Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 96

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг, улсын яллагч Н.Булганчимэг, шүүгдэгч Т.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

             Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Улаан даавуу овогт Түмэнжаргалын Нямсүрэнд холбогдох эрүүгийн “1711011360009” дугаартай, 186/2018/0087/э индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, 7 дугаар гудамжны 47 тоотод оршин суух бүртгэлтэй, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан. Улаан даавуу овогт Түмэнжаргалын Нямсүрэн /РД:ТА86050470/,

 

           Холбогдсон хэргийн талаар

Т.Нямсүрэн нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Эх нялхасын автобусны буудал”-ын орчим өөрийн микро автобусаар нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаад том оворын нийтийн тээврийн хэрэгслийн жолооч А.Лхагвасүрэнтэй машиныг нь мөргөлөө гэж маргалдан улмаар зодож, түүний биед зүүн нүдний ухархайн гадна хана, доод хана, зүүн гайморын хөндий урд хана, гадна хөндийг хамарсан нийлбэр хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч Т.Нямсүрэн нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн прокуророос сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна, гэм буруугаа  хүлээн зөвшөөрч байна гэв.

Хоёр:  Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч  А.Лхагвасүрэнгийн:.. Би нийтийн тээвэр бариад 6 жил болж байна. Энэ хугацаанд автобусны жолооч болон микро автобус барьсан. Гэртээ ээж Даваахүү, дүү Хишигдэлгэр нарын хамтаар амьдардаг. Би Зүүн салаа зуун айл чиглэлд микротой яваад 6 сар болж байна. Хэрэг болохоос 7 хоногийн өмнөөс эхлээд 43-44 УНЛ улсын дугаартай Гресс маркийн машины жолооч надтай уралдаж хүн авахдаа утаагаараа утах, эхнэр нь хэл амаар доромжлох жишээний байдалтай байдаг байсан. 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би машин бариад кондуктороор Содном ажиллаад бид хоёр 21 цагийн орчим Эх няпхасын автобусны буудал дээр хүнээ авчихаад хөдлөх гэж байхад сүүлд нэрийг нь мэдсэн Нямсүрэн машинтайгаа хүрч ирж зогсоод давхар хүн аваад эхэлсэн. Би хөдлөх гээд ухас ухас хийж байсан чинь хойноос Нямсүрэнгийн машин мөргөчихсөн. Би жолооч талын хаалганаасаа юу болов яав ийв гээд буугаад машиныхаа ард очиход хойд талын машины Нямсүрэн бууж ирснээ үгийн зөрүүгүй шууд зүүн талын нүдрүү гараараа нэг цохихоор нь би доошоо тонгойход шууд хөлөөрөө нүүрлүү өшиглөсөн. Энэ үед Содном машинаасаа бууж хүрч ирээд Нямсүрэнг салгаад намайг аваад машинд суулгасан. Би машинд суухад зүүн талын нүд нэлээн хавдчихсан байдалтай өвдөөд байсан. Би тэндээс шууд машинтайгаа хөдөлж зурагтын хуучин эцэсрүү явж байхад Содном хойноос бичиг баримт мөнгө хаячихлаа гэхээр нь би буцаад зодолдсон газраа очиход Нямсүрэн байхгүй байсан бөгөөд тэр хавиар бичиг баримтаа хайхад олдоогүй. Тэр үед Нямсүрэнг авчихсан юм байх гэж бодоод Нямсүрэнгийн хойноос яваад Зүүн  салаан дээр очсон. Зүүн салаанд очоод Нямсүрэнд хандан бид хоёрын бичиг баримт мөнгийг өгчих гэхэд юу яриад байгаа юм гуйлгачингууд минь би та нарын юмыг аваагүй гээд Содномыг боосон. Содном тэр хоёр хоорондоо цохилцсон зүйл байхгүй бөгөөд Содномыг боож байгаад цамцыг нь урчихсан байна лээ гэх мэдүүлэг. /хх-7/,

2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Нямсүрэн гэрчээр мэдүүлэхдээ:...би 43-44 УНЛ улсын дугаартай Гресс маркийн тээврийн хэрэгслээр 2 жилийн өмнөөс шугамд явж микро барьж байна. 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 21 цагийн орчим Зүүн салаа Баянхошуу чиглэлд хүн авч явж байгаад Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Эх нялхасын автобусын буудал дээр би ирж зогсоход урд 09-67 УНЯ гэсэн дугаартай Гресс микро автобус хүн ачиж байсан. Би хойноос нь ороод давхар ачиж эхэлсэн. Ингээд хойно нь зогсож байхад урд талд байсан машины хойноос ухараад машин мөргөчихөөр нь би машинаас буухад урд талын машины жолооч нь бас буугаад ирсэн тэгэхээр нь шууд нүүр орчим нь гараараа нэг удаа цохьсон тэгээд зүүн талын хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Би цохиж өшиглөсний дараа чи хардаа гэж хэлэхэд урд талын машин шууд л хөдлөөд явчихсан юм. Би Зүүн салааны эцэс дээр явж байхад араас нөгөө машинтай залуу хүрч ирсэн чинь кондуктор нь гээд залуу түрүүвч аваад ир гэхээр нь чи юу яриад байгаа юм гэж хэлээд бариад авсан тэр үед кондуктор залуу дальдчиж байгаад цамцаа уруулчихсан. Ингээд л салаад явцгаасан юм. Би кондукторыг цохиж зодсон зүйл байхгүй гэжээ. /хх-8/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч У.Содномын:..би өөрөө хувиараа микротой учир жолооч олоод өөрөө кондуктор хийгээд эсвэл кондуктор олдвол өөрөө жолоогоо бариад шугамд явдаг юм Лхагвасүрэн гээд найзтайгаа 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш гадуур шугамд нийлж явж байгаа. Зүүн салаа зуун айл чиглэлд ер нь би 2013 оноос хойш явж байгаа бөгөөд хэрэг болохоос долоо хоногийн өмнөөс би хүн ачаад явж байхад хэрэг үйлдсэн Нямсүрэн гээд залуу нь эхнэртэйгээ хамт микроны нэг чиглэлд явж байхдаа гуйлгачингууд минь гэх мэтээр доромжилж чиглэлийн хүнээ булаацалддаг байсан юм. 2017 оны 11 дүгээр сарын 21-ний орой би кондуктор хийгээд Лхагвасүрэн жолооч хийгээд бид хоёр зүүн салааны чиглэлд хүнээ ачаад эх нялхасын автобусны буудал дээр явж байхад хойноос Нямсүрэн микротойгоо орж ирээд давхар хүн ачиж эхэлсэн. Тэр үед цаг 21 цаг болж байсан бөгөөд хоёр хүн явах гэхээр нь би наашаа суучих гэж хэлж байгаад өөрийнхөө машинд суулгасан тэр үед жолоо барьж байсан Лхагвасүрэн гарах гэж байгаад машинаа ухас ухас хийлгэж байсан бас хойд талын машины жолооч Нямсүрэн нь машинаа ухас ухас хийлгээд л байсан. Ингэж байгаад Нямсүрэн хойноос машинтайгаа зөөлхөн мөргөчихсөн тэр үед Лхагвасүрэн урд талын жолоочийн суудал дээрээсээ буугаад хойшоогоо ард талын машинруу явж байсан тэр үед Нямсүрэн бас бууж ирж байгаа нь харагдсан. Лхагвасүрэн машинаас буугаад яагаад мөргөчихвөө ахаа гэж хэлэхэд машинаасаа бууж ирсэн байсан Нямсүрэн шууд Лхагвасүрэнгийн нүүрлүү нь цохихоор нь машинаас буугаад очиж байх үед ахиад Лхагвасүрэнгийн нүүрлүү нь өшиглөчихсөн. Би тэр хоёрыг салгахын хооронд Нямсүрэнгийн эхнэр гэх эмэгтэй нь хүрч ирээд надтай зууралдаад байсан. Би эхнэрийг нь арай гэж холдуулаад Нямсүрэнг холдуулаад Лхагвасүрэн бид хоёр хүнээ буулгах гээд цаашаа явсан. Зурагтын хуучин эцэс дээр явж байхад миний түрүүвч алга болсон байна гэдгийг мэдээд эргэж очоод хайсан боловч олдоогүй. Ингээд цаашаа явж байгаад Зүүн сапааны хуучин эцэс дээр очиж Нямсүрэнтэй уулзаад миний түрүүвчийг харсан уу гэж асуухад юу гээд байгаа гуйлгачин вэ гэж хэлснээ надтай муудалцаад барьцалдаад авсан. Надтай барьцалдаж авсны дараа намайг цамцаар боосноо нэг удаа цохьсон тэр үед эхнэр нь дандаа гай болсон гуйлгачин гээд надруу дайраад байсан. Тэгэж байгаад хоёр тийшээ салцгаасан гэх мэдүүлэг. /хх 10-11/,

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Тогтохсүрэнгийн:.. Нямсүрэнтэй албан ёсны гэрлэлтийн баталгаатай эхнэр нь болох хүн бид хоёр гурван хүүхэдтэй. Би болсон хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Би анх Нямсүрэнтэй 2004 онд танилцаж байсан түүнээс хойш үерхэж байгаад 2005 онд Алтанхуяг гэдэг хүүтэй болсон, 2011 онд Ганхуяг хүү, 2014 онд  Ган-Очир гэх хүүтэй болсон манайх ам бүл тавуулаа өнөр өтгөн амьдарч байна. Нямсүрэн надтай анх танилцахдаа цагдаагийн ерөнхий газар тогооч хийдэг байсан, 2009 он хүртэл ажилласан. 2009 оноос хойш энд тэнд хувийн компанид дандаа жолооч хийдэг байсан. 2017 оны хавраас л өдрийн 30.000 төгрөгний микро түрээсээр авч гадуур чиглэлд явдаг болсон. Түүнээс өмнө микронд явж байгаагүй, дандаа уурхайд ажилладаг байсан.  Зан байдлын хувьд даруухан, жаахан түргэн уурлаад байдаг юм. Тамхи татаж, архи уугаад байдаггүй гэх мэдүүлэг  /хх-13/,

2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Пүрэвдоржийн...би Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотод 1997 онд орж ирсэн түүнээс энэ тэрүүгээр байж байгаад 2010 онд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд буухад Нямсүрэнгийн зэргэлдээ хашаанд буусан юм. Түүнээс хойш л Нямсүрэн залууг таньдаг болсон. Нямсүрэн одоо эхнэр 3 хүүхдийн хамтаар амьдардаг бөгөөд микро бариад халтууранд явахад эхнэр нь давхар кондукторыг нь хийж байдаг юм,  хүүхэдтэй учир өдөр шөнөгүй л гадуур явж байгаа харагддаг юм.  Микронд явж олохоос өөр ямар нэгэн өрхийн орлого байхгүй юм шиг байна лээ. Нямсүрэнтэй зэргэлдээ хашаанд байдаг учир зан аашийг нь ерөнхийдөө мэднэ тэрээр архи тамхи хэрэглэдэггүй, гэр бүлээ тэжээхийн тулд микрогоо унаад л явж байгаа харагддаг юм. Баяр болохоор манай гэрээр орж ирдэг юм. Зан байдлын хувьд даруухан элдэв янзын зуршил байхгүй сайн залуу байгаа юм гэх мэдүүлэг  /хх-14/,

 2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Даваахүүгийн:.. 2017 оны 11 дүгээр сарын 21-ний орой 22 цагийн орчим гэртээ байхад миний хамгийн том хүү Лхагвасүрэн надруу залгаад хүн намайг зодчихлоо би Чингэлтэй дүүргийн цагдааруу явж байна гэхээр нь болсон хэргийн талаар мэдсэн юм. Би тэр үед очих уу гэхэд яахын вэ яахын гэхээр нь би очих уу гэхэд яахын вэ гэж хэлсэн. Ингээд би шүүх эмнэлэг болон бусад эмнэлгийн байгууллагаар хүүхдээ дагуулаад явахад хамар болон хацар ясны хугаралтай гэдэг онош гарсан. Уг гэмтлийг учирсан хүн яаралтай хагалгаанд орох ёстой гэсэн учир бид нар нэгдүгээр эмнэлгийн эрүү нүүрний мэс засал хийлгүүлсэн. Эмнэлэгт 7 хоног хэвтээд гарсан. Эмнэлгээс гарснаас хойш Лхагвасүрэн хэд хоног гэртээ амарч байгаад гэрийн ганц ажил хийдэг хүн болохоор ажил хийхээр Өмнөговь аймаг явсан одоогийн байдлаар эзэнгүй байна. Өмнөговь аймаг явсан юм. Араас нь гар утсаар ярьсан чинь дарга нь саяхан ажилд ирсэн болохоор чөлөө өгч явуулахгүй гэж байна лээ тэгээд ирж чадахгүй байгаа юм. Урьд гарсан эмнэлгийн хагалгаа болон эмчилгээний баримт гэж Нямсүрэн нь хагалгааны мөнгө гэж 507.000 төгрөг, эмчилгээ гэж 70.000 орчим мянган төгрөг өгсөн байх сайн мэдэхгүй байна. Сүүлд эмнэлгээс гарсны дараа авсан эмилгээний баримт нь 50.850 төгрөг болсон энэ баримтыг хэргийн материалд гаргаж өгсөн гэх мэдүүлэг  /хх-15/,

2.7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14593 тоот актын:                                                                                                                                                 1. А.Лхагвасүрэнгийн биед зүүн нүдний ухархайн гадна хана, доод хана, зүүн гайморын хөндийд урд хана, гадна хөндийг хамарсан нийлмэл хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хуацаанд үүсэх боломжтой.

 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Сэлэнгэ гэсэн  дүгнэлт. /хх-19/,

 

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1.  Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 23-25/, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, хохирогчийн санал гомдолгүй гэсэн баримт /хх-36/, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-38/  зэргийг шинжлэн судлалаа.

 

Дээрхи  хуульд заасан журмын  дагуу цугларсан  нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн  шалгах ажиллагааны явцад  хийгдвэл зохих ажиллагаа бүрэн  хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад  тулгуурлан дараахи үйл баримтыг  тогтоов.

Шүүгдэгч Т.Нямсүрэн нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Эх нялхасын автобусны буудал”-ын орчим өөрийн микро автобусаар нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаад том оворын нийтийн тээврийн хэрэгслийн жолооч А.Лхагвасүрэнтэй машиныг нь мөргөлөө гэж маргалдан улмаар зодож, түүний биед зүүн нүдний ухархайн гадна хана, доод хана, зүүн гайморын хөндий урд хана, гадна хөндийг хамарсан нийлбэр хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь  хохирогч  А.Лхагвасүрэнгийн:.. Нямсүрэн машинтайгаа хүрч ирж зогсоод давхар хүн аваад эхэлсэн. Би хөдлөх гээд ухас ухас хийж байсан чинь хойноос Нямсүрэнгийн машин мөргөчихсөн. Би жолооч талын хаалганаасаа юу болов яав ийв гээд буугаад машиныхаа ард очиход хойд талын машинаас Нямсүрэн бууж ирснээ үгийн зөрүүгүй шууд зүүн талын нүдрүү гараараа нэг цохихоор нь би доошоо тонгойход шууд хөлөөрөө нүүрлүү өшиглөсөн. Энэ үед Содном машинаасаа бууж хүрч ирээд Нямсүрэнг салгаад намайг аваад машинд суулгасан…гэх мэдүүлэг. /хх-7/, гэрч У.Содномын:..2017 оны 11 дүгээр сарын 21-ний орой би кондуктор хийгээд Лхагвасүрэн жолооч хийгээд бид хоёр зүүн салааны чиглэлд хүнээ ачаад эх нялхасын автобусны буудал дээр явж байхад хойноос Нямсүрэн микротойгоо орж ирээд давхар хүн ачиж эхэлсэн. Тэр үед цаг 21 цаг болж байсан бөгөөд хоёр хүн явах гэхээр нь би наашаа суучих гэж хэлж байгаад өөрийнхөө машинд суулгасан тэр үед жолоо барьж байсан Лхагвасүрэн гарах гэж байгаад машинаа ухас ухас хийлгэж байсан бас хойд талын машины жолооч Нямсүрэн нь машинаа ухас ухас хийлгээд л байсан. Ингэж байгаад Нямсүрэн хойноос машинтайгаа зөөлхөн мөргөчихсөн тэр үед Лхагвасүрэн урд талын жолоочийн суудал дээрээсээ буугаад хойшоогоо ард талын машинруу явж байсан тэр үед Нямсүрэн бас бууж ирж байгаа нь харагдсан. Лхагвасүрэн машинаас буугаад яагаад мөргөчихвөө ахаа гэж хэлэхэд машинаасаа бууж ирсэн байсан Нямсүрэн шууд Лхагвасүрэнгийн нүүрлүү нь цохихоор нь машинаас буугаад очиж байх үед ахиад Лхагвасүрэнгийн нүүрлүү нь өшиглөчихсөн...гэх мэдүүлэг. /хх 10-11/,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14593 тоот дүгнэлт. /хх-19/,  болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т.Нямсүрэнг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг  тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.             

 

Шүүгдэгч Т.Нямсүрэн, хохирогч А.Лхагвасүрэн нар нь  мөрдөн шалгах ажиллагааны явцад  хоорондоо эвлэрэн тохиролцсон, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгч нь гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус  тус дурьдаж  шийдвэрлэв.

 

Хохирогч  А.Лхагвасүрэн нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр  хүсэлт гаргаж  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Улаан даавуу овогт Түмэнжаргалын Нямсүрэнг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Улаан даавуу овогт Түмэнжаргалын Нямсүрэнг 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нямсүрэнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нямсүрэн нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Т.Нямсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Нямсүрэнд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.БАТЖАРГАЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018-02-27    19 цаг  15 минут