Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2016/01209

 

Б.Батцэрмаагийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар         

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/01908 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 01-ни өдрийн 1253 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч : Б.Батцэрмаа,

Хариуцагч : Б.Хишигбуян

Нэхэмжлэлийн шаардлага:  6.571.294 төгрөг гаргуулах тухай

Хариуцагчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014.06.10-ны өдөр Хүчит шонхор зах дээр байрлах  мax машинддаг цехэд ажилд орсон. Ажил олгогч талтай ямар нэг гэрээ байгуулаагүй ба нийгмийн даатгал төлдөггүй байсан. Цалинг амаар тохиролцож 400.000 төгрөгөөр цалинжиж байсан. Ажилд орсон өдөр цехийн захирал Б.Хишигбуян ажилчдад Хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуулж гарын үсэг зуруулсан. Түүний дараа 7 дугаар сард дахин нэг удаа, 8 дугаар сард намайг гэмтэхээс 5-6 хоногийн өмнө 3 дахь удаагаа танилцуулж гарын үсэг зуруулсан. Гэтэл 2014.8.23-ны өдөр би ажлын байр дээр үйлдвэрлэлийн осолд орж, баруун гарын долоовор хуруу 1 дүгээр үеэрээ тасарч, дунд хуруу, ядам хуруу гэмтэж, гарын ар ярагдаж судаснууд тасарсан. Миний бие гэмтлийн эмнэлэгт 16 хоног хэвтэн эмчлүүлж гуяны арьснаасаа авахуулж гэмтсэн гарынхаа арьсыг нөхүүлсэн. Уг ослын талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарч үйлдвэрлэлийн осол болох нь тогтоогдон, Шинжээч эмчийн дүгнэлтээр гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдож, цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад тогтмол 10 хувиар нөлөөлнө гэсэн дүгнэлт гарсан. Иймд хариуцагчаас 6.571.294 төгрөгийн хохирол нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Эрүүгийн хэргийн мөрдөн байцаалт нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Нэхэмжлэлээ анх Дүүргийн Иргэний хэргийн 1 дүгээр шүүхэд нэхэмжлэгч гаргасан байсан. Нэхэмжилж буй 6.571.294 төгрөг нь нотлогдохгүй байна. Талууд хөдөлмөрийн харилцаанд ороогүй. Хөлсөөр ажилласан байх хугацаандаа осолд өртсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/01908 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1, 497 дугаар 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан Б.Хишигбуянгаас 5.792.500 төгрөг гаргуулж  Б.Батцэрмаад олгож, нэхэмжлэлээс үлдэх  778.794 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ни өдрийн 1253 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/01908 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 192.000 төгрөгийн бүх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй юм. Учир нь хүлээн авсан этгээд нь тодорхойгүй, энэхүү баримт нь Б.Батцэрмаагийн хэрэглсэн эм, эмийн бүтээгдэхүүн гэдэг нь мэдэгдэхгүй, зөвхөн тодорхой нэг эмийн сангаас эм худалдан авсан л баримт. Уг баримтууд дээрх “Хүлээн авсан этгээд” гэдэг хэсэг дээр нэг ч хүний гарын үсэг байхгүй байгаагаас харж болно. Мөн дээрх эмийн сангаас эм, эмийн бүтээгдэхүүнийг нэхэмжлэгч авсан болох нь эмчийн зөвлөгөө, өвчтөний түүх, Амбулатороор эмчлүүлэгчийн карт зэргээс тогтоогдох бөгөөд нэхэмжлэгч тал нь хавтаст хэрэгт дээрх баримтуудаа өгөөгүй болно. Өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч нийт 3.150.000 төгрөгийн зардал гарсан болох нь хэрэгт авагдсан  баримтаас харагдаж байна гэснийг  зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч өөрөө өмгөөлөгчтэй оролцох нь түүний эрхийн асуудал байхад “зайлшгүй шаардлагад” хамаарахгүй. Эрүүгийн хэргийн өмгөөлөлийн хөлсөд 2.000.000 төгрөгийг хангасан боловч  гэрээний нэг тал нь  Д.Батаа гэж хүн байгаа талаар дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэлийн шаардлага нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гаргуулах шаардлагад хамаарахгүй.  Нэхэмжлэгчийн сарын цалин 400.000 төгрөг гэх боловч  үүнд хоолны мөнгө гэж өдөр тутам өгдөг байсныг шүүх харгалзан үзээгүй.  Үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшуулал зэрэг цалингийн бүрдэлд "хоолны мөнгө" нь ордоггүй болно.Тэгэхээр түүний цалин хөлсийг 400.000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй.  Үйлдвэрийн осол болохыг нотолсон гэх  баримт  нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-г хангаагүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Б.Батцэрмаа нь Б.Хишигбуянгаас 5 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 2.450.000 төгрөг, эм тарианы мөнгө 319.694 төгрөг, унаа тээврийн зардал 651.600 төгрөг, өмгөөлөгчийн зардал 3.150.000 төгрөг нийт 6.571.294 төгрөг гаргуулахыг хүсэж шүүхэд хандсан ба хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нөхөн төлбөр 2.450.000 төгрөг, эм тарианы мөнгө 192.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 3.150.000 төгрөг нийт 5.792.500 төгрөг гаргуулж, үлдэх 778.794 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. 

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч нь нөхөн төлбөр 2.450.000 төгрөг шаардсаныг шүүх “...хэрэгт байгаа баримтаар тогтоогдсон...” гэсэн үндэслэлээр хангасан нь Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т нийцээгүй, шийдвэр болон магадлалыг өөрчлөх боломжгүй байгаа тул хүчингүй болгоно.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд  5 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д нийцэх бөгөөд энэ шаардлагыг хангахад   үйлдвэрлэлийн ослын улмаас бий болсон хөдөлмөрийн чадвар алдалт, түүний хувь, хэмжээ, хугацаа тогтоогдсон  байхыг шаардана.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас бий болсон хөдөлмөрийн чадвар алдалт, түүний хувь, хэмжээ, хугацааг Эмнэлэгийн магадлах комисс шийдвэрлэдэг бөгөөд уг баримт хэрэгт байхгүй байхад шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангасан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 30 дугаар зүйлийг зөрчжээ.

 Эрүүгийн хэргийг мөрдөн байцаах ажиллагааны явцад гаргасан, шинжээчийн 2014 оны 11 дүгээр сарын 1026 дугаар дүгнэлтийг /хх 14/ шүүх  Б.Батцэрмаагийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт бичмэл нотлох баримтын хэмжээнд авч үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийг зөрчөөгүй боловч энэ нь  нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалт, түүний хувь, хэмжээ, хугацааг тогтоосон бус, харин гэмтлийн зэргийг тодорхойлох баримт байна.    

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/01908 дугаар шийдвэр,  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ни өдрийн 1253 дугаар магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 107.800 төгрөгийг Б.Хишигбаянд шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.ЦАГААНЦООЖ

                        ШҮҮГЧ                                                                Б.УНДРАХ