Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2025/00956

 

 

 

 

 

 

 

 

2025 02 10 197/ШШ2025/00956

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн С.Базарханд даргалж, нарийн бичгийн дарга Э.Пүрэвдуламыг суулцуулан, нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Л.******* /Ү-1996/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 36 дугаар хороо, ******* ******* хотхоны 801 дүгээр байрны 205 тоотод оршин суух, /РД:*******82053011/, ******* овогт *******ын *******ын гаргасан,

Хариуцагч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хар хорин худалдааны төв, Цахилгаан барааны 2 дугаар давхар, 14 тоотод хувиараа үйл ажиллагаа явуулдаг гэх, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27 дугаар байрны 34 тоотод оршин суух хаягтай, /РД:УУ90071163/, ******* ******* овогт ы д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 06-ны өдрийн 192/ШЗ2025/01956 дугаартай захирамжаар харьяаллын дагуу тус шүүхэд шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.аас 1.350.000 төгрөгөөр худалдан авсан Самсунг 65 инчийн зурагтын дэлгэц хагархай, гэмтэлтэй үндэслэлээр зурагтын үнэд төлсөн 1.350.000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба уг шаардлагын үндэслэлээ ...2024 оны 11 сарын 12-ны өдөр фейсбүүк дэх зарын дагуу Ухаалаг ТВ гэсэн хаягаар 96001995 дугаарын утсаар холбогдож, 65 инчийн Самсунг маркийн зурагт худалдан авахаар тохирсны дагуу тус дэлгүүрээс ажилтан нь ирж, захиалсан зурагтыг авчирч задалж үзээд хөлийг нь мартсан байна, маргааш нь ажилтнаа явуулж авчруулан угсарч өгнө гэж хэлээд явсан. 2024 оны 11 сарын 13-ны өдөр өөр нэг ажилтан ирж, зурагтын хөлийг угсарч, байрлуулж өгсний дараа уг ажилтнаас нь төлбөр хийх дансны дугаарыг аваад 1.350.000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн ажилтан нь гарсны дараа зурагтаа асааж үзэхэд дэлгэцийн дээд буланд гэмтэлтэй, хагарч цуурсан байсан тул тэр даруйд нь 96001995 дугаарын утсаар нь болон вайбераар видео дуудлага хийж холбогдон гэмтлийг нь харуулахад манай зүгээс эвдрэлгүй бараа хүргүүлсэн, бидэнд хамаагүй, зурагт хүргэсэн нь хүн манай ажилтан биш, хүргэлтийн хүн гэх зэрэг тайлбар хийж үл тоон хэл амаар доромжлон харьцсан. Асуудлыг эвээр шийдвэрлэх гэж хичээсэн боловч тоогоогүй учир мөнгөө буцаан авах нэхэмжлэл гаргасан хэмээн тайлбарласан.

2. Хариуцагч Б.аас ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, 2024 оны 11 сарын 12-ны өдөр Самсунг брэндийн 65 инчийн дэлгэцтэй зурагт худалдан авахаар утсаар захиалга өгсний дагуу нэхэмжлэгчийн заасан гэрийн хаягаар бүрэн бүтэн, эвдрэл гэмтэлгүй эсэхийг шалгаж захиалга өгсөн эхнэр, нөхөр хоёрт хүлээлгэн өгсөн ба асууж үзэхэд зурагт нь хэвийн ажиллагаатай байсан, мөн 2024 оны 11 сарын 13-ны өдөр хүргэлтээр зурагтын хөлийг илгээсэн, дараа нь ...тоот дансанд үнэ 1.350.000 төгрөг шилжүүлсэн байсан. Миний хувьд үйлчлүүлэгчийн захиалсан барааг хүлээлгэн өгч шалгуулсны эцэст төлбөрийг хүлээн авдаг. гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан ба хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт ... нэхэмжлэгч анхнаасаа зурагтыг хананд тогтооно, хөлгүй авна гэсэн захиалга өгч, манай байгууллагын зүгээс 1.400.000 төгрөгөөр зардаг зурагтыг үнэ бууруулж 1.350.000 төгрөгөөр авахаар болж, барааг 2024 оны 11 сарын 12-ны өдөр гэрт нь хүргэж өгөхдөө дэлгэцийн бүрэн байдлыг нь шалгаж, асааж хүлээлгэн өгсөн. Гэтэл зурагтаа хүргүүлж авсны дараа хөлийг нь авъя гэсэн тул маргааш нь хүргэлтийн ажилтнаар зурагтын хөлийг өгч явуулсан. Ингээд 2024 оны 11 сарын 13-ны өдөр зурагтын үнэ 1.350.000 төгрөг шилжүүлснээс хойш цагийн дараа дэлгэц нь хагарсан байна гэсэн асуудал үсгэсэн. Манай байгууллагын зүгээс эвдрэл, гэмтэлтэй зурагт хүлээлгэж өгөөгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар хийж мэтгэлцсэн.

3. Хэргийн нөхцөлд нэхэмжлэгч нь фейсбүүк зарын Ухаалаг ТВ цахим хэрэглэгчийн 96001995 дугаарын утсаар хариуцагчтай холбогдож, 65 инчийн Самсунг маркийн 1.350.000 үнэтэй зурагтыг худалдан авах, ингэхдээ өөрийн гэрийн хаягаар хүргүүлж авах нөхцөлөөр харилцан тохирч, хариуцагч нь зурагтыг 2024 оны 11 сарын 12-ны өдөр, уг зурагтын хөл суурийг 2024 оны 11 сарын 13-ны өдөр тус тус хүргэж өгсөн, нэхэмжлэгч нь худалдан авсан зурагтын үнэ 1.350.000 төгрөгийг 2024 оны 11 сарын 13-ны өдөр Дуламсүрэн Нямцэцэгийн Хаан банкны харилцах данснаас шилжүүлэн төлснөөр тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохирч амаар буюу бичгээр хийж болох ба гэрээний талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно гэж Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.8-д тус тус заасан тул талуудын хооронд эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ бодит үйлдлээр хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй,хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх ба худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний болон эдэлгээний хугацаа, чанар, хадгалах, тээвэрлэх нөхцөл, журам баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбоотой үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2 дахь хэсэгт тус тус зааж хуульчилсан байна.

4. Хэргийн зохигчид гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн болон үнийг нь төлсөн үйл баримтын талаар маргаангүй, харин худалдан авсан зурагтын дэлгэц гэмтэлтэй байсан эсэхэд маргасан.  

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь эрхийн болоод биет байдлын доголдолгүй гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч нь үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэнд тооцох бөгөөд мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж заасан. 

5. Хариуцагч Б., түүний өмгөөлөгчөөс манай зүгээс эвдрэлгүй бүрэн бүтэн барааг хүргүүлсэн хэмээн маргасан боловч энэхүү нөхцөл байдлаа нотолсон баримтыг хэрэгт болон шүүхэд гаргаж өгөөгүй, нөгөө талаар хэргийн зохигчид худалдах, худалдан авах гэрээний зүйлийн чанарын талаар тусгайлан тохироогүй, мөн тэдгээр нь тухайн зурагтыг хүлээлцэх үедээ түүний бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтлийг шалгаж хүлээлцсэн эсэх талаар акт баримт үйлдээгүй байх ба нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсарган өгсөн баталгаат засварын хуудас гэх баримтад энэ талаар тодорхой тусгасан зүйлгүй тул нэхэмжлэгчийг эд хөрөнгө хүлээн авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэж дүгнэх үндэслэл бүхий баримт нотолгоо хэрэгт үгүй байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж, 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж тус тус заажээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.аас 1.350.000 төгрөгөөр худалдан авсан Самсунг 65 инчийн зурагтын дэлгэц хагархай, гэмтэлтэй үндэслэлээр зурагтын үнэд төлсөн 1.350.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлийг буруутгах боломжгүй юм.

6. Түүнчлэн Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааж зохицуулсан тул нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний дагуу зурагтын үнэд төлсөн 1.350.000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй бөгөөд худалдан авсан зурагтыг буцаан өгөх үүргийг мөн хүлээнэ.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Б.аас 1.350.000 төгрөг /нэг сая гурван зуун тавин мянга/ гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Самсунг загварын 65 инчийн /дэлгэц гэмтэлтэй/ зурагтыг хариуцагч Б.д хүлээлгэж өгөхийг нэхэмжлэгчид даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759 .1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759 .2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасныг тус тус баримтлан хариуцагч Б.аас 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгож, Самсунг загварын 65 инчийн /дэлгэц гэмтэлтэй/ зурагтыг нь хариуцагч Б.д буцаан олгохыг нэхэмжлэгч Б.*******д даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлд*******, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид 36.550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 07 /долоо/ хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД