Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар Харах 221/МА2017/0860

 

 

 

 

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар0221/МА2017/0860

Улаанбаатар хот

Ц.Х-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 113/ШШ2017/0014 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-ийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Х-ын нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Засаг дарга, тус аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Ц.Х 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:

“Аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгохгүй байгаа болон аймгийн Засаг даргаас Ц.Х-ыг бүрэн эрхийнхээ хугацаанд сумын Засаг даргын эрхийг хэрэгжүүлэх боломж олгоогүй эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, хуулийн дагуу ээлжит сонгуулийн дүнгээр өөрчлөгдсөн тохиолдолд олгох 6 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж гаргуулахыг аймгийн Засаг даргад даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 113/ШШ2017/0014 дүгээр шийдвэрээр:

“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 38 дугаар зүйлийн 38.1, 41 дүгээр зүйлийн 41.2, Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2, 102 дугаар зүйлийн 102.1, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг тус тус баримтлан Ц.Х-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгохгүй байгаа болон Ц.Х-ыг бүрэн эрхийнхээ хугацаанд сумын Засаг даргын эрхийг хэрэгжүүлэх боломж олгоогүй аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож, эдгээр хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол болох нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговорт 1981080 (нэг сая есөн зуун наян нэгэн мянга наян) төгрөг, ээлжит сонгуулийн дүнд чөлөөлөгдсөн тохиолдолд олгох 6 сарын цалинтай нь тэнцэх нэг удаагийн тэтгэмж болох 6318000 (зургаан сая гурван зуун арван найман мянган) төгрөгийг тус тус аймгийн Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгох, түүний ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийхийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Ц.Х-ын нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гарган нэхэмжлэгч Ц.Х-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн хэмээн үзэж байна.

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т заасны дагуу Ц.Х-ыг Баянтал сумын Засаг даргын үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсоосон болно. Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар төрийн албан хаагч нь албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлснээр төрийн цалин хөлс авах эрх үүснэ. Харин нэхэмжлэгчийн хувьд түүний албан үүргээ хэрэгжүүлэхийг түр түдгэлзүүлэх хууль ёсны шийдвэр гарснаар тус бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон бөгөөд цалин хөлс авах үндэслэл бүрдээгүй.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд прокурорын тогтоолоор сумын Засаг даргыг үүргээ биелүүлэхийг нь түр түдгэлзүүлээд эгүүлээд сэргээсэн тохиолдолд буцааж томилох тухай заалт байдаггүй.

Харин Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж заасны дагуу аймгийн Засаг дарга томилдог.

Баянтал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлээд Ц.Х-ыг томилох эсхүл чөлөөлөх тухай тогтоол аймгийн Засаг даргад ирээгүй байна.

Өөрөөр хэлбэл аймгийн Прокурорын газрын 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 05/20, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 5/3 дугаар тогтоолуудаар “...яллагдагч Ц.Хүрэлбаатарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, ...албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолын хүчингүй болгож” энэ талаараа 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 5/366 дугаар албан бичгээр аймгийн Засаг даргад мэдэгдсэн боловч аймгийн Засаг даргад буцааж томилох эрх хэмжээ олгогдоогүй тул Ц.Х-ыг Баянтал сумын Засаг даргаар томилох боломжгүй юм.

Иймээс түүний нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалинг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлэх үндэслэлгүй.

Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу Баянтал сумын Засаг даргаар Д.М-ийг томилсон бөгөөд нэхэмжлэгч Ц.Х-ыг тус сумын Засаг даргаар эгүүлэн томилох хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийг Баянтал сумын Засаг даргаар томилохыг даалгах тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй, мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу шинээр Засаг дарга томилогдсон, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Аймаг нийслэл, сум, дүүргийн хурлын болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасан нөхцөл байдал үүсээгүй тул нэхэмжлэгч Ц.Х-т тус тэтгэмжийг олгох үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 113/ШШ2017/0014 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Х-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагчаас нэхэмжлэгч Ц.Х-ыг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэхээр гаргасан мөрдөн байцаагчийн тогтоолыг хэрэгжүүлж захирамж гаргасан атлаа харин аймгийн прокурорын тогтоолыг хэрэгжүүлэхгүй байсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Тухайлбал Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 5/20, 9 дүгээр сарын 12-ны өдрийн 5/3 дугаар тогтоолоор Ц.Х-т холбогдох ял сонсгосон үйлдлийг хэрэгсэхгүй болгон, мөн түүнийг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосон, аймгийн прокуророос энэ тухайгаа хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргад 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 5/366 дугаар албан бичгээр мэдэгджээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн албан үүргээ гүйцэтгэхийг түр түдгэлзүүлсэн шалтгаан ийнхүү арилсан байхад аймгийн Засаг даргаас Б/26 дугаар захирамжаа хүчингүй болгоогүйгээс орон нутгийн ээжит сонгуулийн дүнд шинээр Засаг дарга томилогдох хүртэлх хугацаанд албан үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болж, нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...аймгийн Засаг даргад буцааж томилох эрх хэмжээ олгогдоогүй тул Ц.Х-ыг Баянтал сумын Засаг даргаар томилох боломжгүй. Иймээс түүний нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалинг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлэх үндэслэлгүй” гэж давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарладаг.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар сумын Засаг даргыг томилох эрх зөвхөн тухайн аймгийн Засаг даргад олгогдсон, энэ тохиолдолд хариуцагч Ц.Х-г буцаан Баянтал сумын Засаг даргад томилох бус харин албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн Б/26 дугаар захирамжаа хүчингүй болгох байдлаар нэхэмжлэгчийн эрхийг сэргээх шаардлагатай байсан.

Дээрх хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт зааснаар гаргасан захирамжаа хүчингүй болгох эрх мөн л хариуцагчид олгогдсон, тэр тусмаа Б/26 дугаар захирамжийн үндэслэл болсон нөхцөл байдал арилсан тохиолдолд энэхүү эрхээ хэрэгжүүлэх нь хариуцагчийн үүрэг болно.

Иймд 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/74 дүгээр захирамжаар Д.М-ийг Баянтал сумын Засаг даргаар томилох хүртэлх хугацаанд нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, мөн нэг удаагийн тэтгэмжийг тус тус тооцон олгосныг буруутгах үндэслэлгүй. 

Харин шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг “16.1” гэж алдаатай бичсэн байх тул үүнийг зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 113/ШШ2017/0014 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн “16.1-д...” гэснийг “1-д..” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН