| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2018/0031/э |
| Дугаар | 43 |
| Огноо | 2018-02-22 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Ц.Роза |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 43
Сүхбаатар дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,
Улсын яллагчаар Ц.Роза
Шүүгдэгч Ч.Бын өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Ч.Быг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар: тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокуор Ц.Розагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Бад холбогдох эрүүгийн 1830000310023 дугаартай хавтаст хэргийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Онгон сумын 3 дугаар баг Х гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлэн тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан. Мөн Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, Ч.Б.
Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр:
Яллагдагч Ч.Б нь 2017 оны 09 дүгээр сард Сүхбаатар аймгийн Онгон сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Х гэх газраас иргэн С.Эын 2 үхрийг хулгайлж 600 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 11 сард С.Эын тугалтай үнээ манайд үлдээд манай үхрийг дагуулаад байхаар нь би идшиндээ хэрэглэсэн тугал нь манай үхэрт байсан. Би тугалтай үнээ өгсөн гэв. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэжээ.
- Шүүгдэгч Ч.Быг мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ...С.Эынх нүүдэл хийхдээ нуруу нь цоохор үнээ тугалтай нь үлдээгээд явчихсан. Уг 2 үхэр манай үхэрт нийлчхээр нь үхэртээ байлгаж байгаад 2017 оны 11 дүгээр сард идэш хийх үедээ үнээг нь идшиндээ хэрэглэсэн. Харин тугал нь үлдсэн. Би эхнэртээ ямар нэгэн зүйл хэлээгүй С.Эаас худалдаж авсан гэж хэлсэн. Би үнээг нь идшиндээ хэрэглэсэн гэж С.Эад үнэнээ хэлээд цагдаад битгий хэлээрэй гээд оронд нь тугалтай үнээ өгсөн. С.Эын үхэр гэж мэдэж байсан бөгөөд ирж авахгүй болохоор нь хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /хх-6-7/
- Хохирогч С.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сүхбаатар аймгийн Онгон сумын 3 дугаар багийн нутаг Х гэх газраас 2 үхэр алга болоод эрж хайж байгаад олохгүй өвөлжөөрүүгээ нүүсэн. Ойр хавиар болон бусад айлын үхэрт хайсан чинь Ч.Бын үхэрт алга болсон тугалтай үнээний тугал нь байсан. тэгээд уулзсан чинь үнээг нь идшиндээ хэрэглэсэн цагдаа, шүүх гээд яахав гээд тугалтай үнээ өгсөн. Ч.Баас нядалсан үнээний тугалыг аваагүй надад гаргах гомдол санал байхгүй ” гэх мэдүүлэг, /хх-3-4 /
- Онгон сумын үнэлгээ тогтоох комиссын, эд зүйл, малын үнэлгээ./хх-12/
- Шүүгдэгч Ч.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-17/
-Сүхбаатар аймгийн Онгон сумын 1-р багийн засаг даргыг 2018.01.13-ны
өдрийн 68 дугаартай тодорхойлолт /хх- 15/ зэрэг болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Ч.Б нь 2017 оны 09 дүгээр сард Сүхбаатар аймгийн Онгон сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Х гэх газраас иргэн С.Эын тугалтай үнээг нь хулгайлж 600 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч С.Эын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, Уулбаян сумын үнэлгээ тогтоох комиссын малын үнэлгээ, зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Ч.Бын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байна.
Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч Ч.Буд нь өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор бусдын малыг хулгайлсан нь шүүгдэгч Ч.Бын...“ С.Эынх нүүдэл хийхдээ нуруу нь цоохор үнээ тугалтай нь үлдээгээд явчихсан. Уг 2 үхэр манай үхэрт нийлчхээр нь үхэртээ байлгаж байгаад 2017 оны 11 дүгээр сард идэш хийх үедээ үнээг нь идшиндээ хэрэглэсэн” гэх, хохирогч С.Эын “...Ойр хавиар болон бусад айлын үхэрт хайсан чинь Ч.Бын үхэрт алга болсон тугалтай үнээний тугал нь байсан. тэгээд уулзсан чинь үнээг нь идшиндээ хэрэглэсэн цагдаа, шүүх гээд яахав гээд оронд нь тугалтай үнээ өгсөн...” гэх мэдүүлгүүдээр тус тус хэрэгт нотлогдоно.
Шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тухайлбал, тэрээр бусдын эд хөрөнгийн хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа, шунахай сэдэлтээр, мал хулгайлж бусдын өмчлөх эрхэнд зориуд хохирол учруулсан байна. Хэргийн байдлыг нотлох дээрх баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн хэрэг бүртгэлтийн явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Ч.Быг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгч Ч.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ч.Б нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Б нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг, баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ч.Быг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 .12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.Быг 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар ялтан Ч.Бад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4-өөс дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан Ч.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ч.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Ялтан Ч.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Эад учруулсан хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР