| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0182/Э |
| Дугаар | 187 |
| Огноо | 2018-02-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 187
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Ц.Гансүлд,
хохирогч С.О,
шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дөлгөөн овогт Осорын Мд холбогдох 1808002090078 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Дөлгөөн овогт Осорын М /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Нэг:Яллах талын нотлох баримтууд.
1.1.Хохирогч С.Оы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө манай нөхөр М гэртээ согтуу орж ирээд 8 сартай бага хүүхдээ тэврээд гуйваад унах гээд байхаар нь би хүүхдээ унагаах гээд байна гэж хэлээд хүүгээ тэврээд авахад М “чи надаас хүүхэд харамлалаа” гээд уурласан. Би Мыг унтуулах гээд орон дээр хэвтүүлэхэд унтахгүй босоод ирсэн. М гал тогооны өрөөнөөс цэнхэр өнгийн иштэй хутга аваад миний хөл рүү хутгална гээд байхаар нь одоо унт гэж хэлээд хутгатай гарыг нь түлхээд цаашаа хараад явтал миний нуруунд цохих шиг болсон. Хэсэг хугацааны дараа цохьсон газар нь гараараа дартал цус гарч байсан. Энэ үед намайг хутгалсан гэдгийг нь мэдсэн. ...Надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
1.2.Шүүгдэгч О.Мын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр би гэрээсээ гарсан. Тэгээд найзтайгаа таараад 18 цагийн орчим гэрт нь очиж 3 шил архи хувааж уусан. Тэгээд нэг мэдэхэд 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр эрүүлжүүлэх байранд сэрсэн. Би 2018 оны 01- дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө гэртээ согтуу ороод эхнэртэйгээ маргалдаад нуруунд нь хутгаар зүсээд эрүүлжүүлэх байранд хүргэгдэн очсон гэдгээ мэдсэн. ...би гэм буруугаа ойлгож гэмшиж байна ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
1.3.Насанд хүрээгүй гэрч М.Намуундарийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Тухайн өдөр би гэртээ байгаагүй. Нэргүй эгчийн гэрт хонож байсан, ээж тухайн үед Нэргүй эгчийн утас руу залгаад хутгалуулчихлаа гэж хэлэхээр нь Нэргүй эгчийн хамт гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд ээж цэргийн нэгдсэн эмнэлэг рүү явсан байсан, юу болсон талаар дүү Номиндариас асуухад аав гэртээ согтуу орж ирсэн, тэгээд ээжийн нурууны ард тал руу хутгалсан гэж хэлсэн. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 х/,
1.4.Насанд хүрээгүй гэрч М.Номиндарийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ ээж болон 8 сартай төрсөн дүү нартайгаа байж байхад гаднаас аав ганцаараа согтуу орж ирсэн. Аав орж ирээд надад бэлэг өгөөд 8 сартай дүүг тэврээд унагаах гээд гуйваад байсан, ээж намайг “миний охин дүүгээ авч бай ээж нь аавыг нь унтуулъя” гээд хувцсыг нь тайлсан. Энэ үед аав нээх юм хэлэлгүйгээр царай нь аймаар ууртай болохоор нь би айгаад дүүгээ аваад буруу хараад суусан. Энэ үед аав босоод жижиг өрөөнөөс цэнхэр өнгийн иштэй хутга аваад ээжийг буруу хараад зогсож байхад ар нуруу руу нь хутгалсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 х/,
1.5.Гэрч С.Нэргүйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Оы охин Намуундарь манай гэрт надтай хамт хонож байсан, шөнө О Намуундарь руу утсаар яриад аав чинь намайг хутгалчихлаа гэсэн. Тэгээд Намуундарь бид 2 гэрт нь ирэхэд Оыг түргэний эмч аваад явсан, Мыг цагдаа аваад явсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 х/,
1.6.Шинжээчийн 1002 тоот дүгнэлт
1.С.Оы биед нуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт /хх-ийн 31 х/,
1.7.Хутгыг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 13 х/,
1.8.Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх 47 х/,
Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.
2.1. Гэрч О.Эрдэнэбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Бид нар эхээс 8-лаа, М манай хамгийн бага дүү байгаа юм. М 1979 онд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрж аав, ээжийн асрамжинд өссөн. Эхнэр Отайгаа гэр бүл болоод миний санаж байгаагаар 15-16 жил болсон байна. М О нар нь 2 охин 1 хүүтэй. М нь төлөв даруу, их томоотой, хүний үгэнд сайн ордог, ажилсаг зантай. ...архи уухаараа хааяа хэрүүл маргаан хийлээ л гэж сонсогддог, зодлоо дарамталлаа гэж сонсож байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 х/,
2.2.Гэрч О.Ариуны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… М зан аашны хувьд хүний үг авдаггүй, яг өөрийнхөөрөө зүтгэдэг, сүүлийн үед хүний муу талыг хараад шүүмжлээд байдаг болсон байна лээ. Уг нь гэрийн хүмүүжил сайн өссөн хүн. Архи уухаараа л жоохон зан авир нь өөрчлөгдөөд байдаг юм шиг байгаа юм. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 х/,
2.3.О.Мын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 х/,
2.4.О.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 х/,
3.1.Хохирогч С.Оы ...Надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 х/,
3.2.Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 96 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.
Шүүгдэгч гэм буруу дээр маргаагүй бөгөөд түүний хэрэг гарсан нөхцөл байдлын талаар өгсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.
Шүүхийн дүгнэлтийн хэсэг:
Гэм буруугийн талаар.
О.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны ...тоотод байрлах гэртээ эхнэр С.Отай хүүхдийн асуудлаас болж муудалцан хутгаар нуруунд нь 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь “нуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл” бүхйи хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан болох нь:
Хохирогч С.Оы “...2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө манай нөхөр М гэртээ согтуу орж ирээд 8 сартай бага хүүхдээ тэврээд гуйваад унах гээд байхаар нь би хүүхдээ унагаах гээд байна гэж хэлээд хүүгээ тэврээд авахад М “чи надаас хүүхэд харамлалаа” гээд уурласан. Би Мыг унтуулах гээд орон дээр хэвтүүлэхэд унтахгүй босоод ирсэн. М гал тогооны өрөөнөөс цэнхэр өнгийн иштэй хутга аваад миний хөл рүү хутгална гээд байхаар нь одоо унт гэж хэлээд хутгатай гарыг нь түлхээд цаашаа хараад явтал миний нуруунд цохих шиг болсон. Хэсэг хугацааны дараа цохьсон газар нь гараараа дартал цус гарч байсан. Энэ үед намайг хутгалсан гэдгийг нь мэдсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч О.Мын “... Би 2018 оны 01- дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө гэртээ согтуу ороод эхнэртэйгээ маргалдаад нуруунд нь хутгаар зүсээд эрүүлжүүлэх байранд хүргэгдэн очсон гэдгээ мэдсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Насанд хүрээгүй гэрч М.Намуундарийн “…Тухайн өдөр би гэртээ байгаагүй. Нэргүй эгчийн гэрт хонож байсан, ээж тухайн үед Нэргүй эгчийн утас руу залгаад хутгалуулчихлаа гэж хэлэхээр нь Нэргүй эгчийн хамт гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд ээж цэргийн нэгдсэн эмнэлэг рүү явсан байсан, юу болсон талаар дүү Номиндариас асуухад аав гэртээ согтуу орж ирсэн, тэгээд ээжийн нурууны ард тал руу хутгалсан гэж хэлсэн. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 х/,
Насанд хүрээгүй гэрч М.Номиндарийн “… Аав орж ирээд надад бэлэг өгөөд 8 сартай дүүг тэврээд унагаах гээд гуйваад байсан, ээж намайг “миний охин дүүгээ авч бай ээж нь аавыг нь унтуулъя” гээд хувцсыг нь тайлсан. Энэ үед аав нээх юм хэлэлгүйгээр царай нь аймаар ууртай болохоор нь би айгаад дүүгээ аваад буруу хараад суусан. Энэ үед аав босоод жижиг өрөөнөөс цэнхэр өнгийн иштэй хутга аваад ээжийг буруу хараад зогсож байхад нь ар нуруу руу нь хутгалсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 х/,
Гэрч С.Нэргүйн “…2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Оы охин Намуундарь манай гэрт надтай хамт хонож байсан, шөнө О Намуундарь руу утсаар яриад аав чинь намайг хутгалчихлаа гэсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 х/,
Шинжээчийн 1002 тоот дүгнэлт
1.С.Оы биед нуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт /хх-ийн 31 х/
Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх 47 х/,
Хутгыг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх 13 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д ..., эхнэр, нөхөр ... гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчлан зааж өгсөн.
Шүүгдэгч О.М, хохирогч С.О нар гэр бүлийн баталгаатай болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 47 х/-аар нотлогдож байгаа тул О.Мыг эхнэр С.Оы эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзсэн.
Хохирлын талаар.
Хохирогч С.О хохирлын баримтууд хэрэгт гаргаж өгөөгүй, хөнгөн гэмтэл хохирогчийн эрүүл мэндэд цаашид нөлөөлөхгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, цаашид иргэний журмаар шийдвэрлүүлэх хохиролгүй гэж шүүх үзсэн.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.
О.М-д холбогдох гэмт хэрэгт эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй болно.
Ял шийтгэлийн талаар.
О.М хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй зэргийг харгалзан үзээд түүнд 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оноохоор шийдвэрлэсэн.
Бусад асуудлын талаар.
Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 13 см-ын урттай цэнхэр өнгийн иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дөлгөөн овогт Осорын Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Мыг 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан О.М-д танилцуулсугай.
4.О.Мын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 13 см-н урттай цэнхэр өнгийн иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ