Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00328

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00328

 

 

 

Ц.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/03516 дугаар шийдвэртэй

Ц.Эийн нэхэмжлэлтэй хариуцагч НШШГГт холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х ХХК-аас авсан зээлийг төлж байсан. Үлдсэн зээлийн үндсэн төлбөр 78 000 000 төгрөг гаруй байсан байх. Банкууд хаалттай болохоор сүүлийн хуулгыг авч чадаагүй байна. Үндсэн зээл, зээлийн хүү нийлээд 108 000 000 төгрөгөөс 109 000 000 төгрөг болж байгаа, тэр мөнгөнд тааруулаад 2 үл хөдлөх хөрөнгийг худалдах үнийг гаргасан гэж үзэж байна. Х ХХК-ийн эдийн засагчтай уулзахад үндсэн зээлийн 80 000 000 төгрөг болгоё, зээлийн хүүгээ төлөөрэй гэсэн зүйлийг ярьж байсан. Гэтэл хариуцаж байсан хүмүүс нь солигдоод, дараагийн хүмүүс нь тухайн асуудлын талаар шийдвэр гараагүй байна гэж байсан. Шар хадны газар нь Баянзүрх дүүргийн 9 хорооны нилээн том газар, байшинтайгаа байгаа. 23 749 000 төгрөгөөр үнэлсэн нь бага байна. Баянгол дүүргийн 13 дугаар хороонд байрлах байрын хувьд манай байртай адилхан м.кв-тай 3 өрөө байрыг хажуу айл 220 000 000 төгрөгөөр худалдсан байдаг. Зах зээлийн үнэлгээнээс бага үнэлсэн гэж үзэж байна. Үүнтэй холбоотой баримтыг авчраагүй. Иймд Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамжны 13-6 тоот байрлалтай, 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгончимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 4454 дугаар шийдвэртэй, Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Э, С.М нарт холбогдох иргэний хэрэг нь 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Тухайн шийдвэрийн дагуу Ц.Эээс 119 458 246 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 755 241 төгрөгийн хамт гаргуулан, Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа үүргийг гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгийг битүүмжилж, хураан авах ажиллагаа хийгдсэн. Талуудаас үнийн санал авахаар харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчийг томилсон. Тухайн компани маргаан бүх Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамжны 13-6 тоотын 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 120 500 000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний тайлантай танилцахад бүх зүйлийг тодорхой харагдаж байна. Барьцаа хөрөнгүүдийн үнэлгээг тогтоохдоо, харьцуулалтын аргаар үнэлсэн. Баянзүрх дүүргийн 9 хороо Ээж хайрханы 5 дугаар гудамжны 65б тоотод байрлах хувийн сууц, газрыг бүхэлд нь 23 749 000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг тогтоохдоо ойролцоо 3 өрөө орон сууц, хашаа байшин болон үнэгүй.мн дээрх зартай харьцуулж, шинжээч дүгнэлтээ гаргасан байна. Энэ тухай шинжээчийн тайлан дээр тодорхой тайлбарласан байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 8 дугаар байр, 6 тоотод байрлах, Ц.Э, С.М, М.М нарын өмчлөлийн 38 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007266 дугаартай, 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Ээж хайрханы 5 дугаар гудамж, 65б тоотод байрлах, Ц.Эийн өмчлөлийн 42 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204040585 дугаартай, хувийн сууц, мөн хаягт байрлах, Ц.Эийн өмчлөлийн 700 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2204003749 дугаартай газарт хийгдсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Ц.Э би Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр НШШГГт гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох талаар нэхэмжлэл гаргаж шүүх хуралдаанд нэхэмжлэгчээр оролцсон. Тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/03516 тоот шийдвэрийг эс зөвшөөрч байна. Х ХХК-ийн нэхэмжлэлтэй 119 458 246 төгрөгөөс огт төлөөгүй биш төлөөд хасалт хийгээд явж байгаа бөгөөд бүх нийтийг хамарсан цар тахлын хөл хорионы улмаас банкны хуулга авах боломжгүй байхад төлбөр төлөгч төлбөрөөс төлөөгүй байна гэж үндэслэсэн. Мөн манай байрыг 13 дугаар хорооны болон ойр орчмын байртай харьцуулаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үнэлгээний тайланд харьцуулсан байр нь Баянгол дүүрэг 6 дугаар бичил хороололд байрлалтай байсан /бичлийн байр сургууль, цэцэрлэгээс хол, хүйтэн байдаг/ энэ үнэлгээг гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэрт тохируулан тухайн хөрөнгүүдийг /орон сууц, газар, хувийн сууц/ зэргийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн зэрэг нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах үндэслэл болж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн тайлбар гарган маргажээ. /хх.1,35/

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 04454 дугаар шийдвэрээр хариуцагч Ц.Э, С.М нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 119 458 246 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1642 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01380 тоот тогтоолоор өөрчлөн хариуцагч Ц.Эээс 119 458 246 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, хариуцагч нь дээрх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Ү-2205007266 дугаартай, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 8 дугаар байрны 6 тоот, 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Ү-2204040585 дугаартай, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Ээж хайрхан-5 дугаар гудамжны 65Б тоот, 48 м.кв талбайтай хувийн сууц, Г-2204003749 дугаартай, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Ээж хайрхан 5 гудамжны 65Б тоот, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгжээний, өмчлөх эрхтэй газар зэргийг тус тус хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгаж шийдвэрлэжээ. /хх.39-48/

НШШГГ 2017 оны 9 дугаар сарын 13-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 04/17251088 тоот тогтоолоор Ц.Э, С.М, М.М нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 8 дугаар байрны 6 тоот, 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 17251014/03 тоот тогтоолоор Ц.Эийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Ээж хайрхан-5 дугаар гудамжны 65Б тоот, 48 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний, өмчлөх эрхтэй газрыг тус тус битүүмжлэн хураасан байна. /хх.50-57, 63-68/

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн санал авахад төлбөр төлөгч С.М, Ц.Э нар Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 8 дугаар байрны 6 тоот, 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 240 000 000 төгрөгөөр, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Ээж хайрхан-5 дугаар гудамжны 65Б тоот, 48 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг нийт 80 000 000 төгрөгөөр тус тус үнийн санал гаргасныг төлбөр авагч Х ХХК эс зөвшөөрч шинжээч томилуулах санал тус тус гаргасан байна. НШШГГ 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 9/400 дугаар тогтоолоор барьцаа хөрөнгүүдэд үнэлгээ тогтоолгохоор Файн Эстимейт ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Хөрөнгийн үнэлгээний Файн Эстимейт ХХК -ийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайландаа Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 8 дугаар байрны 6 тоот, 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 120 500 000 төгрөгөөх, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Ээж хайрхан-5 дугаар гудамжны 65Б тоот, 48 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг 23 749 000 төгрөгөөр тус тус үнэлжээ.

Хэргийн 75 дугаар талд Шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл авагдсан, уг тэмдэглэлд Н.Цолмонгэрэл шинжээчид хууль тайлбарлаж, эрх үүрэг тайлбарлаж гарын үсэг зуруулсан, Файн Эстимейт ХХК-ийн үнэлгээ хийсэн ажиллагаа нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 17 дугаар зүйлтэй нийцсэн байна.

Хөрөнгийн үнэлгээний тайланг өмчлөгч Ц.Э, С.М нарт 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр танилцуулсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд өмчлөгч буюу нэхэмжлэгч Ц.Э ...үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнэлгээнээс бага үнэлсэн гэсэн тайлбар, гомдлоо нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. /хх.81-82/

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, барьцаа хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, төлбөр төлөгч нарын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/03516 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Ц.ИЧИНХОРЛОО