Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00265

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00265

 

Б.Пын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/03888 дугаар шийдвэртэй

Б.Пын нэхэмжлэлтэй хариуцагч Сд холбогдох

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, С англи хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдсан өдрөөс эхлэн хэрэг шийдвэрлэх хүртэл тооцож гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн, баталгаажуулах, ээлжийн амралтын дутуу олговор 509 388 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.П, түүний өмгөөлөгч Ж.Гантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс, түүний өмгөөлөгч Р.Түвшинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Б.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр С бүрэн дунд сургуулийн англи хэлний багшийн албан тушаалд 694 193 төгрөгийн цалинтай ажиллаж эхэлсэн. Анх ажилд томилогдоход хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй туршилтын хугацаагаар ажилд авсан талаараа хэлж байсан ба 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Сургуулийн захиргаанаас надад 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтын тушаал гаргаж 36 хоногийн амралтын олговор бодож гарт олгох цалин 1 238 068 төгрөгийг олгосон. Ажил олгогчоос хөдөлмөрийн тухай хууль, боловсролын тухай хуульд зааснаар нийт 48 хоногийн ээлжийн амралт бодох байснаас 12 хоногийн амралт дутуу бодож нийт гарт олгох 509 388 төгрөгийг дутуу олгосон. 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл манай гэрийн хаягаар ирж тус мэдэгдлээс декриттэй байсан ажилтан н.Золзаяагийн оронд ажиллаж байсан талаар анх удаа мэдсэн. Надтай ажил олгогчийн зүгээс анх ажилд авахдаа мөн хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж эхэлснээс ажлаас чөлөөлөх тушаал гарах хүртэлх хугацаанд декриттэй ажилтны оронд ажиллаж байгаа талаар огт хэлж байгаагүй. Улмаар 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 , 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлөх тушаал гарсныг надад танилцуулсан. Сургуулийн удирдлагаас ажлаас чөлөөлөх тушаалыг танилцуулахдаа надад анх ажилд томилсон 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ажилд авсан тушаалыг танилцуулсан. Иймд намайг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаал буюу С сургуулийн англи хэлний багшийн ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажлаас халах тушаал гарсан буюу 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс хэргийг хянан шийдвэрлэх өдөр хүртэл гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн баталгаажуулах, ээлжийн амралтын дутуу олгосон олговрыг нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр, цалингийн дансны хуулгаас тооцоолж гаргасан 509, 388 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилд томилогдсон гэж ойлгосон гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Пыг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасныг үндэслэн жирэмсний амралттай англи хэлний багш Б.Золзаяагийн оронд 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс түр хугацаатай ажилд авсан. Жирэмсний амралттай багшийн оронд түр ажиллах тушаалтай, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллах хөдөлмөрийн түр гэрээтэй байсан. Түр ажиллах хугацааг ажилтан мэдэж байсан төдийгүй хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ зурж хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Англи хэлний багш Б.Золзаяа нь 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ажилдаа эргэн орох хүсэлтээ өгсөн. Дээрх баримтуудаас харахад Б.П нь ажлаас үндэслэлгүй халагдсан биш түр ажиллах тушаалтай, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллах хөдөлмөрийн түр гэрээтэй, түр эзгүй жирэмсний амралттай байсан үндсэн ажилтан багш Б.Золзаяа ажилдаа орох хүсэлтээ өгсөн тул хөдөлмөрийн гэрээ сунгагдаагүй, ажлаас чөлөөлөгдсөн болох нь нотлогдоно. 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллана гэдгээ зөвшөөрч хөдөлмөрийн түр гэрээ байгуулан өөрөө гарын үсгээ зурсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т эзгүй байгаа ажилтны ажилдаа эргэн орох хүртэл гэснийг үндэслэн ажилд түр авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй ажилтан ажилдаа эргэн орох хүсэлтээ гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан цаашид сунгагдахгүй болсон. Сургуулийн дотоод журмын 6.2.2 дахь заалт...жирэмсний амралттай, удаан хугацааны өвчний чөлөөтэй гэх мэт эзгүй байгаа ажилтан ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан бол ажлаас чөлөөлнө гэсэн зэргийг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Үндсэн ажилтан Б.Золзаяа нь 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр өөрийн биеэр сургууль дээр ирж ажилдаа эргэн орох хүсэлт бүхий өргөдлөө бичиг хэргийн ажилтан Б.Оюунчимэгт өгсөн байдаг. Мөн тэр өдөр нь Б.Пд хөдөлмөрийн түр гэрээ цаашид сунгагдахгүй болсныг мэдэгдсэн мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн. Б,Пунсалдулам нь ажилласан хугацааны амралтаа 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүртэл эдэлсэн, амралттай үед нь ажлаас чөлөөлөөгүй. Амралт нь дуусмагц Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 6.2.2 дахь заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Ажилд орсноос хойш ажилласан хугацааны амралт эдэлж дуусах хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нь төлөгдсөн. Б.Пд 8 дугаар сарын 27-ны өдрөөс 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 9 сар ажилласан хугацааны амралтын хоногийг 36 хоногоор тооцож Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, санхүүгийн дүрэм журам, амралт олгох заавар зэргийг үндэслэн 36 хоногийн амралтын олговрыг олгосон болно. Багш нарын ээлжийн амралт 48 хоног байдаг. 1 сард 4 амралтын хоног тооцогддог тушаал шийдвэртэй. Санхүүгийн дүрэм журам, заавар зөрчиж бүтэн 48 хоногийн ээлжийн амралт олгох эрх захирал, нягтлан бодогч нарт байхгүй. Түр ажилтанд ажилласан хугацааны амралтыг болон зохих мөнгөн олговрыг л олгодог заавартай. Б.П нь амралтын дутуу олгосон мөнгө хэмээн нэрлэж илүү мөнгө нэхэх эрх зүйн үндэсгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баянзүрх дүүргийн наяндөрөвдүгээр сургуульд холбогдуулан гаргасан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, С англи хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдсан өдрөөс эхлэн хэрэг шийдвэрлэх хүртэл тооцож гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн, баталгаажуулах, ээлжийн амралтын дутуу олговор 509 388 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Пын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсэг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Паас төлсөн 15 902 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Паас 70 200 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.П давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Б.П 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуульд англи хэлний багшийн албан тушаалд томилогдож, 694193 төгрөгөөр цалинжиж эхэлсэн хэдий ч тухайн үед сургуулийн захиргаанаас надтай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд туршилтын хугацаагаар ажиллаж байгааг мэдэгдсэн. Үүнээс 4 сарын дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр сургуулийн захиргаанаас Туршилтын болон сургалт дадлагын хугацаагаар ажиллагсадтай хийх хөдөлмөрийн гэрээг байгуулж, хөдөлмөрийн харилцааг цааш үргэлжлүүлсэн. Сургуулийн захиргаанаас 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ээлжийн амралтын тушаал гаргаж нийт 36 хоногийн амралтын олговор болох 1 238 068 төгрөгийг олгосон нь Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-т багш, ажиллагчдын ээлжийн үндсэн амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна. Хөдөлмөрийн онцлогийг харгалзан багшид ажлын 33, ..., өдрийн нэмэгдэл амралт тус тус олгоно гэх заалтыг зөрчсөн. Тодруулбал хуулийн дээрх заалтаар нийт 48 хоногийн ээлжийн амралт бодогдох ёстой хэдий ч ажил олгогчийн хууль бус шийдвэрээр 12 хоног дутуу бодогдож үүнийг дагаад 509 388 төгрөгийн олговор олгогдоогүй юм. 2020 оны 7 дугаар сарын 07-нь өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл манай гэрийн хаягаар ирсэн бөгөөд тус мэдэгдлээс декриттэй байсан ажилтан Золзаяагийн оронд ажиллаж байсан тухайгаа анх мэдсэн. Өөрөөр хэлбэл ажил олгогч надтай 2019 оны 8 дугаар сарын 27- ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн харилцаанд орсон хэдий ч 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд дөкриттэй ажилтны оронд ажиллуулж байгаа тухайгаа огт хэлээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасны дагуу анхнаасаа хугацаатай гэрээ байгуулаагүй байгаа нь хөдөлмөрийн гэрээг байнгын ажлын байранд хугацаагүйгээр байгуулах хуулийн шаардлагын дагуу хугацаагүй байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Ингээд 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр сургуулийн захиргаанаас намайг ажлаас чөлөөлөхдөө 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ажилд авах тухай Б/148 дугаар тушаалыг анх танилцуулсан. Энэ тушаалд жирэмсний амралттай н.Золзаяагийн оронд нь Б.Пыг англи хэлний багшаар ажиллуулж байгаа тухай дурдсан байдаг. Гэтэл 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр сургуулийн захиргаанаас туршилтын болон сургалт дадлагын хугацаагаар ажиллагсадтай хийх хөдөлмөрийн гэрээг анх удаа бичгээр байгуулсан нь ойлгомжгүйгээс гадна уг гэрээнд ч жирэмсний амралттай ажилтны оронд ажиллуулж байгаа талаар бас л дурдаагүй. Тиймээс талуудын хооронд хөдөлмөр харилцаа анх үүсэхэд л жирэмсний амралттай байгаа англи хэлний багш н.Золзаяаг ажилдаа эргэн ортол Пунсалдуламыг түүний ажлын байранд түр авч байгаа нь тодорхой байх ёстой. Дор хаяж 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр сургуулийн захиргаанаас Туршилтын болон сургалт дадлагын хугацаагаар ажиллагсадтай хийх хөдөлмөрийн гэрээ-нд энэ талаар тодорхой тусгах ёстой. Гэтэл хөдөлмөрийн харилцаан дахь ажил олгогчийн шинээр орсон багш нарт 36 хоногийн олговор олгож буй ялгаварлан гадуурхалт, хууль бус үйлдлийг илчилсний төлөө намайг ажлаас үндэслэлгүй халсан. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байгаа ба хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрэгт хамааралтай байх талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. Иймд Б.П намайг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан албан тушаал буюу С англи хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажлаас халах тушаал гарсан буюу 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс эхэлж тооцон ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хэргийг хянан шийдвэрлэх өдөр хүртэл гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн баталгаажуулах, ээлжийн амралтын дутуу олгосон олговрыг нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр, цалингийн дансны хуулгаас тооцоолж гаргасан 509 388 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.П нь хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуульд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдсан өдрөөс хэрэг шийдвэрлэх хүртэл тооцож гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн, баталгаажуулах, ээлжийн амралтын дутуу олговор 509 388 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх.1-2, 36/

С захирлын 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Б/64 тоот тушаалаар Буянжаргалын Пунсалдуламыг 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 37 дугаар зүйлийн 37.1.3, Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 6.2.2 дахь заалтуудыг тус тус баримталсан байна. Уг тушаалын үндэслэлдээ ...Жирэмсний амралттай байсан англи хэлний багш Б.Золзаяа нь 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан тул түүний оронд нь түр ажиллаж байсан Б.Пыг чөлөөлсөн гэж заажээ. /хх.8/

Ажил олгогч С захирлын 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Б/148 тоот тушаалд англи хэлний багш жирэмсний амралт авсан Бадиагийн Золзаяагийн оронд нь нэхэмжлэгч Буянжаргалын Пунсалдуламыг англи хэлний багшаар 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл түр хугацаагаар авч ажиллуулахаар заасан байна. /хх.80/

Хэргийн 85 дугаар талд ажил олгогч болон Б.П нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан Туршилтын болон сургалт дадлагын хугацаагаар ажиллагсадтай хийх хөдөлмөрийн гэрээ авагдсан, уг гэрээг 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаатай байгуулжээ.

Хэрэгт Захиргааны зөвлөлийн хурлын 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн тэмдэглэл нотлох баримтаар авагдсан, уг тэмдэглэлд ...2 декреттэй /Номинзул, Золзаяа/ шалгалтанд 9 хүн орсноос 6 хүнийг ярилцлагад оруулав, Цэрэнсодном, Пунсалдулам нарыг Номинзул, Золзаяа нарын оронд 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаагаар тус тус ажиллуулж үзэхээр 5 хүнийг шийдвэрлэв гэсэн байх бөгөөд мөн хамт ажиллаж байсан гэрчүүдийн мэдүүлгээр ...Лхамсүрэн, Энх-Орчлон, Отгонжаргал нарыг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, Цэрэнсодномыг Номинзул багшийн оронд Б.Пыг Бад.Золзаяагийн оронд авахаар ажиллаж байсан гэж мэдүүлгийг шүүхэд гаргасан байна. /хх.59/

Захиргааны зөвлөлийн хурлын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн тэмдэглэлд ...Декреттэй байгаа англи хэлний багш Бад.Золзаяа ажилдаа орохоор мэдэгдсэн тул түүний оронд ажиллаж байгаа англи хэлний багш Б.Пын хөдөлмөрийн гэрээ нь сунгагдахгүй гэсэн шийдвэрийг гаргажээ. /хх.90-92/

Хэргийн 13 дугаар талд тус сургуулийн багш Б.Золзаяа сургуулийн захиргаанд хандан 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүүхэд том болж, харах хүнтэй тул ажилдаа эргэн орох хүсэлтээ илэрхийлсэн бичгийн баримт авагдсан байна. /хх.113/

С захиргаа нэхэмжлэгч Б.Пыг жирэмсний амралттай багш Бад.Золзаяагийн оронд түр хугацаагаар авч ажиллуулаад тухайн багшийг ажилдаа эргэж орох хүсэлт гаргаснаар ажлаас халсан нь Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэгт Хугацааг зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж болно гэж заасан заалттай нийцжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ...намайг жирэмсний амралт авсан Б.Золзаяагийн оронд авсан гэдгийг хэлээгүй, би энэ талаар мэдээгүй гэсэн үндэслэлээр маргаж байгаа боловч нэхэмжлэгч Б.П өөрийн тайлбараа нотолсон, хариуцагчийн тайлбарыг няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд хэвээр хадгална гэж заасан бөгөөд ажил олгогчийн шийдвэр хуулийн дээрх үндэслэлүүдээс гадна бусад хууль тогтоомж, хамтын болон хөдөлмөрийн гэрээнд ажилтны ажил, албан тушаалыг хадгалах талаар хэрхэн тохирсон эсэхийг шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэлсэн байна. Тухайлбал, Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 6.2.2-т жирэмсний амралттай, удаан хугацааны өвчний чөлөөтэй гэх мэт эзгүй байгаа ажилтан ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан бол ажлаас чөлөөлнө гэж заажээ.

Анхан шатны шүүх ажил олгогчийн нэхэмжлэгч Б.Пыг ажлаас чөлөөлсөн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 6.2.2 дахь заалттай нийцсэн гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

БСШУС-ын сайдын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны А/194 дүгээр тушаалын дагуу БСШУсайдын тушаалаар 2019-2020 оны хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болгох, багш нарын амралтыг 6-р сарын эхний 7 хоногт багтаан эхлүүлэх тухай үүрэг өгсөн, анхан шатны шүүх ажил олгогч нэхэмжлэгч Б.Пын ээлжийн амралтыг 36 хоногоор тооцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 166 тоот тушаал, түүний хавсралтад нийцсэн байна гэж үзсэн нь буруу биш болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/03888 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлсөн 15 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Ц.ИЧИНХОРЛОО