Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 45

 

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

шүүх хуралдааныг  шүүгч Д.Сугар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ, 

Улсын яллагч Ц.Роза

           Шүүгдэгч Р.Эын  өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар, Т.Хүдэр

Шүүгдэгч Р.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулж Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокуор Ц.Розагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар  шүүгдэгч Р.Эод яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1830000120016 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, 29 настай, эрэгтэй,  боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Р.Э. 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

 Шүүгдэгч  Р.Э  нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “М” гэх газарт иргэн А.Оын намаржаанд байсан чингэлэгт нэвтэрч,  “Сания” маркийн 38-36 СҮЗ улсын дугаартай мотоциклыг ашиглан Батноров  хийцийн мөнгөн тоногтой эмээлийг хулгайлж бусдад 3 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

-Шүүгдэгч Р.Э  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би сумаас Тыг аваад  ахыруугаа хүргэж өгөхөөр явсан. Ахын адуу нь алга болоод 2,3 хоносон байсан. Би хоол идчихээд 12 цагийн үед сум руу явахдаа зам зуур адуугаар орж хайсан. Айлын намаржаан дээр адуу байхаар нь орж үзэхээр очиход чингэлэг байсан. Нээгээд үзэхэд доор нь эмээл харагдахаар нь би авсан. Хулгай хийх зорилготой очоогүй гэв. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна гэв.

 

- Хохирогч А.Оын мөрдөн байцаалтад өгсөн: “... цас ихтэй учир чингэлгээ намаржаандаа орхиод нүүсэн ингээд 2017 оны 12 сарын 28-ны 14 цагт эргэхэд бүрэн бүтэн байсан. 2017 оны 12 дугаар сарын 30-ны өглөө 09 цагт очиход намаржаан дээр байсан чингэлэгт хулгай орчихсон байсан.  2011 онд манай аавын ээж  Ж эмээгээс 2 000 000 төгрөгөөр худалдаж авч байсан. 1990-ээд оны  Батноров хийцийн хуучны мөнгөн эмээл алга болсон байсан. Чингэлэгний ойр орчим мотоциклын мөр байсан түүнийг дагаж явахад ертөнцийн зүгээр зүүн урдаас чингэлэг байгаа газар дээр ирээд баруун хойшоо сум руу явах төв зам руу мөр нь ороод алга болсон. Тэгээд Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би алдсан Батноров хийцийн мөнгөн эмээлээ 3 000 000 төгрөгөөр үнэлнэ... Би эмээлээ бүрэн бүтнээр нь буцаан авсан тул нэхэмжлэх зүйлгүй гомдолгүй гэх мэдүүлэг гэх мэдүүлэг. /хх-ийн 10-11х 

           

 - Гэрч Д.Агийн  мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нөхөр Р.Э сумын төв дээр байгаа Т гэх хүүхдийг төрсөн ах Бийнх рүү хүргэж өгнө гээд өглөө 10 цагийн орчим гэрээсээ гараад орой 16 цагийн үед гэртээ ирсэн. Маргааш өглөө нь үүдний амбаарт мөнгөн эмээл байхаар нь асуухад Б ах өгсөн гэж надад хэлсэн.  Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хөдөө гэр рүү явахдаа алга болно  гээд гэрийнхээ орон доор хийчихээд явсан. Манай нөхрийн төрсөн ах болох Бийг өгсөн гэхээр нь юм бодоогүй, хулгайн мөнгөн эмээл байсныг мэдээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 16х/ 

 

- Гэрч Р.Бийн мөрдөн байцаалтад өгсөн “... 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн дүү Э руу яриад би гэртээ ганцаараа байна Тыг манайх руу хүргээд ир надтай хань болоод байж байг гэсэн чинь Э Сүхбаатар аймгийн Уулбаян сумын төвөөс Тыг авчирсан. Тэгээд хоол, цай идэж уучихаад Э 13 цаг өнгөрөөгөөд Уулбаян сум руу явсан. Үүнээс хойш холбоо бариагүй. Ямар учраас хулгай хийснийг нь  мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18/

 - Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол / хх-н 1 х / 

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд / хх-н 3-6 х /

 - Сүхбаатар аймгийн Уулбаян сумын засаг даргын тамгын газрын Эд зүйлийн үнэлгээний комиссын үнэлгээ / хх-ийн 19х/

 - Р.Э гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-н 31/ - Р.Э гийн төрсний гэрчилгээний хуулбар / хх-н 53 / 

- Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн засаг даргын 2018 оны 01-р сарын 03-ны өдрийн 01 дугаартай тодорхойлолт / хх-н 27 х / зэрэг болно. 

 

           Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар: 

 

Шүүгдэгч Р.Э  нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “М” гэх газарт иргэн А.Оын намаржаанд байсан чингэлэгт нэвтэрч  иргэн Отгонбаатарын Батноров  хийцийн мөнгөн тоногтой эмээлийг хулгайлж бусдад 3 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Р.Эын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч А.О, гэрч Д.А, М.Т, Р.Б нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

Шүүгдэгч Р.Эын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-тзаасан гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хэргийн зүйлчлэл үндэстэй байна. 

           Харин Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Роза шүүгдэгч Р.Эыг иргэн А.Оын намаржаанд байсан чингэлэгт нэвтэрч “Сания” маркийн 38-36 СҮЗ улсын дугаартай мотоциклыг ашиглан хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл муутай байна. Учир нь: яллагдагч Р.Эын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгэнд:…би хулгай хийх зорилгоор мотоцикль унаж яваагүй Тыг хүргэж өгөхөөр явсан... гэх, Гэрч Д.Агийн  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгэнд “...2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр манай нөхөр Р.Э сумын төв дээр байгаа Т гэх хүүхдийг төрсөн ах Бийнх рүү хүргэж өгнө гээд өглөө 10 цагийн орчим гэрээсээ гараад орой 16 цагийн үед гэртээ ирсэн...   гэх, гэрч Р.Бийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгэнд“... 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн дүү Э руу яриад би гэртээ ганцаараа байна Тыг манайх руу хүргээд ир надтай хань болоод байж байг гэсэн чинь Э Сүхбаатар аймгийн Уулбаян сумын төвөөс Тыг авчирсан. Тэгээд хоол, цай идэж уучихаад Э 13 цаг өнгөрөөгөөд Уулбаян сум руу явсан. Би замдаа манай адууг харж яваарай гэж захиж байсан...гэх мэдүүлэг зэргээс дүгнэлт хийхэд хулгай хийх зорилгоор тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.   Тэгээд ч прокурорын ял нэмж сонсгосон яллагдагчаар  татах тогтоолд яллагдагч Р.Эыг хэдийд, хаана, ямар гэмт хэрэг үйлдэхдээ, ямар тээврийн хэрэгслийг яаж ашигласан гэж үзэж буй нь тодорхойгүй тул Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Розагийн яллагдагч Р.Эод эрүүгийн хуулийн эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг  гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

             Шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тухайлбал, тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсэн атлаа, эд зүйл авах, шунахай сэдэлт, зорилгоор, санаатайгаар чингэлгийг эвдэж, эд зүйл хууль бусаар авч бусдын өмчлөх эрхэнд зориуд хохирол учруулсан байна. Хэргийн байдлыг нотлох дээрх баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн хэрэг бүртгэлтийн явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. 

 

Иймд  шүүгдэгч Р.Эыг  агуулах саванд  нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 

 

Шүүхээс шүүгдэгч Р.Эыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

 Шүүгдэгч Р.Э нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

 Шүүгдэгч Р.Эын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон,  шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хэрэг гарсан нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын  доод хэмжээгээр хорих ял  оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3- т нийцүүлэн эдлэх ялыг 2 дахин багасгаж  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

 Шүүгдэгч Р.Э  энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт ирээгүй, гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Мөрдөгчийн яллагдагч  Р.Эын эзэмшлийн Сания маркийн 38-36 СҮЗ улсын дугаартай мотоциклыг битүүмжилсэн, 2018 оны 02 дугаар 06-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Р.Эод буцаан олгох нь зүйтэй байна.

 

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Р. Эод  Сүхбаатар    аймгийн  Прокурорын   газрын

хяналтын прокурор Ц.Розагийн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай   

 

2.Шүүгдэгч Р.Эыг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Р.Эыг 1/ нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Р.Эод оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар Р.Эын эзэмшлийн Сания маркийн 38-36 СҮЗ улсын дугаартай мотоциклыг битүүмжилсэн мөрдөгчийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож эзэмшигч Р.Эод буцаан олгосугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Р.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Ялтан Р.Э  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид учирсан хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Д.СУГАР