Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/886

 

   2023            8            31                                           2023/ДШМ/886

 

Ш.Пхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Ариунаа,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/1169 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Цэрэнбалжирын бичсэн 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаар эсэргүүцлийг үндэслэн Ш.Пхолбогдох 2303003340279 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Ш.П, .

Ш.П нь 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 18 цаг 12 минутын орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их монгол улсын гудамж, “Маршал Таун” хотхоны зүүн урд замд “Тоуоtа Rаv-4” маркийн 72-80 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний замаар хөдөлгөөнд оролцож явсан унадаг дугуйтай зорчигч Б.У/эрэгтэй, 12 настай/ зам тавьж өгөөгүйгээс мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ш.Пийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш.Пхолбогдох хэргийг Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянаад хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж прокурорт буцааж шийдвэрлэв. Учир нь: Хавтаст хэргийн 58 дахь талд мөрдөгчийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 730 дугаар магадалгаа авагдсан бөгөөд тухайн магадалгааны 2 дахь заалтад “унадаг дугуйтай зорчигч Б.У нь замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна” гэжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Б.У “...Буцаад гэртээ харихаар 17 цаг өнгөрч байхад явсан, тэгээд Маршал таун хотхоны зүүн замаар урдаасаа хойд зүгт зорчих хэсгийн баруун талын унадаг дугуйны замаар буцаж явсан. Тэгээд Маршал таун хотхоны зүүн урд хаалганы орчим ирэхэд уг хотхоноос гарч ирж байгаа автомашин надад харагдахгүй байхаар нь би өөрийгөө явж болно гэж бодоод урдаасаа хойд зүгт Маршал таун хотхоны зүүн урд гарцаар гарч явтал гэнэт миний зүүн талаас буюу уг хотхоноос гэнэт цагаан өнгийн автомашин гараад ирэх шиг болоод миний зүүн талаас мөргөсөн, тэрнээс хойш юу болсныг би санахгүй байна...”/хх 15/ гэсэн мэдүүлгээс дүгнэхэд тухайн унадаг дугуйтай зорчигч замын хөдөлгөөнд оролцож байсан эсэх, оролцож байсан бол 12 настай буюу эрх зүйн бүрэн бус чадамжтай этгээд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд зааснаар ямар нэгэн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох эрхтэй эсэх, хэрэв эрхтэй бол тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэх авсан эсэхийг шалгаж тогтоолгүйгээр мөрдөгчийн магадалгаа гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд насанд хүрээгүй хохирогч унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцсон нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн эсэх, хэрэв нөлөөлсөн бол тухайн этгээдийн эцэг, эх, асран хамгаалагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний хариуцагчаар оролцох эсэхийг шалгахгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Ш.Пхолбогдох эрүүгийн 2303003340279 дугаар хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ш.Пурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Цэрэнбалжир бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр эсэргүүцэл бичлээ. Үүнд: “замын хөдөлгөөнд оролцогч” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.7-д “замаар явж байгаа жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг” гэж, “тээврийн хэрэгсэл” гэж мөн хуулийн 3.1.1-д “хүн, ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгслийг” гэж тус тус хуульчилсан тул насанд хүрээгүй хохирогч Б.У нь унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцогч мөн юм. Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-д “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй)” гэж заасан тул унадаг дугуй нь механикжсан тээврийн хэрэгсэл биш тул жолоодох эрхийн үнэмлэх шаарддаггүй болно.

Насанд хүрээгүй хохирогч Б.У нь 12 настай бөгөөд Замын хөдөлгөөний дүрмийн 25.3-т заасан “Унадаг дугуйг 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнтэйгээр зөвхөн явган хүний зам дээр, харин 10-аас 14 хүртэлх насны хүүхэд явган хүний зам болон түүн дээр тэмдэглэгдсэн унадаг дугуйн замаар унаж хөдөлгөөнд оролцож болно. 16 нас хүрээгүй бол мопед жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно” гэж заасан бөгөөд зам тээврийн осол үйлдэгдсэн газар буюу “Маршал Таун” хотхоны зүүн урд байрлах явган хүний замаар унадаг дугуй унаж замын хөдөлгөөнд оролцсон нь дүрмээр зөвшөөрөгдсөн үйлдэл юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэдэгт шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд буюу тухайн шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх тогтоолын аль нэгийг гаргахад шууд нөлөөлж болохуйц, эсхүл хэргийг прокурорт буцаахгүйгээр тухайн асуудлыг шүүхийн шатанд шийдвэрлэх, эргэлзээг тайлах боломжгүй тохиолдлыг хамааруулан үздэг. Хавтаст хэрэгт авагдсан хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудын хүрээнд яллагдагчийн гэм буруугийн асуудлыг тэгш эрхийн мэтгэлцээний үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой юм. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/1169 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Прокурор А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Ц.Цэрэнбалжирын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Ц.Цэрэнбалжирын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Ш.П нь 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 18 цаг 12 минутын орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их монгол улсын гудамж, “Маршал Таун” хотхоны зүүн урд замд “Тоуоtа Rаv-4” маркийн 72-80 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний замаар хөдөлгөөнд оролцож явсан унадаг дугуйтай зорчигч Б.У/эрэгтэй, 12 настай/ зам тавьж өгөөгүйгээс мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Пхолбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Ш.Пхолбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон ба шүүгчийн захирамжид заасан ажиллагааг дахин шалгах шаардлагагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэснийг хэрэгжүүлэх нь зүйтэй.

Иймд прокурор Ц.Цэрэнбалжирын бичсэн эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/1169 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ш.Пурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ