Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2018/0618/З |
Дугаар | 84 |
Огноо | 2019-03-25 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 84
“Э э Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль
орчин, аялал жуулчлалын яаманд
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Х.Батсүрэн
Шүүгчид: Л.Атарцэцэг
Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Э.Номин-Эрдэнэ
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын “Э э Т”ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0724 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2019/0044 дүгээр магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0724 дүгээр шийдвэрээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э э Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын хавсралтын “Э э Т” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0044 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0724 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1-ийн 2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э э Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын хавсралтын “Э э Т”ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж заасны дагуу 11 дүгээр зүйлийн 7 дэх хэсэгт заасан “...аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар барьсан орон байр...”-ны зориулалтаар сайдын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар эрх олгосон газрыг “Э э Т” ХХК ашиглахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн болох нь ашиглах талбайдаа аялал жуулчлалын чиглэлээр барилга байшингийн цогцолбор барих төсөл, эскиз зураг гарган барьж байгуулахаар холбогдох байгууллагаар батлуулсан, Зайсан толгойн зүүн бэлд налуу байрлалтай байрладаг зэрэг байдлаас тогтоогдсон байдаг. Баянзүрхийн товчооноос Яармагийн гүүр хүртэлх Туул голын сав газрын тусгай хамгаалалтын бүсэд газар эзэмших, ашиглахтай холбоотой зөрчлүүд гарч байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хэлэлцүүлгээр Монгол Улсын Ерөнхий сайдын нэр дээр 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 7/4111 чиглэл ирүүлсний дагуу газар ашиглах эрх дуусгавар болгох захиргааны 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар акт гарсан. Сонсох ажиллагааг Яамны албан ёсны сайт болох “mne.mn” хаягт 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн зар мэдээлэл хэсгийн 360-д, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 323 дугаар эрх цуцлах мэдэгдлээр “Э э Т” ХХК-д мэдэгдэж байсан.
4. Энэхүү байдлыг анхан болон давж заалдах шатны шүүх буруу дүгнэж заавал дархан цаазат газрын байгалийн унаган төрхийг алдагдуулсны дараа зөрчил гэж байна гэж хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан. Учир нь маргаан бүхий захиргааны актаар уул нураах, тухайн орчны төлөв байдал байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчин хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулах нь тодорхой хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Хууль зөрчиж, хот төлөвлөлт эвдэж, ард иргэдийн эрүүл аюулгүй байх нөхцөлд сөргөөр нөлөөлөх, дархан цаазат газрын унаган төрхийг алдагдуулах, хууль зөрчин барилга, байгууламж барьсан өнөөдрийн Зайсан толгойтой ижил хэмжээнд очихуйц нөхцөл байдал бий болсноор дархан цаазат газрын унаган төрх байдал болон тухайн аж ахуйн нэгж байгууллага хөрөнгө оруулалтаар хохирч, нөхөн сэргээлт, нөхөн төлбөр гарч болзошгүй юм.
5. Иймд нотлох баримт дутуу үнэлж, хууль буруу хэрэглэж, тайлбарлан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0044 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
6. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
7. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалаар “усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчиж буй” гэх үндэслэлээр нэр бүхий 28 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн, уг тушаалын үйлчлэлд нэхэмжлэгч “Э э Т” ХХК хамаарсан, нэхэмжлэгч нь “... байгаль орчинд эрсдэлтэй үйл ажиллагаа явуулаагүй, энэ талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт байхгүй, хууль бус” гэж, хариуцагч нь “...Зайсан толгойг нураах, уулын төлөв байдал алдагдуулах эрсдэлтэй” гэж маргажээ.
8. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “дархан цаазат газрын ... /хязгаарлалтын бүс/ ... газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болох”-оор зааснаас үзэхэд, газар ашиглуулах тухай эрх бүхий этгээдийн шийдвэрт үндэслэн холбогдох этгээдүүдийн хооронд гэрээ байгуулагдсанаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх үүснэ.
9. Мөн, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 1-д “тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: 1/ Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр; 2/ тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж заасан, энэ тохиолдлын хувьд 2 дахь заалтыг баримтлан маргаан бүхий захиргааны актыг гаргасан, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй ба маргааны үйл баримтад холбогдуулан уг заалтыг авч үзвэл, газар ашиглах гэрээний дагуу газар ашиглагч этгээдийн газар ашиглах эрх дуусгавар болох агуулгатай байна.
10. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргах үед тухайн газрыг нэхэмжлэгчид ашиглуулах талаар гэрээ байгаагүй нь тогтоогдсон ба энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.
11. Гэтэл, маргаан бүхий захиргааны актыг гаргаснаас хойш буюу 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа нь нэхэмжлэгчид тухайн газрыг 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ашиглуулахаар “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах гэрээ”-г байгуулсан, нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу газрын төлбөр /хагас жилийн/ төлсөн зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
12. Эндээс үзвэл, хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогоогүй буюу нэхэмжлэгчид тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалыг үндэслэн байгуулсан уг гэрээ нь “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” маргаан бүхий захиргааны актын үр дагаварт нөлөөлөх эсэх талаар зайлшгүй дүгнэлт өгөх шаардлагатай байхад энэ талаар дүгнэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.4-т “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасныг зөрчсөн, мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал” шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн буруу байна.
13. Иймд, хяналтын шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0724 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2019/0044 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ