.Э нар нь тус бүр 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд 55 /тавин тав/ хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                              Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                              М.АЛДАР