Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 11

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярмаа даргалж, тус  шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй;
Хариуцагч: Өмнөговь аймгийн *******нд холбогдох;
“Өмнөговь аймгийн *******ны 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч Өмнөговь аймгийн *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Өмнөговь аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд зөвлөх эмч бөгөөд зөвлөх эмч нь Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 5 дугаар хавсаралтаар ТҮЭМ-7 шатлалаар цалинждаг ба энэхүү заалт нь зөвлөх эмчийг тухайн байгууллагын дарга, дэд даргын цалинтай дүйцүүлэн цалинжуулахаар заасан тогтоол тул удирдах албан тушаалтанд хамаарагдахгүй болно. Тасгийн эрхлэгч эмч нь байгууллагын даргын томилсон тасаг доторх эмч, сувилагч, асрагч нарын өдөр тутмын ажил үүрэг, дотоод ажлыг зохион байгуулдаг болохоос санхүү төсөвтэй холбоотой ямар нэгэн эрх мэдэл эдэлдэггүй, хэн нэг хүнийг ямар нэгэн албан тушаалд томилох эрх үүрэг хүлээдэггүй ажил юм.
Эрхэлж байгаа албан тушаал маань төрийн үйлчилгээний удирдах албан тушаал биш учир Сонгуулийн тухай хуульд зааснаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх хууль зүйн үндэслэл байхгүй.
Иймд албан тушаалыг буруу тодорхойлж, хууль бус шийдвэр гаргасан  Өмнөговь аймгийн *******ны 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
 Хариуцагч Өмнөговь аймгийн ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Аймгийн *******ны 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигчдийн баримт бичгийг нягтлан шалгасан.
Гурвантэс сумын 4 дүгээр тойрогт нэр дэвшүүлэхээр баримт бичиг ирүүлсэн Доноровын Даваасамбуу нь Сонгуулийн тухай хуулийн 157.2.4, 157.2.6 дахь хэсэгт заасан хөрөнгө орлогын мэдүүлэг, намтартаа Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ... албан тушаал эрхэлдэг талаар мэдүүлсэн байсан тул ******* нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд ажиллаж байгаа эсэх талаар Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс тодруулга, лавлагаа авахаар албан бичиг хүргүүлсэн.
Гурвантэс сумын 4 дүгээр тойрогт нэр дэвшүүлэхээр материал ирүүлсэн Доноровын Даваасамбуу нь ТҮЭМ-7 ангилал, зэрэглэлээр цалинжин ажиллаж байгаа тухай Бүсийн оношилгоо. эмчилгээний төвөөс хариу албан бичиг ирсэн. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн зөвлөх эмч, тасгийн эрхлэгч нь Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолоор төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын ангилалд хамаарч байгаа тул 2016 оны 04 сарын 01-ээс өмнө байгууллагадаа өргөдлөө өгсөн байхаар Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасан. Гэвч ******* нь хуульд заасан хугацаанд ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй байгаа нь нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэлтэй байсан тул Сонгуулийн тухай хуулийн 154.4, 158.1.2, 158.1.3-т заасныг болон Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн *******г нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тогтоол гаргасан. Энэ нь Сонгуулийн тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн ******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн зөвлөх эмч, тасгийн эрхлэгч нь Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолоор төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын ангилалд хамаарч байгаа тул 2016 оны 04 сарын 01-ээс өмнө байгууллагадаа өргөдлөө өгсөн байхаар Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасан. Гэвч ******* нь хуульд заасан хугацаанд ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй байсан нь нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэлтэй болсон. *******тай нэг дор ажилладаг, чанарын албаны дарга хүн сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгнээс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд одоо орон нутгийн сонгуульд нэр дэвшээд явж байна. ******* нь өөрийн албан тушаалын байдлыг буруу ойлгож, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй учраас сонгуульд нэр дэвших эрхгүй болоод байна. Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт болон Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн *******г нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тогтоол гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” Гэжээ.
                                                          ҮНДЭСЛЭХ нь:    

******* нь Өмнөговь аймгийн *******ны 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Өмнөговь аймгийн *******ны 2016 оны 04 дүгээр тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, 158 дугаар зүйлийн 158.1.2, 158.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол Ардын Хувьсгалт Намын мянгатаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшигч *******г нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна.
Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-д “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино.” гэсэн шаардлагыг нэр дэвшигч хангах талаар хуульчлан тогтоожээ.
Нэхэмжлэгч ******* нь “...төрийн үйлчилгээний албаны ТҮЭМ-7 зэрэглэлээр цалинждаг боловч энэ нь удирдах албан тушаал биш учир сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх шаардлагагүй байсан, Өмнөговь аймгийн ******* миний албан тушаалыг буруу тодорхойлж, удирдах албан тушаалтай дүйцүүлэн хууль бус шийдвэр гаргасан...” гэж маргаж байна.
Өмнөговь аймгийн ******* нь Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшүүлсэн нэр дэвшигчдийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаж, *******гийн одоо эрхэлж буй ажил, албан тушаал нь төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд хамаарах эсэхийг тодруулсны дараа шийдвэрээ гаргажээ.
Өмнөговь аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн захирлын 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 37 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан  “Бүтэц орон тоо, цалингийн  сан, бусад нэмэгдлүүд” , тус төвөөс Өмнөговь аймгийн *******нд ирүүлсэн 2016 оны 05 дугаар сарын 13-ний өдрийн 293 дугаар албан бичиг , нэхэмжлэгчийн тайлбар зэргээр ******* нь төрийн үйлчилгээний албан тушаалын ТҮЭМ-7 зэрэглэлээр Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Яаралтай тусламж, сэхээн амьдруулах тасгийн эрхлэгч, зөвлөх эмчийн албан тушаал эрхэлдэг болох нь тогтоогдож байна.
Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Төрийн албан тушаал нь удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн төрөлтэй байна.”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд... дараах албан тушаал хамаарна:”, 9.1.2-т “...эрүүл мэнд... зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал” гээд 9.2-т “ Төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.” гэж хуульчилсны дагуу Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтаар “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл”-ийг тогтоожээ.
Энэхүү тогтоолоор эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албаны ТҮЭМ-7 зэрэглэлийг төрийн үйлчилгээний албан тушаалын удирдах албан хаагчийн  төрөлд хамааруулаар зохицуулсан байна.
Иймд нэхэмжлэгч *******гийн өөрийн эрхэлж буй албан тушаалыг Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д заасан “... төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан биш”  гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байх бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.4-д “...сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх...” шаардлагыг хангасан байхаар заасан тул ******* нь 2016 оны орон нутгийн сонгуульд нэр дэвших төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны хувьд ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүйг зөвтгөх үндэслэлгүй.
 Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч *******гаас Өмнөговь аймгийн *******нд холбогдуулан гаргасан “Өмнөговь аймгийн *******ны 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.    Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, 158 дугаар зүйлийн 158.1.2 хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч *******гийн Өмнөговь аймгийн *******нд холбогдуулан гаргасан “Өмнөговь аймгийн cонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.



ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Ч.БАЯРМАА