Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2023/ДШМ/830

 

    2023            8              17                                      2023/ДШМ/830

 

Ц.Бхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Очбадрах,

шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,  

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/857 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Бийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 22060046323 дугаар хэргийг 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

             Ц.Б, 

             Ц.Б нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Хавдар судлалын автобусны буудлын орчим хохирогч Г.Этухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний цээж хэсэг рүү 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Өлзий Цогт овгийн Цэрэнжавын Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Боногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулж, хохирогч Г.Э нь өөрт учирсан гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Эд 270.000 төгрөг төлсөн болохыг, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Бурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэхээр шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Ц.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн үйл баримтан дээр маргалдаж мэтгэлцэлгүй оролцож, хохирогч Г.Эд учруулсан хохирлыг нөхөн төлж, цаашид учирч болзошгүй хор уршгийг арилгахаа илэрхийлж, хохирогчоос чин сэтгэлээсээ уучлалт гуйн өөрийн уур бухимдал, түргэн зан үл ойлголцлыг тэвчиж чадалгүй бусдын эрүүл мэндэд хохирол учруулсандаа чин санаанаасаа гэмшиж буйгаа илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон. Прокурорын зүгээс надад торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж, өмгөөлөгч мөн прокурорын саналыг дэмжиж хохирогч Г.Эгийн зүгээс прокуророос гаргасан ялын санал дээр миний зүгээс өндөр торгууль тавиад ял шийтгэл оногдуулах хүсэл алга, хамгийн гол нь өөрийн гэм буруугаа сайн ойлгосон бол боллоо гэж бодож байна гэж уучилснаа илэрхийлсэн. Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлтийг хийхдээ Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн гэж үзэх үндэслэлгүй байх ба харин өмгөөлөгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй байна. Хэдийгээр шүүгдэгч Ц.Б нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх боловч хэрэгт түүний ажил эрхлэлтийн байдал, амьжиргааны эх үүсвэрийн талаарх баримт, орлогын талаарх баримт авагдаагүй байх ба торгох ял шийтгэл оногдуулах нь гэм бурууд тохирохгүй, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж дүгнэсэн. Гэтэл шүүх хурлын хэлэлцүүлгийн өмнө хувиараа хөдөлмөр эрхэлж, худалдаа үйлчилгээний чиглэлээр дэлгүүр нээн ажиллуулж тус компанийнхаа нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлдөг тухай баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа болно. Одоо миний бие 50 настай, дэлгүүрийнхээ үйл ажиллагааг өдөр тутам хариуцдаг, нурууны суулт өвчний улмаас хүнд хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид учирч болзошгүй хор уршгийг арилгахаа илэрхийлж байгаа зэргийг харгалзан үзээд торгох ялын доод хэмжээгээр шийтгэж өгнө үү. Миний бие шүүхийн байгууллагаас тогтоосон хугацаанд торгох ялыг бүрэн биелүүлэх боломжтой болно.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Бял шийтгэл оногдуулахдаа тодорхой эрхэлсэн ажилгүй тул торгох ял оногдуулах боломжгүй гэж шийтгэх тогтоолд дурдсан байдаг. Анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө бидний зүгээс “Амжилт групп” ХХК-ийн үүсгэн байгуулагч гээд үүнтэй холбоотой нийгмийн даатгал төлдөг тухай баримтыг гаргаж өгсөн байдаг. Үүгээрээ тодорхой эрхэлсэн ажилтай болохоо нотолсон. Шүүгдэгч Ц.Б нь 50 гаруй настай, тодорхой оршин суух хаягтай, тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг тул торгох ялыг биелүүлэх бүрэн боломжтой. Хохирогчоос гомдол, саналгүй гэдэг. Эдгээр байдлуудыг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү.” гэв.

Прокурор М.Очбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж дүгнэх боломжгүй гэсэн байдаг. Учир нь, хохирогчийн 8, 9, 10, 11 дүгээр хавирга хугарсан. Хугарал эдгэрсэн байна. Ямар нэгэн эмчилгээний зардал гэж шүүгдэгчийн зүгээс нөхөн төлсөн, дэмжлэг үзүүлсэн зүйл байхгүй. Харин “Дамно” хөрөнгийн үнэлгээний компани болон томографийн үнийн дүн болох 270.000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан гэдэг. Шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад хохирогчийн зүгээс “өнөөдрийг хүртэл шүүгдэгч Ц.Б нэг ч удаа надаас уучлалт гуйгаагүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд албан ёсоор уучлалт гуйж байна. Тухайн үед би жирэмсэн байсан” гэсэн байдаг. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт л уучлалт гуйж байгаа үйлдэл дээр шүүх бүрэлдэхүүн дүгнэлт хийсэн гэж ойлгож байна. Эрүүгийн хариуцлагын зорилго гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхээс гадна гэмт хэргийн улмаас хохирсон эрхийг нөхөн сэргээх зорилготой. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл юу байсан бэ гэдэг дээр шүүх анхаарч дүгнэлтээ хийсэн гэж харсан. Хэний буруутай үйлдлээс болж гэмт хэрэг гарсан. Гэмт хэрэг гарахад бага насны хүүхдүүд байсан. Мөн хэл амаар доромжилсон гээд хохирол хор уршгийн хувьд маш их зүйл ярьдаг. “Жирэмсэн хүн томографийн зураг авхуулж болохгүй гэдэг боловч би авхуулсан. Цаашид урагт нөлөөлсөн бол яах вэ” гэж хор уршгийн талаар хохирогч ярьдаг. Тэгэхээр эрүүгийн хариуцлага тохирсон гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ц.Бийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Хавдар судлалын автобусны буудлын орчим хохирогч Г.Этухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний цээж хэсэг рүү 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Г.Эгийн “....” /хх 22/,

гэрч П.Ц: “...Хавдар судлалын Үндэсний төвийн урд зам дээр явж байтал манай автобусны буруу талын хажуу бөөр рүү 2 удаа үл таних хүн өшиглөсөн. Би автобуснаасаа буугаад гараад “яаж байгаа юм” гээд маргалдсан. ...тэр үл таних залуу автобусанд орж ирээд автобусны түлхүүр авсан. ...манай эхнэрийн цээж хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Намайг бас өшиглөөд байсан. Нилээн хэд өшиглөсөн.” /хх 27/,

насанд хүрээгүй гэрч Ц.Т “...аавын жолоодож байсан машиныг хүн цохих шиг болсон тул аав машинаа зогсоогоод өөрөө буугаад харахад машиныг нэг өвөө цохисон байсан. Аав ээжтэй хамт машинаасаа буугаад машинаа шалгаад явах гэхэд нөгөө машин эвдэлсэн өвөө ээж, аав хоёроос түрүүлж орж ирээд машинаас буухгүй, түлхүүрийг нь авчихаад өгөхгүй байсан. Тэгэхээр би гар утсаараа бичлэг хийсэн. Ээж, аав хоёр тэр өвөөтэй маргалдаад түүнийг машинаас буулгах гээд ноцолдож зууралдахад тэр өвөөгийн куртик нь урагдчихсан. Тэр өвөө куртик чи урчихлаа гээд ээжийг машин руу ордог шатан дээр зогсож байхад хөлөөрөө 1 удаа хүчтэй өшиглөсөн. Ээжийн цээж рүү хатгуулж өвдөөд байсан тул цээжний зургаа авахуулсан юм.” /хх 141/

шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн: “...Г.Эгийн биед учирсан гэмтлүүд 1 удаагийн өшиглөх үйлдлийн улмаас үүсэх боломжтой.” /хх 144-145/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 983 дугаартай “... Г.Эгийн биед цээжний зүүн талын 8, 9, 10, 11 дүгээр хавирга хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх 58-59/,

сидинд үзлэг хийсэн “...05 минут 18 секундийн бичлэг байх бөгөөд бичлэг дээр хар өнгийн куртик, хар малгайтай эрэгтэй хүн, хар өнгийн урт куртик өмссөн үсээ задгай тавьсан эмэгтэй, хар өнгийн үслэг куртик, хар өнгийн ноосон малгай, бараан өнгийн өмд, түрийтэй гутал өмссөн эрэгтэй хүн бичигдсэн байна. ...эмэгтэйг хар өнгийн куртик, хар малгайтай эрэгтэй хүн хөлөөрөө хэвлий хэсэгт нь 1 удаа өшиглөв. /дүрс бичлэгийн 10 дахь секундэд өшиглөв./ Хар өнгийн урт куртик өмссөн үсээ задгай тавьсан эмэгтэй өшиглүүлээд цааш орилоод унах мэт болов. ...” гэх тэмдэглэл /хх 35/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.  

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдаанд талуудыг тэгш эрхтэй оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн зохих дүгнэлт хийн хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч Ц.Бийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.    

Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Ц.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна. 

Шүүгдэгч Ц.Бээс “...240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, торгох ялаар сольж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн чадвараа алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй гэж хуульчилсан бөгөөд Ц.Б нь дээрх хуульд заасан нөхцөлд хамаарахгүй байна. 

Мөн шүүгдэгч Ц.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/857 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ