Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/850

 

 

2023               8             24                                         2023/ДШМ/850

 

Р.О, Х.Хнарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Түвшинбаяр,  

шүүгдэгч, хохирогч Р.О,  

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/385 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Б.Чинбатын  бичсэн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 14 дүгээр эсэргүүцэл болон шүүгдэгч Р.Оийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Р.О, Х.Хнарт холбогдох 2211013010664 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Р.О, .

2. Х.Х, .

Р.О нь 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 41-487 тоотод иргэн Х.Ныг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Х.Хнь 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 41-487 тоотод иргэн Р.Оийг зодож, эрүүл мэндэд нь зүүн бугалга, хүзүү, бүсэлхий, зүүн сарвуунд цус хуралт, зүүн алганд зулгаралт, ууц, зүүн өгзөгт зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Р.О, Х.Хнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч  Х.Х,  Р.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х.Хыг 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Р.Оийг 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х.Х, Р.О нарыг эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ оршин суух газраа өөрчлөхийг тус тус даалгаж, шүүгдэгч Р.О нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу тус хугацаанд оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тоггмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, “Улаанбаатар хот”-оос гарахгүй байх хязгаарлалт, шүүгдэгч Х.Хнь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу тус хугацаанд оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, “Чингэлтэй дүүрэг”-ээс гарахгүй байх хязгаарлалт тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Х.Х, Р.О нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих, мөн шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Р.Оээс хохирлын 242.600 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Х.Хд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 30.000 төгрөгийг шүүгдэгч Р.Оээс гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан дахь “100900020080” дугаартай дансанд оруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Х.Хнь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Х.Х, Р.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Б.Чинбат бичсэн эсэргүүцэлдээ: “...Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Чинбат би, хяналтын прокурор Б.Очгэрэлийн яллах дүгнэлт үйлдэн, 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд шилжүүлсэн эрүүгийн 2211013010664 дугаар шүүгдэгч Р.О, Х.Хнарт холбогдох хэргийн шийтгэх тогтоолтой танилцлаа. Тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/385 дугаар шийтгэх тогтоолоор “...Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Шүүгдэгч Р.О нь бага насны хүүхэдтэй хувийн байдлыг харгалзан гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг хүндэтгэн үзэх шалтгаанаар эмнэлэг, төрийн байгууллагын үйлчилгээ авахаас бусдаар тодорхой газраас буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэх’’-ээр шийдвэрлэсэн байна.

Зорчих эрх хязгаарлах ял нь 2015 онд батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Эрүүгийн хуульд ялын нэг төрөл болж шинээр хуульчлагдсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Уг ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар зорчихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм. Хэдийгээр шүүгдэгч Р.Од оногдуулсан 10 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар зорчих эрх хязгаарласан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх боловч тус ял нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцэхгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд” оршино гэх эрүүгийн хариуцлага болоод зорчих эрхийг хязгаарлах ялын үр нөлөө, зорилгод шүүхээс оногдуулсан ял нийцэхгүй байгаагаас гадна хуулийн үзэл санаа нь шүүгдэгчийг өөрийн харьяалагдах газраас өөр газарт зорчихыг хязгаарлахаар заасан байтал нутаг дэвсгэрийн хүрээг тэлж Улаанбаатар хотын хэмжээнд тогтоосон нь буруу байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/385 дугаар шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 3 дахь заалтад “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоосугай” гэж өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Р.О гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Р.О нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 2023/ШЦТ/385 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Хэрэг болсон гэх өдөр би 5 сартай жирэмсэн байхдаа Х.Хгэх эмэгтэй манай нөхөр Баттогтохтой Чингэлтэй дүүргийн 7 буудалд явж байхыг хараад араас нь дагаж явсан. Энэ үед манай нөхөр, Х.Ххоёр нь хоол идэж, дэлгүүр, паб орж хоорондоо тэврэлдэж, үнсэлцэж, зочид буудалд орохыг харсан бөгөөд энэ үед сэтгэлээр унаж, бие өвдөж шоконд ороод дагахаа болиод Баттогтохын ах Тэгшээгийн гэрт очиж тайвширсан. Орой нь дахиж нөхөр Баттогтохыг хайж Х.Х.Хын гэрт очиход монгол гэрийн дотор харанхуй байсан бөгөөд намайг хэд урагшаа алхаад баганын хажууд очиход намайг Х.Х.Хын дүү Х.Нургавал нь татаж, газарт унагаагаад Х.Х.Х, Х.Нургавал хоёр зэрэг дээрээс олон удаа өшиглөж, гутал болон модоор олон удаа цохиж дэвссэн. Би тухайн үед ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй бөгөөд Х.Нургавалын биед гар хүрээгүй. Би 4 дэх хүүхдээ үр шилжүүлэн суулгуулах аргаар жирэмсэн болсон тул хүнтэй зодолдох битгий хэл, чанга гишгэхээс айж, гам барьж байсан тул нөхөр болон Х.Ххоёр дээр шууд очоогүй тухайн өдөр өдөржин дагаж явсан юм.

Намайг зодуулж байхад Х.Хнь “наадахаа ал, ал” гээд орилоод байсан. Би гэдсэн дэх хүүхдээ хамгаалаад тэр айлаас мөлхөж гараад, өөрийн гар утаснаас цагдаад дуудлага өгсөн. Би шинжээч эмчид 2022 оны 8 дугаар сарын 4-ний өдөр үзүүлсэн. Харин Х.Нургавалын биед би гар хүрээгүй байхад түүнд гэмтлийн зэрэг тогтоогдсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтлийг хөнгөн гэмтэлд тооцно гэж заасан. Харин Х.Нургавал нь гэмтэл авсанаасаа хойш 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр буюу хэрэг болсноос хойш 14 хоногийн дараа шүүх эмнэлэгт үзүүлсэн буюу миний биед авсан гэмтэл эдгэрсэн байхад шүүх эмнэлэгт үзүүлснийг ойлгохгүй байна. Тухайн өдөр намайг цагдаа дуудахад Х.Нургавал нь энэ талаар хэлээгүй, тухайн цаг мөчид шууд шүүх эмнэлэгт үзүүлээгүй нь ойлгомжгүй байна. Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд нэг л удаа мэдүүлэг өгсөн бөгөөд жирэмсэн байсан тул мөрдөн шалгах ажиллагаанд ямар ажиллагаа явагдсаныг мэдээгүй. Би анхан шатны шүүх хуралдаанд орох хүртлээ өөрийгөө яллагдагч болсноо мэдээгүй явсан. Би энэ явдлаас болж нөхрөөсөө салсан бөгөөд одоогоор 4 хүүхэдтэй өрх толгойлсон эх хүн болсон. Х.Нургавал нь “...79 хувиар оюуны хүндэвтэр хомсдол F71 оноштой, шүүх сэтгэц эмгэг судлалын 1076 дугаартай дүгнэлтээр “...үнэн зөв мэдүүлэг өгөх чадвар сул” гэсэн дүгнэлт зэрэг баримтууд /1хх 46-47/ хавтаст хэрэгт авагдсан бөгөөд түүний биед гар хүрээгүй байхад түүнд гэмтлийн зэрэг тогтоогдож, өөрийгөө бүрэн илэрхийлэх чадваргүй хүн энэ хэргийн хохирогч болсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Х.Нургавалыг цохиж, зодоогүй. Энэ хэргээс хойш нөхрөөсөө тусдаа амьдарч байгаа. Би хэнийг ч зодоогүй байхад харилцан зодолдсон хэрэг болгосон байсан. Х.Хгэх хүүхэн казак хүүхэн байсан. Мөрдөгч бас казак хүн байсан. Би 1 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд намайг дахин дуудаагүй. 6, 7 сарын дараа намайг мөрдөгч дуудаад “ийм хэрэгтэй болсон. Энд гарын үсэг зур” гэсэн. Би “ийм зүйл болоогүй” гэсэн чинь “шүүх тогтоогоод өгнө, гарын үсгээ зурчих” гэж хэлсэн. Мөрдөгч казак хүн байсан тул казак хүнээ өмөөрөөд хэргийг шалгасан гэж үзэж байна. Би өөрийнхөө гэм буруугүй болохоо нотолж чадахгүй байгаа тул надад торгуулийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Прокурор Н.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Р.О нь тогтмол орлогогүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Анхан шатны шүүхээс зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь үйлдсэн хэрэгт нь тохирсон ял оногдуулсан гэж үзэж байна. Харин Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр бүсчлэлийг тогтоож зааж өгсөн нь хуульд нийцээгүй. Иймд прокуророос эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь заалтад өөрчлөлт оруулж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газраар зорчихгүй байх гэж зааж өгнө үү. Хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгч Р.О нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хангалттай тогтоогдсон. Зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлтэй. Шүүгдэгч Р.О нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул торгуулийн ял оногдуулах үндэслэлгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ дээд шатны прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч Р.Оийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно. 

            Шүүгдэгч Х.Хнь 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 41-487 тоотод иргэн Р.Оийг зодож, эрүүл мэндэд нь зүүн бугалга, хүзүү, бүсэлхий, зүүн сарвуунд цус хуралт, зүүн алганд зулгаралт, ууц, зүүн өгзөгт зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

            хохирогч Р.Оийн “...би өдөр нь хамт явж байсан гэх эмэгтэйгийн гэрийг нь өмнө нь мэддэг байсан учир гэрт нь очоод Баттогтохыг дуудахад хүн гарч ирэхгүй байсан учир би гэр рүү нь ороод нөгөө эмэгтэйгээс манай нөхөр хаана байна гэж асуухын завдалгүй гэрэл асаагаад намайг хамт байсан дүү нь гэх эрэгтэй намайг татаж унагаахад нөгөө эмэгтэй намайг олон удаагийн давтамжтайгаар модоор цохиж болон өшиглөж дэвсээд байсан. ...” /хх 23-24/

            яллагдагч Х.Х.Хын “... би дүүгийнхээ хамт байж байтал манай гэрийн хаалгыг угз татаад Р.О орж ирээд манай дүү Нургавалын толгойг модоор цохиод тэгээд намайг зодоод байсан ба манай дүү салгаад би тухайн эмэгтэйгийн өөрийнх нь барьж байсан модоор өөрийг нь цохиж зодсон. ...” /хх 77-78/ гэх мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 10835 дугаартай: “Р.Оийн биед зүүн бугалга, хүзүү, бүсэлхий, зүүн сарвуунд цус хуралт, зүүн алганд зулгаралт, ууц, зүүн өгзөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид алдагдуулахгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” /хх33-34/ гэх дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдаанд талуудыг тэгш эрхтэй оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн зохих дүгнэлт хийн хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч Х.Х.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ. 

Шүүгдэгч Х.Хнь хохирогч Р.Оийн биед “зүүн бугалга, хүзүү, бүсэлхий, зүүн сарвуунд цус хуралт, зүүн алганд зулгаралт, ууц, зүүн өгзөгт зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

              Харин, анхан шатны шүүхээс Р.Оийг 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 41-487 тоотод иргэн Х.Нургавалыг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй болжээ. 

            Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр холбогдогчоор Х.Х.Хын “...2022 оны 8 дугаар сарын 04-ний орой дүүгийнхээ хамт гэртээ унтаж байсан чинь нэг эмэгтэй гэрт ороод ирсэн. ...намайг өшиглөөд тэгэхээр нь би дүүгээ энэ хүүхэнийг цааш нь тат гэсэн. Тэгсэн манай дүү үснээс  нь татаад цааш аваад үүдэнд очсон, би босоод барьж байсан хугархай банзыг нь аваад өөрийг нь цохисон, хаалгаар гартал нь цохисон. ...”, яллагдагчаар Р.Оийн “...би тухайн үед мод барьж орсон нь үнэн. Яагаад гэвэл хашаанд том том нохойнууд байсан учир өөрийгөө хамгаалах зорилгоор мод барьж орсон. Би тухайн хүмүүсийн гэрт ороход харанхуй байсан ба ор руу ойртох үед гэрэл ассан ба хөнжлийг нь сөхөх гэтэл намайг арагшаа татаж унагаахад би гэдэргээ харж унаад, хэвлийгээ хамгаалах зорилгоор доошоо хараад хэвтчихсэн. Энэ үед намайг тал талаас цохиж, зодож эхэлсэн ба тухайн үед би өөр хүмүүсийн биед халдах ямар ч боломж байгаагүй.” гэх мэдүүлгүүд зэргээр Р.О нь Х.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдохгүй, эргэлзээ төрүүлж байхаас гадна, анхнаасаа хохирогч Х.Нургавал нь зодуулсан талаараа гомдол мэдээлэл гаргаагүй, энэ талаар мэдүүлээгүй, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанаас хойш 15 хоногийн дараа шүүх эмнэлэгт үзүүлж, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 11338 дугаар дүгнэлт гарсан зэргээс үзэхэд Р.Оийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрүүлэхээр байна гэж үзлээ.  

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

Иймд ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ... эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан прокуророос Р.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Дээд шатны прокурор Б.Чинбатын бичсэн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 14 дүгээр эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, эсэргүүцэлд бичигдсэн “...Р.Од оногдуулсан 10 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар зорчих эрхийг хязгаарласан ...”, мөн “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоосугай.” гэж өөрчлөлт оруулахаар гэж үндэслэлгүй эсэргүүцэл бичсэн байх тул эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.   

Иймд дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулж, шүүгдэгч Р.Оийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/385 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч Р.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай. 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Боржигон овогт Рийшаагийн Р.Оийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд” гэсэн хэсгийг, 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар” гэсэн хэсгийг, мөн тогтоох хэсгийн 3, 4, 5, 6, 7 дахь заалтуудын Р.Од холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Дээд шатны прокурор Б.Чинбатын  бичсэн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 14 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.  

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

                                 ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ