Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/851

 

    2023            8             24                                          2023/ДШМ/851

 

Б.Бхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Өнөрбаяр,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/531 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2302002740175 дугаар хэргийг 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Б.Б, 

- Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 749 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

- Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, мөн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 254 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 448 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн.

  Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутагт байрлах CU сүлжээ дэлгүүрийн урд талд өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай 1,5480 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Болормаагийн Б.Быг “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Боногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын энэ хэрэгт цагдан хоригдсон 45 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа А1.7142244 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол банканд шилжүүлж, 1,5480 грамм жинтэй зиплок ууттай мөс мэт зүйл, хагарсан байдалтай шилэн гаанс, резинэн гуурс холбосон цагаан өнгийн жижиг хуванцар сав зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Бын эдлэх ялыг 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бавсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.   

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие ээж, эгч, дүү нарын хамтаар амьдардаг. Хувиараа барилгын ажил эрхэлдэг байсан. Би өөрийн биедээ байгаагаа хэрэглэсэн гэж үнэн зөвөөр хэлж хэргээ хүлээн зөвшөөрсөн. Зүйл анги дээр маргадаггүй. Харин миний урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял эдэлсэн байдлыг илтэд харгалзан үзэж прокурор 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналыг өгсөн. Харин би өмнө холбогдсон хэрэгтээ шүүхийн шийдвэрийг хүндэтгэн хүлээн зөвшөөрч хорих байгууллагын дотоод журмыг чанд сахин оногдуулсан 1 жил 5 сарын хорих ялыг биеэр эдэлж дуусган гарч ирсэн. Дахин хэрэглэж биедээ авч явсандаа маш их гэмшиж байгаа. Нэг гэмт хэрэгт нэг ял оногдуулна гэж заасан байдаг. Өмнө үйлдсэн гэмт хэргийг дахин үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар халдаан хэрэглэж хаалттай хорих байгууллагад ял эдлэх шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй, хохирол төлбөр байхгүй, гэм буруугаа хүлээсэн байдлыг харгалзан үзэж дэглэмийг нээлттэй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруу дээрээ маргаагүй. Өмнөх ял шийтгэлүүдийг бүрэн эдэлж дууссан. Хорих ял эдлэх дэглэмийг хаалттай хорих байгууллага гэснийг нээлттэй хорих байгууллага болгож өөрчилж өгнө үү.” гэв.

Прокурор Н.Өнөрбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон. 2013 оноос эхэлж энэ төрлийн гэмт хэрэгт 4 удаа ял шийтгүүлсэн. Хаалттай хорих байгууллагад ялыг эдлүүлэх нь засарч хүмүүжихэд нь нөлөөлнө. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутагт байрлах CU сүлжээ дэлгүүрийн урд талд өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай 1,5480 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэрч Ц.Б: “...2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 18 цагийн орчим найз Б.Б манай гэрт ганцаараа орж ирсэн. Тэгээд “машинаа өгөөч ээждээ мах аваад дөхүүлээд ирье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 66-57 УНД улсын дугаартай “Приус 41” маркийн машинаа өгөөд явуулсан. Ингээд 23 цагийн орчим Б.Б над руу залгаад “хүний машин шүргэчихлээ, нөгөө машины хохирлыг төлөөд өгнө” гэж хэлсэн. Манай эхнэр Чулуунцэцэг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр “Нэт капитал финанс” банк бус санхүүгийн байгууллагатай гэрээ хийж 3 жилийн хугацаатай 20 сая төгрөгөөр зээл авсан машин байгаа юм.” /хх 40/ гэх мэдүүлэг, 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1696 дугаартай “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Г-74 БГД, 17 хороо, СU дэлгүүрийн урд 66-57 УНД машин хураасан хэрэглүүр м/ч а/д Д.Тулга 2023.3.30” гэж хаяглаж №1 гэж дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн мөс мэт зүйл, хагарсан байдалтай шилэн гаанс мэт зүйл, резинэн гуурс холбосон цагаан өнгийн жижиг хуванцар сав тус бүрээс метамфетамин илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг болно. №2 гэж дугаарласан Монгол Улсын А1-7142244 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн мөс мэт зүйлийн цэвэр жин 1,5480 грамм байна...” /хх 52-55/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1697 дугаартай “...ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Б МП83102071 2023.3.31” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг болно...” /хх 59-61/ гэсэн дүгнэлтүүд,

Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Модны хоёр”-ын СU дэлгүүрийн замын урд талын зам дээр ертөнцийн зүгээр баруун тийш харж зогссон цагаан өнгийн 66-57 УНД улсын дугаартай “Тоёота Приус 41” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-12/,

Б.Бын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 16-20/,

Б.Бын биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх 21-22/,

Б.Бын биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх 27-28/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Быг хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.   

Шүүгдэгч Б.Бын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Б.Бын “...дэглэмийг нээлттэй болгож өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Учир нь, шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа хэдий ч гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.

Сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж хараат байдлыг үүсгэж донтуулах хорт үр дагавартай учир хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, бусдад өгөх, тээвэрлэх, илгээх, борлуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хориглож, тухайн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцож хуульчилсан болно.

Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэрэгт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Б.Б нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл 59 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/531 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 59 /тавин ес/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

                                 ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ