Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/887

 

 

     2023           8             31                                          2023/ДШМ/887

 

Б.С, Б.Цнарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Бичинхүү,

хохирогч Б.Ч,

шүүгдэгч Б.Ц,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/454 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Сын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.С, Б.Цнарт холбогдох эрүүгийн 2305000000411 дугаар хэргийг 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б.С, 

2. Б.Ц, 

Шүүгдэгч Б.С, Б.Цнар нь бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Өргөө кино театрын урд хохирогч Б.Ч“АНУ-аас муурын элс импортлон оруулж ирэх бизнес хийж байгаа” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Б.Чгийн 9.560.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.С, Б.Цнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бух овогт Бумгэрэлийн Б.Ц, Цэцэн сартуул Ананд овогт Батсайханы Б.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цг 560 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 560.000 төгрөгөөр, шүүгдэгч Б.Сыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цд оногдуулсан 560 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 560.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар 4.710.000 төгрөгийг шүүгдэгч Б.Ц, Б.С нараас хувь тэнцүүлэн 2.355.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Чолгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дансны хуулгыг хэрэгт хадгалан үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ц, Б.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.С давж заалдах гомдолдоо: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/454 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхээс намайг Б.Цтай бүлэглэн Б.Ч“АНУ-аас элс импортлон оруулж ирэх бизнес хийж байгаа” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 9.560.000 төгрөгийг хохирол учруулсан гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах идэвхитэй үйлдэл хийсэн байх тул залилах гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн. Б.Цбид хоёр Хятад улсаас “Америк элс” гэх нэртэй муурын элс оруулж ирж зардаг байсан бөгөөд Б.Чгаас авсан мөнгөөр муурын элс захиалсан боловч корона вирус гарсны улмаас тээврийн зардал нэмэгдэж, муурын элсийг өмнөх үнээр захиалах боломжгүй, маш үнэтэй туссан учраас захиалгаа цуцалсан юм. Миний бие Б.Цтай 2019 онд танилцаад 2021 оноос Б.Цгийн гэрт эцэг, эх, дүү Б.Ч нарын хамт амьдарч байсан. Тухайн үед бид хоёрыг хятад улсаас муурын элс оруулж ирж зарах бизнес хийдэг байсан болон ямар ашигтай байсныг Б.Ч сайн мэддэг байсан. Иймд Б.Ч өөрийн санаачлагаар төрсөн эгчдээ туслах зорилгоор, бид хоёрын бизнесийг дэмжиж мөнгө зээлсэн. Гэтэл анхан шатны шүүх бид хоёрыг америк улсаас муурын элс оруулж ирэх бизнес хийж байгаа гэж хуурч мэхлэн авсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай огт нийцээгүй. Анх мөнгийг авахад миний бие Б.Чг огтхон ч хуурч мэхлээгүй, тийм санаа зорилго ч агуулаагүй. Харин корона вирус гарч хил гаалиар бараа оруулж ирэхэд хүндрэлтэй болж, тээврийн зардал өссөний улмаас санхүүгийн хүнд байдалд орж, Б.Чгийн мөнгөөр бусад захиалагч нарын мөнгийг буцаан өгч, хувийн хэрэглээндээ зарцуулсан буруутай гэдгээ ойлгож байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, биднийг цагаатгаж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Б.Цтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд давж заалдах гомдол өгөх гэсэн боловч гомдол гаргах хугацаа өнгөрсөн байсан. Миний дансаар мөнгө орсон нь үнэн. Гэхдээ, би Б.С, Б.Ч нарыг хоорондоо юу гэж ярьсныг мэдэхгүй. Ямар учраас мөнгө зээлэх болсныг мэдээгүй. Мөнгийг авсан нь үнэн боловч би дүү Б.Чг “надад мөнгө зээлээч, мөнгө хэрэгтэй байна” гэх байдлаар Б.С, Б.Ч нарын ярианд оролцоогүй. Б.Ч нь “...Америк улсаас” гэж байгаа боловч бид Америк улсаас ямар ч зүйл захиалж байгаагүй. Харин Хятад улсаас Америк улсын нэртэй элс захиалж байсан. Миний хувьд элс захиалах үйл ажиллагаанд оролцдоггүй, мэдэхгүй. Б.С нь өөрөө “wechat”-аар Хятад хүнтэй холбогдож, элс захиалдаг байсан. Авсан мөнгөөрөө элсээ захиалсан боловч тухайн үед ковид цар тахал гарч, Б.С надад “хил хааж захиалах боломжгүй болж байна.” гэж хэлж байсан. Би “авсан мөнгөө төлөх ёстой шүү.” гэхэд Б.С “болгоноо, төлнө.” гэдэг байсан. Түүнээс би Б.Стай хамт дүү Б.Чгаас мөнгө зээлэх гэсэн ярианд нь оролцож байгаагүй.” гэв.

Хохирогч Б.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр болсон асуудал. Шүүгдэгч Б.Сын гаргасан давж заалдах гомдлын тухайд би Б.Саас анх мөнгөө авах зорилготойгоор цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасан. Түүнээс хойш хохирол, төлбөрийнхөө 50 хувийг барагдуулж авсан байгаа. Гол нь Б.С, Б.Цнараас хохирол, төлбөрөө нэхэж байгаа биш, зөвхөн Б.Саас мөнгөө авах нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл, эгч Б.Цгаас анхнаасаа мөнгө авах зорилгогүй байсан. Би анх Б.С гэх хүн манай эгчийн дансыг ашиглаж бид хоёрт хохирол учруулаад байна.” гэсэн үндэслэлээр хандсан байгаа. Б.С гаргасан давж заалдах гомдолдоо “биднийг цагаатгаж өгнө үү.” гэсэн байна. Гэвч, биднийг биш, манай эгч өөрөө надтай адилхан хохирогч болсон гэсэн үг. Ямар ч хүн данстай байдаг. Гэтэл Б.С мөнгө авах үедээ “надад данс байхгүй, чи эгчийнхээ данс руу хийчих, эгч чинь миний хажууд байна.” гэж эгчийн данс руу мөнгө хийлгэсэн. Миний хувьд хохирол, төлбөрийг Б.Саас 100 хувь гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтэй байна.” гэв.

Прокурор С.Бичинхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.С, Б.Цнар нь бүлэглэн хохирогч Б.Читгэл төрүүлэн хуурч, түүнээс 9.560.000 төгрөгийг залилж авсан гэх гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/454 дүгээр шийтгэх тогтоол гарсан. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Мэдүүлэг өгч байгаа эсэхээ хохирогч Б.Ч ойлгож байна уу, үгүй юу гэдгийг сайн мэдэхгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин мэдүүлэг авах үед “...танай эгч шүү...” гэдгийг ойлгуулсан. Гэтэл тухайн үед мэдүүлэгтээ “...манай эгч байх нь надад хамаагүй...” гэсэн. Мөн анхан шатны шүүх хуралдаанд хохирогч оролцоогүй. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцохдоо өөр эсрэг байр суурьтай оролцож байгаа нь дүүгийн хувьд эгчийгээ хамгаалж байна гэсэн нөхцөл байдал үүссэн гэж ойлгож байна. Хохирогч Б.Ч элсийг Америкийн Нэгдсэн улсаас оруулж ирнэ гэж ойлгосон талаар шүүгдэгч Б.Цхэлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд ч яригдсан асуудал. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Саас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Сын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.С, Б.Цнар нь бүлэглэж, 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Өргөө кино театрын урд хохирогч Б.Ч“АНУ-аас муурын элс импортлон оруулж ирэх бизнес хийж байгаа” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Б.Чгаас 9.560.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:  

Хохирогч Б.Чгийн: “...Миний төрсөн эгч Б.Цнь Батсайхан овогтой Б.С гэх хүнийг таньдаг гэж хэлээд тухайн хүнтэй намайг 2020 оны 10 дугаар сарын эхээр танилцуулсан. Б.С гэх хүнтэй үе үе таараад танилын харилцаатай болсон байсан. 2021 оны 7 дугаар сарын эхээр Б.С нь надад хандаж “би АНУ-аас муурын элс оруулж ирээд Монгол улсад зарж байгаа, энэ их ашигтай бизнес юм байна лээ, дахиж оруулж ирэх гэсэн чинь мөнгөгүй байна” гэж хэлэхээр нь “тийм үү” гэж хэлээд тоогоогүй. 2021 оны 8 дугаар сарын дундуур Б.С нь манай гэрт ирээд надад хандаж АНУ-аас элс оруулж ирэх гэсэн чинь надад мөнгө алга байна, чи надад мөнгө өгөх юм бол элсээ оруулж ирээд зараад мөнгийг чинь өгнө, чи надад 10.000.000 төгрөг өгөх юм бол 20.000.000 төгрөг болгоод өгнө гэж хэлэхээр нь бодож үзье, чи найдвартай юм уу мөнгө өгөх юм бол хэзээ буцааж өгөх юм бэ гэж асуух үед элс захиалаад 2 сарын дараа Монгол Улсад ороод ирнэ нэг сарын дотор зарна. Тэгээд нийт 3 сарын дотор чиний мөнгийг нугалаад өгнө гэж хариулахаар нь за чамд итгэж байна, чамд тус болоод 10.000.000 төгрөг өгье, би ашиг авахгүй, чи 3 сарын дотор 10.000.000 төгрөгийг тоо ёсоор нь буцаагаад өгөөрэй гэж хэлсэн. 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Б.С руу залгаад түүнд хандаж “мөнгө байна чамд тус болоод мөнгө өгье чи буцаагаад 3 сарын дотор өгөөрэй, дансаа өг” гэж хэлсэн чинь надад данс байхгүй чиний төрсөн эгч Б.Цминий хажууд байна түүний данс руу хийчих гэж хэлсэн. 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо Өргөө кино театрын урд байхдаа өөрийн 5059916261 дугаар данснаас эгчийн 5400415710 дугаар данс руу 9.560.000 төгрөг хийсэн. Мөнгө хийсэн талаараа Б.Ст хэлэх үед “за орсон байна” гэж хэлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б.Сын 91004522 дугаар руу залгаад мөнгө чамд өгөөд 3 сар болсон байна, чи 3 сарын дараа надад мөнгийг минь буцаагаад өгнө гэж хэлсэн, мөнгөө авах гэсэн юм гэж асуусан чинь чиний мөнгөөр элс захиалсан байгаа хил дээр оочирлож байгаа удахгүй ороод ирнэ чи түр хүлээж байгаарай, элс ороод ирэхээр зараад мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. ...Өнөөдрийг хүртэл Б.Сын 91004522 дугаар руу залгаж мөнгө яасан талаар асуух үед өмнөх шалтагаа хэлээд 1 жил гаруй хугацаа болж байна.” /хх 14-15, 17/,

яллагдагчаар Б.Сын: “...2020 оны 01 дүгээр сарын сүүлээр Б.Цгэх хүнтэй танилцаад 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр бид хоёр цахим дэлгүүр нээж байсан. Тухайн үед манай дэлгүүр ашигтай ажиллаж байсан. Манай дэлгүүр муур шээж баах зориулалт бүхий элс зардаг. Тэгээд найз эмэгтэй Б.Цгийн ар гэрийн хүмүүстэй танилцсан. 2021 оны 7 дугаар сарын дундуур надад мөнгө байхгүй байсан тул муурын элс захиалах хүмүүсийн мөнгийг урьдчилсан байдлаар авсан. Тухайн үед 20 гаран хүн муурын элс захиалах мөнгө өгсөн. Тухайн хүмүүсээс урьдчилгаа болгож авсан мөнгөөрөө элс захиалалгүй өөрийн ахуйн хэрэглээндээ зарцуулсан. Б.Ч надад хандаж бараа чинь хэр зарагдаж байна хэр ашигтай юм бэ гэж асуухаар нь гайгүй ашигтай байгаа мөнгө хэрэгтэй болоод байгаа гэж хэлсэн чинь та 2-т мөнгө зээлж болно гэж хэлсэн. 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр түүний төрсөн эгчийн данс руу 9.560.000 төгрөг хийлгэсэн. 2021 оны 9 дүгээр сарын сүүлээр элсний урьдчилгаа мөнгө өгсөн хүмүүс надаас мөнгөө нэхээд байсан тухайн үед надад мөнгө байхгүй байсан тул Б.Чгаас авсан мөнгийг элсний урьдчилгаа мөнгө өгсөн хүмүүст шилжүүлсэн. ...” /хх 33-34/,

яллагдагчаар Б.Цгийн: “...2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр миний 5400415710 дугаарын данс руу дүүгийн данснаас 9.560.000 төгрөг орсон. Тухайн өдрөө 9.000.000 төгрөгийг өөрийн 5400949898 дугаарын данс руу шилжүүлсэн. Тус мөнгөнөөс хоол хүнс, хүүхдийн хэрэглээ болон өөрсдийн ахуйн хэрэгцээндээ зарцуулсан. 2021 оны 11 дүгээр сард төрсөн дүү Б.Ч миний дугаар руу залгаад “мөнгөө авах гэсэн юм” гэхээр нь “мөнгөөр чинь муурын элс захиалсан байгаа, удахгүй ирэх байх” гэж хэлсэн. 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр дүү Б.Ч мөнгөө асуугаад байхаар нь мөнгөөр чинь элс захиалсан зүйл байхгүй, өөр зүйлд зарцуулсан, удаахгүй мөнгийг чинь өгнө гэж хэлж байсан.” /хх 42-43/ гэх мэдүүлгүүд,

Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх 3/, хохирогч Б.Чгийн Хаан банк дахь дансны хуулга /хх 4/, банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 72-74, 82-86/, шүүгдэгч Б.Цгийн Хаан банк дахь дансны хуулга /хх 75-80/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Ц, Б.С нарыг бүлэглэж, хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Цг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 560.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулсан нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Сын гаргасан “...Б.Ч өөрийн санаачлагаар төрсөн эгчдээ туслах зорилгоор, бид хоёрын бизнесийг дэмжиж мөнгө зээлсэн. ...Б.Чг огтхон ч хуурч мэхлээгүй, тийм санаа зорилго ч агуулаагүй. ...корона вирус гарч санхүүгийн хүнд байдалд орж, Б.Чгийн мөнгөөр бусад захиалагч нарын мөнгийг буцаан өгч, хувийн хэрэглээндээ зарцуулсан буруутай гэдгээ ойлгож байна, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч нарын хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Б.С, Б.Цнар нь хохирогч Б.Чгаас авсан мөнгөөрөө Хятад улсаас “Америк элс” гэх нэртэй муурын элс захиална гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 9.560.000 төгрөг шилжүүлэн авсан үйлдэлд хамтран оролцсон, уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинж болох “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө...”-ийг шилжүүлэн авсан гэх шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нарын дээрх хууль бус үйлдлийг “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй. 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Сын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/454 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Сын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ    

 

 

                                               ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                                               ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ