| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2024/0795/З |
| Дугаар | 128/ШШ2024/0883 |
| Огноо | 2024-11-11 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2024/0883
2024 11 11 128/ШШ2024/0883
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г******* /РД:*******/,
Хариуцагч: “Байгалийн түүхийн музей” төсөвт байгууллага,
Маргааны төрөл: Төрийн албан хаагчийг өндөр насны тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн зөрүүг олгохыг даалгуулах холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б******* нарыг оролцуулан, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг М.Дэлгэрмөрөн хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжээс 419,576 төгрөгийг дутуу тооцож олгосон эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, 419,576 төгрөгийг олгохыг даалгуулах.
Хоёр. Маргах үндэслэл болсон үйл баримтын хувьд.
2.1 Нэхэмжлэгч Г.Б******* нь Байгалийн түүхийн музейн захирлын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ******* дүгээр тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор чөлөөлөгдөж,
2.2. Түүнд Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан 1 удаагийн тэтгэмжийг Байгалийн түүхийн музейн захирлын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ******* дүгээр тушаалаар олгохоор шийдвэрлэж 12,572,400 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр олгожээ.
2.3. Нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 6,342,513.81 төгрөг гаргуулахаар Соёлын яаманд хандаж, Соёлын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газраас 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр татгалзсан хариу өгснөөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гурав. Маргаж буй үндэслэл буюу талуудын тайлбар.
3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Миний бие Г.Б******* нь Байгалийн түүхийн музейд музейн тайлбарлагчаар ажиллаж байгаад 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. Би улсад 19 жил 5 сар, үүнээс төрийн албанд 14 жил 1 сар ажилласан бөгөөд төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгох нэг удаагийн тэтгэмж авах эрх үүссэн. Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д "Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна." гэж, Засгийн газрын тогтоолоор баталсан "Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-ын 2.1-д "Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцно." гэж заасан байдаг.
Үүний дагуу сүүлийн 3 жилийн дундаж цалинг тооцож үзэхэд 1,351,065.27 төгрөг байх ба дээрх журмын 2.2-т "Энэ журмын 1.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн албан хаагчид 2.1-д зааснаар тогтоосон үндсэн цалингийн дунджийг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн 36 сарын албан тушаалын үндсэн цалингийн дунджаас ихгүй байна." гэж заасантай нийцүүлэн тооцож үзэхэд 18,914,913.81 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж авах эрхтэй байна.
Гэтэл "Байгалийн түүхийн музей"-ээс миний төрийн албанд ажилласан жилд тохируулан улсаас олгох нэг удаагийн тэтгэмжийг 12,572,400 төгрөг гэж тооцож 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн. Энэ нь буруу тооцоолол байх бөгөөд энэ талаар хандахад огт хүлээж аваагүй.
Улмаар тус асуудлаар Байгалийн түүхийн музейн дээд шатны байгууллага болох Соёлын яаманд бичгээр хандаж хүсэлт гаргасан боловч 2024 оны 08-р сарын 20-ны өдөр тооцооллыг нягталж шалгалгүйгээр ижил утга бүхий хариу өгсөн.
Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 5.4-т "Төрийн албан хаагчийн ажиллаж байсан байгууллагын дарга, хүний нөөц болон санхүү хариуцсан ажилтнууд энэ журмын дагуу тухайн төрийн албан хаагчийн төрийн алба хаасан хугацаа, үндсэн цалинг үнэн зөв тодорхойлох үүрэг хүлээнэ." гэж заасан байх боловч Байгалийн түүхийн музейн захиргаанаас тооцсон нэг удаагийн тэтгэмжийн тооцоолол нь буруу байх бөгөөд дээрх зүйл заалттай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл миний үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дундаж 1,351,065.27 төгрөгийг төрийн албанд ажилласан нийт тоо буюу 14-өөр үржүүлж тооцоход нийт 18,914,913.81 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг авах үндэслэлтэй байна.
Иймд Г.Б******* миний Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зөрүү болох 6,342,513.81 төгрөгийг дутуу тооцож олгосон эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 6,342,513.81 төгрөгийг олгох шийдвэр гаргахыг Байгалийн түүхийн музейд даалгаж өгнө үү.” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Б******* нь 2024 оны 07 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарч байгаа бөгөөд улсад нийтдээ 19 жил 5 сар ажилласан. Үүнээс төрийн албанд 14 жил 1 сар ажилласан байдаг. Төрийн албаны тухай хууль болон Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журамд заасны дагуу 2021 оны 08 дугаар сараас 2024 оны 07 дугаар сарыг дуустал үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг авах эрх нь үүссэн.
Үүний дагуу Байгалийн түүхийн музейд хандаж нэг удаагийн буцалтгүй тусламжийг тооцуулахад 12,572,400 төгрөг олгосон. Гэвч 2023, 2024 онд Засгийн газраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж өөрчилсөнтэй холбоотойгоор нийтдээ 12,991,976 төгрөгийг олгох байсан.
Гэтэл Байгалийн түүхийн музейгээс дутуу тооцож олгосон. Засгийн газраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчилж тогтоосноор тооцоогүй учраас зөрүү мөнгө болох 419,576 төгрөгийг нөхөж олгох шийдвэр гаргаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж тодруулж байна” гэв.
3.3. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Г.Б*******аас тус шүүхэд гаргасан Байгалийн түүхийн музейд холбогдуулан гаргасан Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж болох 6,342,513.81 төгрөгийг дутуу олгосон болохыг тогтоож нөхөн гаргуулж өгөхийг Байгалийн түүхийн музейд даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна.
Байгалийн түүхийн музейн захирлын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/49 дүгээр тушаал, Г.Б*******тай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалт, Монгол улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг үндэслэн сүүлийн 3 жилийн цалингийн дундаж болон ажилласан жилийг бодон тооцоолон гаргасан баримтыг хавсаргасан.” гэв.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэмж тайлбарлахдаа: “Анх гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнгээ өөрчилж бичихдээ баримталсан заалтыг харлаа. Засгийн газрын тогтоолд энэ талаар заасан байгаа учраас тайлбарлах зүйлгүй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Байгалийн түүхийн музейн захирлын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ******* дүгээр тушаалаар музейн тайлбарлагч Г.Б*******ыг өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор чөлөөлөхдөө 1 удаагийн тусламж олгохоор шийдвэрлэж, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 12,572,000 төгрөгийг олгосон.
Нэхэмжлэгч нь 1 удаагийн тусламжийг дутуу олгосон хэмээн эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өөрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар авч байсан үндсэн цалин, бусад нэмэгдэл олговор багтсан дүнгээр сүүлийн 3 жилийн дундаж цалингаас тооцож, 1,351,065.27 төгрөгийг төрийн албанд ажилласан жилээр үржүүлж, 18,914,913.81 төгрөг олгогдохоос дутуу 6,342,513.91 төгрөгийн зөрүүг гаргуулахаар маргаж байсан бол шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал “авч байсан үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаас тооцсон нь үндэслэлтэй байна”, гэхдээ “Засгийн газрын тогтоолоор нэмэгдсэн 2023 оны 7 дугаар сар, 2024 оны 4-7 дугаар сарын үндсэн цалингийн хэмжээг буруу тооцсоноос үүссэн 1 удаагийн тусламжийн зөрүү 419,576 төгрөгийг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж тодорхойлсноор, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд үнэлэгдсэн бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн багасгаж тодруулсан шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
1. Хууль тогтоомжийн зохицуулалтын хувьд
Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-д зааснаар төрийн албан хаагч албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах нийтлэг баталгаагаар хангагдах бөгөөд 60 дугаар зүйлийн 60.1-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж, Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталж, 2020 оны 151 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 2.1-д “Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцно”, 2.2-т “...үндсэн цалингийн дунджийг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно” гэж журамласан.
2. Нэхэмжлэгч Г.Б******* нь 19 жил 5 сар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс төрийн албанд 14 жил 1 сар ажилласан гэж хариуцагч ажилласан жилийн тооцооллыг гаргасан, энэ ажилласан хугацааны тооцоололтой талууд маргаагүй.
Тодруулбал тэрээр 1990-1994, 1995-2000 оны хооронд ажилласан жилийг 9 жил 11 сараар нөхөн тооцуулсан, Т******* компанид 1995 оны 01 дүгээр сараас 1995 оны 05 дугаар сар хүртэл 4 сар, А*******д 2019 оны 06 дугаар сараас 1 сар, Үлэг гүрвэлийн төв музейд 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 7 сар, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 3 жил 6 сар, Байгалийн түүхийн музейд 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 5 жил ажилласан.
Дээрх Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 3.1-д 1 удаагийн тусламжийн хэмжээг тооцох ажилласан жилд оруулан тооцох хугацааг журамласан, тухайлбал 3.1.12-т нийгмийн шилжилтийн явцад ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний 1990-1995 оны хооронд ажилласан жил тасарсан иргэнд аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагаас зохих журмын дагуу олгосон баталгаажилтын хуудсыг үндэслэн ажилласнаар нөхөн тооцуулсан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд оруулж тооцохоор заасан тул нэхэмжлэгчийн 1990-1994 онд 4 жил 11 сар ажилласнаар тооцуулсан хугацааг 1 удаагийн буцалтгүй тусламж олгох 14 жил 1 сарын хугацаанд оруулж тооцсон байгааг дурдах нь зүйтэй.
3. Нэхэмжлэгчийн сүүлийн 3 жилийн үндсэн цалингийн дунджийг түүний төрийн албанд ажилласан жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлж бодож олгосон нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 2.1, 2.2-т журамласантай нийцсэн байна.
Тодруулбал, тэрээр 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлөгдсөн, цалингийн дундаж бодох сүүлийн 3 жилийг 2021 оны 8 дугаар сараас 2024 оны 7 дугаар сараар буюу хуанлийн 36 сараар тооцсон, нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны ТҮСБ-4 шатлалаар энэ хугацааны үндсэн цалингийн дунджийг түүний төрийн албанд ажилласан жилийн тоотой тэнцэх сарын тоогоор буюу 14.1-ээр үржүүлж тооцсон нь зөв байна.
4. Харин хариуцагч нь Г.Б*******ын үндсэн цалингийн дунджийг бодохдоо Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 241, 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 128 дугаар тогтоолоор төрийн үйлчилгээний соёлын байгууллагын албан тушаалын цалингийн доод хэмжээг шинэчлэн тогтоосныг баримтлаагүйгээс түүний 2023 оны 7 дугаар сар, 2024 оны 4, 5, 6, 7 дугаар сарын үндсэн цалингийн хэмжээг дутуу тооцож, 1 удаагийн тусламжийг 419,565 төгрөгөөр дутуу олгосон байх тул энэ зөрүүг хариуцагчаас гаргуулан олгохоор шийдвэрлэлээ.
Тодруулбал, 2021 оны 8 дугаар сараас 2022 оны 1 дүгээр сард тэрээр 674,681 төгрөгийн, 2022 оны 2 дугаар сараас 2023 оны 6 дугаар сард 709,760 төгрөгийн, 2023 оны 7 дугаар сараас 2024 оны 3 дугаар сард 1,273,000 төгрөгийн, 2024 оны 4 дүгээр сараас 7 дугаар сард 1,400,000 төгрөгийн үндсэн цалинтай байсан, сүүлийн 3 жилийн үндсэн цалин 33,171,006 төгрөг бөгөөд сарын дундаж цалин 921,416 төгрөгийг ажилласан жилийн тоотой тэнцэх сарын тоо 14.1-ээр үржүүлж 12,991,965 төгрөг олгогдох байжээ. Үүнээс олгогдсон 12,572,400 төгрөг, олгогдоогүй 419,565 төгрөгийн дутуу зөрүү үүсжээ.
Ийнхүү төрийн албан хаагчийн үндсэн цалингийн хэмжээг буруу тодорхойлсон нь, улмаар буцалтгүй тусламжийг дутуу тооцоолж олгосон нь Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 5.4-т “төрийн албан хаагчийн ажиллаж байсан байгууллагын дарга, хүний нөөц болон санхүү хариуцсан ажилтнууд энэ журмын дагуу тухайн төрийн албан хаагчийн төрийн алба хаасан хугацаа, үндсэн цалинг үнэн зөв тодорхойлох үүрэг хүлээнэ.” гэснийг зөрчсөн, хууль бус эс үйлдэхүй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг хангаж, 1 удаагийн буцалтгүй тусламжийг дутуу тооцож олгосон Байгалийн түүхийн музейн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 1 удаагийн тусламжийн зөрүү 419,565 төгрөгийг олгохыг даалгав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгох 1 удаагийн тусламжийг дутуу тооцож олгосон Байгалийн түүхийн музейн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 1 удаагийн тусламжийн зөрүү 419,565 төгрөгийг Г.Б*******д олгохыг Байгалийн түүхийн музейд даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Г.Б*******д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА