| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0562/З |
| Дугаар | 128/ШШ2024/0861 |
| Огноо | 2024-11-04 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2024/0861
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.М
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс
Маргааны төрөл: Д.Мын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг гомдлыг зохих хууль журмын дагуу шийдвэрлэж, хариу өгөхийг Сүхбаатар дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэст даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г*******, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, Б.М*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага:
“Сүхбаатар дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс нь 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, холбогдох арга хэмжээ авахыг даалгах”
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Насанд хүрээгүй хохирогч М.А*******г түүний төрсөн эх болох Б.С 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зодсоны улмаас зугтаж аав Д.М дээр ирсэн байдаг. Д.М нь энэ талаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж зөрчлийн хэрэг үүссэн бөгөөд Сүхбаатар дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн ажилтан Б.М*******ийг насанд хүрээгүй хохирогч М.А*******гийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон. Б.М******* нь хүү М.А*******гийн ашиг сонирхлыг хамгаалахгүй, эрхийг зөрчиж байснаас шууд шалтгаалан зөрчлийн хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Уг асуудлын хүрээнд Б.М*******т ёс зүйн хариуцлага оногдуулсан. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврийг хууль ёсны төлөөлөгч Б.М******* нь хүлээн авсан боловч давж заалдах журмаар гомдол гаргалгүй орхисны улмаас хуулийн хүчин төгөлдөр болсон. Энэхүү асуудлын хүрээнд Б.М*******т хариуцлага тооцуулахаар хандсан боловч хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Нэхэмжлэгч Д.М нь шаардлагаа: Сүхбаатар дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс нь: 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож., холбогдох арга хэмжээ авахыг даалгах гэж томьёолсон. Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасантай нийцэж байгаа болно. Нөгөө талаас ямар шаардлага гаргах нь зөвхөн нэхэмжлэгчид олгогдсон диспозитив эрх бөгөөд, үүнийг ямар нэг байдлаар өөрчлөх, зөвтгөх, засах эрх шүүхэд байхгүй гэж үзэж байна.” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбаа: “2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын хэлтэст хандаад гомдол гаргасан. Гомдолдоо энэ хэлтсийн ажилтан М******* гэдэг хүн төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн гэж үзсэн. 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр Сд холбогдох зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн. Энэ хянан шийдвэрлэсэн хурлаар М******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа ноцтой зөрчил гаргасан. Энэ нь тухайн байгууллагаас насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр албан ёсоор томилогдоогүй байх хугацаандаа тухайн хүүхдийн хууль ёсны төлөөлөгч мэтээр гарын үсэг зурж оролцсон байдаг. Шийтгэврийг хүлээн авсан боловч хүүхдийн эрх ашгийг хамгаалж давж заалдах журмаар гомдол гаргаагүй орхисон. Үүнтэй холбоотойгоор 2024 оны 02 дугаар сард гаргасан өргөдлийн дагуу хариуцагчийн зүгээс М*******т тухайн албан хаагчид арга хэмжээ авсан талаар мэдэгдсэн. 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн гаргасан гомдлыг хянахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, гомдолд хариу өгөх талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* надтай холбоотой гомдол гаргах эрх нь байгаа. Шүүх хуралдаан бүрт гомдол гаргах талаар дурддаг. Мэдүүлэг өгөх ажиллагаа дээр би зүгээр танилцсан гэж гарын үсэг зурсан гэж байна энэ үйлдэл нь төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчиж байна. Эрх үүрэгтэйгээ танилцаад үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй гэж гарын үсэг зураад орж ирсэн төрийн албан хаагч. Ямар үйлдэл хийснийг шүүх тогтоочихсон тэр зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шийтгэвэрт хариуцагч талаас гомдол гаргаагүй. Хариуцагч байгууллагаас 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр надад хариу албан бичиг ирүүлэхдээ 2024 оны 2 сарын 29-ны өдөр тоот тушаалаар М*******т төрийн албаны ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.2-т зааснаар өөрт нь ганцаарчилсан хариуцлагын хэлбэрээр сануулах, ёс зүйн хариуцлага тооцох арга хэмжээ авч ажилласан гэх хариу өгсөн. Өмнө насанд хүрээгүй хохирогчтой холбоотой өргөдлүүд гаргаж байсан тэрний дагуу арга хэмжээ авагдаж байсан. Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийтгэврийг гардан авсан боловч давж заалдах журмаар гомдол гаргалгүйгээр хуулийн хүчин төгөлдөр болсон. Үүний үр дүнд хүүхдийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн. Хүүхдийг ээж нь зодож хүчирхийлдэг байсан тул гэрээсээ зугтаж аав дээрээ ирсэнтэй холбоотой хэрэг шүү дээ. Гэтэл хариуцагч талаас хүүхэд ээжтэйгээ хамт амьдардаг байсан, аав нь байгаагүй гэж тайлбар хэлж байгаа нь үндэслэлгүй. Энэ хүүхдийн эрхийг хамгаалаад өгөөч, эрүүл мэнд, хичээлийн хоцрогдолд битгий оруулж өгөөч гэж удаа дараа хүсэлт, гомдол өгсөн. Заавал Б.М*******т хариуцлага тооцох талаар гомдол гаргаагүй тухайн үед процессын дагуу ажиллагаа явагдсан эсэхийг л тодруулахаар гомдол гаргасан. Мын А******* гэдэг хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх, сургах, эрх хууль ёсны эрх ашгийг хамгаалах үүргээсээ чөлөөлөгдөөгүй байгаа учраас энэ эрх нь Д.Мал хадгалагдаж байгаа гэж харж байна. 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн гомдолд манайх хариу өгөөгүй дээд шатны байгууллага нэгтгэж хариу өгсөн. Б.М*******т 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хариуцлага тооцсон. Харин бид 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр буюу Б.М*******т хариуцлага тооцсоны дараа гомдлоо гаргасан. Гомдлын агуулга ч мөн өөр. Гомдолд хариу өгөхийг л даалгах нэхэмжлэл байгаа юм. Хариуцагч тал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг шийтгэвэрт заавал гомдол гаргах шаардлагагүй гэдэг тайлбар хэлж байна. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон учир гомдол гаргах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна насанд хүрсэн хүн бол гомдол гаргах, гаргахгүй байх шийдвэрийг гаргаж чадна. Хүүхдийн өмнөөс заавал гомдол гаргах шаардлагатай. Б.М******* мэдүүлэг авсан тэмдэглэлд гарын үсэг зурсан гэх үйлдэл нь тухайн зөрчлийн хэрэгт оролцоогүй хэр нь танилцсан гэж гарын үсэг зурах эрх огт байхгүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Б.М******* 2 удаа гарын үсэг зурсан байдаг. Гэтэл Б.М******* би зүгээр танилцсан гэх үүднээс гарын үсэг зурсан гэж тайлбар хэлж байна.” гэв.
Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбаа: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тоот албан бичгийн дагуу иргэн Д.Маас гаргасан тус хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Иргэн Д.М, түүний өмгөөлөгч Ц.Г******* нар нь 2024 оны 02 дугаар сарын 20- ны өдөр, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрүүдэд тус хэлтсийн ажилтан Б.М*******т ёс зүйн хариуцлага тооцох тухай хүсэлт гаргасан. Эдгээр хүсэлтийн дагуу тус хэлтсийн ёс зүйн дэд хороо хянан 2024 оны 02 дугаар сарын 29-ны өдөр хуралдаж, Төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан нийтлэг шаардлагыг зөрчин аливаа асуудалд анхаарал хариуцлага алдаж ажилласан тул Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан "Өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах” ёс зүйн хариуцлага тооцож цаашид ахин алдаа дутагдал гаргахгүй талаар сануулга өгч шийдвэрлэсэн. Энэ талаар өмгөөлөгч Ц.Г*******эд Монгол шуудангаар 2024 оны 03 дугаар сарын 01-ны өдөр хариуг хүргүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 123.7 дах хэсэгт “Сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй” гэж заасан тул 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр, 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрүүдэд гаргасан гомдлуудад тус хэлтсийн ажилтан Б.М*******т дахин арга хэмжээ авах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбаа: Цагдаагийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас Б.М******* хариуцлага хүлээх үндэслэлгүй. Давж заалдах гомдол гаргаагүй гэдгээрээ Б.М******* хариуцлага хүлээх үндэслэл байхгүй. Хохирогч хүүхэдтэй холбоотойгоор эцэг, эх 2 нь аль аль талдаа хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой гомдол гаргадаг. 108 дугаараас мэдээлэл ирээд цагдаагийн алба хаагч хамгаалах байранд хүргэж өгсөн. Б.М******* ганцаараа шийдээгүй Сүхбаатар дүүргийн хорооны хамтарсан хурлын шийдвэрээр хүүхдийг хамгаалах байранд байлгахаар шийдвэрлэсэн. Давж заалдах журмаар гомдол гаргах юм бол хохирогч хүүхдийн эрх зүйн байдалтай холбоотой асуудал яригдах байсан. Аливаа асуудлыг шийдвэрлэхэд хөөн хэлэлцэх хугацаа яригдана. Нэхэмжлэгч талын гаргасан гомдол үндэслэлтэй эсэх, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх талаар тодруулж дүгнэх ёстой гэж үзэж байна. Хариуцагчид хүргүүлсэн гомдлууд нь Ц.Г******* өмгөөлөгчийн зүгээс гаргасан байдаг. Ц.Г*******ийн гаргасан гомдлыг Д.Мын нэхэмжлэлээр шийдвэрлэх процессын хувьд зөв үү гэдгийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Нэхэмжлэгч Д.Мын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа талаар нэхэмжлэлийн үндэслэл болон өргөдөл, гомдолдоо тодорхой дурдаагүй байдаг. Шүүхийн шийдвэр бодит нөхцөл байдалд биелэгдэх ёстой. Нэхэмжлэгч Б.М*******т хариуцлага тооцох талаар гомдол гаргасан байдаг. Б.М*******т сануулах арга хэмжээ авсан. Өмнө шийдсэн асуудал гомдолд дурдагдсан. Б.М******* бие даан шийдвэр гаргаагүй хамтарсан баг шийдвэрлэсэн. Үүнээс үүдэн Б.М******* хариуцлага хүлээх ёсгүй юм. А*******гийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хангалттай хамгаалж оролцоогүй гэдэг үүнийхээ үндэслэлийг давж заалдах гомдол гаргаагүй гэж үздэг гэвч тухайн асуудлыг шийдвэрлэчихсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон агуулга тодорхой бус байна. Энэхүү маргааны цаана гэр бүлийн маргаанаас үүссэн янз бүрийн өргөдөл, гомдол байдаг. Цагдаагийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас Б.М******* хариуцлага хүлээх үндэслэлгүй. Давж заалдах гомдол гаргаагүй гэдгээрээ Б.М******* хариуцлага хүлээх үндэслэл байхгүй. Хохирогч хүүхэдтэй холбоотойгоор эцэг, эх 2 нь аль аль талдаа хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой гомдол гаргадаг. 108 дугаараас мэдээлэл ирээд цагдаагийн алба хаагч хамгаалах байранд хүргэж өгсөн. Б.М******* ганцаараа шийдээгүй Сүхбаатар дүүргийн хорооны хамтарсан хурлын шийдвэрээр хүүхдийг хамгаалах байранд байлгахаар шийдвэрлэсэн. Давж заалдах журмаар гомдол гаргах юм бол хохирогч хүүхдийн эрх зүйн байдалтай холбоотой асуудал яригдах байсан.” Гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Агаас шүүх хуралдаанд гаргасан тайлбаа: “Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 2, 3 удаа дараалан Б.М*******т хариуцлага тооцох талаар гомдол гаргасан. Үүний дагуу манай зүгээс Б.М*******т ёс зүйн хариуцлага алдсан байна гэж үзэн ганцаарчилсан хэлбэрээр сануулах ёс зүйн арга хэмжээ авсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г*******эд 03 дугаар сарын 01-ний өдөр хариу албан бичиг хүргүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч талаас өмнө шийдвэрлэгдсэн асуудлаар дахин гомдол гаргасан тул манай зүгээс хариу хүргүүлээгүй. Мөн нэхэмжлэгч талаас 03 дугаар сарын 12-ны өдөр гомдол гаргасан гэдэг боловч уг гомдол шуудангаар гомдол гаргасан гэх өдрөөс хэд хоногийн дараа ирсэн. Иймд манай зүгээс өмнө шийдвэрлэсэн асуудлыг дахин шийдвэрлэх боломжгүй байсан.” Гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******аас шүүх хуралдаанд гаргасан тайлбаа: “Зөрчлийн хэрэгт хүүхдийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон гэж нэхэмжлэгч талаас маргаж байгаа. Миний хувьд мэдүүлэг авах ажиллагаанд танилцсан гэдэг дээр гарын үсэг зурсан. Хууль ёсны төлөөлөгчид хууль сануулдаг тэрний дагуу хууль сануулсан баримтад гарын үсэг зурсан. Яг тухайн мэдүүлэг авах ажиллагаа хамгаалах байранд болсон учраас хамгаалах байранд ажиллаж байсан тухайн өдрийн нийгмийн ажилтан н.Г******* гэдэг хүн мэдүүлэг авах ажиллагаанд оролцсон. Зөрчлийн шалган шийдвэрлэх тухай хуульд заасан нийгмийн ажилтан оролцож болно гэж заасны дагуу оролцсон. Зөрчлийн хэрэг хэрэгсэхгүй болсон нэг үндэслэл нь Г******* өмгөөлөгч прокурорт хүсэлт гаргаад тэрний дагуу эрх бүхий албан тушаалын даалгавар бичсэнээр хэрэгсэхгүй болсон. Ц.Г******* өмгөөлөгчид буцаагаад гомдол мэдээлэл гаргаад явах уу, хүүхдийн эрхийг хангаж ажилласныхаа төлөө өнөөдрийг хүртэл ингээд удаа дараа олон шатны шүүх хуралд оролцоод явж байна. Би хүүхэд хамгааллын асуудлаар холбогдох арга хэмжээг авч ажилласан. Тухайн үед хүүхэд ээжтэйгээ хамт амьдардаг байсан бөгөөд аавтайгаа 1 жил уулзаагүй. Хүүхдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэдэг үүднээсээ дахин гомдол гаргаагүй.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.М нь “Сүхбаатар дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс нь 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, холбогдох арга хэмжээ авахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.
Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “Д.Мын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг гомдлыг зохих хууль журмын дагуу шийдвэрлэж, хариу өгөхийг Сүхбаатар дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэст” даалгах гэж тодруулсан болно.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврийг хууль ёсны төлөөлөгч Б.М******* нь хүлээн авсан боловч давж заалдах журмаар гомдол гаргалгүй орхисны улмаас хуулийн хүчин төгөлдөр болсон. Энэхүү асуудлын хүрээнд Б.М*******т хариуцлага тооцуулахаар хандсан боловч хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан болно..., ....Б.М******* нь хүү М.А*******гийн ашиг сонирхлыг хамгаалахгүй, эрхийг зөрчиж байснаас шууд шалтгаалан зөрчлийн хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Уг асуудлын хүрээнд Б.М*******т ёс зүйн хариуцлага оногдуулсан..., эхний гаргасан зөрчилдөө бол Б.М******* 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ёс зүйн хариуцлага хүлээсэн, энэ нэхэмжлэл, энэ маргаан бол Б.М*******ийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ёс зүйн хариуцлага хүлээснээс тусдаа асуудал бөгөөд Б.М******* нь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврийг гардан авсан боловч давж заалдах журмаар гомдол гаргалгүй орхисны улмаас шийтгэвэр хуулийн хүчин төгөлдөр болсонтой холбоотой өөр зөрчилд хариуцлага хүлээлгэхтэй холбоотой нэхэмжлэгчийн гомдлыг хариуцагч шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргаж байгаа, нэхэмжлэгч Д.Мын 2024 оны 1 болон 2 дугаар саруудад гаргасан гомдлын дагуу Б.М*******т 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/25 дугаар тушаалаар ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн, харин нэхэмжлэгчийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн гомдол бол тусдаа, Б.М*******ийн цаг хугацааны хувьд сүүлд гаргасан зөрчилтэй холбоотой гомдол юм.” гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна.
Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэст хандан 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гомдол гаргасан байх ба үүнийг хариуцагч 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр шуудангаар хүлээж авсан болох нь өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ.” гэж заасан байна.
Нэхэмжлэгчийн дээрх 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн гомдолд хариуцагч хуульд заасан 30 хоногийн хугацааны дотор хариу өгөөгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба хэрэв хариуцагч гомдлыг шийдвэрлэх хугацааг сунгасан бол энэ талаар гомдол гаргагчид мэдэгдэх үүрэгтэй байжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 12 дахь хэсэгт “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй;” гэж заасан.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй.”, 6 дугаар зүйлийн 1-д “гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах;”, 5-д “төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх.” гэж өргөдөл, гомдол гаргагчийн үндсэн эрхийг нарийвчлан хуульчилсан.
Мөн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтан дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:”, “1/иргэдээс өргөдөл, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрэн хангах;”, “2/харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах;”, “3/өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх;”, “4/өргөдөл, гомдлыг хугацаанд нь барагдуулах;”, “6/өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх;” гэж албан тушаалтны үүргийг хуульчилсан байна.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, иргэн нь төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, уг өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх, гомдлынхоо хариуг авах үндсэн эрхтэй, харин төрийн байгууллага, албан тушаалтан нь харьяаллын дагуу ирсэн иргэдийн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авч, эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэж, хариу өгөх үүрэгтэй байна.
Товч агуулгаар нь хэлбэл, иргэн өргөдөл, гомдол гаргах эрхтэй, харин төрийн байгууллага, албан тушаалтан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүрэгтэй.
Дээрх хуулийн зохицуулалтууд болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгчийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн гомдолд хариуцагч хуульд заасан хугацааны дотор хариу өгөөгүй, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврийг гардан авсан боловч давж заалдах журмаар гомдол гаргалгүй орхисны улмаас шийтгэврийг хуулийн хүчин төгөлдөр болгосонтой холбоотой Б.М*******ийн дараа нь гаргасан гэх зөрчилд хариуцлага тооцуулах агуулга бүхий нэхэмжлэгчийн гомдолд хариуцагч хариу өгөөгүй эс үйлдэхүйг гаргасан болох нь тогтоогдож байна.
Хэрэгт Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” ******* тоот албан бичиг авагдсан байх хэдий ч тус албан бичгийг нэхэмжлэгчийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн гомдлын үндэслэлийг судалж өгсөн хариу гэж үзэхээргүй, тодруулбал тус ******* тоот албан бичиг нь Д.Мын 2024 оны 1 болон 2 дугаар саруудад гаргасан гомдлуудад хариу өгсөн шинжтэй, тус албан бичгийг “шийтгэврийг гардан авсан боловч давж заалдах журмаар гомдол гаргалгүй орхисны улмаас шийтгэврийг хуулийн хүчин төгөлдөр болгосон” гэх зөрчилтэй холбоотой асуудлыг судлан шалгаж хариу өгсөн албан бичиг гэж үзэхээргүй байна.
Иймд шүүх дээр тайлбарласан хуулийн зохицуулалтууд болон үйл баримтуудад үндэслэн:
Харин энд тэмдэглэхэд, шүүх даалгах нэхэмжлэлийн шаардлагыг “гомдлыг зохих хууль, журмын дагуу шийдвэрлэж, хариу өгөхийг хариуцагчид даалгах” гэсэн байдлаар тогтоох хэсэгт томьёолж хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн гомдлыг хэрхэн, ямар байдлаар шийдвэрлэх нь хариуцагчийн бүрэн эрх, эрх хэмжээний асуудал юм.
Шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь Д.Мын нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэст холбогдох ******* индекстэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар шийдвэртэй захиргааны хэрэгтэй энэхүү хэргийн үйл баримт нь адилхан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.” гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байх хэдий ч тус ******* индекстэй хэргийн нэхэмжлэлийн шаардлага нь өөр бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдсан үйл баримтууд нь энэ хэргийн үйл баримтаас цаг хугацааны хувьд өмнө байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн энэ тайлбар үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн 1, 5, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3, 4, 6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Мын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Д.Мын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн гомдлыг хянан шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг гомдлыг зохих хууль, журмын дагуу шийдвэрлэж, хариу өгөхийг Сүхбаатар дүүргийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэст даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Д.Маас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ