Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2024/0917

 

 

 

 

 

 

 

    2024          11           19                                   128/ШШ2024/0917    

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А******* /РД:*******/,

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга,

Маргааны төрөл: Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргасан хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч цагдаагийн хурандаа А.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цагдаагийн хурандаа Б.Б*******, цагдаагийн хурандаа Б.*******, цагдаагийн дэд хурандаа Б.Г, цагдаагийн ахмад Э.Б нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг М.Дэлгэрмөрөн хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:   

1.1. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаар “цагдаагийн хурандаа А.А*******ид сахилгын шийтгэл оногдуулж, албан тушаал бууруулсан” тушаалыг хүчингүй болгуулах, урд нь эрхэлж байсан Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, албан тушаал өөрчлөгдсөн хугацаанд дутуу авсан цалин хөлсний зөрүүг гаргуулах, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дүгээр албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.С хүргүүлсэн мэдэгдлийн биелэлтийг хангахаас татгалзсан Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоож, биелэлтийг хангахыг даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаар тушаалаар цагдаагийн хурандаа А.А*******ийг итгэмжлэн хариуцуулсан эд мөрийн баримтаар хураагдсан сумны талаар эрх бүхий байгууллагаар шийдвэр гаргуулахгүй дур мэдэн захиран зарцуулсан, түүнд хяналт тавих чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэх үндэслэлээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулж Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын даргын албан тушаалаас 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Шуурхай удирдлагын хэлтсийн ерөнхий зохицуулагчаар томилсон.

2.2. Цагдаагийн хурандаа А.А*******ийн гомдлоор хянаад Төрийн албаны зөвлөлийн гишүүний 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дүгээр албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын даргад “сахилгын шийтгэл оногдуулсан тушаал хууль зүйн үндэслэлгүй” тушаалаа өөрчилж хариу ирүүлэхийг мэдэгдсэн.  

2.3. Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дүгээр албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн гишүүнд “сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хууль зүйн үндэслэлтэй” хэмээн хариу өгснөөр  цагдаагийн хурандаа А.А******* 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан.

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:  “Миний бие цагдаагийн хурандаа А.А******* нь цагдаагийн байгууллагад тасралтгүй 27 жил ажиллаж байгаа бөгөөд Зөрчлийн хэрэг бүртгэх албаны Захиргаа, дүн шинжилгээ, дотоод хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байгаад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын даргаар томилогдон ажилласан.

Хөвсгөл аймагт томилогдон ажиллах хугацаандаа байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажлыг мэргэжлийн удирдлагаар ханган, алдаа дутагдалгүй ажиллаж, алба хаагчдын нийгмийн асуудлыг сайжруулах чиглэлээр тодорхой, үр дүнтэй ажил, арга хэмжээг зохион байгуулж ажилласан.

Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт Дотоод хяналт-аюулгүй байдлын газрын ахлах байцаагч, цагдаагийн хурандаа Б.Наар ахлуулсан бүрэлдэхүүн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ирж ажиллан, тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шүүхээс шилжүүлсэн хураагдсан эд зүйлийг үрэгдүүлсэн гэх асуудлаар албаны шалгалт явуулсан.

Ингээд шалгалтын дүнг Цагдаагийн ерөнхий газрын удирдлагад танилцуулснаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаар тушаалаар надад "Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулж, Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын даргын албан тушаалаас 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 28-ны өдрөөс Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Шуурхай удирдлагын хэлтсийн ерөнхий зохицуулагчаар томилсон.

Миний бие Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байхдаа цалингийн шатлалын ТТ-2 ангиллаар цалинжиж байсан бөгөөд албан тушаал бууруулж томилсон албан тушаалын цалингийн шатлал нь ТТ-5, бусад нэмэгдлүүд хасагдсан байгаа нь даруй 3 шатлал бага буюу миний эрх зүйн байдлыг хэт дордуулсан шийдвэр гарсан. Тодруулга, миний бие 2005 оноос тасгийн даргатай адилтгах буюу ахлахын албан тушаал, 2016 оноос тасгийн дарга, чиглэлийн ахлах, хэлтсийн дарга, газрын даргаар шат дараалан олон шалгуурыг даван ажилласан.

Түүнчлэн сахилгын шийтгэл оногдуулахдаа албаны шалгалтын материал танилцуулаагүй, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны дугаартай тушаалын үндэслэсэн хууль тогтоомж нь тушаал гаргах үндэслэлд хамааралгүй зохицуулалтуудыг баримталсан, төрийн албан хаагчийн шатлан дэвших зарчмыг алдагдуулсан байх тул уг тушаалыг хууль ёсны гэж үзэх боломжгүй байгаа талаар хуульд заасан хугацааны дотор Төрийн албаны зөвлөлд хандсан.

Төрийн албаны зөвлөлөөс маргаан хянан шийдвэрлэх комисс томилон ажиллуулж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаар тушаалаар цагдаагийн хурандаа А.А*******ид сахилгын шийтгэл оногдуулж, албан тушаал бууруулсан нь эрх зүйн үндэслэлгүй байх тул тушаалыг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор өөрчилж, хариу мэдэгдэхийг Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дугаартай албан бичгээр мэдэгдсэн ч Цагдаагийн ерөнхий газраас хуульд заасан хугацааны дотор хэрэгжилтийг хангахгүй, хариу албан бичиг явуулсан үйлдэл, эс үйлдэхүйгээрээ миний хууль ёсны эрх, ашгийг зөрчиж байна.” гэжээ.

            3.2. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Маргаан бүхий захиргааны акт нь Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, миний нэр төр, алдар хүндэд ноцтой халдсан, эрх зүйн байдлыг хэт дордуулсан талаар миний бие тайлбар гарган өгсөн.

Юуны өмнө маргаан бүхий захиргааны актад цагдаагийн хурандаа А.А******* нь “итгэмжлэн хариуцуулсан эд мөрийн баримтаар хураагдсан сумны талаар эрх бүхий байгууллагаар шийдвэр гаргуулахгүй дур мэдэн захиран зарцуулсан” гэж заасан нь шууд утга найруулга, агуулгаараа А.А******* гэж хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйл (Хөрөнгө завших)-ийн 17.4.2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хүнд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж үзсэн байгаа юм.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн 40.2.3 дахь заалтыг тус тус ноцтой зөрчсөнөөс гадна миний нэр төр, алдар хүндэд ноцтой хохирол учруулахаар байна. Нэр хугарахаар яс хугар гэдэг монгол ардын зүйр үг байдаг. Миний бие цагдаагийн байгууллагад 1997 онд сонсогчоор элсэн орсноосоо хойш 27 жилийн хугацаанд ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдолгүй, хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэй гүйцэтгэн, сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээгээр А буюу маш сайн үнэлгээ авч, сахилга, ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй. Үр удмаа үлдээж, тэдэндээ үлгэрлэн манлайлагч, чиглүүлэгч нь байх нь эцэг, эх, хүмүүний ёсон. Гэтэл энэ маргаан бүхий захиргааны актад гэмт хэрэг үйлдсэн мэтээр ташаа зүйлийг тусгасан нь миний үр хүүхэд, хань ижил, тэдгээрийн ойр дотны хүмүүст ямар ойлголт төрүүлэх вэ гэдэг нь маш ноцтой асуудал. Бид бүгд л тодорхой цаг хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж, тэтгэвэртээ суудаг. Энэ захиргааны акт энэ хэвээрээ үлдвэл 10, 20, 50 жилийн дараа ч хусаад арилахгүй толбо түүхэнд үлдэнэ. Миний 20, 30 орчим жил гэмт хэрэгтэй тэмцэж, нийгмийн буруу, булхай зүйлийн эсрэг явсан нэр төр минь байхгүй болж болохоор байна гэж үзэж байна.

Маргаан бүхий захиргааны актад Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дүгээр зүйлийн 37.1.2, 37.1.7, 37.1.13, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.7, 2.1.8, албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 1.1, 1.6, 5 дугаар зорилтын 5.2-т заасныг тус тус зөрчсөн гэж заасан нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь заалт, 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6 дахь заалт, 47.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж байгаа тул энэхүү захиргааны акт нь илт хууль бус, эрх зүйн үндэслэлгүй, шууд нэг талыг баримталсан гэж үзэхээр байгаа юм.

Энэ зөрчсөн гэж заасан хуулийн заалтуудын талаар миний бие урд өмнө нь тайлбар гаргаж өгсөн. Маргаан бүхий захиргааны актад А.А******* гэж хүн нь өргөсөн тангаргаасаа няцсан, нийтийн ашиг сонирхолд захирагдаагүй, ашиг сонирхлын зөрчилд автсан, хууль бус, шударга бус явдалтай эвлэрсэн, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, байгууллагын соёл, дэг журмыг зөрчсөн, төрийн албаны нэр хүндийг гутаасан гэж заасан нь хэн ч харахад аймшигтай гэмт хэрэг үйлдсэн мэтээр тусгасан байгаа юм. А.А******* гэж хурандааг ямар ч байдлаар буруутгахыг зорьж, олонд муугаар харагдуулах хуулийн заалтуудыг сонгон өрж, тавьсан байна гэж үзэж байгаа.

Үүгээр ч барахгүй Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ******* дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.7, 2.1.8 дахь заалт огт байхгүй байхад эдгээр заалтыг зөрчсөн гэж захиргааны актад тусгасан байна.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дүгээр тушаалаар баталсан Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтын холбогдох заалтуудыг зөрчсөн гэж тусгасныг харахаар А.А******* гэж хүн нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаагүй, гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиг үүргээ хэрэгжүүлээгүй мэт тусгасан байна. Миний бие хариуцсан нэгжийн хэмжээнд хууль тогтоомж, дээд байгууллагын тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр бусад байгууллага, албан тушаалтнуудтай тухай бүрд нь мэдээ, мэдээллээ солилцон ажиллаж, Монгол Улсад үйлдэгдээд илрээгүй байсан, олны анхаарал татсан хэргүүдийг илрүүлж, үйл ажиллагааны үр дүнгээр хангалттай сайн үнэлэгдэж байсан.

Албаны шалгалт хийгдэж байх хугацаанд буюу сүүлийн 2 сарын хугацаанд Цагдаагийн ерөнхий газрын даргын удирдамжтай 3 ажлын хэсэг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт шалгалтаар ирж, шалган зааварчлах ажил хийсэн бөгөөд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа талаар мэдэгдсэн.

Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нарын ажил дүгнэх шалгуур үзүүлэлт, 2024 оны 1 дүгээр улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтээр хангалттай үнэлэгдэж, бусад газар хэлтсээ хошуучлан ажилласан тул 4 дүгээр сарын цалингийн урамшуулал 2,000,000 гаран төгрөгийг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар олгосон баримтыг хэргийн материалд авагдсан цалингийн дэлгэрэнгүй задаргаанаас харж болно.

Маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болсон албаны шалгалтыг хийхдээ маш олон тооны ноцтой зөрчлүүд гаргасан. Албаны шалгалтыг цагдаагийн хурандаа цол автлаа ажилласан 2 хүн удирдаж, маш олон тооны хүн хүч дайчлан ажилласан боловч А.А******* гэж хүний буруутай үйл ажиллагааг тогтоогоогүй, хувийн байдлыг тогтоох буюу хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ямар ч ажиллагаа хийгээгүй, энэ хүний буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг тогтоогоогүй, сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж үзэхээр байгаа.

Албаны шалгалтыг Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-аюулгүй байдлын газрын ахлах байцаагч, цагдаагийн хурандаа Б.Н, С.Х, цагдаагийн хошууч Ч.Н нар хийсэн. Ажлын хэсэг 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн төвд ирсэн. Ирсэн талаар миний бие сонсоод ямар асуудал шалгахаар ирснийг мэдсэн. Ажлын хэсэг 04 дүгээр сарын 01-ний өглөө 07 цаг 00 минутад Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт ирж, жижүүрийн албанаас цагдаагийн газрын дарга намайг дуудуулсан. Миний бие 07 цаг 20 минутад ажил дээр ирсэн. Яагаад цаг ярьж байгаа гэхээр албаны шалгалт эхэлсэн, хэргийн материалд авагдсан алба хаагчдыг хичнээн цагаар өрөөндөө байлгаж тайлбар авсан. Ажлын хэсгээс Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын ахлах нягтлан бодогч, нягтлан бодогч нарыг 07 цаг 45 минутад дуудуулж, 08 цаг 10 минутад тэдэнтэй уулзсанаас хойш оройн 21 цаг хүртэлх хугацаанд нэг зүйлийг олон удаа асуух зэргээр тайлбар авсан.

Энэ байдлаар хууль зөрчин байж авсан нотлох баримтуудыг харахаар шууд нотлох баримт гэж үзэх нэг хүний тайлбар байгаа. Нотлох баримтын төрлүүдээс шууд нотлох баримтаар үнэлэгдэх нь цагдаагийн газрын ерөнхий нягтлан бодогч Н.Эын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 15 цаг 17 минутад өгсөн тайлбар. Тайлбарыг өглөөний 08 цаг 10 минутад эхэлж оройн 21 цаг 00 минутад дууссан. Мөн маргааш өглөө болон орой нь гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг байцааж байгаа юм шиг нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү оруулж байцаасан. 2 өдрийн хугацаанд ямар ч хүнтэй уулзуулахгүй, утсаар яриулахгүй байсан.

Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн нотлох баримттай миний бие танилцсан. Н.Эын 2024 оны 04 дугаар сарын 01-ний өдрийн 15 цаг 17 минутад өгсөн тайлбар “... дарга нар авч ашиглаад байж болдог юм чинь сумыг зараад зарим өрөө дарж болдоггүй юм уу гэж газрын даргад танилцуулсан. А.А******* дарга сум зарах талаар би огт мэдэхгүй гэж хэлсэн. Өмнө нь ажиллаж байсан дарга нараас гаргуулж төлүүлэхгүй юу гэж хэлсэн. Удалгүй 08 дугаар сарын эхээр Т худалдааны төвийн нягтлан надаас асуухаар нь  хурандаа А.А*******ид ахин танилцуулсан. Нөгөө сумаа зараад тал өрөө барагдуулъя, өмнө нь ажиллаж байсан дарга нар газрын даргын зөвшөөрлөөр авч хэрэглэдэг байсан байна лээ гэхэд би мэдэхгүй чи учрыг нь ол би мэдэхгүй гэхээр нь няравын сейфенд байсан сумыг зарж болно гэж ойлгоод ажил тарсны дараа Л, М нарыг дуудаж сумыг гарган ширээн дээр тавьсан. Үүний дараа буцаж авч яваад өөрийн машины гараашинд тавьсан” гэсэн тайлбарыг авсан. Энэ тайлбарын тухайд юу хэлэх вэ гэхээр би ямар нэгэн байдлаар зааварчилгаа өгч байгаагүй. Энэ шууд нотлох баримтыг л шалгагч нар авах гэж бүтэн өдөржин, шөнөжингөө энгийн сургууль төгссөн, эрх зүйн ямар ч мэдлэггүй нягтлангаас айлган сүрдүүлж, хууран мэхэлж, цохилдуулан асууж авсан байгаа юм.

Ингээд дээрх өдрийн тайлбараас гадна дараагийн өдөр нь бүүр ондоо “А.А******* дарга бараг тооцооноос хэд хасагдсан гэж асуусан” гэх мэт асуудлуудыг оруулаад тайлбар авсан байсан. Н.Эын хувьд сургууль төгсөөд 3, 4 жил ажилласан алба хаагч байгаа. Уг алба хаагчийг “энэ гэмт хэрэг бөгөөд чи гэмт хэрэгт холбогдохгүй. А.А******* дарга сахилгын шийтгэл авна” гээд өөрөөр нь чөлөөлөгдөх хүсэлтийг бичүүлж чөлөөлөх тушаал гаргаад, одоо бол “өөрийн хүсэлтээр цагдаагийн байгууллагаас чөлөөлөгдөж гарсан” гэсэн байгаа.

Харин Л, М нарын тайлбарт “Н.Э ахлах нягтлан тэгж хэлсэн, бид газрын дарга зөвшөөрсөн гэж ойлгосон” гэх мэтээр шууд бус, дамжмал нотлох баримтын шинжтэй өгүүлбэр, агуулгыг оруулж өгсөн байна.

Болсон асуудлаас дурдвал, эд мөрийн баримт гэх 5 нэр төрлийн 10350 ширхэг сумыг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт тус цагдаагийн газрын даргаар 2020-2021 онд ажиллаж байсан цагдаагийн дэд хурандаа Д.Д ажиллаж байх үед шилжүүлсэн боловч, эд мөрийн баримтаар хүлээн авч, тэмдэглэл үйлдээгүй, галт зэвсэг сум хэрэглэл хадгалах зориулалтын өрөө тасалгаанд хадгалаагүй, тухайн үед няраваар ажиллаж байсан н.М, н.М нарын ажлын өрөөнд хадгалсан байдаг.

            Д.Д 2021 онд өөр ажилд шилжиж, цагдаагийн хурандаа Т.Г ажил хүлээн авах үед сумыг мөн хүлээлцээгүй, харин Д.Д, Т.Г нарыг цагдаагийн газрын даргаар ажиллаж байх хугацаанд сургалт, буюу бусад ажилд 748 ширхэг сумыг зарцуулсан нь албаны шалгалтаар тогтоогдсон гэж үздэг. Албаны шалгалтын хүрээнд цагдаагийн газрын нярав, нягтлангаар ажиллаж байсан алба хаагчид өөрийн бүртгэл, тэмдэглэлээр цагдаагийн хурандаа А.А*******ийн өмнө нь ажиллаж байсан дарга нарын үед дээрх 748 ширхэг сумыг зарцуулсан талаарх баримтыг гаргаж өгсөн.

Харин намайг 2022 оны 11 дүгээр сард ажил хүлээж авахад ямар нэгэн баримтаар дээрх сумыг хүлээлгэн өгөөгүй, сар, улирал тутамд эд мөрийн баримтын тооллого хийж, хяналт тавин ажиллахад эд мөрийн баримтаар хураагдсан сумны талаарх мэдээлэл гарч ирээгүй, дээрх их хэмжээний сум нь нярав, нягтлангийн өрөөнд хадгалагдаж байсныг миний бие дараа нь 2024 оны 04 дүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд албаны шалгалт явуулах үед мэдсэн.

Их хэмжээний гэж яагаад тодотгож байгаа гэхээр ахлах нягтлан бодогч Н.Э 2023 оны 8, 9 сарын үед “...урд өмнө нь дарга нарын ашиглаж байсан хэдэн ширхэг сум байгаа, эдгээр сумыг зарж үрж болдоггүй юм уу” гэх агуулгатай асуулт асуухад нь миний бие “...өмнөх дарга нарын үед байсан асуудлыг би үргэлжлүүлэхгүй, хууль зөрчиж болохгүй, дутсан байдаг бол өмнөх хүмүүстэй нь холбогдоод төлүүлэх арга хэмжээ аваарай” гэж хэлж байсан. Тухайн үед би тийм их хэмжээний сум байна гэж бодоогүй 2, 3 хайрцаг сумны асуудал гэж ойлгож байсан. Учир нь өмнөх газрын дарга бол миний ангийн хүүхэд, би тэр хүний үеийн юмыг ухаж, чи ингэсэн байна, тэр ингэсэн байна гэж ярих хүсэл, мөн ёс зүй хүрээгүй юм.

Сумыг авч, сургалт болон бусад ажилд захиран зарцуулсан тэмдэглэл нь нярав, нягтлан нарт хадгалагдаж байсан, намайг ажил авснаас хойш энэ сумны талаар надад танилцуулаагүй, түүнээс 1 ширхэг ч сумыг захиран зарцуулаагүй талаар нярав, нягтлангууд албаны шалгалтын хүрээнд тайлбар гарган өгсөн байдаг. Цагдаагийн байгууллагад ажиллаж байх хугацаандаа холбогдох эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх журмыг боловсруулах үед нь би ажиллаж байсан учраас эд хөрөнгө хамгаалах комисс, Засаг даргаас захирамж гарах зэрэг бүх процессыг мэдэж байгаа учраас ямар нэгэн шийдвэр өгөөгүй.

Дээрх сумыг хууль бусаар захиран зарцуулсан эсэхийг шалгуулах зорилгоор Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст Цагдаагийн ерөнхий газраас албан бичиг хүргүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллагдагчаар татсан асуудал байхгүй.

            Албаны шалгалт хийх ажлын хэсэг 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Мөрөн суманд ирсэн талаар миний бие сонсож, нярав, нягтлан нараас “манай газарт 2020 онд ирүүлсэн сумны асуудлаар шалгалт ирсэн байна. Энэ талаар мэдэх зүйл байна уу” гэхэд тэд “...урд өмнөх дарга нарын сургалт болон бусад ажилд авч хэрэглэж байсан сумнууд байдаг. Одоо тэр сумнуудыг гадагш гаргаад гараашинд хадгалж байгаа” талаар мэдэгдсэн тул миний бие “буцааж, цагдаагийн газрын байранд байршуулах” үүрэг өгсөн. Тухайн үед ямар учраас гаргасан бэ гэхээр манайд төлөвлөгөөт иж бүрэн шалгалтыг хийх ёстой байсан. Нэгэнт өмнө нь олон дарга ашиглаад дутчихсан болохоор би гаргачихсан юм гэдэг агуулгатай зүйлийг ярьж байсан. Тухайн үед нь шалгалт ирсэн учраас байх ёстой газар нь оруулаад тавьж шалгуулаад дутуу зүйлийн талаарх тооцоог гаргаж өгөхийг хүссэн байдлаар хэлсэн. Миний нэг боддог зүйл нь нэг хамт олон хэзээ ч бие биеийгээ түлхэж болохгүй, ямар нэг алдаа гарсан тохиолдолд дэмжиж ажиллах ёстой гэж ажиллаж байх хугацаандаа боддог.

Т худалдааны төвийн өрний асуудал гэж ярьдаг. Энэ нь манай аймгийн аялал жуулчлалын онцлогтой холбоотой зочдыг хүлээн авах, үдэх, бэлэг дурсгалын зүйл гардуулах гэх асуудалтай холбоотой 2018 оноос хойш буюу А даргын үеэс хойших өрний асуудал, Д, Г дарга нараар дамжаад үлдсэн өр байгаа юм. Үүнд 1 төгрөгийг ч аваад хувьдаа зарцуулчихсан зүйл байхгүй. Зөвхөн 2023 он гэхэд л цагдаа, дотоодын цэргийн туг цэнгүүлэх үйл ажиллагаанд ирсэн 45 хүн, цагдаагийн ахмадууд гээд 45 хүн гэх мэтээр их олон зочид ирдэг. Энэ бүх асуудалд зарцуулсан өр нь зөвхөн надтай холбоотой өр учраас миний бие өмнө нь ажиллаж байсан газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Г нь миний ангийн хүүхэд тул өөрийнхөө өрийг, түүний тавьсан өртэй нь хамт Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хаус хорооллын зориулалтаар авсан өмчлөлийн газраа Т худалдааны төвийн захиралд зарж, өрөө дарахаар тохирсон байсан. Ийм учраас надад ямар нэгэн байдлаар эд мөрийн баримт зарж борлуулах шаардлага байгаагүй. Энэ асуудал бол иргэний эрх зүйн харилцаатай холбоотой. Миний бие Т худалдааны төвд миний үед болон Т.Гийн үед тавигдсан өрнүүдийг албаны шалгалт хийгдэж байх хугацаанд 3 хоногийн дотор бүрэн төлж барагдуулсан байгаа. Байгууллагад хохирол учруулсан зүйл огт байхгүй. Бэлэг дурсгалын зүйл авна гэж гэрээ байгуулж гарын үсэг зурсан зүйл байхгүй.

Миний бие ажил хүлээн авснаас хойших хугацаанд улирал бүр Цагдаагийн ерөнхий газарт сургалтад шаардлагатай сум, галт хэрэглэлийн тоогоо хүргүүлж, холбогдох сургалтуудыг хууль тогтоомжийн хүрээнд явуулж байсан учраас надад сургалтад, эсхүл өөр ямар нэгэн зориулалтаар сум хайх хэрэг байгаагүй. Тийм ч учраас миний үед тэр эд мөрийн баримт гэх сумнаас нэг ширхэг ч дутаагүй юм. Манай цагдаагийн байгууллагад сургалтад ашиглах сумны нөөц хангалттай байсан. Үүнийг шалгалтын ажлыг хэсэг ирээд сумны рентген, сумны нөөцөд үзлэг хийж шалгасан. Үүнээс нэг ч сум дутаагүй, бүгдийг нь зориулалтын дагуу ашиглаж байсан гэсэн асуудал тогтоогдсон.

Албаны шалгалтын хүрээнд нотлох баримт хангалтгүйгээс гадна, хүндрүүлэх, хөнгөрүүлэх болон хувийн байдлыг тогтоох ажиллагаа огт хийгдээгүй, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны ******* дугаартай тушаалын хавсралтаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын Байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх (код 112) журам, Сахилгын шийтгэл оногдуулах (код 914) журмыг тус тус ноцтой зөрчсөн байгаа юм.

Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.4.2-т “сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохирсон байх”, 1.4.5-д “хууль зүйн үндэслэлтэй байх” зарчмыг тус тус заагаад мөн журмын 3.3-т “зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар, гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэр, алба хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг болон үйлдэл, эс үйлдэхүйн хоорондын хамаарал, урд өмнө нь сахилгын зөрчил гаргаж байсан эсэх, сахилгын зөрчлөөс учирсан хор хохирол зэргийг тогтоосны үндсэн дээр сахилгын шийтгэл ногдуулах”-аар заасан. Дээрх нөхцөл байдлууд огт тогтоогдоогүй гэж үзэж байна. Миний бие эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, Хуулийн хэлтсийн ахлах байцаагч, Дорнод аймгийн цагдаагийн газарт, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаах тасгийн дарга, Зөрчлийн хэрэг бүртгэлтийн албаны Дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрын даргаар ажиллах үедээ нэг ч удаа зөрчил гаргаж, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй.

Мөн шийдвэр гаргах үе шатанд ноцтой алдаа гарсан гэж үздэг. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын Байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх (код 112) журмын 112.8 дугаар зүйл (хуучин хүчин төгөлдөр үйлчилж байсан)-д “шалгагч нь албаны шалгалтын явцад цугларсан баримтад үндэслэн дор дурдсан шийдвэрийн аль тохирохыг нь гаргах”-аар заасан байхад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гэж үзэн холбогдох байгууллагад шилжүүлэх шийдвэр гаргачхаад тухайн байгууллагаас асуудлыг шалгаж дуусаагүй байхад албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан нь тухайн журмыг болон Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хуулийг зөрчиж байна. Тодруулбал, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.8 дахь хэсэгт “цагдаагийн алба хаагчийн холбогдсон эрүүгийн болон зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд ёс зүй, сахилгын хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэрэг, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай шийдвэр гарсан өдрөөс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасан байхад албаны шалгалтын хүрээнд зөвхөн албан тушаалаас чөлөөлөхийг урьтал болгон 2 шийдвэрийг давхардуулан гаргасан. Хуулийн зохицуулалт байна, шалгаж дууссаны дараа оногдуулдаг зохицуулалттай.

Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно гэснийг ноцтой зөрчиж байна.

Мөн маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа надад холбогдуулан явуулсан албаны шалгалтын материалтай танилцуулаагүй, сонсох ажиллагаа үйлдэж, цахимаар ч болтугай тэмдэглэлийг ирүүлээгүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагааны процессыг буюу Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Дараагийн дугаарт, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулах эрх зүйн зохицуулалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Дээр дурдсан сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад давтан зөрчил гаргасан байхаас гадна дараах зохицуулалт үйлчилж байна. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтад “албан тушаалын тодорхойлолт гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг ойлгох”-оор зааж, мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно” гээд 45.1.1 дэх заалтад “хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн”, 45.1.2 дахь заалтад “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон”, 45.1.3 дахь заалтад “хуульд заасан бусад үндэслэл” гэж заасан байхад мэргэжил, боловсрол, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, чиг үүргийн хэрэгжилтээрээ албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх боломжтой надад албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт Цагдаагийн албанд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг харгалзан албан тушаал дэвшүүлж, бууруулна гэж заасан. Миний бие 2022 онд 3 жилийн хугацаатайгаар цагдаагийн мэргэжлийн зэргийн шалгалтаа өгч, сар бүр 25 хувийн нэмэгдлээ авч байгаа, 2022, 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээгээр хангалттай сайн үнэлэгдсэн. Албаны шалгалт явуулсны дараах хугацаанд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус 4 шалгалт ирсэн боловч хангалтгүй хэрэгжүүлсэн талаарх дүгнэлт гаргаагүй. Газар, хэлтсийн даргын албан тушаалд зарласан сонгон шалгаруулалтыг өгч, хэлтсийн даргаар томилогдсоныг мөн дурдах нь зүйтэй. Хэрэв албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзвэл газар, хэлтсийн дарга нарын ажил дүгнэх шалгуур үзүүлэлт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг үндэслэх ёстой. Гэтэл хангалтгүй гэсэн дүгнэлтийг ямар ч комисс дүгнэж гаргаагүй.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна гэж заасан тул албан тушаал бууруулах асуудлыг зөвхөн Төрийн албаны тухай хуульд зааснаар шийдвэрлэх эрх зүйн зохицуулалттай байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж заасан тул мөн албан тушаал бууруулах асуудлыг илүү нарийвчлалтай хуульчилсан Төрийн албаны тухай хуулийг баримтлах зохицуулалттай байна.

Цагдаагийн хурандаа А.А******* намайг анх Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын даргаар томилогдох үед тасгийн дарга, ахлахууд бүгд шинээр томилогдсон, орон тоо нэлээдгүй дутмаг, гэмт хэрэг, зөрчлийн тоон үзүүлэлт цар тахлын үеийнхээс эрс өссөн, орон нутгийн улс төр, төр захиргааны байгууллагуудын хамтын ажиллагаанаас хамааралтай санхүүжилтийн асуудал шийдвэрлэгддэггүй зэрэг хүндрэлүүд угтсаны зэрэгцээ зарим хэсэг бүлэг алба хаагчдын сахилга, ёс зүйн байдал онцгой анхаарал татаж байсан. Шинээр томилогдсон дарга, ахлахууд, алба хаагчдыг богино хугацаанд сурган дадлагажуулах, сул орон тоонд боломжит бүхий л байдлаар нөхөн хангалт хийх, алба хаагчдын сахилга, хариуцлагыг сайжруулах, ажил, албандаа хандах хандлагыг нэмэгдүүлэх, тэдгээрийн ажиллах орчныг сайжруулж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг ажлуудыг үе шаттай авч хэрэгжүүлснээр манай хамт олон улирал, хагас жил, бүтэн жилээр байнга гэмт хэргийн гаралтыг 30-40 хувь бууруулж, хохирол нөхөн төлүүлэлт, хэргийн шийдвэрлэлт, илрүүлэлтийг өсгөж, алба хаагчдын гар дээрх ажлын ачааллыг бууруулж чадсан.

Гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэх, таслан зогсооход нэн чухал, орчин үеийн шийдэл бүхий камерын хяналтын системийг бүрэн шинэчилж, 2 жилийн хугацаанд 500 орчим сая төгрөгөөр аймагт орох, гарах бүхий л хөдөлгөөнд дугаар танигч хяналтын камер, хөдөлгөөн ихтэй зах, худалдааны төвүүдийн орчимд нүүр, царай танигч хяналтын камер суурилуулснаас гадна архи, согтууруулах ундааны зүйл худалдан борлуулдаг, тэдгээрээр үйлчилдэг 22 аймгийн аж ахуйн нэгж байгууллагуудын хяналтын камерыг хяналтын төв серверт холбосноор эрэн сурвалжлах ажилд эрс өөрчлөлт гарсан гэж үздэг.

Иймд миний бие ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэвийн гүйцэтгэсэн гэж хэлмээр байна.

Дараагийн дугаарт Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хуульд тус тус албан тушаал нь шатлан дэвших журмаар томилогдохоор заасан.

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад "чадахуйн зарчим /мерит/" гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг ойлгохоор заасан.

Мөн маргаан бүхий захиргааны актаар ТТ-2 цалингийн зэрэглэлтэй буюу хурандаа цолны зэрэглэлтэй нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрын даргын албан тушаалд ажиллаж байсан алба хаагчид ТТ-5 цалингийн зэрэглэлтэй ахлахын албан тушаалд томилж, албан тушаал бууруулсан нь хууль, тогтоомж, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг ноцтой зөрсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, 3 цалингийн зэрэглэл бууруулж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан бөгөөд ингэхдээ эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа алба хаагчид мэдэгдэж, санал аваагүй юм.

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар баталсан Шуурхай удирдлагын хэлтсийн бүтцийн хавсралт хэсгийн албан тушаал, цолны зэрэглэл, цалингийн зэрэглэлээс үзэхэд 3 ангилал шатлал бууруулсан.

Улсын дээд шүүхийн 2012 оны 01 дугаар зөвлөмжийн 2.6-д ...ажил олгогч ийнхүү захиргааны санаачлагчаар ажилтны ажлын байрыг өөрчлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар ажилтны зөвшөөрлийг авсан байх учиртай гэж заасан. Энэ талаар надаас ямар нэгэн санал асуусан зүйл байхгүй.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, цалингийн дэлгэрэнгүй лавлагаагаар 2024 оны 04 дүгээр сараас цагдаагийн алба хаагчдын цалинг нэмж энэ оны 05 дугаар сард 5,015,850 төгрөгийн цалин авч байсан бол одоогийн албан тушаалд 3,948,500 төгрөг болж сард 1,067,350 төгрөгөөр дутуу цалин авч байна. Энэ албан тушаал бууруулсан ажилд 6, 7, 8, 9, 10, одоо 11 сар гээд 6 сар ажиллаж байна. Энэ хугацаанд хэрэв албан тушаалын үүргээ хангалтгүй биелүүлсэн юм бол миний ажлын үр дүнг үнэлэн 7 дугаар сард миний урд өмнө нь эрхэлж байсан ажлыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан алба хаагчид гүйцэтгэлийн урамшуулал олгосон байгаа.

Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журамд зааснаар Төрийн албаны зөвлөлд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны дугаар тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлийн маргаан хянан шалгах комисс маргаан бүхий захиргааны актыг хянан үзээд 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр дугаартай албан бичгээр маргаан бүхий захиргааны акт нь хууль зүйн үндэслэлгүй байгааг тогтоож, 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор өөрчлөхийг мэдэгдэж Цагдаагийн ерөнхий газрын даргад мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Гэтэл Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай албан бичгээр ...түүний гаргасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгаж байгаа эрх бүхий байгууллагаас албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх, таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр ирүүлээгүй, албаны шалгалтын явцад үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх байдал гаргаагүйг тодотгоод эрх хэмжээнийхээ хүрээнд маргаан бүхий захиргааны актыг гаргасан талаараа мэдэгдсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны зөвлөлийн маргаан хянан шалгах комиссын шийдвэрийг хариу албан бичиг явуулах үйлдлээрээ биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан.

Иймд дээрх хууль тогтоомж, дүрэм, журмыг ноцтой зөрчсөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсэж байна.” гэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч А.А*******ийн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

1/ "Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын алба хаагчид эрүүгийн хэргийн эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг хууль бусаар захиран зарцуулсан" гэх мэдээллийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-аюулгүй байдлын газрын алба хаагчид 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр уг мэдээллийг шалгах удирдамж батлуулан Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт ажилласан.

Шалгалтаар Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн 1902 дугаартай хэргийн эд мөрийн баримтаар хураагдсан 5 төрлийн 10352 ширхэг галт зэвсгийн сумыг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт шилжүүлж, хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт ирүүлэхийг даалгасан байна. Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас дээрх галт зэвсгийн сумнуудыг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан атлаа зохих журмын дагуу шийдвэрлэлгүйгээр албан бус хэрэгцээнд ашиглаж ирсэн нь тогтоогдсон.

Нэхэмжлэгч А.А******* нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын даргаар томилогдсоноос хойш дээрх галт зэвсгийн сумнуудыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэлгүй байсаар мөн аймагт үйл ажиллагаа явуулдаг “Т" худалдааны төвд цагдаагийн газраас 2019-2023 оны хооронд үүссэн өрийг төлөх зорилгоор 5 төрлийн 8793 ширхэг галт зэвсгийн сумыг А.А*******ийн зөвшөөрлөөр 2023 оны 12 дугаар сард "Т" худалдааны төвийн эздэд өгсөн нь тогтоогдсон.

Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурорын 2019 оны 240/480 дугаартай хамтарсан захирамж, тушаалаар баталсан "Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журам"-ын 5.1-д "Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт заасны дагуу эд мөрийн баримтыг шийдвэрлэж, энэ тухай баримтыг хавтаст хэрэгт хавсаргана.", мөн журмын 5.6-д "Бусад байгууллагад хадгалагдаж байгаа эд мөрийн баримтыг хадгалж байгаа тухайн байгууллага, албан тушаалтан хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, холбогдох баримтыг тухайн шүүхэд хүргүүлнэ." гэж тус тус заасан.

Шүүхээс итгэмжлэн хариуцуулж, шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн дээрх сумны талаар эрх бүхий байгууллагаар шийдвэр гаргуулахгүй дур мэдэн захиран зарцуулсан, үүнд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7, 37.1.13, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны А/201 дүгээр тушаалаар баталсан "Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм"-ийн 2.1.7, 2.1.8, "Албан тушаалын тодорхойлолт"-ын 1 дүгээр зорилтын 1.1, 1.6, 5 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна.

2/ Нэхэмжлэгчид Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.3-т зааснаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулахдаа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын даргын буюу цагдаагийн хурандаа цолны зэрэглэлээс цагдаагийн дэд хурандаа цолны зэрэглэлтэй албан тушаалд томилсон. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны А/62 дугаар тушаалаар Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Шуурхай удирдлагын хэлтсийн ерөнхий зохицуулагчийн цолны зэрэглэлийг цагдаагийн дэд хурандаа, цалингийн зэрэглэлийг ТТ-5 байхаар тогтоосон.

Түүнчлэн Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын алба хаагчдын үйл ажиллагаанд явуулсан шалгалтын талаарх дүн, оногдуулах гэж буй шийтгэлийн талаар шалгалтын ажиллагаа явуулсан алба хаагчаас 2024 оны 05 дугаар сарын 13, 16-ны өдрүүдэд тус тус нэхэмжлэгчид танилцуулж санал авсан байна.

Цагдаагийн төв байгууллагын дарга нь хууль тогтоомжид зааснаар алба хаагчийг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулийн 21.1.2-т зааснаар "цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;" чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.", 24.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ." гэж тус тус зохицуулсны дагуу алба хаагчийн гаргасан үйлдэлд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам (дотоод журам)-д зааснаар шалгалт явуулж, түүний буруутай үйлдэл, сахилга, ёс зүйн зөрчилд өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд сахилгын шийтгэл оногдуулсан.

Маргаан бүхий захиргааны акт (тушаал)-ыг түүнийг гэмт хэрэг үйлдэж, шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон гэх үндэслэлээр гаргаагүй, харин түүний үйлдэл нь Төрийн албаны тухай хууль, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм, албан тушаалын тодорхойлолтыг зөрчсөн гэх үндэслэлээр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд төрийн алба хаагчид сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй ба гаргасан зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан шийтгэл оногдуулах эрх зүйн зохицуулалттай.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цагдаагийн хурандаа Б.******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Галт зэвсгийн сумыг Монгол Улсын хэмжээнд Батлан хамгаалах, хууль сахиулах, спорт сувиллын чиглэлээр, иргэний зориулалтаар ашиглаж байгаа. Галт зэвсгийн сумыг Монгол улс үйлдвэрлэдэггүй. Гадаад улсаас импортолж оруулж ирдэг. Ингэхдээ эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрлөөр оруулж ирдэг онцгой бараа байгаа юм. Иргэдэд ан агнах зориулалтаар худалдан борлуулахдаа ч гэсэн галт зэвсгийн сургалтад суулгаж гэрчилгээ авсан, галт зэвсэг эзэмших эрх бүхий этгээдийн тусгай зөвшөөрлийг үзсэний үндсэн дээр хязгаарлалттай тоогоор олгодог. Гэтэл 2024 онд Хөвсгөл аймагт галт зэвсгийн их хэмжээний сумыг иргэнд ямар нэгэн зөвшөөрөлгүй гэдэг юм уу, хууль бусаар өр дарах зорилгоор өгсөн ийм асуудал болсон.

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид эрүүгийн хэргийн эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг хууль бусаар захиран зарцуулсан гэх мэдээллийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын алба хаагчид тус цагдаагийн газарт ажилласан байгаа. Шалгалтаар Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн... дугаартай хэргийн эд мөрийн баримтаар хураагдсан 5 төрлийн 10,352 ширхэг галт зэвсгийн сумтай холбоотой шүүхийн шийдвэр хэрхэн гарсан талаар даалгасан байна. Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас дээрх галт зэвсгийн сумуудыг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан атлаа зохих журмын дагуу шийдвэрлүүлэхгүйгээр албан бус хэрэгцээнд ашиглаж ирсэн нь албаны шалгалтаар тогтоогдсон.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэл үндэслэлгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа. Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ёс зүйн дүрмийн буруу заалт хэрэглэсэн гэж байна. 2022 онд Цагдаагийн алба хаагчийн сахилга ёс зүйн дүрмийг Цагдаагийн ерөнхий газрын дарга баталж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаад 2024 оны 05 дугаар сард шинэчлэгдсэн. Тэгэхээр нэхэмжлэгчийн үйлдэл нь 2023 оны 12 дугаар сараас 204 оны 04 дүгэр сарын хооронд хамаарч байгаа учраас тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрх зүйн хэм хэмжээ.

2020 онд Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан албан тушаалтан А.А*******ийг томилогдох хүртэл эрүүгийн хэргийн шүүхээс ирүүлсэн эд мөрийн баримтаар хураагдсан галт зэвсгийн сумуудыг өөрсдөө дур мэдээд зарцуулсан зүйл байгаа. Албаны шалгалт хийж үе үеийн дарга нар бүгдээрээ буруутай үйл ажиллагаа хийсэн нь тогтоогдсон. Өмнөх хоёр дарга Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан учраас тэр хоёрт сахилгын шийтгэл оногдуулаагүй. Түрүүн хэлсэнчлэн эрүүгийн хэргийн шүүхээс шилжиж ирсэн сумыг эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын дагуу шийдвэрлүүлээд улсын орлого болгуулах ч юм уу, хэн захиран зарцуулахаа эрх бүхий байгууллагаар тодорхой шийдвэрлүүлсний дараа үйл ажиллагаандаа хэрэглэх, зарцуулах эрх зүйн зохицуулалт боломж нь байсан. Гэтэл ямар ч шийдвэргүйгээр өөрсдөө зарцуулж байсан нь тогтоогдсон.

2023 оны 12 дугаар сард Т худалдааны төв болон цагдаагийн байгууллагын хоорондоо үүссэн өрийг төлөхөөр нягтлан бодогч галт зэвсгийн сумуудыг аваачиж өгсөн байдаг. Ингэхдээ нэхэмжлэгчид мэдэгдсэн талаарх баримт албаны шалгалтын хүрээнд авагдсан. 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр энэ асуудлаар Цагдаагийн ерөнхий газраас шалгалт ирж байна гээд мэдээлэл авсны дагуу буцаан цагдаагийн газарт хадгалсан үйл баримт байгаа.

Албаны шалгалтын хүрээнд олсон үйл баримтуудаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу баримтыг цуглуулж баримтжуулсан. Н.Э нягтлан бодогчийг айлган сүрдүүлсэн, дарамталсан гэдэг зүйлийг ярьж байх шиг байна. Шалгагч нарын зүгээс тайлбар авах ажиллагааг дотоод хяналт шалгалт явуулах үйл ажиллагааны журамд заасны дагуу явуулсан. Н.Эоос тайлбар авахдаа айлган сүрдүүлсэн, дарамталсантай холбоотой гомдол гарсан зүйл байхгүй учраас хэрэгт авагдсан баримтуудыг хуулийн хүрээнд цуглуулсан баримт гэж үзэж байнагэв.

3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цагдаагийн хурандаа Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Галт зэвсэг гэдэг нь их онцгой, тусдаа Галт зэвсгийн тухай хуулиар зохицуулагддаг. Аймгийн цагдаагийн газрын дарга гэдэг нь тухайн аймаг дахь цагдаагийн байгууллагын бүхий л эрх үүрэг, хяналтын хэрэгжүүлдэг тодорхой ганц субъект юм. А.А******* хурандаа энэ үүргийг Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газарт хэрэгжүүлж байсан. Эрүүгийн шүүхээс даалгасан, тусдаа журамтай хэрэгт хяналт тавих үүрэг нь ганц А.А******* хурандаад байсан. Учир нь тухайн үед Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын дарга албан тушаалтай маш онцгой субъектийн хувьд энэ асуудал ямар ч хамааралгүй мэтээр тайлбар гаргаж байгаад маш их харамсаж байна. Нэмж хэлэхэд цагдаагийн газрын дарга бүх зүйлийг мэддэг. Ялангуяа галт зэвсэг, сумтай холбоотой зүйл нь хүний амь настай шууд холбоотой. Мөн шүүхээс даалгасан зүйлийг мэдээгүй мэтээр тайлбарлаж байгаад харамсаж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч цагдаагийн хурандаа А.А*******ид Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаар тушаалаар “...итгэмжлэн хариуцуулсан эд мөрийн баримтаар хураагдсан сумны талаар эрх бүхий байгууллагаар шийдвэр гаргуулахгүй дур мэдэн захиран зарцуулсан, түүнд хяналт тавих чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж, холбогдох хууль, дүрэм журмыг зөрчсөн” үндэслэлээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулж, Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын даргын ажлаас чөлөөлж, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Шуурхай удирдлагын хэлтсийн ерөнхий зохицуулагчаар томилсон, тэрээр энэ шийдвэрийг эс зөвшөөрч тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, албан тушаал бууруулсан хугацааны цалин хөлсний зөрүүг гаргуулах, мөн түүний гомдлыг хянасан Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дүгээр албан бичгийн биелэлтийг хангахаас татгалзсан Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, биелэлтийг хангахыг даалгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн  нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгээр хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.А*******ийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, албан тушаал буруулсан хугацааны цалин, нэмэгдлийг зөрүүг тооцон нэхэмжлэгчид олгуулж, харин “Төрийн албаны зөвлөлийн 2024 оны дүгээр албан бичгийн биелэлтийг хангахаас татгалзсан Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, биелэлтийг хангахыг даалгуулах” шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Маргаанд хамаарах үйл баримтын хувьд,

1.1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор ... эд мөрийн баримтаар хураагдсан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн 5 төрлийн 10,352 ширхэг сумыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газраас Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж, мөн хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтыг хэрэгт ирүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэсэн, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2020 оны 3 дугаар сарын 25-нд эд мөрийн баримтыг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт шилжүүлсэн[1], цагдаагийн газрын дарга, дэд дарга бөгөөд эрүүгийн тасгийн даргад танилцуулснаар няравт хүлээлгэн өгч, галт зэвсэг хадгалах өрөөнд тусгай сейфэнд хадгалсан байна.    

1.2. Эрүүгийн хэргийн эд мөрийн баримтаар хураагдсан  сумыг нэр бүхий албан хаагч зориулалтын бусаар зарцуулсан гэх мэдээллээр Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-аюулгүй байдлын газраас 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 05 дугаар сарын 08-ны хооронд албаны шалгалт явуулсан. Алба хаагчийн буруутай үйлдэл байгаа эсэхийг шалгаж тогтоох зорилгоор явуулсан албаны шалгалтын дүнгийн танилцуулгаас үзвэл,

а/ 5 төрлийн 10,352 ширхэг сумаас 2020 оны 05 дугаар сараас 2022 он хүртэлх хугацаанд тухайн үед ажиллаж байсан дарга нарын зөвшөөрлөөр 8 алба хаагчид 748 ширхэг сумыг зориулалтын бусаар зарцуулсан, тодруулбал тус цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Дын зөвшөөрлөөр 2020 онд 360 ширхэг, 2021 оны 268 ширхэг, цагдаагийн дэд хурандаа Т.Гийн зөвшөөрлөөр 2022 онд 120 ширхэг сум зориулалтын бусаар зарцуулагдсан зөрчил албаны шалгалтаар тогтоогдсон[2].

б/ Албаны шалгалтаар цагдаагийн газрын байранд хадгалагдаж буй сумны төрөл, тоо ширхэгийг тогтоох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн, үзлэгээр 2020-2022 онд өмнөх газрын дарга нарын үед зарцуулагдсан 748 ширхэг сумаас бусад 5 төрлийн 9604 ширхэг сум бүрэн тоологдсон[3], өөрөөр хэлбэл нэхэмжлэгч А.А******* Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын даргаар томилогдон ажилласан 2022 оны 12 дугаар сараас хойших энэ хугацаанд эд мөрийн баримтаар хураагдсан сумнаас аливаа байдлаар дутагдаагүй буюу зориулалтын бусаар зарцуулагдаагүй болох нь албаны шалгалтаар тогтоогдсон.

в/ Мөн албаны шалгалтын явцад алба хаагчдын тайлбараар 2023 оны 12 дугаар сард ахлах нягтлан бодогч, нягтлан бодогч нар 8793 ширхэг сум зөөвөрлөн Т худалдааны төвд хүлээлгэн өгсөн, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө буцааж 8793 ширхэг сумыг зөөвөрлөн цагдаагийн газрын байранд сейфэнд хийж лацадсан үйл баримт тогтоогдсон[4]. Өөрөөр хэлбэл эд мөрийн баримтаар хураагдсан галт зэвсгийн сум цагдаагийн газрын байрнаас зөөвөрлөгдсөн хугацаанд аливаа хэлбэрээр захиран зарцуулагдаагүй, тоо хэмжээ дутаагүй, төрөл өөрчлөгдөөгүй байх бөгөөд энэ үйл баримттай хариуцагч, нэхэмжлэгч маргаагүй.  

2. Хариуцагч байгууллага маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчийг “...итгэмжлэн хариуцуулсан эд мөрийн баримтаар хураагдсан сумыг дур мэдэн захиран зарцуулж Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7, 37.1.13, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.7,  2.1.8, Албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 1.1, 1.6, 5 дугаар зорилтын 5.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн” гэж үзэж Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.3 дахь заалтаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл  ногдуулсан бөгөөд шүүх энэ шийдвэрийг дараах байдлаар үндэслэлгүй болсон гэж үзлээ.

2.1. Нэхэмжлэгч А.А*******ид Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын даргын албан тушаалыг хүлээлцэхэд болон тэрээр уг албан тушаалыг хаших явцад 2023 оны 08 дугаар сарыг хүртэлх хугацаанд эд мөрийн баримтаар хураагдсан сумыг хүлээлцсэн, түүнд итгэмжлэн хариуцуулсан, эсхүл танилцуулсан үйл баримт албаны шалгалтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, тэрээр сумнаас тоо хэмжээ дутагдсан хугацаанд уг албан тушаалыг хашаагүй буюу эд мөрийн баримтаар хураагдсан 5 төрлийн 10,352 ширхэг сумыг итгэмжлэн хариуцсан этгээд биш байна. Тодруулбал Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын даргын ажлыг хүлээлцэхэд эд мөрийн баримтаар хураагдсан дээрх сумыг хүлээлцээгүй буюу сумны тоо хэмжээ, үнийн дүн бүхий хүлээлцсэн, энэ талаар танилцуулсан баримт байхгүй. Иймээс “уг сумны талаар мэдэх боломж байгаагүй” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэхгүй. 

2.2. Нэхэмжлэгч А.А******* Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын даргаар томилогдон ажилласан 2022 оны 12 дугаар сараас хойших энэ хугацаанд эд мөрийн баримтаар хураагдсан дээрх сумнаас аливаа байдлаар дутагдаагүй буюу зориулалтын бусаар зарцуулагдаагүй болох нь албаны шалгалтаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл эд мөрийн баримтаар хураагдсан сумнаас дур мэдэн захиран зарцуулсан гэх зөрчил түүнд цаг хугацааны болон үйлдлийн хувьд хамааралгүй байна.

Ийнхүү нэхэмжлэгчийг “итгэмжлэн хариуцуулсан эд мөрийн баримтаар хураагдсан сумыг дур мэдэн захиран зарцуулсан” хэмээн буруутгасан нь үндэслэлгүй байх тул түүнийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 “өргөсөн тангаргаа зөрчсөн”, 37.1.7 “алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг зөрчсөн”, 37.1.13 “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангаагүй” буюу төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээ, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.7 “ ... албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг чанд сахин биелүүлэх, ... ”,  2.1.8 “хууль зөрчсөн, ... аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх ... ” заалтыг зөрчсөн хэмээн үзэж сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь үндэслэлгүй болжээ.

2.3. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурорын 2019 оны дугаар хамтарсан захирамж, тушаалаар баталсан эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын 5.1-д “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт заасны дагуу эд мөрийн баримтыг шийдвэрлэж энэ тухай баримтыг хэрэгт хавсаргана.”, 5.6-д “бусад байгууллагад хадгалагдаж байгаа эд мөрийн баримтыг хадгалж байгаа тухайн байгууллага, албан тушаалтан хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, холбогдох баримтыг тухайн шүүхэд хүргүүлнэ.” гэж журамлажээ.

Ийнхүү журамласнаар Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор “... эд мөрийн баримтаар хураагдсан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн 5 төрлийн 10,352 ширхэг сумыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газраас Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж, мөн хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтыг хэрэгт ирүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэсэнчлэн Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр эд мөрийн баримтыг хүлээн авснаар Хөвсгөл аймгийн цагдаагийн газар аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх захиргааны журмаар хураагдсан эд хөрөнгийг үнэлэх комиссоор шийдвэрлүүлж, шийдвэрийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй байжээ.

2.4. Гэтэл тухайн үед цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан цагдаагийн дэд хурандаа Д.Д ийнхүү эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сумыг эрх бүхий байгууллагаар шийдвэр гаргуулаагүй, хяналт тавиагүй, зориулалт бусаар дур мэдэн зарцуулсан, улмаар 2021-2022 онд газрын даргаар ажилласан цагдаагийн хурандаа Т.Г мөн хяналт тавиагүй, эрх бүхий байгууллагаар шийдвэр гаргуулаагүй, зориулалт бусаар дур мэдэн захиран зарцуулсан зөрчил албаны шалгалтаар илэрсэн ч тэдгээр албан тушаалтнуудад сахилгын шийтгэл хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр сахилгын шийтгэл хүлээлгээгүй байдаг.

Нэхэмжлэгчид “албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсан үндэслэл нь “итгэмжлэн хариуцуулсан сумны талаар эрх бүхий байгууллагаар шийдвэр гаргуулахгүй дур мэдэн захиран зарцуулсан” гэх үйлдэл байх бөгөөд уг зөрчил, үйлдэл түүнд хамааралгүй болох нь албаны шалгалтаар тогтоогдсон тул сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, хуульд зааснаас бусад үндэслэлээр албан тушаалаас чөлөөлөгдөхгүй байх баталгааг зөрчсөн байна.  

3. Харин нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын даргын албан тушаалыг хашиж байхдаа тухайн байгууллагад бүртгэлгүй, эрх бүхий байгууллагын шийдвэргүй эд мөрийн баримт, сум хэрэгсэл байгааг 2023 оны 08 дугаар сард мэдсэн талаар үйл баримт албаны шалгалтын явцад дурдагдсан  бөгөөд нэхэмжлэгч үгүйсгээгүй. Тиймээс нэхэмжлэгч А.А*******ийн хувьд Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын даргын тушаалд 2022 оны 12 дугаар сард томилогдохдоо эрүүгийн хэргийн эд мөрийн баримтаар хураагдсан 5 төрлийн 10,352 ширхэг сумыг ажил хүлээлцэх актаар хүлээж аваагүй ч, энэ талаар 2023 оны 8 дугаар сард мэдсэн даруйдаа хяналт тавих, эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн байх тул тушаалын энэ талаарх “хяналт тавих чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн” хэмээх дүгнэлт, Албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 1.1 “хариуцсан нэгжийн хэмжээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж хяналт тавих”, 1.6 “хэлтэс, тасаг, нэгжийг мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих”, 5 дугаар зорилтын 5.2 “алба хаагчийн аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжоор хүлээсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулж тэдэнд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах” чиг үүргээ хэрэгжүүлээгүй хэмээн үзсэн нь үндэслэлтэй. Хэдий тийм ч,

3.1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтоох бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т заасан сахилгын шийтгэлийн төрлөөс оногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 48.1-д зааснаар ... тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзан аль тохирохыг ногдуулна. Тодруулбал Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд 81.4.1 “сануулах”, 81.4.2 “албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах”, 81.4.3 “албан тушаал бууруулах”, 81.4.4 “цагдаагийн цолыг бууруулах”, 81.4.5 “цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж сахилгын шийтгэлийн төрөл хэмжээг ялгамжтай хуульчилсан нь ийнхүү тогтоогдсон зөрчлийн шинж байдалтай тохируулан хэрэглэх шаардлагыг эрх бүхий этгээдэд тавьсан. Энэ нь хуулийн сонгох боломж биш “тогтоогдсон зөрчлийн шинж байдалтай ногдуулах шийтгэлийн төрөл, хэмжээ тохирсон, таарсан байх хуулийн шаардлага, нөгөө талаас цагдаагийн албан хаагчийн Цагдаагийн албаны тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.12 “Хуульд зааснаас бусад үндэслэлээр цагдаагийн алба хаагчийг ажлаас чөлөөлөх, халах, өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно”, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” баталгааг хангуулах шаардлага.

3.2. Нэхэмжлэгчийн хувьд “эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сумыг эрх бүхий байгууллагаар шийдвэр гаргуулаагүй, зориулалт бусаар дур мэдэн зарцуулсан” зөрчил тогтоогдоогүй ч, түүнийг энэ талаар мэдсэн даруй “хяналт тавих үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн” зөрчилд сахилгын шийтгэл хүлээлгэх бол сахилгын шийтгэл нь албаны шалгалтаар тогтоогдсон нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн шинж байдалд тохирох шаардлага тавигдана.

3.3. Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-аюулгүй байдлын газрын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дугаар Албаны шалгалтын дүнгийн танилцуулгад нэхэмжлэгч А.А*******ид Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.2 дахь заалтаар “албан тушаалын үндсэн цалинг 3 сар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулах санал гаргасан байхад “албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсан. Хариуцагч  ийнхүү албаны шалгалтын танилцуулгын саналаас хүндрүүлэн сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээ Хуулийн хэлтсээс гаргасан саналд үндэслэсэн гэхээс өөрөөр тодорхой гаргаж тайлбарлаагүй.

Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсээс албаны шалгалтын материалд дүгнэлт хийж нэхэмжлэгч цагдаагийн хурандаа А.А*******ид Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.3-т зааснаар “албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл оногдуулах санал эрх бүхий этгээдэд гаргасан ба үндэслэлдээ “ ... цагдаагийн хурандаа А.А******* нар нь итгэмжлэн хариуцуулсан дээрх сумны талаар эрх бүхий байгууллагаар шийдвэр гаргуулахгүй дур мэдэн захиран зарцуулсан” нь “цагдаагийн албаны нэр хүндэд харшлах ноцтой зөрчил” хэмээн дээр үгүйсгэгдэн дүгнэгдсэн үйлдлийг түүнд хамаатуулсан байдаг. Өөрөөр хэлбэл “албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсан үндэслэл нь “итгэмжлэн хариуцуулсан сумны талаар эрх бүхий байгууллагаар шийдвэр гаргуулахгүй дур мэдэн захиран зарцуулсан” гэх үйлдэл байх бөгөөд түүнд хамааралгүй болох нь албаны шалгалтаар тогтоогдсон, энэ талаар шүүх дээр дүгнэсэн.

Иймд албаны шалгалтаар тогтоогдсон “хяналт тавих үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн” гэх зөрчлийн шинж байдалд түүнд оногдуулсан “нутаг дэвсгэрийн цагдаагийн газрын даргын ТТ-2 /ТТ-15/ ангилал зэрэглэлийн албан тушаалаас 3 шатлал бууруулан ... хэлтсийн ерөнхий зохицуулагчийн ТТ-5 ангилал, зэрэглэлийн албан тушаалд томилсон” сахилгын шийтгэл хүндэдсэн буюу тохироогүй байх тул албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол болон хуульд зааснаас өөр үндэслэлээр албан тушаалаас чөлөөлөгдөхгүй байх төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг зөрчсөн гэж үзээд хүчингүй болгох үндэслэлтэй байна.

4. Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба “эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 10352 ширхэг сумыг цагдаагийн газрын албан тушаалтнууд зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй” үйлдэлд нэхэмжлэгч цагдаагийн хурандаа А.А******* нарын 7 хүнийг Эрүүгийн хуулийн 21.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд ийнхүү эрүүгийн журмаар шалгуулахаар шилжүүлэхээс өмнө уг үйлдэлд 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай маргаан бүхий тушаалаар сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.8-д “Цагдаагийн алба хаагчийн холбогдсон эрүүгийн болон зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд ёс зүй, сахилгын хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэрэг, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай шийдвэр гарсан өдрөөс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулж болно.”, 97 дугаар зүйлийн 97.1-д “Цагдаагийн албаны тухай хууль, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын шийтгэл оногдуулна.” гэж заасантай нийцээгүй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 “Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид ... сахилгын шийтгэл оногдуулна”, 81.8-д “Цагдаагийн алба хаагчийн холбогдсон эрүүгийн болон зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд ёс зүй, сахилгын хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэрэг, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай шийдвэр гарсан өдрөөс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулж болно.”, 97 дугаар зүйлийн 97.1-д “Цагдаагийн албаны тухай хууль, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын шийтгэл оногдуулна.” гэж зааснаас үзвэл гаргасан зөрчил нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол сахилгын шийтгэл ногдуулах эсэхийг шийдвэрлэхээр, гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл эрх бүхий байгууллагаар шалгуулж шийдвэрлүүлэхээр, хэрвээ эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй буюу эрүүгийн болон зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бол эцэст нь сахилгын шийтгэл ногдуулж болохоор тус тус зохицуулсан байхад эрүүгийн болон зөрчлийн хэргийн шинжгүй гэж үзээд сахилгын шийтгэл ногдуулсан атал давхар эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар шилжүүлсэн, эсхүл сахилгын шийтгэл хүлээлгэсэн атал давхар эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар шилжүүлсэн гэж үзэхээр байна. Иймд хариуцагч хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ. 

5. Албаны шалгалтын явцад алба хаагчдын тайлбараар 2023 оны 12 дугаар сард ахлах нягтлан бодогч, нягтлан бодогч нар 8793 ширхэг сум зөөвөрлөн Т худалдааны төвд хүлээлгэн өгсөн, 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өглөө буцааж 8793 ширхэг сумыг зөөвөрлөн цагдаагийн газрын байранд сейфэнд хийж лацадсан, эд мөрийн баримтаар хураагдсан галт зэвсгийн сум цагдаагийн газрын байрнаас зөөвөрлөгдсөн хугацаанд аливаа хэлбэрээр захиран зарцуулагдаагүй, тоо хэмжээ дутаагүй, төрөл өөрчлөгдөөгүй үйл баримт тогтоогдсон.

Энэ зөрчил нь аймгийн цагдаагийн газар аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг Т худалдааны төв хооронд 2019-2024 онд үүссэн өр авлагыг барагдуулах зорилготой байсныг албаны шалгалтаар тогтоосон, тодруулбал,  2016-2019 онд цагдаагийн газрын даргаар цагдаагийн хурандаа Я.А ажиллаж байсан хугацаанд үүссэн 5,743,260 төгрөг, 2019-2021 онд цагдаагийн дэд хурандаа Д.Д ажиллаж байх хугацаанд үүссэн 14,200,946 төгрөг, 2021-2022 онд цагдаагийн хурандаа Т.Г ажиллаж байх хугацаанд үүссэн 7,757,806 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгч цагдаагийн хурандаа А.А******* ажиллах хугацаанд үүссэн 8,188,120 төгрөг, нийт 35,890,132 төгрөгийн өрийг төлөхийг Т худалдааны төв удаа дараа шаардсанаар өрийн тодорхой хэсгийг барагдуулах зорилготой байсан. Энэ өр Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын онцлогтой холбоотой зочдыг хүлээн авах, үдэх, бэлэг дурсгалын зүйл гардуулах зэрэгт гаргасан зардал болохыг, энэ нь төсвийн байгууллагад мөрдөгдөх нягтлан бодох бүртгэлийн стандарт холбогдох заавар журмыг сахин биелүүлээгүй, хамтран ажиллах гэрээтэй аж ахуйн нэгжид их хэмжээний өр үүсгэсэн нь байгууллага, албан хаагчдын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсгэсэн болохыг албаны шалгалтын танилцуулгад дурдсан байдаг.

Нэхэмжлэгч А.А******* албаны шалгалтын явцад буюу 2024 оны 4 дүгээр сарын 10, 11-ний өдөр 2021 оноос хойш буюу цагдаагийн газрын даргаар цагдаагийн хурандаа Т.Гийн үед үүссэн 7,757,806 төгрөг, түүний ажиллаж байх хугацаанд үүссэн 8,289,149 төгрөгийн өрийг хувийн хөрөнгөөрөө төлж барагдуулсан байгааг дурдах нь зүйтэй.

Энэхүү нягтлан бодох бүртгэлийн стандарт, холбогдох заавар журмыг сахин биелүүлээгүй гэх асуудалд сахилгын шийтгэл хүлээлгээгүй, тодруулбал маргаан бүхий тушаалаар сахилгын шийтгэл хүлээлгэсэн үндэслэлд Төсвийн тухай хуулийг баримтлаагүй болно.

6. Түүнчлэн хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга маргаан бүхий тушаалдаа үндэслэл болгосон зохицуулалт болон тушаалын үндэслэл нь хууль зүйн тусдаа ойлголтууд байх тул хууль буруу хэрэглэсэн гэж үзэж, тушаалыг хүчингүй болгох үндэслэл болголоо.

6.1. Цагдаагийн ерөнхий газрын дарга алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаал бууруулан томилсон тушаалдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас нөхөх” заалтыг үндэслэл болгосон нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй, хууль тогтоомжийн хэрэглээний хувьд буруу байна. Өөрөөр хэлбэл уг тушаалаар нэхэмжлэгчийг “албан тушаал бууруулах” сахилгын шийтгэлээр чөлөөлж, түүнийг албан тушаал бууруулан томилох асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд уг тушаалаар түүнийг ийнхүү чөлөөлснөөр үүссэн аймгийн цагдаагийн газрын даргын сул орон тоог нөхөх асуудлыг, эсхүл түүнийг томилсон албан тушаал болох ... хэлтсийн ерөнхий зохицуулагчийн сул орон тоог нөхөх асуудлыг шийдвэрлэгдээгүй юм.

6.2. Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.9 дэх цагдаагийн төв байгууллагын даргын “цагдаагийн байгууллага, алба хаагч, ажилтны аюулгүй байдал, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” гэсэн хэрэгжүүлэх бүрэн эрхийг үндэслэл болгосон нь тушаалын шийдвэрлэж буй асуудалд хамааралгүй заалт байна.

6.3. Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх “Цагдаагийн алба хаагчийг ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх болон албан ажлын шаардлага, алба хаагчийн хүсэлт, ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон, тухайн албан тушаалыг урьд өмнө эрхэлж байсан алба хаагчийг эгүүлэн тогтоох тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан, эсхүл эрүүл мэндийн байдлыг үндэслэн нэг нэгжээс нөгөө нэгжид ажиллуулахаар шилжүүлэн томилж болно.”, 78.2 дахь “Цагдаагийн алба хаагчийг шилжүүлэн томилох шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүлээн зөвшөөрөөгүй, томилогдсон албан тушаалд очоогүй нь алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, ажлаас чөлөөлөх үндэслэл болно.” гэх алба хаагчийг шилжүүлэн томилох үндэслэл, журмын зохицуулалтыг үндэслэл болгосон нь  мөн л уг тушаалаар шийдвэрлэж буй асуудалд хамааралгүй байна.

6.4. Цагдаагийн албаны тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх “Цагдаагийн албанд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг харгалзан албан тушаал дэвшүүлж, бууруулна.” гэсэн зохицуулалт үндэслэл болгосон нь мөн л хууль хэрэглээний хувьд алдаатай, учир нь нэхэмжлэгчийг албан тушаал бууруулсан үндэслэл нь сахилгын шийтгэл бөгөөд энэ зохицуулалтаар алба хаасан хугацаа, үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээг харгалзсан шийдвэр биш.  

7. “Тушаалд Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэмд байхгүй 2.1.7,  2.1.8 гэсэн заалт баримталсан нь хууль бус” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. Маргаан бүхий тушаалд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/201 дүгээр тушаалаар батлагдсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.7 “ ... албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг чанд сахин биелүүлэх, ... ”,  2.1.8 “хууль зөрчсөн, ... аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх ... ” заалтыг  баримталсан байх ба “эрүүгийн хэргийн эд мөрийн баримтаар хураагдсан  галт зэвсгийн сумыг нэр бүхий албан хаагч зориулалтын бусаар зарцуулсан” гэх мэдээллээр албаны шалгалтыг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 05 дугаар сарын 08-ны хооронд явагдаж, эрх бүхий этгээдэд шалгалтын дүн 4 дүгээр сарын 11-ний өдөр, Хуулийн хэлтсийн санал 5 дугаар сарын 10-ны өдөр тус тус танилцуулагдаж, 05 дугаар сарын 24-ний өдөр шийдвэрлэгдсэн байх тул Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/201 дүгээр тушаалаар шинэчлэн батлагдсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг хэрэглэхгүй.

8.  Сонсох ажиллагаа хийх, гарах шийдвэрийн төрөл үндэслэлийн талаар тайлбар авах ажиллагааг хийгээгүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн сонсох ажиллагааны тэмдэглэлд “тогтоогдсон гэх зөрчил, оногдуулах сахилгын шийтгэлийн төрөл хэмжээг тусгасан” байх бөгөөд утсаар А.А*******той холбогдож танилцуулсан талаар тэмдэглэсэн, мөн 5 дугаар сарын 16-ны өдөр дээрх агуулга бүхий сонсох ажиллагааг утсаар хийснийг тэмдэглэл үйлдсэн, тэмдэглэлд А.А******* “Албаны шалгалтын танилцуулгыг хүлээн зөвшөөрч байна, энэ дээр хэлэх зүйл алга, харин Хуулийн хэлтсийн танилцуулгын саналын 3 дахь заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Алба хаагчийн эрх ашгийг хамгаалах байтал, оногдуулах сахилгын арга хэмжээг хүндрүүлснийг гайхаж байна” гэснийг тэмдэглэсэн байна. Өөрөөр хэлбэл түүнтэй утсаар холбогдсон, сонсох ажиллагаа хийж байгааг мэдэгдсэн болохыг нэхэмжлэгч үгүйсгээгүй, мөн сонсох ажиллагааны тэмдэглэлд тусгагдсан “сонсох ажиллагаа хийж буйг,   албаны шалгалтын танилцуулга болон Хуулийн хэлтсээс танилцуулагдсан сахилгын шийтгэлийн төрөл, хэмжээг танилцуулсан” гэдгийг нэхэмжлэгч няцаагаагүй. Утсаар хийсэн сонсох ажиллагааны агуулгыг шүүхэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн тогтоох боломжгүй байх тул хариуцагч байгууллагын хувьд сонсох ажиллагааны мэдэгдэлд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасныг тусгасан, сонсох ажиллагааг 27.4.4-т заасан арга хэлбэрээр хийсэн байна гэж үзлээ.

9. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой уг хуулиар зохицуулаагүй бусад тодруулбал, урьд эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрээр эгүүлэн авах ажил олгогчийн үүрэг, ажилгүй байсан, албан тушаал бууруулсан хугацааны цалин олговрыг хэрхэх асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах бөгөөд тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т “Ажил олгогч хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үндэслэлээр хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй”, 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.” гэж зааснаар албан тушаал бууруулсан хугацааны цалин олговрын зөрүүг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн авах хүртэл хугацаагаар хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн сахилгын шийтгэл оногдуулсан дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.А*******ийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, албан тушаал бууруулсан 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилох хүртэл хугацааны цалин, нэмэгдлийн зөрүүг тооцон нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэлээ.

Түүнчлэн энэхүү цалин олговрын зөрүү тооцсон хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох нь хариуцагчийн буюу ажил олгогчийн үүрэг болохыг дурдах нь зүйтэй.

10. Харин нэхэмжлэлийн “Төрийн албаны зөвлөлийн 2024 оны дүгээр албан бичгийн биелэлтийг хангахаас татгалзсан Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, биелэлтийг хангахыг даалгуулах” шаардлагыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь Төрийн албаны зөвлөлийн гишүүний 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тоот албан бичиг “ ... хууль зүйн үндэслэлгүй байна. тушаалаа өөрчилж, хариу мэдэгд” хэмээн маргаанд хамаарах шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар тодорхой дүгнэсэн ч Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ”  гэж заасан зөвлөлийн тогтоол хэлбэрээр гараагүй, 76 дугаар зүйлийн 76.1-д “шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасан захирамжилсан шинжгүй тул заавал биелэгдэх хүчин чадал агуулахгүй. Тиймээс уг албан бичгийн биелэлтийг хангаагүй гэж хариуцагч байгууллагыг буруутгахгүй, уг албан бичгийн хариу өгснийг Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан хууль бус үйлдэл гэж үзэхгүй, биелэлтийг хангахыг даалгах хууль зүйн үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.4, 48 дугаар зүйлийн 48.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, 65 дугаар зүйлийн 65.6, 76 дугаар зүйлийн 76.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4, 81.8, 85 дугаар зүйлийн 85.12, 97 дугаар зүйлийн 97.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А.А*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.А*******ийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, албан тушаал бууруулсан 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилох хүртэл хугацааны цалин, нэмэгдлийн зөрүүг тооцон нэхэмжлэгчид олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас “Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаартай албан бичгийн биелэлтийг хангахаас татгалзсан 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, биелэлтийг хангахыг даалгуулах” гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлого хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар шүүхийн шийдвэрээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.А*******ийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон тул хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгч А.А*******ийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын даргын албан тушаалд эргүүлэн томилсон шийдвэр гаргаж, албан тушаал бууруулсан 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилох хүртэл хугацааны үндсэн цалин, холбогдох нэмэгдлийн зөрүүг тооцон нэхэмжлэгчид олгох, цалин олговрын зөрүү тооцсон хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох үүрэг хүлээхийг тайлбарласугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ХАЛИУНА

 

 

[1] Хэргийн 52-55 дугаар хуудас

[2] Хэргийн 86-90, 110-111, 142-153,  дугаар хуудас

[3] Хэргийн 56-57, 63, 91 дугаар хуудас

[4] Хэргийн 56-57, 65, 86-89, 104-109, 113-117 дугаар хуудас