| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/00025/И |
| Дугаар | 141/ШШ2025/00037 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 141/ШШ2025/00037
| 2025 оны 02 сарын 21 өдөр | Дугаар 141/ШШ2025/00037 | Завхан аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.У даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б-гээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар .............аймгийн ...........сумын ...........баг хаягаар оршин суудаг Д овогт Н-ын Ш-гын нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Н.Ш нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Ш нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие 1982 онд .............аймгийн .............сумын Техник мэргэжлийн сургуулийг тракторч машинчийн курс төгссөн. 1983 оноос 1986 он хүртэл цэргийн алба хаасан. 1987 оноос эхнэр Ц.М-тэй гэр бүл болж ......... аймгийн ........... сумын ******* нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байгаад 1987 оны 06 сарын 08-ны өдөр тракторын жолоочоор үндсэн ажилтнаар томилогдсон. Иймд 1982 оны 07 сарын 14-ны өдрөөс 1983 оны 06 сарын 10-ны өдрийг дуустал, мен 1983 оны 09 сарын 01-ний өдрөөс 1987 оны 06 сарын 08-ны өдрийг хүртэл ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр архивд хадгалагдаагүйн улмаас өндөр настаны тэтгэвэр тогтоолгоход ажилласан жил хүрэхгүй байгаа тул ажилласан жилүүдийг нөхөж тогтоож өгнө үү...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Ш нь 1982 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал .........аймгийн ...........сумын ******* нэгдлийн туслах үйлдвэр бригадад ачигчаар, 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ........аймгийн ............сумын ******* нэгдэлд слесариар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Д овогт Н-ын Ш нь 1982 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал, 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ........ аймгийн ...........сумын .................нэгдлийн Туслах үйлдвэр бригадад нормчиноор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан:
-Д овогт Н-ын Ш-гын ................ иргэний бүртгэлийн дугаар бүхий иргэний үнэмлэхийн лавлагаа,
-.......... аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/05 дугаартай: “...Н.Ш нь 1982-1983 онд Б сумын ******* нэгдлийн туслах үйлдвэр бригадад ачигч, 1986 онд слесарь, 1987-1992 онд тракторын жолоочоор ажиллаж байсан тухай лавлагаа авахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд 1982-1983 оны.............. сумын ******* нэгдлийн даргын тушаалд томилсон, чөлөөлсөн, ээлжийн амралт, шагнал урамшуулал олгосон тухай тушаал олдохгүй, 1986-1987 оны нэгдлийн даргын тушаал архивт шилжигдэн ирээгүй байна...” гэсэн архивын тодорхойлолт,
-Н-ын Ш-д .......... аймгийн Б ХАА-н ТМС-иас 1982 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нээж олгосон 005028 дугаартай: “...С нэгдлийн даргын 1982 оны 06 дугаар сарын 08-ны өрийн 47 дугаартай тушаалаар С нэгдлийн тракторын жолоочоор авч ажиллуулав,
С нэгдлийн даргын 1992 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03 тоот тушаалаар нэгдэл татан буугдсан тул нэгдлийн тракторын жолоочийн ажлаас чөлөөлж С компанийн мэдэлд шилжүүлэв,
С компанийн захирлын 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01 тушаалаар сумын С компанийн тракторын жолоочоор томилон ажиллуулав...” гэсэн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-Б сумын С нэгдлийн даргын 1983 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 21 дугаартай: “.Р..... бригадын Я.Д-гийн суурьт Н.Ш-г 3 дугаар сарын 02-ны өдрөөс 3 сарын 08-ны өдрийг хүртэл 7 хоногийн хугацаатай малчнаар томилсугай. Ш-д ажилласан өдөр тутамд тус бүр 5 төгрөгөөр тооцон цалинжуулахыг нэгдлийн санхүүд зөвшөөрсүгэй...” гэсэн малчин түр томилох тухай тушаалын хуулбар,
-Б сумын С нэгдлийн Зөвлөлийн даргын 1989 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаартай: “...И, О бригадын төл эмчилгээний цэгт ажиллах тракторчноор Н овогтой Ш-ийг 1989 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн түр ажиллуулсугай...” гэсэн тракторчинд тогтмол цалин олгох тухай тушаалын хуулбар,
-........... аймгийн Б..... сумын ******* нэгдлийн даргын 1990 оны 06 дугаар 06-ны өдрийн 35 дугаартай: “...Нэр бүхий жолооч нарт шатахуун хэмнэсний шагналыг тооцож, олгох нь зүйтэй гэж үзсүгэй. Ш, шатахуун 1947, 30%-494, үнэ 558, 20%-210...” гэсэн тушаалын хуулбар,
-............ аймгийн Б........ сумын С нэгдлийн даргын 1992 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай: “...С нэгдлийн үйл ажиллагаа зогсоосонтой холбогдуулан ТУШААХ нь. С нэгдлийн харьяанд ажиллаж байсан хүмүүсийг 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон тус тусын үүрэгт ажлаас чөлөөлж холбогдох аж ахуйн нэгжүүдэд шилжүүлсүгэй. 52. Н.Ширхээрэв тракторын жолооочоос...” гэсэн тушаалын хуулбар,
-1986 онд авахуулсан гэрэл зураг 1 ширхэг,
-Н-ын Ш нь 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдөр БНМАУ-ын хүн амын регистрийн дугаарын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: “...Ажилладаг байгууллага-Б С нэгдэл, эрхэлдэг ажил-тракторын жолооч оршдог сум Б...” гэсэн бичилт бүхий ХААТР 1 маягтын хуулбар,
-Н-ын Ш нь 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хаягийн хуудасны бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: “...Хаана ямар ажилтай-З, ........... сумын ...........бригадад малчин...” гэсэн бичилт бүхий иргэний хаягийн хуудас ХААТР 7 маягтын хуулбар,
-Н*ын Ш нь 1988 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хөтөлсөн: “...ажиллаж байгаа газрын нэр-С нэгдэл, эрхэлж байгаа ажил-тракторчин...” гэсэн бичилт бүхий гэрлэлтийг бүртгэх анкетын хуулбар,
-Гэрч Б.Б-ын: “Ш нь 1982 онд нэгдэлд ажилд анх орж байсан бөгөөд нэгдэлд тартал нэгдэлд ажилласан. Тухайн үед би нэгдлийн жолооч хийж байсан. Манай сум нэгдлийн даргаар Д гэдэг хүн байсан. Ш нь миний ачигч, грушик хийж байсан юм. Тиймээс би түүнийг .......... аймгийн ....... сумын С нэгдэлд ачигч, грушик хийж байсан гэдгийг сайн мэднэ. Тэгээд над дээр дадлага хийж байгаад 1987 онд тракторын жолооч болсон. Тухайн үед бид хоёр галын мод бэлтгэх, өвс тэжээл зөөх, хавар намрын улиралд газар тариалангийн ажилд явах зэрэг ажлуудыг хийж байсан” гэсэн мэдүүлэг,
-Гэрч Р.Д-ийн: “Ш нь 1982 онд анх Б сумын С нэгдлийн товар бригадад нормчин, ачигч, барилгын туслах ажилтан зэрэг ажлуудыг хийж байгаад 1983 оны 6 сард цэрэгт явж 3 жилийн цэргийн алба хаасан юм. Тэгээд цэргээс 1986 онд халагдаж ирээд мөн тус нэгдлийн туслах үйлдвэр бригадад туслах ажилтан, слесарь, нормчноор ажиллаж байсан юм. Тухайн үед манай Б сумын С нэгдлийн туслах үйлдвэр бригадад нэгдлийн туслах чиг үүрэг бүхий ажлуудыг хийж гүйцэтгэдэг байсан. Манай товар бригадын даргаар Л, Д, Г зэрэг хүмүүс ажиллаж байсан. Би Н.Ш-тай хамт товар бригадад хамт ажиллаж байсан тул түүнийг С нэгдэлд туслах ажилтнаар ажиллаж байсныг сайн мэдэх юм” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэхэмжлэгч Д овогт Н-ын Ш нь 1982 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал, 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл З аймгийн ..... сумын С нэгдлийн Туслах үйлдвэр бригадад нормчиноор ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Н.Ш-аас ирүүлсэн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д овогт Н-ын Ш нь 1982 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал, 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ......... аймгийн .......... сумын ......... нэгдлийн Туслах үйлдвэр бригадад нормчиноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН