| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2023/0998/З |
| Дугаар | 128/ШШ2024/0912 |
| Огноо | 2024-11-18 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2024/0912
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Ц т М н” ТББ
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Маргааны төрөл: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаартай “Газар ашиглах эрхийг, дуусгавар болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах” -ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаартай “Газар ашиглах эрхийг, дуусгавар болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах”
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай төрийн бус байгууллага нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2015 оны тушаалаар Улаанбаатар хот Б дүүргийн нутаг дэвсгэрт орших Богдхан уулын Дархан цаазат газрын Чын аманд 2.3 га газрыг “Аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй болж дугаартай “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээ”-г авсан.
Үүний дараагаар манай байгууллагын зүгээс 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай "Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай" гурвалсан гэрээг Богдхан уулын Дархан цаацат газрын хамгаалалтын захиргаа, Б дүүргийн Засаг дарга нартай байгуулсан бөгөөд гэрээнд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэн ажиллаж ирсэн бөгөөд ашиглах хугацааны төлбөрийг тухай бүр төлж байсан болно.
Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаартай "Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай" тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн "ашиглуулахаар олгосон газрын ашиглах хугацаа дуусахаас өмнө эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй" гэж үзэж Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг дагуу манай байгууллагын 23615 м.кв газрын ашиглах эрхийг дуусгавар болгосож шийдвэрлэсэн байна.
Дээрх шийдвэрийн талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаартай "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээг хураалгах тухай" албан бичигт дээрх тушаалыг хавсарган манай байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ирүүлснээр гардаж аваад анх мэдсэн.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно.", 27.2-т "Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ" гэж заасан боловч хариуцагчийн зүгээс 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаартай "Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай" тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан эрх ашиг хөндөгдөж байгаа этгээдэд сонсох ажиллагаа явуулаагүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох хуульд заасан эрхийг зөрчиж шийдвэр гаргасныг хууль бус гэж үзэж байна.
Мөн тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаартай “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоох тухай” захирамжийн дагуу нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж нэхэмжлэлийг дахин гаргаж байна.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаартай "Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай" тушаалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий захиргааны актыг бид манай төрийн бус байгууллагад хаягласан 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ******* тоот Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийн гэрчилгээг хураалгах тухай албан бичгийг хүлээж авснаар мэдсэн байдаг. Ийнхүү бид шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Маргаан бүхий захиргааны акттай маргаж байгаа гол хууль зүйн үндэслэлийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлоогүй, мөн энэ хуулийн 27.2 дахь хэсэгт заасны дагуу сонсох ажиллагааг хуульд заасны дагуу хийгээгүй гэж үзэж байгаа. Хэдий хариуцагч хариу тайлбар дээрээ сонсох ажиллагааг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудсаар хийсэн гэж дурдаж байгаа боловч Захиргааны ерөнхий хуулийн 27.2.1 дэх хэсгийг харах юм бол 20 буюу түүнээс дээш тооны этгээдэд сонсох ажиллагаа хийх бол мэдэгдлийг тус бүрд шууд хүргүүлэх шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болно гэж тусгасан. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч нь мэдэгдэх сонсох ажиллагааны мэдэгдлийг зохимжит хэлбэрээр хүргүүлэх үүрэгтэй байтал уг үүргээ зохих журмын дагуу хийгээгүй гэж үзэж байна. Мөн маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг үндэслэсэн байсан. Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай зөвлөмжид 40.1.1 дэх хэсэгт заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл байдлыг зөрчсөн гэдэгт гэрчилгээгээ бусдад ашиглуулах, шилжүүлэх, барьцаалах журмыг зөрчсөн, газрыг зориулалтын бусаар ашигласан, бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх хууль ёсны ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зэрэг үйлдэл байхыг ойлгохоор тусгасан байна. Мөн удаа дараа ноцтой зөрчсөн гэдэг нь эрүү, иргэний шүүн таслах ажиллагаа, эрх бүхий байгууллагын дүгнэлтийн улмаас ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдсон тохиолдолд уг хуулийн заалтыг хэрэглэх ёстой. Гэтэл маргаан бүхий захиргааны актын хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөлийг хэрхэн яаж тогтоосон нь тодорхойгүйгээр шууд ноцтой зөрчил байна гэж үзэж манай газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан хуульд үндэслэх болон бодит нөхцөл байдлыг тогтоох зарчмуудыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь хангаж өгнө үү.
Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Ц т М н" ТББ-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан "Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаартай "Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай" тушаалыг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаар тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ******* дүгээр тушаалаар "Ц т М н" ТББ- д олгогдсон 23615 м.кв газрын ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Маргаан бүхий тушаалыг гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар саналыг үндэслэсэн ба тус саналд сонсох ажиллагаа явуулсан талаарх мэдэгдлийг хүргүүлсэн талаарх баримтыг тус тус ирүүлсэн.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2. "Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ: 27.2.2.хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх." гэж заасан.
Тус хуулийн дагуу хариуцагчаас өөрийн сонгох боломжоо эдэлж, сонсох ажиллагааг өөрийн албан ёсны цахим хуудсаар мэдэгдсэн боловч нэхэмжлэгчээс хариу тайлбараа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд ирүүлээгүй талаар албан бичигтээ хавсарган ирүүлжээ.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаар "Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай" тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул "Ц т М н" ТББ-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ******* дугаар тушаалаар анх 5 жилийн хугацаатай газар эзэмших эрх авсан. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар ашиглах тухай гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан байдаг. Уг гэрээний хугацаа нь 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаатай байсан. 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар тушаалаар газар ашиглах эрхийг нь дуусгавар болгосон. Энэхүү тушаалын үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан "тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараах тохиолдолд дуусгавар болно" гэж, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд "газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно" гэж 39.1.1-д "газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлтээ гаргаагүй тохиолдолд" 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргах ёстой байдаг. Эдгээр заалтуудыг зөрчсөн байгаа учраас маргаан бүхий захиргааны акт нь хуулийн хүчин төгөлдөр гэж үзэж байна. Сонсох ажиллагааны тухайд Захиргааны ерөнхий хуулийн 27.2.2-т “21 буюу түүнээс дээш этгээдийг сонсговол энэ хуулийн 21-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглаж болно” гэж заасан байдаг. Энэхүү сонгох боломжоо эдлэн сонсох ажиллагааг өөрийн албан ёсны цахим хуудсаараа мэдэгдсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ц т М н” ТББ нь “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаартай “Газар ашиглах эрхийг, дуусгавар болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” ******* дугаар тушаалаар “Ц т М н” ТББ-д Улаанбаатар хот, Б дүүргийн нутаг дэвсгэрт орших Богдхан уулын Дархан цаазат газрын Чын аманд байрлах 2.3 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.
“Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаартай тушаалаар “Ц т М н” ТББ-ын газар ашиглах эрхийг “газар ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө нь эрхийн хугацааг сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй тул” гэсэн үндэслэлээр үндэслэлээр дуусгавар болгосон байна.
Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай ******* дугаартай гэрээний 2.5-д зааснаас үзэхэд, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацаа 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсон байна.
Гэтэл “Ц т М н” ТББ-ын газар ашиглах эрхийг 3 жилийн дараа буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаар тушаалаар дуусгавар болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.
Тодруулбал, тухайн үедээ буюу нэхэмжлэгчийн газар ашиглах эрх дуусгавар болсон 2020 оны 08 дугаар сард нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох эсэх, хүчингүй болгох эсэхийг хариуцагч шийдвэрлэх үүрэгтэй байжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах.” гэж заасан байна.
Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох эсэхийг тухайн үедээ шийдвэрлээгүй хариуцагчийн дээрх үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хууль ёсны итгэл бий болсон гэж үзэхээр байна.
Учир нь нэхэмжлэгч нь 2022, 2023 онуудад тодорхой хэмжээний газрын төлбөрөө төлсөн болох нь газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар, мөн нэхэмжлэгч нь газраа зориулалтын дагуу ашиглахын тулд газар дээрээ манаачийн байр барих, худаг гаргах, хашаа барих, мод тарих зэргээр тодорхой хөрөнгө зардал гаргаж үйл ажиллагаа явуулсан болох нь шүүхийн үзлэг болон нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр болон 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандан COVID-19 цар тахлын улмаас орлого муу, үйл ажиллагаанд хүндрэл учирч байгаа тул газрын төлбөр төлөх хугацааг хойшлуулах, газрын гэрчилгээг цуцлахгүй байхыг хүссэн буюу газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах агуулга бүхий хүсэлтүүдийг гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хүсэлтүүдээр[1] тогтоогдож байна.
Дээрх нэхэмжлэгчийн гаргаж байсан хүсэлтүүдийг хариуцагч шийдвэрлээгүй, хариу өгөөгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба нэхэмжлэгчийн дээрх хүсэлтүүдийг хариуцагч тухайн үед нь шийдвэрлэж хариу өгөх үүрэгтэй.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтан дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:”, “2/харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах;”, “3/өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх;”, “4/өргөдөл, гомдлыг хугацаанд нь барагдуулах;”, “6/өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх;” гэж албан тушаалтны үүргийг хуульчилсан байна.
Иймд дээрх үйл баримтаас үзэхэд, нэхэмжлэгч нь газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах агуулга бүхий хүсэлтүүдийг гаргаж байсан болох нь тогтоогдож байх ба хариуцагч нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрх дуусгавар болгох эсэхийг цаг тухайд нь шийдээгүй атлаа 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаар тушаалаар “газар ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө нь эрхийн хугацааг сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй тул” гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 3, 4, 6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц т М н” ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/******* дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч “Ц т М н” ТББ-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ М.БАТЗОРИГ
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 218 болон 232 дугаар хуудас