| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0564/З |
| Дугаар | 128/ШШ2024/0925 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2024/0925
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “М*******” ХХК
Хариуцагч: Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газар
Маргааны төрөл: “1.Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны чиглэлээр эрх "Шинээр авах" тусгай зөвшөөрлийг гаргуулахаар "М*******" ХХК-иас 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүсэлт гаргасан. 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс хойш 2023 оны 10 дугаар сар хүртэл буюу 4 сарын хугацаанд хүсэлтийг шийдвэрлээгүй хойшлуулж зөвшөөрөл олгосон болон 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 2024 оны 02 сарыг хүртэл гэрээ байгуулах, гэрчилгээ олгох үүргээ үндэслэлгүйгээр биелүүлэхээс татгалзсан зэрэг нь захиргааны байгууллага буюу Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар холбогдох журмыг эс үйлдэхүйгээрээ зөрчсөн, уг эс үйлдэхүй нь хууль бус байсан болохыг ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар тогтоолгох", 2. "Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын license.gazar.gov.mn системээс "М*******" ХХК-д 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эрх бүхий ажлын хэсгийн гишүүдийн Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны чиглэлээр тусгай зөвшөөрөл олгосныг үндэслэлгүйгээр татгалзсан үйлдэл нь хууль бус бөгөөд тухайн шийдвэр, үйл ажиллагааг ЗХШХШТХ- ийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулах", 3."Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны чиглэлээр тусгай зөвшөөрлийг "М*******" ХХК-д дахин олгохыг ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, М.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчээс шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “1. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын license.gazar.gov.mn /Салбарын тусгай зөвшөөрлийн хяналт тавих систем/-ээс хууль зүйн үндэслэлгүйгээр хасагдсан Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны чиглэлээр эрх- ШИНЭЭР АВАХ" тусгай зөвшөөрлийг буцаан цахим системд байршуулах, энэ чиглэлээр тусгай зөвшөөрлийг олгохыг "Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар"-т даалгах; 2. Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны чиглэлээр эрх-ШИНЭЭР АВАХ" тусгай зөвшөөрлийг гаргуулахаар "М*******" ХХК-аас хүсэлт гаргасан өдрөөс хойш 2023 оны 10 дугаар сар хүртэл буюу 4 сарын хугацаанд шийдвэрлээгүй хойшлуулж зөвшөөрөл олгосон нь захиргааны байгууллага буюу Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын эс үйлдэхүй хууль бус байсан болохыг тогтоолгох; 3. "М*******" ХХК-д 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эрх бүхий “Ажлын хэсгийн гишүүдийн Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны чиглэлээр тусгай зөвшөөрөл олгосныг үндэслэлгүйгээр цуцалсан, татгалзсан үйлдлийг илт хууль бусад тооцуулж, Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны чиглэлээр тусгай зөвшөөрлийг "М*******" ХХК-д олгохыг даалгах;”
Нэхэмжлэлийн шаардлага: “1. Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны чиглэлээр эрх "Шинээр авах" тусгай зөвшөөрлийг гаргуулахаар "М*******" ХХК-иас 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүсэлт гаргасан. 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс хойш 2023 оны 10 дугаар сар хүртэл буюу 4 сарын хугацаанд хүсэлтийг шийдвэрлээгүй хойшлуулж зөвшөөрөл олгосон болон 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 2024 оны 02 сарыг хүртэл гэрээ байгуулах, гэрчилгээ олгох үүргээ үндэслэлгүйгээр биелүүлэхээс татгалзсан зэрэг нь захиргааны байгууллага буюу Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар холбогдох журмыг эс үйлдэхүйгээрээ зөрчсөн, уг эс үйлдэхүй нь хууль бус байсан болохыг ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар тогтоолгох, 2. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын license.gazar.gov.mn системээс "М*******" ХХК-д 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эрх бүхий ажлын хэсгийн гишүүдийн Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны чиглэлээр тусгай зөвшөөрөл олгосныг үндэслэлгүйгээр татгалзсан үйлдэл нь хууль бус бөгөөд тухайн шийдвэр, үйл ажиллагааг ЗХШХШТХ- ийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулах, 3.Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны чиглэлээр тусгай зөвшөөрлийг "М*******" ХХК-д дахин олгохыг ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт даалгах”
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “1. “М*******" ХХК нь 2023 оны 06 сарын 12-ны өдөр "Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны чиглэл үйл ажиллагаа явуулах" тусгай зөвшөөрөл шинээр авахаар license.gazar.gov.mn цахим системийн тус зөвшөөрөл олгох цонхоор дамжуулан хусэлтийг холбогдох материалын хамт илгээсэн. Хүсэлт холбогдох материалыг илгээсэн өдрөөс хойш: 2023.06.25-ны өдөр "Ажлын хэсэгт шилжүүлсэн" төлөвт, 2023.10.24-ны өдөр "Ажлын хэсгийн гишүүд дүгнэлт оруулсан" төлөвт, 2023.10.27-ны өдөр тусгай зөвшөөрлийг олгохыг зөвшөөрч шийдвэрлэсэн. Барилга хот байгуулалтын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Дугаар тушаалын Нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхийг хуулийн этгээдэд олгох, тэдгээрт хяналт тавих журам"-ын 3 дугаар зүйлийн 3.5-д заасны дагуу хүсэлтийг зохион байгуулагч байгууллага болох "Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар" нь суурь нөхцөл, шаардлагыг хангасан эсэх, инженер техникийн ажилтны мэдээллийн үнэн зөв байдлыг хянах, мэдээллийн санд тулгалт хийх, ажлын хэсгийн хуралд танилцуулах, шийдвэрлүүлэх ажлыг ажлын 10 өдөрт багтаан зохион байгуулах үүрэгтэй боловч тус тусгай зөвшөөрлийг олгох ажлын хэсэг нь 2023.06.25-ны өдөр манай компанийн материалыг хүлээн авсан өдрөөс хойш 4 сарын дараа буюу 2023.10.24-ны өдөр дүгнэлт оруулж, 2023.10.27-ны өдөр тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн. "Барилга хот байгуулалтын яам" болон "Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газар"- aac 2023.07 capaас 2024 оны 10 дугаар сар хүртэл тусгай зөвшөөрлийг шийдвэрлэх явц удаашралтай байгаа шалтгааныг өмнөх ажлын хэсэг тарсан дахин шинээр томилогдохыг хүлээж байгаа, шинээр томилогдсон ажлын хэсгийн гишүүд нь ээлжийн амралттай байгаа, ирц бүрдэхгүй байна зэрэг шалтгаанаар хойшлуулсаар ирсэн бөгөөд энэ нь "Захиргааны ерөнхий хууль"-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасан "Захиргааны үйл ажиллагаа нь шуурхай, тасралтгүй байх" зарчмыг зөрчиж ЗЕХ-ийн 37.3-т заасан эс үйлдэхүйг гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн тус журмын 4 дүгээр зүйлийн 4.2 дох хэсэгт заасны дагуу "Зохион байгуулагч байгуулга шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан хүсэлт гаргасан хуулийн этгээдтэй гэрээ байгуулж, гэрчилгээ олгох... талаарх мэдэгдэх ажлыг зохион байгуулна" гэж заасан боловч Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар"-аас тусгай зөвшөөрлийг олгохгүй байсаар 2024.02 дугаар сард цахим системд "Тусгай зөвшөөрөл олгосон" шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүйгээр татгалзаж шийдвэрлэсэн. 2023.10.27-ны өдрөөс хойш "Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газар"-аас гэрээ байгуулж, гэрчилгээ олгох ажлыг хойшлуулж байгаа шалтгааныг "Зөвшөөрлийн тухай хууль" батлагдсантай холбоотойгоор энэ ажил хойшлогдож байна удахгүй тусгай зөвшөөрлийг олгоно хүлээж бай гэх тайлбар тавьж ирсэн боловч 2024 оны 02 дугаар сард тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг гаргасан байсан. Нэгэнт тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгож татгалзсан шийдвэрийг гаргасан талаар өнөөдрийг хүртэл мэдэгдэл ирээгүй байсаар байна. Энэ нь мөн "Захиргааны ерөнхий хууль"-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6-д заасан" хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах зарчмыг зөрчсөн үйлдэл болсон. Манай компанийн хувьд хүсэлт гаргасан өдрөөс тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэх хүртэлх хугацаанд “Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхийг хуулийн этгээдэд олгох, тэдгээрт хяналт тавих журам" болон тус журмын нэгдүгээр хавсралт болох "Хуулийн этгээдэд мэргэжлийн байгууллагын эрх олгох төрөл, суурь нөхцөл шаардлага"-ын хүснэгтийн 3-т заасны дагуу инженерийн техникийн ажилчид /ИТА/-г бүрдүүлэх зорилгоор 6,032,813 /Зургаан сая гучин хоёр мянга найман зуун арван гурван мянган/ төгрөгийн хохирол учраад байна. Энэхүү зардал нь дээр дурдсанчлан эрх бүхий байгууллага шийдвэрээ холбогдох журамд заасан хугацаанд гаргаагүй эс үйлдэхүйгээс үүссэн болно. 2. "Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газар"-аас 2024.01 дүгээр сард license.gazar.gov.mn /Салбарын тусгай зөвшөөрлийн хяналт тавих систем/-ээс Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны чиглэлээр эрх-ШИНЭЭР АВАХ" тусгай зөвшөөрлийг хасаж өөрчлөлтийг оруулсан. Өөрчлөлттэй холбоотойгоор утсаар мэдээлэл авахад цаашид энэхүү зөвшөөрлийг “Зөвшөөрлийн тухай хууль”-тай холбоотойгоор олгохгүй болсон. Энэхүү үйл ажиллагааг эрхлэхээр хүсэлт гаргах тохиолдолд “Газар зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулах мэргэжлийн байгууллагын эрх олгох тусгай зөвшөөрөл”-г авч энэ үйл ажиллагааг явуулах боломжтой гэсэн тайлбарыг өгсөн. "Зөвшөөрлийн тухай хууль" нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-ийн 3-т "Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно" гэх хэсэгт “Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны чиглэл" тусгагдаагүйгээс license.gazar.gov.mn цахим систем-ээс тус хэсгийг хассан байна. Үүнээс үзвэл Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газраас тус тусгай зөвшөөрөл олгох хэсгийг хассан шийдвэр нь ЗЕХ-ийн 11.1.3, 59.1-т заасны дагуу "Захиргааны хэм хэмжээний акт" гэж үзэх үндэслэлтэй байна. Гэвч ЗЕХ-ийн 60 дугаар зүйлд заасан дараах шаардлагыг дээрх захиргааны хэм хэмжээ нь хангахгүй байгаа болно. Үүнд: 1. Хуулийн 60.1.4, 60.1.7, 60.1.9-т заасан “шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх, тухайн шийдвэрээр урьд нь гарсан шийдвэрийг хүчингүй болсонд тооцож байгаа, эсхүл түүнд өөрчлөлт оруулж байгаа бол энэ тухай заалтыг тусгасан байх, баталсан байгууллага, албан тушаалтны болон захиргааны актын нэр, он, сар, өдөр, дугаарыг тодорхой заасан байх зэрэг шаардлагыг хангахгүй байна. Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны чиглэл үйл ажиллагаа явуулах эрхийг олгохтой холбоотой “Барилга хот байгуулалтын сайд"-ын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Дугаар тушаалаар батлагдсан тухайн харилцааг зохицуулах журам, эрх олгох төрөл суурь нөхцөл шаардлага одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Иймд цахим системээс тухайн тусгай зөвшөөрлийг хасаж шийдвэрлэсэн захиргааны хэм хэмжээний акт бичгээр баталгаажиж гараагүйгээс гадна хоорондоо зөрчилдөж байна гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Мөн тус хуульд заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэж, актын төсөлд санал авах, актыг баталж, хүргүүлэх, бүртгэх, хянан бүртгэх зэрэг шат дарааллыг хэрэгжүүлэлгүйгээр шууд нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр цахим системд зохицуулалтыг хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ
Нэхэмжлэгчээс 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулж өгсөн нэхэмжлэлдээ: Үүнд: Нэхэмжлэлийн шаардлага 1. Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны чиглэлээр эрх "ШИНЭЭР АВАХ" тусгай зөвшөөрлийг гаргуулахаар “М*******" ХХК-аас 2023 оны 06 сарын 12-ны өдөр хүсэлт гаргасан. 2023 оны 06 сарын 12-ны өдрөөс хойш 2023 оны 10 дугаар сар хүртэл буюу 4 сарын хугацаанд хүсэлтийг шийдвэрлээгүй хойшлуулж зөвшөөрөл олгосон болон 2023 оны 10 сарын 27-ны өдрөөс хойш 2024 оны 02 сарыг хүртэл гэрээ байгуулах, гэрчилгээ олгох үүргээ үндэслэлгүйгээр биелүүлэхээс татгалзсан зэрэг нь захиргааны байгууллага буюу Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар холбогдох журмыг эс үйлдэхүйгээрээ зөрчсөн, уг эс үйлдэхүй нь хууль бус байсан болохыг ЗХШХШТХ-ийн 106-р зүйлийн 106.3.4-т зааснаар тогтоолгох; 2. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын license.gazar.gov.mn /Салбарын тусгай зөвшөөрлийн хяналт тавих систем/-ээс /“М*******" ХХК-д 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эрх бүхий “Ажлын хэсгийн гишүүдийн Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны чиглэлээр тусгай зөвшөөрөл олгосныг/ үндэслэлгүйгээр татгалзсан үйлдэл нь хууль бус бөгөөд тухайн шийдвэр, үйл ажиллагааг ЗХШХтХ-ийн 106-р зүйлийн 106.3.1-т зааснаар хүчингүй болгуулах; 3. Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны чиглэлээр тусгай зөвшөөрлийг "М*******" ХХК-д дахин олгохыг ЗХШХШТХ-ийн 106-р зүйлийн 106.3.4-т зааснаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт даалгах; Нэхэмжлэлийн үндэслэл: Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын license.gazar.gov.mn /Салбарын тусгай зөвшөөрлийн хяналт тавих систем/-эс үндэслэлгүйгээр хассан “М******* ХХК-д 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эрх бүхий “Ажлын хэсгийн гишүүдийн Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны чиглэлээр тусгай зөвшөөрөл олгосныг үйлдэд нь хууль бус бөгөөд тухайн шийдвэр, үйл ажиллагааг ЗХШХтХ-ийн 106-р зүйлийн 106.3.1 зааснаар хүчингүй болгуулах шаардлагын тухайд: "М*******" ХХК нь 2023 оны 06 сарын 12-ны өдөр “Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны чиглэл үйл ажиллагаа явуулах" тусгай зөвшөөрөл шинээр авахаар license.gazar.gov.mn цахим системд байрлах зөвшөөрөл олгох цонхоор дамжуулан хүсэлтийг холбогдох материалын хамт Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт илгээсэн. Хүсэлт холбогдох материалыг илгээсэн өдрөөс хойш 2023.06.25-ны өдөр "Ажлын хэсэгт шилжүүлсэн" төлөвт, 2023.10.24-ны өдөр “Ажлын хэсгийн гишүүд дүгнэлт оруулсан" төлөвт, 2023.10.27-ны өдөр тусгай зөвшөөрлийг олгохыг зөвшөөрч шийдвэрлэсэн. Барилга хот байгуулалтын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Дугаар тушаалын Нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхийг хуулийн этгээдэд олгох, тэдгээрт хяналт тавих журам"-ын 3 дугаар зүйлийн 3.5-д заасны дагуу хүсэлтийг зохион байгуулагч байгууллага болох “Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар" нь суурь нөхцөл, шаардлагыг хангасан эсэх, инженер техникийн ажилтны мэдээллийн үнэн зөв байдлыг хянах, мэдээллийн санд тулгалт хийх, ажлын хэсгийн хуралд танилцуулах, шийдвэрлүүлэх ажлыг ажлын 10 өдөрт багтаан зохион байгуулах үүрэгтэй боловч тус тусгай зөвшөөрлийг олгох ажлын хэсэг нь 2023.06.25-ны өдөр манай компанийн материалыг хүлээн авсан өдрөөс хойш 4 сарын дараа буюу 2023.10.24-ны өдөр дүгнэлт оруулж, 2023.10.27-ны өдөр тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн.Гэвч тухайн цаг хугацаанаас хойш хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагатай гэрээ байгуулж гэрчилгээ олгох байсан хэдий ч гэрээ ч байгуулаагүй, гэрчилгээ ч олголгүйгээр 2024 оны 02 сард цахим системдээ “Татгалзсан” төлөвт шилжүүлсэн байсан. Ингэхдэ Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно", 26.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 26.1-д заа 27 дролцогчоос тайлбар, санал сонсох ажиллагаа гэнэ" гээд уг хуулийн 27 дугаар зүйлд сонор санал авах явуулах дараалал, мэдэгдэл, түүний хэлбэр, солон ажиллагааг явуулах арга, сонсох ажиллагааны явцыг тэмдэглэх зэрэг хуулийн одон зохицуулалтыг тусгасан. Нөгөөтээгүүр сонсох ажиллагаа бол захиргааны акт гаргахын өмнө эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд байр суурь, санал бодлоо илэрхийлэх боломж олгож байгаа заавал хийгдэх ажиллагаа юм. Заавал хийгдэх ёстой гэхийн учир нь сонсох ажиллагаа хийхгүй байж болох 6 тохиолдлыг Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан бөгөөд энэ нь эдгээр тохиолдлоос бусад үед сонсох ажиллагааг заавал хийхээр заасан гэж ойлгож байна. Ийнхүү заавал хийх ёстой сонсох ажиллагааг хийхгүйгээр шийдвэр гаргасан бол энэ нь тухайн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болох юм. Захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тал бүрээс нь авч үзэх, тодруулахад сонсох ажиллагааны гол ач холбогдол оршдог. Ийм ач холбогдол бүхий арга хэмжээг хуульд заавал хийхээр тусгасан байгааг шүүх бүрэлдэхүүн онцгой анхаарч үзэхийг хүсч байна. Мөн сонсох ажиллагаа хийх шаардлага нь захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа баримтлах процессын хэм хэмжээ юм. Хууль бус захиргааны акт гэдэгт эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгохоор Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дах хэсэгт заасан. Түүнчлэн эрх зүйн хэм хэмжээ нь материаллаг болон процессын хэм хэмжээнээс бүрддэгийг үндэслэвэл эрх зүйн зөрчил гэдэгт материаллаг болон процессын хэм хэмжээний зөрчил аль аль нь хамаарах учиртай. Иймд сонсох ажиллагаа огт хийгээгүй нь эрх зүйн зөрчил болж, улмаар тухайн актыг хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна. Сонсох ажиллагаа захиргааны үйл ажиллагаанд хэр чухал болохыг захиргааны үйл ажиллагааны 8 тусгай зарчмын нэг болгон тусгаснаас харж болох бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" нь захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим гэж заасан бөгөөд оролцоог зөвхөн сонсох ажиллагааны дүнд хангах боломжтой байна. Гэсэн хэдий ч хариуцагч байгууллагын зүгээс уг хуулиар хүлээсэн тэрхүү үүргээ огт биелүүлээгүйгээс гадна үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөж хохироосон гэж үзэхээр байна. Шүүхээс нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч нь Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй болох үндэслэл бүрдэж нөгөөтээгүүр эдийн засгийн хувьд цаашид бодитой үр дүн гарах боломжтой юм. Нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмыг хэрэглэсэн бөгөөд ЗХШХШТХ-ийн 54.1.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна. /шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн болно./ Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны чиглэлээр эрх "ШИНЭЭР АВАХ" тусгай зөвшөөрлийг гаргуулахаар "М*******" ХХК-аас хүсэлт гаргасан 2023 оны 06 сарын 12-ны өдрөөс хойш 2023 оны 10 дугаар сар хүртэл буюу 4 сарын хугацаанд шийдвэрлээгүй хойшлуулж зөвшөөрөл олгосон нь, 2023 оны 10 сарын 27-ны өдрөөс хойш 2024 оны 02 сарыг хүртэл гэрээ байгуулах, гэрчилгээ олгох үүргээ үндэслэлгүйгээр биелүүлэхээс татгалзсан нь тус тус захиргааны байгууллага буюу Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар нь холбогдох журмыг эс үйлдэхүйгээрээ зөрчсөн бөгөөд уг эс үйлдэхүй нь хууль бус байсан болохыг ЗХШХШтХ-ийн 106-р зүйлийн 106.3.4-т зааснаар тогтоолгох шаардлагын тухайд: “Барилга хот байгуулалтын яам” болон "Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газар"-аас 2023.07 сараас 2024 оны 10 дугаар сар хүртэл тусгай зөвшөөрлийг шийдвэрлэх явц удаашралтай байгаа шалтгааныг өмнөх ажлын хэсэг тарсан дахин шинээр томилогдохыг хүлээж байгаа, шинээр томилогдсон ажлын хэсгийн гишүүд нь ээлжийн амралттай байгаа, ирц бүрдэхгүй байна зэрэг шалтгаанаар хойшлуулсаар ирсэн бөгөөд энэ нь "Захиргааны ерөнхий хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасан "Захиргааны үйл ажиллагаа нь шуурхай, тасралтгүй байх” зарчмыг зөрчиж ЗЕХ-ийн 37.3-т заасан эс үйлдэхүйг гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн тус журмын 4 дүгээр зүйлийн 4.2 дох хэсэгт зохион байгуулагч байгуулга шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан хүсэлт гаргасан хуулийн этгээдтэй гэрээ байгуулж, гэрчилгээ олгох бөгөөд энэ талаарх мэдэгдэх ажлыг зохион байгуулахаар заасан боловч Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас тусгай зөвшөөрлийг олгохгүй байсаар дээр дурдсанчлан 2024.02 дугаар сард цахим системд "Тусгай зөвшөөрөл олгосон" шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүйгээр татгалзаж шийдвэрлэсэн. 2023.10.27-ны өдрөөс хойш “Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газар"-аас гэрээ байгуулж, гэрчилгээ олгох ажлыг хойшлуулж байгаа шалтгаанаа “Зөвшөөрлийн тухай хууль" батлагдсантай холбоотойгоор энэ ажил хойшлогдож байна удахгүй тусгай зөвшөөрлийг олгоно хүлээж бай гэх тайлбар тавьж ирсэн /холбогдох албан тушаалтныг гэрчээр асуулгах болно./ боловч 2024 оны 02 дугаар сард тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг гаргасан байсан. Нэгэнт тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгож татгалзсан шийдвэрийг гаргасан талаар өнөөдрийг хүртэл мэдэгдэл ирээгүй байсаар байна. Энэ нь мөн “Захиргааны ерөнхий хууль"-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6-д заасан “ хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах зарчмыг зөрчсөн үйлдэл болсныг нэмж дурдах нь зүйтэй байна. Манай компанийн хувьд хүсэлт гаргасан өдрөөс тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэх хүртэлх хугацаанд “Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхийг хуулийн этгээдэд олгох, тэдгээрт хяналт тавих журам" болон тус журмын нэгдүгээр хавсралт болох "Хуулийн этгээдэд мэргэжлийн байгууллагын эрх олгох төрөл, суурь нөхцөл шаардлага"-ын хүснэгтийн 3-т заасны дагуу инженерийн техникийн ажилчид /ИТА/-г бүрдүүлэх зорилгоор 6,032,813 /Зургаан сая гучин хоёр мянга найман зуун арван гурван мянган/ төгрөгийн бодит хохирол учирсан байгаа бөгөөд энэхүү тооцоо нь 2024 оны 02 сарыг хүртэл тооцвол 13 орчим сая төгрөгийн дүн болох юм. Энэхүү зардал нь дээр дурдсанчлан эрх бүхий байгууллага шийдвэрээ холбогдох журамд заасан хугацаанд гаргаагүй эс үйлдэхүйгээс үүссэн бөгөөд нэхэмжлэлийн уг шаардлага хангагдаж шийдвэрлэгдсэн тохиолдолд нэхэмжлэгч өөрт учирсан хохирлыг шүүхээр шийдвэрлүүлж хохиролгүй болж эдийн засгийн эрх нь бодитоор сэргэх юм. /баримтаа бүрдүүлэн жичдээ нэхэмжлэх эрхтэй юм/ Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны чиглэлээр тусгай зөвшөөрлийг "М*******" ХХК-д дахин олгохыг ЗХШХШТХ-ийн 106-р зүйлийн 106.3.4-т зааснаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт даалгах шаардлагын тухайд: М*******" ХХК нь 2023 оны 06 сарын 12-ны өдөр “Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны чиглэл үйл ажиллагаа явуулах" тусгай зөвшөөрөл шинээр авахаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт хандаж улмаар 2023.10.27-ны өдөр тусгай зөвшөөрлийг олгохыг зөвшөөрч шийдвэрлэсэн. Энэхүү тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэж өөрийн цахим хуудастаа байршуулсан захиргааны байгууллагын үйлдэл нь захиргааны үйл ажиллагаа буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т зааснаар Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргасан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагаас эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргасан хэдий ч хуульд үндэслэлгүйгээр 2024 оны 02 сард тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн шийдвэрээ өөрчилж үндэслэлгүйгээр татгалзаж шийдвэрлэсэн хууль бус бөгөөд шийдвэр нь дээр дурдсанаар хүчингүй болох хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны чиглэл үйл ажиллагаа явуулах эрхийг олгохтой холбоотой "Барилга хот байгуулалтын сайд”-ын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Дугаар тушаалаар батлагдсан тухайн харилцааг зохицуулах журам, эрх олгох төрөл суурь нөхцөл шаардлага нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд уг журмаар нэхэмжлэгчид дахин тусгай зөвшөөрөл олгож болох хууль зүйн зохицуулалт хуулийн хувьд хүчин төгөлдөр, үндэслэлтэй байна. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага хангагдаж шийдвэрлэгдсэн тохиолдолд нэхэмжлэгчид эрх зүйн үйлчлэлтэй эрх олгосон, цаашид ашигтай нөхцөл байдлыг бий болгосон үр дагаварт хүрэх бөгөөд ингэснээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл эзэмших эрх бодитоор сэргэх нөхцөл байдал бий болох юм.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагын тухайд Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны чиглэлээр эрх шинээр авах тусгай зөвшөөрлийг гаргуулахаар М******* ХХК-иас 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүсэлт гаргасан. 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс хойш 2023 оны 10 дугаар сар хүртэл буюу 04 дүгээр сарын хугацаанд хүсэлтийг шийдвэрлээгүй хойшлуулж зөвшөөрөл олгосон болон 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 2024 оны 02 сарыг хүртэл гэрээ байгуулах, гэрчилгээ олгох үүргээ үндэслэлгүйгээр биелүүлэхээс татгалзсан зэрэг нь захиргааны байгууллага буюу Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар холбогдох журмыг эс үйлдэхүйгээрээ зөрчсөн, уг эс үйлдэхүй нь хууль бус байсан болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар тогтоолгох, газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын license.gazar.gov.mn системээс М******* ХХК-д 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эрх бүхий ажлын хэсгийн гишүүдийн Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны чиглэлээр тусгай зөвшөөрөл олгосныг үндэслэлгүйгээр татгалзсан үйлдэл нь хууль бус бөгөөд тухайн шийдвэр, үйл ажиллагааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулах, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны чиглэлээр тусгай зөвшөөрлийг М******* ХХК-д дахин олгохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газарт даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ байгаа. Илт хууль бусад тооцуулах шаардлага гаргасан. Хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. "М*******" ХХК нь тусгай зөвшөөрлөө авахаар холбогдох журамд зааснаар хүний нөөцөө бүрдүүлж үндсэн болон гэрээт ажилтнуудаа авч 2023 оны 04 дүгээр сараас эхлэн бэлдэж эхэлсэн. Үүнтэй холбоотой баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргаж өгсөн. Тусгай зөвшөөрөл олгох журамд заасан шаардлагыг хангаж байсан тул холбогдох материалыг бүрдүүлж 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр license.gazar.gov.mn цахим системд материалуудаа оруулж хүсэлтээ илгээсэн. Гэтэл тус өдрөөс хойш буюу 2023 оны 06 дугаар сараас 10 дугаар сарыг хүртэл 4 сарын хугацаанд тусгай зөвшөөрлийг олгохгүй байсан. Бид инженер, техникийн ажилчдаа бүрдүүлэх зорилгоор нийтдээ 6,032,813 төгрөгийг нийгмийн даатгалд төлсөн ба манай компанид 6 сая гаруй төгрөгийн бодит хохирол учирсан. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2024 оны 01 дүгээр сард тусгай зөвшөөрлийн системд газрын төлөв байдал, чанарын баталгааны чиглэлээр шинээр эрх авах, тусгай зөвшөөрлийг хасаж өөрчлөлтийг оруулсан. Өөрчлөлттэй холбоотойгоор утсаар мэдээлэл авахад "цаашид Зөвшөөрлийн тухай хууль атлагдсантай холбоотойгоор олгохгүй болсон. Үйл ажиллагааг эрхлэхээр хүсэлт гаргах тохиолдолд газар зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулах мэргэжлийн байгууллагын эрх шинээр олгох тусгай зөвшөөрлийг авч үйл ажиллагааг явуулах боломжтой" гэдэг тайлбарыг өгсөн. Энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна гэж үзэхээр байна. Зөвшөөрлийн тухай хууль нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Тус хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3-т "Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно" гэж заасан ба газрын төлөв байдал чанарын бодлогын чиглэл тусгагдаагүйгээс license.gazar.gov.mn цахим системээс тус хэсгийг хассан. Үүнээс үзвэл Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас тусгай зөвшөөрөл олгох хэсгийг хассан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу захиргааны хэм хэмжээний акт гэж үзэх үндэслэлтэй байна гэсэн тайлбарыг нэхэмжлэгч талаас гаргасан. Гэвч Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд заасан дараах шаардлагыг дээрх захиргааны хэм хэмжээний акт хангахгүй байна гэж үзэж байгаа. Захиргааны байгууллага Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар хуульд нэмэлт өөрчлөлт орсон энэ чиглэлээр тусгай зөвшөөрөл олгохоо больсон гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийн хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болохгүй. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл олгохоо больсон хэдий ч холбогдох журмыг шинэчилж энэ төрлийн тусгай зөвшөөрлийг олгох ёстой гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа. Учир нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа олон хуулийн этгээд байгаа ба жишээлбэл манай компанитай нийлээд 10 гаруй хуулийн этгээд тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан байсан. Олон хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг нь зөрчигдөж байгаа болохоор хуулийн этгээдүүдийн эрхийг зөрчихгүйн үүднээс тусгай зөвшөөрлийг гаргах ёстой гэж үзэж байна.” гэв.
Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.10-т "Газар зохион байгуулалт, кадастрын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, газрын байгууллагад мэргэжлийн байгууллагын эрх олгох, эрхийг цуцлах, тэдгээрийн ажиллах журам, зааврыг батлан мөрдүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих;" эрх хэмжээ нь Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх хэмжээнд хамаарахаар зохицуулсан. Газрын тухай хуулийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт вөрчлөлтөөс өмнө дээрх эрх хэмжээ нь Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэгт хамаардаг байсан. Зөвшөөрлийн тухай хуулийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр 8.1 дүгээр зүйлийн 3.4, 3.6, 3.7-д заасан тусгай зөвшөөрлийг Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу манай байгууллага олгохоор зохицуулагдсан. Хууль тогтоомжид өөрчлөлт орж Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаа бөгөөд Зөвшөөрлийн тухай хуулийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр 8.1 дүгээр зүйлийн 3.4, 3.6, 3.7-д заасан тусгай зөвшөөрлийг олгох, сунгах үйл ажиллагааг дээрх өдрөөс эхлэн хэрэгжүүлэн ажиллаж байгаа болно. 2. "М*******" ХХК-ийн цахим системд "Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа"-ны чиглэлээр үйл ажиллагаа шинээр эрхлэх хүсэлтийг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ирүүлснийг "Салбарын тусгай зөвшөөрөл, мэргэжлийн байгууллагын эрх олгох, тэдгээрт хяналт тавих систем"-ээр мэргэжлийн байгууллагын эрх авах болон сунгуулах хүсэлт ирүүлсэн хуулийн этгээдийн хүсэлтийг урьдчилсан дүгнэлт гаргах үүрэг бүхий "Ажлын хэсэг"-ийн хурлаар хэлэлцэн, "Салбарын тусгай зөвшөөрөл, мэргэжлийн байгууллагын эрх олгох, тэдгээрт хяналт тавих систем"-ээр ирүүлсэн хүсэлтүүдийг Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны дүгээр тушаалаар батлагдсан "Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхийг хуулийн этгээдэд олгох, хяналт тавих журам"- ын дагуу шийдвэрлүүлэх, Барилга, хот байгуулалтын сайдын тушаал гаргуулахаар 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дугаар хуралдааны тэмдэглэл, хүсэлт ирүүлсэн хуулийн этгээдийн жагсаалтыг газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай албан бичгээр Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл "М*******" ХХК-ийн цахим системд хандан хүсэлт ирүүлэх үед мэргэжлийн байгууллагын эрх олгох, эрхийг цуцлах эрх хэмжээ нь Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Барилга, хот байгуулалтын яамны чиг үүрэгт хамаарч, сайдын тушаалаар олгогддог байсан. Барилга, хот байгуулалтын яамнаас 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай албан бичгээр газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа болон газрын нөхөн сэргээлт хийх мэргэжлийн байгууллагын эрх олгох асуудал нь Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрлийн жагсаалтад хамаарахгүй тул дээрх 2 төрлөөр зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. 3. Зөвшөөрлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр "1 дүгээр зүйл. Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөхөөс өмнө Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуулийн, Газрын ерөнхий хуулийн, Геодези, зураг зүйн тухай хуулийн, Кадастрын тухай хуулийн, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдтэй холбогдуулан эдгээр хуулиар зохицуулж байгаа зөвшөөрлийн харилцааг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тус тусын хуулиар зохицуулна, 2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлийг 2023 оны 07 дугаар сарын 01- ний өдрийг дуустал хугацаанд дагаж мөрдөнө” гэж заасны дагуу Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны дүгээр тушаалаар батлагдсан “Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхийг хуулийн этгээдэд олгох, хяналт тавих журам"-ыг хэрэглэх явцад 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсон. Зөвшөөрлийн тухай хууль 2022 оны 06 дугаар 17-ны өдөр батлагдан, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж, мөрдөгдөж байна. Энэ хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3-т "Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно” гэж тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагаа, тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн жагсаалтыг заасан байдаг. Энэ жагсаалтад “Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа"-ны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл тусгагдаагүй. Иймд “Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа"-ны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн тусгай зөвшөөрлийн жагсаалтад байхгүй тул "М*******" ХХК-ийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "М*******" ХХК нь газрын төлөв байдал, чанарын баталгааны төрлөөр мэргэжлийн байгууллагын тухай 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр анх license.gazar.gov.mn системд хүсэлт ирүүлсэн. Үүнээс ажлын хэсгийн нарийн бичиг инженерийн дипломын хуулбарыг хүн тус бүрээр салгаж ирүүлээгүй гэх шалтгаанаар 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр системд буцаасан төлөвт оруулсан. Ийнхүү тавьсан шаардлагатай холбоотой засварыг хийж "М*******" ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр дахин хүсэлтээ ирүүлсэн байсан. Дахин ирүүлсэн хүсэлтийг 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ажлын хэсгийн нарийн бичиг ажлын хэсгийн гишүүд болох 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг рүү шилжүүлсэн. Тус аж ахуйн нэгжийн хүсэлтийг ажлын хэсэгт шилжүүлсний дараагаар Зөвшөөрлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчингүй болсон. Тус Зөвшөөрлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд "Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөхөөс өмнө Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуулийн, Газрын ерөнхий хуулийн, Геодези, зураг зүйн тухай хуулийн, Кадастрын тухай хуулийн, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдтэй холбогдуулан эдгээр хуулиар зохицуулж байгаа зөвшөөрлийн харилцааг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тус тусын хуулиар зохицуулна" 2 дугаар зүйл "Энэ хуулийн 1 дүгээр зүйлийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд дагаж мөрдөнө" гэж заасан. Зөвшөөрлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүчингүй болж, Зөвшөөрлийн тухай хууль 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулаад Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны дүгээр тушаалаар батлагдсан журам хүчингүй болсон. Үүнтэй холбогдуулан манай байгууллагаас Барилга, хот байгуулалтын сайдад ажлын хэсгийг хэвээр байлгах асуудлыг удаа дараа танилцуулж, мэргэжлийн байгууллагын эрх олгох асуудал, тавигдах нөхцөл шаардлага батлуулахтай холбоотойгоор тухайн аж ахуйн нэгжийн хүсэлт өгөх ажил удааширсан. Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөхөөс Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт өгсөн чиглэлийн дагуу 2023 оны 09 дүгээр сараас тухайн аж ахуйн нэгжүүдийн хүсэлт шийдвэрлэх ажил хэвийн үргэлжилсэн. Үүнтэй холбогдуулаад ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан. Монголын газар зохион байгуулагчдын холбооны ерөнхийлөгч өөрчлөгдөж 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан. "М*******" ХХК-ийн хүсэлтэд ажлын хэсгийн 8 гишүүн урьдчилсан санал өгсөн байсан бөгөөд нэмэгдэж орсон Монголын газар зохион байгуулагчдын холбооны ерөнхийлөгч 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр саналаа өгснөөр бүх гишүүдийн санал бүрдэж ажлын хэсгийн гишүүдийн дийлэнх нь "М*******" ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хүсэлтийг урьдчилсан байдлаар хурлын тэмдэглэлээр дэмжиж, ажлын хэсгийн даргаар баталгаажуулж 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн тоот албан бичгээр тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд болох газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн. "М*******" ХХК-д тусгай зөвшөөрөл олгох эсэх нь эрх бүхий этгээд нь газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Барилга, хот байгуулалтын сайдын эрх хэмжээний асуудал байсан.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нээс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тусгай зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэгч нь хүсэлтээ өгснөөс хойш хуульд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулах боломжтой байсан. Манай зүгээс тусгай зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагаагаа явуулсан байна гэж ямар нэгэн байдлаар хандсан зүйл байхгүй.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М*******” ХХК нь “1.Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны чиглэлээр эрх "Шинээр авах" тусгай зөвшөөрлийг гаргуулахаар "М*******" ХХК-иас 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүсэлт гаргасан. 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс хойш 2023 оны 10 дугаар сар хүртэл буюу 4 сарын хугацаанд хүсэлтийг шийдвэрлээгүй хойшлуулж зөвшөөрөл олгосон болон 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 2024 оны 02 сарыг хүртэл гэрээ байгуулах, гэрчилгээ олгох үүргээ үндэслэлгүйгээр биелүүлэхээс татгалзсан зэрэг нь захиргааны байгууллага буюу Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар холбогдох журмыг эс үйлдэхүйгээрээ зөрчсөн, уг эс үйлдэхүй нь хууль бус байсан болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар тогтоолгох, 2. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын license.gazar.gov.mn системээс "М*******" ХХК-д 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эрх бүхий ажлын хэсгийн гишүүдийн Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны чиглэлээр тусгай зөвшөөрөл олгосныг үндэслэлгүйгээр татгалзсан үйлдэл нь хууль бус бөгөөд тухайн шийдвэр, үйл ажиллагааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулах, 3.Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны чиглэлээр тусгай зөвшөөрлийг "М*******" ХХК-д дахин олгохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 19.1.3-д “газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлийн байгууллагын эрх олгох, цуцлах, тэдгээрийн ажиллах журам, зааврыг батлан мөрдүүлэх” гэж заасан байсныг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон байна.
Дээрх хуулийн зохицуулалттай холбоотойгоор Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар “Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхийг хуулийн этгээдэд олгох, тэдгээрт хяналт тавих журам”-ыг баталсан байна.
Уг “Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхийг хуулийн этгээдэд олгох, тэдгээрт хяналт тавих журам”-ын 1 дүгээр хавсралт болох “Хуулийн этгээдэд мэргэжлийн байгууллагын эрх олгох төрөл, суурь нөхцөл шаардлага”-д “Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа” гэсэн тусдаа, бие даасан мэргэжлийн байгууллагын эрх олгох төрлийг журамлан заасан байжээ.
Харин Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:” 3.6-д “газар зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулах мэргэжлийн байгууллагын эрх олгох” гэж заасан байна.
Газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Газар зохион байгуулалт нь газрын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, газрын кадастр эрхлэх, газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, газрын эдийн засгийн чадавхи, нөөцийг нэмэгдүүлэх, газар зүйн болон газрын харилцааны таатай орчин бүрдүүлэх зорилго бүхий цогцолбор арга хэмжээ мөн.” гэж заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, Зөвшөөрлийн тухай хуулиар “газар зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулах мэргэжлийн байгууллагын эрх олгох” гэж илүү өргөн хүрээгээр тусгай зөвшөөрөл олгохоор хуульчилсан байна.
Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 9.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээс үзэхэд, тус хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна.
Зөвшөөрлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөхөөс өмнө Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуулийн, Газрын ерөнхий хуулийн, Геодези, зураг зүйн тухай хуулийн, Кадастрын тухай хуулийн, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдтэй холбогдуулан эдгээр хуулиар зохицуулж байгаа зөвшөөрлийн харилцааг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тус тусын хуулиар зохицуулна.”, 2 дугаар зүйлд “Энэ хуулийн 1 дүгээр зүйлийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд дагаж мөрдөнө.” гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтууд болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, “М*******” ХХК-ийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны чиглэлээр тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг захиргааны байгууллага хянан шийдвэрлэх явцад эрх зүйн орчин өөр болсон буюу Зөвшөөрлийн тухай хуулийг дагаж мөрдөж эхэлсэн байх ба уг хуулиар газар зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулах мэргэжлийн байгууллагын эрх олгох” гэж илүү өргөн хүрээгээр тусгай зөвшөөрөл олгохоор хуульчилсан талаар дээр тайлбарласан.
Мөн Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 16-д “Энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан зөвшөөрлийг нэмэх, задлах, хуваах, салгах, түүний хамрах хүрээг өргөжүүлэхийг хориглоно.” гэж заасан байна.
Үүнээс үзэхэд, хариуцагчаас “Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа” гэсэн төрөл, чиглэлээр тусгай зөвшөөрөл олгох нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэхээргүй байна.
Иймд дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулсан тусгай зөвшөөрлийн жагсаалтад газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа гэсэн төрөл байхгүй, мөн Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 16-д зөвшөөрлийг нэмэх, задлах, хуваах, салгах, түүний хамрах хүрээг өргөжүүлэхийг хориглоно гэж заасан тул газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны чиглэлээр тусгай зөвшөөрөл олгох боломжгүй” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Мөн дээрх Зөвшөөрлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулиас үзэхэд, “Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхийг хуулийн этгээдэд олгох, тэдгээрт хяналт тавих журам журам” нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш эрх зүйн үйлчлэлгүй болсон байна.
Үүнээс үзэхэд, нэхэмжлэгч нь дээрх “Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхийг хуулийн этгээдэд олгох, тэдгээрт хяналт тавих журам журам”-ын холбогдох зохицуулалтуудыг нэхэмжлэлийн үндэслэлээ болгон маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагууд тус бүрийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэл адил бөгөөд нэхэмжлэлийн шаардлагууд нь хоорондоо уялдаа холбоо бүхий шаардлагууд тул нэхэмжлэлийн 3 шаардлага тус бүрд шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 16 дахь хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.6-д заасныг тус тус баримтлан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “1.Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны чиглэлээр эрх "Шинээр авах" тусгай зөвшөөрлийг гаргуулахаар "М*******" ХХК-иас 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүсэлт гаргасан. 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс хойш 2023 оны 10 дугаар сар хүртэл буюу 4 сарын хугацаанд хүсэлтийг шийдвэрлээгүй хойшлуулж зөвшөөрөл олгосон болон 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 2024 оны 02 сарыг хүртэл гэрээ байгуулах, гэрчилгээ олгох үүргээ үндэслэлгүйгээр биелүүлэхээс татгалзсан зэрэг нь захиргааны байгууллага буюу Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар холбогдох журмыг эс үйлдэхүйгээрээ зөрчсөн, уг эс үйлдэхүй нь хууль бус байсан болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар тогтоолгох, 2. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын license.gazar.gov.mn системээс "М*******" ХХК-д 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эрх бүхий ажлын хэсгийн гишүүдийн Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны чиглэлээр тусгай зөвшөөрөл олгосныг үндэслэлгүйгээр татгалзсан үйлдэл нь хууль бус бөгөөд тухайн шийдвэр, үйл ажиллагааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулах, 3.Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны чиглэлээр тусгай зөвшөөрлийг "М*******" ХХК-д дахин олгохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт даалгах”-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ