Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 197/ШШ2025/01788

 

 

 

 

 

 

 

 

2025 02 27 197/ШШ2025/01788

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

 

Нэхэмжлэгч: У-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У -д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 5,595,280.25 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ... банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б.... нь ... банк ХК-ийн Богд ар тооцооны төвтэй 2019.07.08-ны өдөр зээлийн болон БХГ/201944599534 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, 4,000,000 төгрөгийн жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан. Зээлдэгч Б.... нь 2025.01.02-ны өдрийн байдлаар 2019.07.08-ны өдрийн зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 1,659,668 төгрөг, хүүгийн төлбөрт 474,302 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 789 төгрөг, нийт 2,134,759 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Б.... нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд зээлдэгч Б....аас зээлийн үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 2,340,332.32 төгрөг, хүү 2,898,948.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 333,999.01 төгрөг, нотариатын зардалд 22,000 төгрөг нийт 5,595,280.25 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.... шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... банк ХК-иас нэхэмжилсэн 5,595,280.25 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ... банк ХК нь хариуцагч Б....ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,595,280.25 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.... нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,595,280.25 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ... банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б....ад холбогдох, иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,595,280.25 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 52,500 төгрөгийг, хариуцагч Б....аас 52,500 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ... банк ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                              ШҮҮГЧ                           Э.ДОЛГОРСҮРЭН