Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/588

 

 

 

2023              05              31                                       2022/ДШМ/588

                          

Б.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай 

                                                                                                                                                          Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Батцэцэг,

хохирогч Б.С, түүний өмгөөлөгч Ж.Б,

хохирогч М.М, түүний өмгөөлөгч Б.Б,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв, Б.Энх-Амгалан,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч М.М-, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир, Б.Баатарсайхан нарын хамтран гаргасан болон шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч П.Ганпүрэв, Г.Батцэцэг, Б.Энх-Амгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Д-д холбогдох эрүүгийн 2011009840905 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

... ,                                                                                                                        

Шүүгдэгч Б.Д- нь 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн орчимд ... “1 ам.долларыг 2793,5 төгрөгөөр авах хүн олсон” хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, гэрч З.Ц-р дамжуулан “ХС” банк бус санхүүгийн байгууллагаас 100.000 ам доллар буюу 279.250.000 төгрөгийг,

мөн хохирогч С.С-аас 10.000 ам.доллар буюу 27.906.500 төгрөгийг шууд бусаар хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилсны улмаас бусдад их хэмжээний 307.156.500 төгрөгийн хохирол учруулсан,

мөн хохирогч Б.С-гийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр түүнд итгэмжлэн хариуцуулж үлдээсэн эд хөрөнгийн эрх болох “Хаан” банк дахь 5077288844 дугаарын данснаас 2020 оны 02 дугаар сараас 2020 оны 03 дугаар сарын хооронд нийт 216.000.000 төгрөгийг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч завшсаны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 17.4 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Д-г “бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулсан”, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас хохирогчид их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сар 10 /арав/ хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 6 жил 8 сар 14 хоногийн тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Д-гоос нийт 251.158.500 төгрөгийг гаргуулан хохирогч М.М-т олгож шийдвэрлэжээ.

Хохирогч М.М, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир, Б.Баатарсайхан нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Эрүүгийн хэргийн тухайд, 2020 оны 05 дугаар сарын 05 -ны өдөр “Ж” ББСБ-ийн захирал Д.Б нь өөрийн эзэмшлийн ... дугаарын гар утаснаас “ХС” ХХК-ийн захирал М.М-ын 99 ...  дугаар руу залгаж 100,000 ам доллар худалдаж авах уу гэж асуусан байдаг. Нэг ам долларыг 2792 төгрөгөөр худалдан авахаар болж 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Ж” ББСБ-ын захирал Д.Б-ын эзэмшлийн Хаан банкны 500 ...  дугаарын дансмруу “ХС” ХХК-ийн Хаан банкны 500 ...  дугаарын тоот данснаас 279,250,000 төгрөг шилжүүлж өгсөн. ... Хэргийн үйл баримт болон нотлох баримт буруу үнэлсэн тухайд, “МХ” ХХК-ийн захирал С.Б болон түүний эхнэр болох Б.С нар нь өөрийн компанийн ажилтан Б.Д-д захиалга өгч зохион байгуулан иргэн З.Ц-с 307,156,500 төгрөг залилан авч өөрсдийн эзэмшилд авсан байдаг. Тодруулбал гэрч Ч.П-ийн “... байрны гадаа машин байгаа намайг уучлаарай, надад өөр сонголт байсангүй уучлаарай ... гэсэн амиа хорлох утгатай зүйл явуулсан ...” /1хх 41-42/, гэрч Б.Д-ийн “... маргааш нөгөөдрөөс Чингэлтэй дүүрэг каринтийллаа яаралтай нэг ченжээс мөнгө олоод ир, зараад өгье гэж хэлж тэр мөнгийг аваарай гэж хэлсэн. ...” /1 хх 47-48/, гэрч Х.Х-ийн “... уурлачихсан “яаж алдсан яг тэр аргаараа мөнгө олж өг, өгөхгүй бол ална” гэх зэргээр уурлаж бухимдаж байсан ...” /4хх 38-40/, гэрч Ч.П-ийн “... Тэгэхэд Б “Чи миний бүх мөнгийг өгчихлөө, эхнэр хүүхэддээ ч юм үлдээ, чи ёстой эр хүн шиг алхам хийлээ, одоо хэргээ хүлээгээд дээлээ нөмөр” гэдэг зүйл хэлэхэд нь би гар утсан дээрээ бичлэг хийж авсан юм ...” /4хх 43-45/, гэрч Х.Б-ийн “... Та Д-г ямар аргаар мөнгө алдсан тэр аргаараа олж өг гэж хэлсэн байна, би дүүгээр тийм зүйл хийлгэхгүй шүү гэж хэлсэн юм ...” /4хх 48-50/ гэх мэдүүлгүүд болон 1хх 35-36, 1хх 38-39, 1хх 40, 1хх 43-44, 1хх 53-55, 2хх 227-228, Зхх 19, Зхх 97, 4хх 48-50, 4хх 65-67 зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд анхан шатны шүүх дээрх нотлох баримтыг үнэлээгүй орхигдуулсан байна.

Хууль буруу хэрэглэсэн тухайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ.” гэж заасныг тус тус зөрчиж тухайн гэмт хэргийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн этгээдүүдийн үйлдэл оролцоог мөрдөн шалгалгүй орхигдуулж, хэрэгт хамтран оролцогчид нь эрүүгийн хариуцлага хүлээлгэлгүйгээр зөвхөн Б.Д-д ял оногдуулсан. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн М.М- болон “ХС” ХХК-ийн төлөөлөх эрх бүхий этгээд нь “Ж” ББСБ-ын захирал Д.Б-той иргэний эрх зүйн харилцаанд орж, өөрийн өмчлөлийн 279,250,000 төгрөгийг түүний өмчлөлд шилжүүлж өгсөн талаар мэдүүлэг, тайлбартаа тодорхой дурдсан ба холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батцэцэг, Б.Энх-Амгалан нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх хурлын хэлэлцүүлэгт хохирогч М.М, түүний өмгөөлөгч нар “... хохироогүй, хохирогч биш” гэсэн байр суурьтай оролцсон боловч, шүүхээс “хавтаст хэрэгт М.М-ыг хохирогчоор тогтоож, эрх, үүрэг танилцуулж, мэдүүлэг авсан, гэрч З.Ц-оор дамжуулан 100,000 ам.доллар буюу 279,250,000 төгрөгийг шүүгдэгч Б.Д-д өгсөн үйл баримт тогтоогдож байна.” гэж хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэжээ. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж бол хохирогч заавал байх явдал юм. Энэ талаар УДШ-ийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 486 дугаар тогтоолд “... Залилах гэмт хэргийн хохирогч нь хийсвэрлэн бодох, оюун ухаан бүхий амьд организм байх бөгөөд гэмт этгээдээс ..., янз бүрийн хийсвэр арга хэрэглэхэд түүнд дүн шинжилгээ хийж, хариу үйлдэл үзүүлэх чадвартай хүн байна. Энэ явцдаа төөрөлдөх нь энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох үндсэн нөхцөл болно.” гэж тайлбарласан байна. Тодруулбал хохирогчийг зөв олж тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, журамд бүрэн нийцнэ гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” гэх нөхцөл байдлыг бий болгожээ. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2023 /ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Б.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх миний гэм буруутай үйлдэлд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн болон ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, мөн хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдэгт хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Би өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлыг хохирогч нэхэмжлэхгүй гэсэн ч бага ял оногдуулсан тохиолдолд ажил хөдөлмөр эрхэлж, хохирлыг нэн даруй барагдуулах болно. Би эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд тогтсон ажил хөдөлмөр эрхэлж ар гэр, үр хүүхдүүдээ тэжээн тэтгэдэг. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорих ялыг хөнгөрүүлэхээр заасан. Иймд хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд үр хүүхдүүдээ өгсөн хүмүүжүүлэх, эцэг байх эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгож, оногдуулсан хорих ялыг багасгаж өгөхийг хүсье.” гэв.  

Хохирогч М.М-ын өмгөөлөгч Б.Баатарсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийн хувьд гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Энэ Б.Д-д холбогдох эрүүгийн хэргийн тухайд М.М гэх хүнийг анхнаасаа хохирогч биш гэх байр суурьтай оролцсон. Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдыг хууран мэхэлж, бусдын эд хөрөнгийг өөрийн болгож, ашиглах үндсэн шинжтэй. Гэтэл М.М нь Б.Д гэх хүнийг огт танихгүй, ямар нэгэн байдлаар харьцаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “... гэрч Ц-р дамжуулан, бусдыг төөрөгдөлд оруулж ...” гэсэн байгаа. Ц, Б.Д нарын харилцаа М.М-т ямар ч хамааралгүй. М.М руу Б-ын утсаар залгаж “доллар байна уу авъя ... ” гэхэд нь “дансаа өг” гэсэн. Б-ын данс руу шилжүүлсэн. Гэтэл одоо М.М-ыг хохирогч гэж хэдэн жил шүүхээр явуулж байна. Бид энэ хэргийг анхнаасаа прокурорт буцаахад М.М- өөрийг нь хохирогч болгосон. “ХС” ХХК, Б гэх хүний хооронд валют арилжааны иргэний харилцаа үүссэн байдаг. Энэ харилцаа ямар учраас Б.Д, М.М-ыг залилсан гэмт хэрэг болж байна вэ. Энэ талаар бид анхан шатны шүүхийн шатанд хэлсээр ирсэн. М.М өөрөө “... би хохирогч биш, би Б.Д-д мөнгө өгөөгүй, танихгүй ...” гэж байхад хохирогчоор тогтоосон. Тухайн үед өөрөө хохирогчоор мэдүүлэг өгч, гарын үсэг зурсны хувьд М.М хөгшин настай хүн бөгөөд учраа мэдэхгүй, юун дээр гарын үсэг зураад байгаагаа мэдэхгүй нөхцөл байдал байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэснийг, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ.” гэж заасныг тус тус зөрчсөн. Өнөөдрийн шүүх хуралдаанд Б, Ц гэх хоёр этгээд байхгүй байна. Гол холбогдогч нь Б, Ц нар юм. Иргэний хариуцагчаар Ц гэх хүнийг энэ хэрэгт оруулж ирэх хэрэгтэй. Б.Д-д залилах гэмт хэргийн шинж болох “урьдын харилцааг ашигласан” гэж байна. Харин урьдын харилцааг Б, Ц нар ашиглаад байгаа юм. Бидний хувьд Б.Д гэх хүнд ямар ч гомдол, саналгүй. Б.Д гэх хүнд мөнгө өгөөгүй. Иймд бидний гаргасан давж заалдах гомдлыг хангаж өгнө үү.” гэв.

Хохирогч М.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийнхөө гаргасан саналыг дэмжиж байна. Би Б.Д-г танихгүй, мөнгө өгөөгүй, харьцаж байгаагүй. Миний хувьд Б, Ц нарт мөнгөө өгсөн. Хууль мэдэхгүй байдлаасаа болж өнөөдрийг хүрлээ. Б.Д-д ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хувьд Б.Д-д холбогдох эрүүгийн хэргийн хохирогч бүрэн тогтоогдоогүй байгаа нь гэмт хэргийн шинжийг үгүйсгэж байна гэсэн байр сууриас оролцсон. Улсын Дээд Шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 486 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийг тайлбарласан. Уг тогтоолд залилах гэмт хэргийн хохирогч нь залилан мэхлэн гэмт хэргийг үйлдэж байгаа хүний үйлдэлд хариу үйлдэл үзүүлэх чадвартай хүн байна гэж тодорхойлсон. Гэтэл хохирогчоор тогтоогдсон гэх М.М нь “би хохирогч биш, би мөнгөө Б-д өгсөн. Б-с мөнгөө авна” гэдэг. Нөхцөл байдал ийм байхад миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэхгүй орхигдуулсан...” гэх нөхцөл байдлыг бий болгож байна гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу миний үйлчлүүлэгч Б.Д-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах гомдлоо дэмжиж байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан 4 жилийн хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Б.Д нь дээрх гэмт хэргийг үйлдэхэд Б нөлөөсөн, ятгасан, дарамталсан, гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлсэн. Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг хэргийн оролцогчдод танилцуулж, хүсэлт, гомдол гаргах эрхээр хангаагүй зэрэг нөхцөл байдлуудад анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Мөн Б.Д-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дэх хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт Б.О хамтран оролцсон эсэх, иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээд мөн эсэхэд дүгнэлт хийгээгүй зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б.Д-д оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хохирогч Б.С-гийн өмгөөлөгч Ж.Батзоригт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Б.Энх-Амгалангийн гаргасан давж заалдах гомдлын хувьд өөрийнх нь үйлчлүүлэгчтэй холбоотой болон хэргийн зүйлчлэлтэй холбоотой асуудал яригдаж байгаа учраас мөн миний үйлчлүүлэгчтэй холбоо хамааралгүй асуудал яригдаж байгаа тул тайлбар хэлэх боломжгүй байна. Харин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 23/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Хохирогч Б.С- тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй.” гэв.

Прокурор Б.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь эсэргүүцэж байна. Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны, үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч Б.Д-гийн үйлдсэн гэмт хэрэг, гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж, улсын яллагч эсэргүүцэл бичээгүй. Гэхдээ өнөөдрийн гаргасан давж заалдах гомдлуудыг бүхэлд нь эсэргүүцэж байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, яллагдагчийн хувийн байдал, хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзана гэж заасан. Хавтас хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Д- нь энэ гэмт хэргээс гадна урьд нь залилах төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж, хорих ял эдэлж байсан. Тухайн үед Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам болон энэрэнгүй ёсны зарчмыг хэрэглэж, шүүгдэгч Б.Д-д зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан байсан. Сүүлд үйлдсэн залилах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний урьд залилах гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг зайлшгүй харгалзах нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг нь 2 төрлийн ялын санкцтай. Анхан шатны шүүхээс Б.Д-д 4 жилийн хорих ялыг оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэм бурууд тохирсон байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Б.Д нь валют арилжааны үйл ажиллагаа явуулдаг “МХ” ББСБ-д теллерээр ажиллаж байхдаа тус компаний захирлыг Солонгос улс руу явахад нь тус байгууллагын үйл ажиллагааг бие даан удирдаж байх хугацаанд буюу 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Б.С-гийн түүнд итгэмжлэн хариуцуулж үлдээсэн эд хөрөнгийн эрх болох “Хаан” банк дахь 50 ... дугаарын данснаас 2020 оны 02 дугаар сараас 2020 оны 03 дугаар сарын хооронд нийт 216.000.000 төгрөгийг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч завшсаны улмаас бусдад их хэмжээний хохирол,

2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн орчимд ... “1 ам.долларыг 2793,5 төгрөгөөр авах хүн олсон” хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, гэрч З.Ц-оор дамжуулан “ХС” банк бус санхүүгийн байгууллагаас 100.000 ам доллар буюу 279.250.000 төгрөгийг,

хохирогч С.С-аас 10.000 ам.доллар буюу 27.906.500 төгрөгийг шууд бусаар хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилсны улмаас бусдад 307.156.500 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Хохирогч Б.С-, С.С, М.М нар нь шүүгдэгч Б.Д-д мөнгө өгөх болсон шалтгаан, өгсөн мөнгөнийхөө тоо хэмжээ, болсон үйл явдлын талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд тэдний мэдүүлэг нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогджээ. Тухайлбал:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ын “ ... “ХС” ХХК нь миний нэр дээр бүртгэлтэй бөгөөд нэг хүний эзэмшлийн компани. ... Б-ын 99110993 дугаарын утсаар түүний ажилтан Ц- миний 99 ... дугаарын утас руу залгаж “100.000 ам.доллар зарах гэсэн юм, 2792.5 төгрөгөөр бодож авах уу” гэхээр нь би зөвшөөрөхөд, надад захирал Б-ын хаан банкны 500 ... дугаарын дансыг явуулсан. Би уг данс руу “ХС” ХХК-ийн Хаан банкны 500 ... дугаарын данснаас 272.250.000 төгрөгийг шилжүүлсэн. Ц хэлэхдээ “30 минутын дотор 100.000 ам долларыг танай ажил дээр аваад очно” гэж хэлсэн. Хүлээгээд ирэхгүй болохоор нь Ц-ын ярьсан Б-ын 99... дугаар руу залгахад “таны мөнгийг өөр нэг ченжид ам.доллар авхуулахаар явуулсан чинь тэр ченж нь утсаа салгаад алга болчихлоо” гэж хэлсэн. ...” /1хх 22-23, 4хх 107-109/,

хохирогч С.С-“ ... “ГФ” банк бус санхүүгийн байгууллагын захирлаар 2004 оноос хойш ажиллаж байна. ... З.Ц нь “ГФ” банк бус санхүүгийн байгууллага дээрээ байхад өөрөө орж ирээд “танаас евро худалдан авах гэсэн юм, орой мөнгөний талыг өгнө” гэж хэлээд надаас өөрийн гараар бичиг хийж өгөн нийт 17.085 еврог 3049 төгрөгийн ханшаар тооцож нийт 25.092.165 төгрөгийг орой шилжүүлнэ гэж хэлээд авч явсан. Дүү Б.У над руу залгаад “Ахаа З.Ц-оос манай үлдэгдэл мөнгө орсон уу” гэхэд би “ороогүй байна” гэж хэлэхэд, Б.У нь “М ахын Х гэх ажилтан залгаж байна, З.Ц мөнгөө аваад цааш нь залилуулсан бололтой” гэхээр нь би шууд Цагдаагийн хэлтэс дээр ирсэн. ...З.Ц маргааш нь үлдэгдэл 25.092.165 төгрөгийг байгууллагын данс руу шилжүүлж хохирлыг маань бүрэн барагдуулсан. /1хх 25-26/,

хохирогч Б.С-гийн “... 2012-2013 оны үед манай нөхөр Б нь “МХ” банк бус санхүүгийн байгууллагыг худалдан авч “Найман шарга” дээр байрлаж валют арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. ... Манай хүүхэд Б.С нь эгэмний хорт хавдар онош тавигдаж онош тодруулах зорилгоор 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нөхөр Б-ын хамт Бүгд Найрамдах Солонгос Улс руу явахдаа компанийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд Б- бэлнээр 200 сая гаруй төгрөгийг, мөн -очоод эмчилгээний зардалд хэрэг болбол над руу шилжүүлээрэй- гээд би өөрийн Хаан банкны 50 ... дугаарын дансны гүйлгээ хийх нууц дугаараа Б.Д-д өгсөн юм. ... 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр тусгаарлалтаас гараад ажил дээр ирэхэд, Б.Д байгаагүй Б.Д-г олж уулзаад тооцоо нийлье гэхэд, “би таны мөнгийг эгчдээ өгчихсөн байгаа” гэж хэлэхээр нь үнэхээр тийм юм байх гэж бодоод явсан. 2-3 хоногийн дараа “чи мөнгө өгнө гэсэн яасан бэ” гэхэд би эгчтэйгээ холбогдоод 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр өгнө” гэж хэлээд надад баталгаа гараар бичиж өгсөн. 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ... машины ард суугаад “С эгчээ энэ таны юм гээд хар тортой зүйл өгөхөөр нь аваад харахад боодолтой ам.доллар байсан. Би тоолж үзэхэд 87.500 ам.доллар байсныг би тоолж авсан. ... Намайг ажил дээр ирэхэд үлдээсэн бэлэн мөнгө зарцуулагдаагүй бүрэн байсан ба харин миний данснаас гүйлгээ хийсэн мөнгөн дүнгийн зарлага тодорхойгүй байсан. Д надад мөнгийг чинь ам.доллар болгочихсон гээд долларын зураг үзүүлээд байсан болохоор нь мөнгө байгаа юм байна гэж бодоод явж байсан. ...” /4хх 81-82/ гэсэн мэдүүлгүүд нь:

гэрч З.Ц-ын “... 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хамт ажилладаг Б.Д нь ирээд “доллар байна уу, надад 110.000 ам.доллар хэрэгтэй байна нэг хүн 2793.5-д авах хүн олсон” гэхээр нь би С гэдэг ченж ахаас 10.000 ам.доллар, мөн М- ахаас 279.250.000 төгрөг аваад “мөнгийг нь дансаар өгнө” гэж хэлээд авсан. ... Д-д нийт 110.000 ам.доллар өгсөн. Д- нь Эх нялхсын урд харилцагчид аваачиж өгөөд мөнгийг нь дансаар нь хийнэ гэсэн боловч эхэндээ утсаа авахгүй байж байгаад сүүлдээ утсаа унтраагаад алга болсон. ... 20.000 долларыг өгсөн байгаа. Одоо үлдэгдэл 90.000 ам.долларыг олж авмаар байна. ...  түүний ах Х-той холбогдож Д-г асуухад “би наадахыг чинь хэн хийлгэснийг мэдэж байна, чи өргөдлөө бичээд цагдаа дээр оч” гэхээр нь ... цагдаад гомдол гаргасан. ...” /1хх 27-28, 30, 2хх 229- 230, 4хх 54-55/,

гэрч Д.Б-ын “... би 1991 оноос 2020 оны 4 дүгээр сарын сүүл хүртэл хугацаанд “Цэцэг" төвийн валют арилжаа дээр ажилласан. ... З.Ц нь 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд ажилласан, нийтдээ 7-8 жил миний туслахаар валют арилжаанд ажиллаж байгаад намайг байгууллагаа хаахад ажлаасаа гарсан. ... З.Ц нь эхнэрийн минь дүү байсан болохоор шууд ажилгүй болгоод үлдээх хэцүү байсан. ... Улмаар З.Ц-од өөрийнхөө 99 ...  дугаарыг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн ашиглуулж байгаад 2020 оны 5 дугаар сард буцаагаад авсан. ... ийм хэрэг болсон гэдгийг сүүлд З.Ц-оос өөрөөс нь сонссон. ... миний хувьд би 2020 оны 4 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд ямар нэгэн байдлаар М.М- ахтай огт утсаар яриагүй. Харин З.Ц М ахтай ярьсан байхаа. ...” /2хх 231/,

гэрч С.Э-ын “... Б.Д- нь 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр манай “НК” банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захиралд хандаад 62.000 ам доллар зээлээч тухайн өдөртөө буцаагаад төгрөгөөр шилжүүлж өгнө гэж хэлж өөрийн дансаар авсан байдаг юм. Тухайн өдрийн ханш нь 1 ам доллар 2680 төгрөг буюу нийт 166.160.000 төгрөг шилжүүлэхээр тохирсон юм байна лээ. ... ”/4хх 88-89/,

гэрч Х.Х-ийн “... 2020 оны дугаар сарын эхээр өдрийг нь санахгүй байна, өөрийн эзэмшлийн банк бус санхүүгийн байгууллагатай Б-н эхнэр С над руу залгаад “танай дүү Д- миний мөнгийг аваад хүнд өгсөн байна, чи ирээд уулзаадахаач” гэхээр нь Найман шарга дээр ирж Б, С нартай уулзахад, “... О гэгчид миний мөнгийг өгчихсөн байна” гэхээр нь Д-той уулзахад, “авга эгч О-д мөнгө өгчихсөн” гэж хэлэхээр нь Б, Д нарыг дагуулаад ... О-ийн гэрт очиход, Б уурлаад “яаж алдсан тэр аргаараа мөнгө олж өг, өгөхгүй бол ална” гэх зэргээр уурлаж бухимдаж байсан. ...” /4хх 38-40/,

гэрч Ч.П-ийн “Манай нөхөр Д нь 2019 онд захирал Б-ын мөнгөнөөс авга эгч О-д өгсөн юм байна лээ. Юун мөнгө вэ гэхээр “НХ” ХХК-ийн төгрөг болгож солиулах гэж байсан ам.долларыг эгч О нь 2-3 цаг хэргэлчихээд буцаагаад өгнө гээд авсан юм байна лээ. Тэгээд мөнгө өгөхгүй болохоор нь “НХ” ХХК-иас манай нөхрийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж өгсөн юм байна лээ. Энэ асуудал шалгагдаж байх цаг хугацаанд захирал Б-ын мөнгөнөөс Д- авч хохирлын мөнгөө барагдуулсан байдаг. ...” /4хх 44-45/,

гэрч Д.О-гийн “... би охиныхоо Хаан банк дахь дансыг ашиглаж байсан, гүйлгээ хийдэг байсан. ... О.Х-ын хаан банкны 50 ... дугаарын дансанд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 20.000.000 төгрөгөөр 5 удаа орсон 100.000.00 төгрөгийн орлого орж ирсэн гүйлгээг мэдэхгүй. Д надад хэлэхдээ “НХ”-оос авсан 100.000.000 төгрөгөө олчихлоо гэж байсан. Тэгэхээр энэ гүйлгээ тэр мөнгө байх. Би тухайн үед охин О.Х-ны Хаан банкны картыг өгчихсөн байсан. Тэгэхээр Д тэр банкны картыг ашиглаж уг гүйлгээг хийж байсан байх. ... би төрсөн ахынхаа хүүхдийг эвгүй байдалд оруулахгүй гэж бодоод Д-гийн авсан мөнгийг би авчихсан юм гэж хэлсэн. Энэ талаар би Хан-Уул дээр шалгагдсан хэрэг дээрээ мэдүүлэг өгч байсан ...” /4хх 73-74/,

гэрч О.Х-ны “... Би Хаан банканд 50 ... дугаарын данс эзэмшдэг. 2016 оны 8 дугаар сард энэ дансыг нээчихээд Америкийн Нэгдсэн Улсын Сиатл хотод сурахаар явахад ээж Д.О миний дансыг захиран зарцуулж үлдсэн. ...” /4хх 61-62/ гэсэн мэдүүлгүүд,

Д.Б-ын Хаан банкны 500 ... тоот дансны гүйлгээнд үзлэг хийсэн тэмдэглэл, дэлгэрэнгүй хуулга /4хх 134-137/,

Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /1хх 67-68/,

Б.С-гийн эзэмшлийн 50 ... тоот Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй дансны хуулга /2хх 103-137/,

О.Х-ны эзэмшлийн Хаан банкны 50 ... тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /4 хх 129-133/,

“50 ... тоот дансыг Б.С эзэмшдэг бөгөөд интернэт банк үйлчилгээ ашигладаг. Бүртгэлтэй утасны дугаар: 95 ...” гэх Хаан банкны 29/5165 дугаар албан бичиг /4хх 141/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 4/6624 дугаартай албан бичиг, хавсралт баримтууд /4хх 147-149/,

“НК” Банк бус санхүүгийн байгууллагын дотоодын дансны хуулга /4хх 91/, “... Д.О нь манай Банк бус санхүүгийн байгууллагын харилцагчаар бүртгэлгүй байх бөгөөд манай байгууллагаас зээл авах хүсэлтийг зээлийн хорооны хурлаар хэлэлцээгүй байна” гэх “НК” Банк бус санхүүгийн байгууллагын 4-6/487 дугаар албан бичиг /4хх 93/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.Д нь валют арилжааны үйл ажиллагаа явуулдаг “МХ” ББСБ-д ажиллаж байхдаа тус компаний захирлыг Солонгос улс руу явахад нь байгууллагынхаа үйл ажиллагааг бие даан хариуцаж үлдэхдээ хохирогч Б.С-гийн итгэмжлэн хариуцуулж үлдээсэн 216.000.000 төгрөгийг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч завшсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, мөн шүүгдэгч Б.Д- гэрч З.Ц-оор дамжуулан “1 ам.долларыг 2793,5 төгрөгөөр авах хүн олсон” хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, “ХС” банк бус санхүүгийн байгууллагаас 100.000 ам доллар буюу 279.250.000 төгрөгийг, С-аас 10.000 ам.доллар буюу 27.906.500 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн дансны хуулга зэргээр тогтоон, хохирогч нарт нөхөн төлсөн дүнг хасаж, төлөгдөөгүй үлдсэн хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтын агуулгад нийцсэн байна.

Хохирогч М.М, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир, Б.Баатарсайхан нар “... тухайн гэмт хэргийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн этгээдүүдийн үйлдэл оролцоог мөрдөн шалгалгүй орхигдуулж, хэрэгт хамтран оролцогчид нь эрүүгийн хариуцлага хүлээлгэлгүйгээр зөвхөн Б.Д-д ял оногдуулсан нь үндэслэлгүй. ... мөн Б.Д- нь М.М-оос мөнгө аваагүй бөгөөд энэ хэргийн хохирогч биш ... ”, шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч П.Ганпүрэв нараас “... хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү. ...”, өмгөөлөгч Г.Батцэцэг, Б.Энх-Амгалан нараас “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Д-гийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жилийн хорих ял, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 2 сар 10 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 6 жил 8 сар 14 хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал юм.

Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцохгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох асуудлын тухайд,

Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.

            Энэ гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэрэг, тухайлбал хулгайлах, дээрэмдэх гэмт хэргээс өмчлөгч хууртагдсан, итгэсэн учраас гэмт этгээдэд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээ сайн дураараа өгсөн байдгаараа ялгаатай.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Найман шарга” төвд байрлах вальют арилжааны худалдаа хэрхэн явагддаг талаар гэрч З.Ц-оос “... ер нь бол ченж нарын зарчим болохоор вальют, төгрөг сольж байгаа бол хонуулж удаадаггүй, тухай бүр тохиролцож шуурхай арилжаа хийдэг. Учир нь вальютын ханш байнга хэлбэлзэж байдаг болохоор алдагдал хүлээхгүйн тулд ингэж арилжаа хийгддэг ... ” /4хх 53-54/,  хохирогч Б.С-гаас “... ченж нарын дунд ам доллар авах, зарахдаа тухайн газрын захирлаас нь ажилтанд өгөх эсэхийг асуудаг алтан дүрэм байдаг” /4хх 80-82/, хохирогч М.М-оос “бид 10.000-150.000 хэмжээний хооронд ам доллароор харилцаж арилжаа хийдэг байсан. Олон жил үйл ажиллагаа явуулж байсан болохоор хоорондоо харилцан итгэлцэл дээр хамтарч ажиллагдаг байсан. ...” /4хх 107-108/ хэмээн тус тус мэдүүлжээ.

Дээрхээс үзэхэд шүүгдэгч Б.Д нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өөрийн танил З.Ц-оор дамжуулан “1 ам.долларыг 2793,5 төгрөгөөр авах хүн олсон” гэж “ХС” банк бус санхүүгийн байгууллага болон С.С-с нийт 307.156.500 төгрөгийг шилжүүлэн авсан хэрнээ буцааж өгөөгүй үйлдэл нь “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө...”-ийг шилжүүлэн авсан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

Тухайн гэмт хэрэгт санаачилсан, удирдсан, төлөвлөсөн гэх Б.С, С.Б, Б.О нарын үйлдэл оролцоог мөрдөн шалгалгүй орхигдуулж, хэрэгт хамтран оролцогчид нь эрүүгийн хариуцлага хүлээлгэлгүйгээр зөвхөн Б.Д-д ял оногдуулсан нь үндэслэлгүй гэх гомдлын тухайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хамтран оролцогчдын төрөл, энэ зүйлийн 3 дахь хэсэгт хамтран оролцох хэлбэр болон 3.7 дугаар зүйлд гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэх талаар тус тус тодорхой заасан байна.

Гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зорилгоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад ач холбогдолтой.

Энэ хүрээнд гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хүч нэгтгэн, үүргээ хуваарилан хүрэх эрмэлзэлтэй байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг мөрдөн шалгах болон шүүх хуралдааны явцад зайлшгүй нотлох ёстой.

Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт зорилгоороо нэгдсэн байвал гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх учиртай.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл уг гэмт хэрэгт Б.С, С.Б, Б.О нарын үйлдэл оролцоо хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхаас гадна анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Д-г гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Б.Д нь  М.М-оос мөнгө аваагүй бөгөөд энэ хэргийн хохирогч биш гэх асуудлын тухайд,

Мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч байхаар хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар М.М-ыг хохирогчоор тогтоож, түүнд хууль сануулж мэдүүлэг авсан нь хуулийн шаардлагад нийцсэн байна.

Учир нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ын “... Б-ын 99 ... дугаарын утсаар түүний ажилтан Ц миний 99 ... дугаарын утас руу залгаж “100.000 ам.доллар зарах гэсэн юм, 2792.5 төгрөгөөр бодож авах уу” гэхээр нь би зөвшөөрөхөд, надад захирал Б-ын хаан банкны 50 ... дугаарын дансыг явуулсан. Би уг данс руу “ХС” ХХК-ийн хаан банкны 50 ...  дугаарын данснаас 272.250.000 төгрөгийг шилжүүлсэн. Ц-оо хэлэхдээ “30 минутын дотор 100.000 ам долларыг танай ажил дээр аваад очно” гэж хэлсэн, хүлээгээд ирэхгүй болохоор нь Ц-ын ярьсан Б-ын 99 ... дугаар руу залгахад “таны мөнгийг өөр нэг ченжид ам.доллар авхуулахаар явуулсан чинь тэр ченж нь утсаа салгаад алга болчихлоо” гэж хэлсэн. ...”, хохирогч С.С “... Дүү Б.У над руу залгаад “Ахаа З.Ц-оос манай үлдэгдэл мөнгө орсон уу” гэхэд би “ороогүй байна” гэж хэлэхэд, Б.У нь “М ахын Х гэх ажилтан залгаж байна, З.Ц- мөнгөө аваад цааш нь залилуулсан бололтой” гэхээр нь би шууд Цагдаагийн хэлтэс дээр ирсэн. ...”, гэрч Д.Б-ын “... З.Ц-д өөрийнхөө 99 ... дугаарыг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн ашиглуулж байгаад 2020 оны 5 дугаар сард буцаагаад авсан. ... ийм хэрэг болсон гэдгийг сүүлд З.Ц-оос өөрөөс нь сонссон. ... миний хувьд 2020 оны 4 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд ямар нэгэн байдлаар М.М ахтай огт утсаар яриагүй. Харин З.Ц, М ахтай ярьсан байхаа. ... ”, гэрч З.Ц-ын “... 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хамт ажилладаг Б.Д нь ирээд “доллар байна уу, надад 110.000 ам.доллар хэрэгтэй байна нэг хүн 2793.5-д авах хүн олсон” гэхээр нь би ... М ахаас 279.250.000 төгрөг аваад мөнгийг нь дансаар өгнө” гэж хэлээд явсан боловч эхэндээ утсаа авахгүй байж байгаад сүүдлээ утсаа унтраагаад алга болсон. ...”, Д.Б-ын Хаан банкны 50 ... тоот дансны гүйлгээнд үзлэг хийсэн тэмдэглэл, дэлгэрэнгүй хуулга зэргээр шүүгдэгч Б.Д нь хохирогч М.М-ын эд хөрөнгийг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авах зорилгоор түүний олон жил хамтран ажиллаж байсан Д.Б-ын утасны дугаарыг ашиглаж байсан З.Ц-оор дамжуулан 100.000 ам.долларыг “1 ам.долларыг 2793.5 төгрөгөөр авах хүн олсон” хэмээн хуурч “ХС” ББСБ-ын захирал М.М-оос гаргуулан авсан үйл баримт тогтоогдож байна.

Зарим тохиолдолд залилах гэмт хэргийн субъект нь хохирогчтой шууд харилцаа бий болгохгүйгээр тухайн хохирогчийн эд хөрөнгийг өөрт шилжүүлэн авч хадгалах хамгаалах үүрэг хүлээсэн этгээд, эсхүл хохирогчоос тухайн эд хөрөнгийг гаргуулан авч чадах итгэл хүлээлгэсэн гуравдагч этгээдийг дээрх байдлаар төөрөгдүүлэн жинхэнэ хохирогчийн эд хөрөнгийг дам байдлаар зувчуулан авсан үйлдэл мөн энэ гэмт хэргийн шинжид нэгэн адил хамаарах бөгөөд дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, эсхүл М.М нь Д.Б-той иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Түүнчлэн Бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах эрх, үүрэг нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд өмчлөгчийн зөвшөөрлөөр эсхүл хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр үүссэн байх, мөн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар өөртөө ашигласан байх гэсэн шинжээрээ “Завших” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргүүдээс ялгагдах онцлогтой бөгөөд “итгэмжлэн хариуцсан этгээд” гэдэгт аливаа аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар албан тушаалын хувьд үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг буюу өөрөөр хэлбэл өмчлөгчийн эд хөрөнгийг хууль ёсоор хариуцан хамгаалж буй этгээдийг ойлгох ба уг этгээд нь зохих зөвшөөрөлгүйгээр, дур мэдэн, хууль бусаар өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авч, өөрийн үзэмжээр уг эд хөрөнгө буюу эрхийг захиран зарцуулах хүсэл зоригоо /санаагаа/ гүйцэлдүүлж хэрэгжүүлснээр завших үйлдэл төгссөнд тооцогдоно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшихыг хөрөнгө завших гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлсон ба харин энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, мөн бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн тохиолдолд хүндрүүлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж тогтоосон.

 Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доор дурдсанаар ойлгоно:”, 4.1 -т “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Д нь валют арилжааны үйл ажиллагаа явуулдаг “МХ” ББСБ-д теллерээр ажиллаж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд тэрээр тус компаний захирлыг Солонгос улс руу явахад нь байгууллагынхаа үйл ажиллагааг бие даан удирдаж байх хугацаанд буюу 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Б.С-гийн түүнд итгэмжлэн хариуцуулж үлдээсэн эд хөрөнгийн эрх болох “Хаан” банк дахь 50 ... дугаарын данснаас 2020 оны 02 дугаар сараас 2020 оны 03 дугаар сарын хооронд нийт 216.000.000 төгрөгийг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч завшсаны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэх Эрүүгийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч М.М, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир, Б.Баатарсайхан нарын хамтран гаргасан болон шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч П.Ганпүрэв, Г.Батцэцэг, Б.Энх-Амгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б.Д-гийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 117 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч М.М, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир, Б.Баатарсайхан нарын хамтран гаргасан болон шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч П.Ганпүрэв, Г.Батцэцэг, Б.Энх-Амгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 117 /нэг зуун арван долоо/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН

 

            ШҮҮГЧ                                                                      Н.БАТСАЙХАН