| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Түвшинтулга |
| Хэргийн индекс | 109/2024/0016/З |
| Дугаар | 109/ШШ2024/0039 |
| Огноо | 2024-12-17 |
| Маргааны төрөл | Газар, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 109/ШШ2024/0039
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.Д
Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга нарын хоорондох “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/569 дугаартай захирамжийн Ц.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Иргэн Ц.Д-аас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/569 дүгээр захирамжийн Ц.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2. Нэхэмжлэгч Ц.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн А/22 тоот шийдвэрийг үндэслэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Булганхангай 7 дугаар гудамжны *** хаягт байрлах нэгж талбарын *********** дугаар бүхий 400 м.кв газрыг гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар 20 жилийн хугацаатай эзэмшсэн. Гэтэл Архангай аймгийн Засаг дарга нь 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/569 дугаартай захирамжаар тухайн газрыг эзэмших эрх олгохдоо Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтыг зөрчиж, газар олгосон гэсэн үндэслэлээр нэр бүхий иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэнд миний эзэмшлийн газар багтсан байна. Маргаан бүхий актын үндэслэл болсон Газрын тухай хуулийн 56 дугаар зүйл 56.1, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх зохицуулалт нь бүхэлдээ Засаг дарга газар олгохдоо баримтлах зохицуулалт гэж харагдаж байна. Хот байгуулалтын тухай хуульд аймаг нийслэлийн ерөнхий архитектор нь хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчлэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан жил бүрийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй ба үүний дагуу миний эзэмшиж байгаа газар тухайн үед ямар нэгэн хот төлөвлөлтөд орсон байсан бол кадастрын зурагт орсон байх ёстой гэж бодож байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.11-д зааснаар аймгийн Засаг дарга нь эрх хэмжээнийхээ хүрээнд газар эзэмших, ашиглахтай холбоотой маргааныг газрын тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэх ба үүний дагуу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдвол уг асуудлыг захирамж гарган шийдвэрлэнэ. Архангай аймгийн Засаг дарга 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/569 дугаартай газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамж гаргахдаа үндэслэл болгосон Газрын тухай хуулийн 56 дугаар зүйл 56.1, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр 9.1.1 дэх заалтууд нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлд хамаатахгүй байна. Миний зүгээс газар эзэмшиж байх хугацаандаа Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрх дуусгавар болох, газар эзэмших эрхийг хүчингүй болгох ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад маргаан бүхий актыг гаргахдаа бодит нөхцөл байдлыг судлан тогтоолгүй миний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаад гомдолтой байна. Мөн захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулаагүй ба миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр байхад надад энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй ба тайлбар, санал гаргах боломж нөхцөл олгоогүй. Мөн захиргааны актыг бичгээр гаргаж байгаа тохиолдолд актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заахаар Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан байтал тухайн маргаан бүхий актад энэ талаар тусгаагүй байна. Иймд Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/569 дугаартай захирамжийн Ц.Д- надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Д-ы тухайд 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн А/22 тоот шийдвэрээр Булганхангай хорооллын **** гэсэн хаягт байрлах газрыг 20 жилийн хугацаатай эзэмших гэрчилгээг авсан. Анх гэрчилгээг олгохдоо газар зохион байгуулалтад хамрагдсан байна хамрагдаагүй байна гэдэг судалгаа хийгдээд тэрний үндсэн дээр олгогдох ёстой. Мөн ямар нэгэн давхцалгүйгээр л олгогдож байх ёстой. Энэ нь олгох ёстой газрыг шалгаж баталгаажуулсан байх ёстой. Ямар нэгэн давхцалгүй гэж үзсэний улмаас энэ газрыг олгосон гэж үзэж байгаа. Засаг дарга нь газар эзэмшүүлэх захирамж гаргасан байхад дараагийн солигдсон Засаг дарга нь энэ газар давхцалтай учраас газар эзэмшүүлэхгүй гэж хүчингүй болгоод байгаа нь иргэнд чирэгдэл учруулж байна. Ц.Д-ы тухайд надад огт мэдэгдээгүй хэрнээ миний газрыг хүчингүй болгох захирамж гаргасан байна гэдэг. Хэрэгт авагдсан материалаас Ц.Д-тай уулзсан танилцуулга хийсэн тийм зүйл харагддаггүй. Мэдээллийг сонин хэвлэлээр явуулж болно гэсний дагуу хуульд нийцүүлсэн зүйл байгаа хэдий ч иргэнийг мэдээлэл авсан мэтээр хараад байгаа нь буруу юм. Хэрвээ тухайн авсан газар нь давхцалтай байгаа бол өөр газар байршлыг нь өөрчлөөд өгөх боломжтой, газар олгохгүйд гомдолтой байна. Эрх нь зөрчигдөөд байгаа хүмүүсийнхээ газрыг өөр газарт шилжүүлээд өгвөл гомдолгүй. Гэхдээ тийм боломж нөхцөл нь байхгүй байгаад байгаа учраас эвлэрэх боломжгүй байна. Иймд Ц.Д-ы нэхэмжлэлийг дэмжиж оролцож байна гэв.
4. Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Аймгийн Засаг даргын 2022 оны А/22 дугаар захирамжаар иргэн Ц.Д-д гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлсэн газар нь Цэцэрлэг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчиж газар олгосон нь Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтыг тус тус зөрчсөн тул Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг зохион байгуулж Архангай аймгийн Тамир телевизээр 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр сонсох ажиллагааны зарыг нийтлүүлсэн боловч 3 иргэн ирсэн. Иймээс дахин сонсох ажиллагааг 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагт зохион байгуулахаар “Архангай амьдрал сонин”, “АВ” телевизээр зарыг нийтлүүлсэн боловч нэг ч иргэн сонсох ажиллагаанд оролцоогүй болно. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 66.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдэд заасан өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд аймгийн Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн А/22 дугаартай захирамжаар иргэн Ц.Д-д гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлсэн газрыг 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/569 дугаартай захирамжаар хүчингүй болгосон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь эрх зүйн үндэслэлгүй юм гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Засаг даргын А/22 дугаартай захирамж гарахад эрх бүхий албан тушаалтан хууль зөрчсөн учраас энэ асуудлыг цуцлах арга хэмжээ авсан. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4-т газрыг зөвхөн хуульд заасан нөхцөл журмын дагуу үндсэн зориулалтаар үр ашигтай зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ авах гэдэг зарчмыг зөрчсөн байна гэж үзсэн. Дээрээс нь аймгийн Засаг дарга өөрөө иргэдэд эзэмшүүлэх газартай холбоотой харилцааг удирдан чиглүүлэхээс илүү инженерийн шугам, сүлжээ бүхий газар дээр газар олголтын асуудлыг аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон Хот байгуулалтын тухай хуульд заасан хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө түүнд нийцүүлэн гаргасан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн зохион байгуулдаг болохоос биш иргэдэд эзэмшүүлэхээр амьдрах зориулалтаар олгоод байдаг зүйл биш. Ийм учраас 50 иргэний газрыг хот байгуулалтын төлөвлөгөө, Булганхангай хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөөг зөрчсөн гэдэг үндэслэлээр Засаг дарга өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоосон. Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д ерөнхий төлөвлөгөөнд заасан төлөвлөлтийн дагуу олголтыг аймгийн Засаг дарга зохион байгуулна гэсэн болохоос төлөвлөлтөө зөрчиж олгоно гэж тогтоож өгөөгүй. Ерөнхийдөө эзэмшлээр олгож байгаа газар төрийн бүрэн хяналт хамгаалалтад байдаг. Өмчлөл буюу иргэдийн өмчилсөн газар байвал тэрийг цуцлаад ч юм уу эрхийг нь хүчингүй болгоод байх боломжгүй. Энэ эзэмшлийн газарт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг барьж газрыг цуцлах ёстой гэсэн ойлголтуудыг буруу гэж харж байна. Эзэмшигч өөрөө өөрийнхөө буруутай үйл ажиллагаанаас болж газрыг нь цуцлах арга хэмжээ авах гэж байгаа бол Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримталж эрхийг нь хүчингүй болгох процесс явагдах байх. Харин эрх бүхий албан тушаалтан хууль зөрчсөнөөс үүдсэн эсвэл тухайн албан тушаалтан хуулиа хэрэгжүүлээгүй үйлдэл байх юм бол Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 60 дугаар зүйлийн 60.1.1, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар хуульд нийцүүлэх нь тухайн эрх бүхий албан тушаалтны өөрийнх үндсэн үүрэг. Тийм учраас аймгийн Засаг даргын А/569 дүгээр захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Д-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Анх тухайн газрыг 2022 оны А/22 дугаар захирамжаар олгосон. Ингэж олгохдоо Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсгийг тус тус зөрчиж газар олгочихсон болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчлэн ерөнхий төлөвлөгөөг зөрчиж олгогдсон. Энэхүү нөхцөл байдал тогтоогдсон учраас аймгийн Засаг даргын зүгээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон. Ингэж газар эзэмших эрхийг хүчингүй болгохоосоо өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг тус тус хийсэн. Ингэхдээ 2023 оны 12 дугаар сарын 18-нд Тамир телевизээр сонсох ажиллагааны зарыг өгч нийтлүүлсэн. Үүний дараагаар дахин сонсох ажиллагааны зарыг 2024 оны 2 дугаар сард АВ телевиз рүү албан бичиг хүргүүлэн сонсох ажиллагааны зарыг тус тус нийтлүүлж Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг хийсэн гэж үзэж байгаа. Тиймээс аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 24-ний А/569 дүгээр захирамжаар дээрх хууль бус захирамжийг хүчингүй болгосон гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.1. Тус шүүх иргэн Ц.Д-аас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлд 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хийхээр товлосон байна. (Хавтаст хэргийн10-11, 82-83 дахь тал)
1.2. Улмаар 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах талаар санал, тайлбар гаргасны дагуу шүүх хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хойшлуулсан, улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу уг хэрэгт шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт шүүхэд ирснээр шүүх хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр товлосон бөгөөд тус шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хойшлуулж, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгджээ.
1.3. Ийнхүү тус шүүх хуралдаанд нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгч оролцсон, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “ ... нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлттэй танилцаагүй ...” гэх тайлбар гаргасан боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэдийд ч хэргийн материалтай танилцах эрх нь нээлттэй, уг эрхийг шүүхээс хязгаарласан зүйлгүй болно.
1.4. Иймд шүүхээс хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчид мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч Ц.Д- нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирж оролцоогүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “ .. нэхэмжлэгчээс шалтгаалж хурал хойшилж байсан, нэхэмжлэгчийг байлцуулахгүй хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй ...” талаар тайлбар гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж түүнийг байлцуулахгүйгээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
2. Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд
2.1. Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Цэцэрлэг хотын 2018-2038 он хүртлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг, мөн өдрийн 13 дугаар тогтоолоор Цэцэрлэг хотын шинэ Наран хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг тус тус баталжээ. (Хавтаст хэргийн 54-65 дахь тал)
2.2. Үүнээс хойш Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 13 дугаар тогтоолоор аймгийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсны 10 дугаар хавсралт 176-259 дугаарт шинэ наран болон 5 дугаар багт иргэдэд гэр, орон сууц, хашааны газар олгохоор төлөвлөсөн байна. (Хавтаст хэргийн 126-175 дахь тал)
2.3. Улмаар Архангай аймгийн Засаг дарга 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн А/22 дугаар захирамжаар нэр бүхий иргэдэд Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Булганхангай болон Шинэ наран хороололд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх олгосны 69 дугаарт иргэн Ц.Д-д Булганхангай 7-*** тоотод 400м2 газрыг 20 жилийн хугацаатай эзэмших эрх олгожээ. (Хавтаст хэргийн 34 дэх тал)
2.4. Ийнхүү иргэн Ц.Д-д *********** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, ************ дугаартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, кадастрын зураг олгожээ. (Хавтаст хэргийн 30-33 дахь тал)
2.5. Гэтэл аймгийн Засаг дарга 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/569 дүгээр захирамжаар нэр бүхий иргэдэд газар эзэмших эрх олгосон аймгийн Засаг даргын захирамжийг холбогдох хэсгийг хүчингүй болгосны хавсралт 45 дугаарт иргэн Ц.Д-ы газар эзэмших эрхийг “Цэцэрлэг хотын хөгжлийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө зөрчсөн” гэх үндэслэлээр хүчингүй болгосноор уг маргаан үүссэн байна. (Хавтаст хэргийн 7-8 дахь тал)
3. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд
3.1. Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь
3.2. Маргаан бүхий акт болох Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/569 дугаартай захирамжийн хавсралтаар нийт 50 иргэний газар эзэмших эрхийг цуцалсны дотор захирамжийн хавсралтын 45 дахь дэс дугаарт зааснаар нэхэмжлэгч Ц.Д-ы газрын эзэмших эрх багтжээ.
3.3. Тус захирамжид “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсгийг тус тус үндэслэн байх бөгөөд нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн А/22 дугаартай захирамжид бичигдсэн иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосны дотор нэхэмжлэгч иргэний газар эзэмших эрх хамрагджээ.
3.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон А ХХК-иас ирүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: “Иргэн Ц.Д-ы эзэмшиж байсан газар нь ногоон байгууламж, авто замын төлөвлөлттэй давхцсан байна.” гэж дурджээ. (Хавтаст хэргийн 190-191 дэх тал)
4. Цэцэрлэг хотын 2018-2038 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн төлөвлөгөөг зөрчиж газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй эсэх тухайд
4.1. Цаг хугацааны хувьд нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн шийдвэр гарахаас өмнө Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Цэцэрлэг хотын 2018-2038 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталж, Цэцэрлэг хотын ерөнхий төлөвлөгөөг Цэцэрлэг хотын хот байгуулалтын үндсэн баримт бичиг болгож, аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон бусад төсөл, хөтөлбөрүүдийг уялдуулан хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг болгосон байна. (Хавтаст хэргийн 54 дэх тал)
4.2. Мөн тус хурлын 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Цэцэрлэг хотын шинэ Наран хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон бусад төсөл, хөтөлбөрүүдтэй уялдуулан хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг болгожээ. (Хавтаст хэргийн 55 дахь тал)
4.3. Тодруулбал, Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын 2018-2038 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, үүний дагуу Цэцэрлэг хотын шинэ Наран хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсан байх бөгөөд уг ерөнхий болон хэсэгчилсэн /ерөнхий/ төлөвлөгөөнд нийцүүлэн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэх учиртай. (Хавтаст хэргийн 41-50, 56-57 дахь тал)
4.4. Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3. дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь энэ хуулийн 25.2-т заасан хүрээнд боловсрогдсон 12-16 жилийн хугацаанд хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна.”, 25.4. дэх хэсэгт “Сум, нийслэл, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах, нөхөн сэргээх, байршлыг тодорхойлсон жилдээ хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна.” гэж заасны дагуу Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Цэцэрлэг хотын 2018-2038 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталж, Цэцэрлэг хотын ерөнхий төлөвлөгөөг Цэцэрлэг хотын хот байгуулалтын үндсэн баримт бичиг болгож, аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон бусад төсөл, хөтөлбөрүүдийг уялдуулан хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг болгосон байна.
4.5. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. дэх хэсэгт “Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ.”, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1. дэх хэсэг Аймаг, нийслэлийн Засаг дарга нь хот байгуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 9.1.1.-д “хот, тосгоны батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилгажилтын төслийг үндэслэн газар олгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;” 24 дүгээр зүйлийн 24.1. дэх хэсэг Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараахь зүйлийг хориглоно: 24.1.1.-д “хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний үндсэн шаардлага, үе шатны зорилт, эдэлбэр газрын зориулалт, инженерийн шугам сүлжээний даац, технологийн горим зөрчиж газар олгох” гэж тус тус заажээ.
4.6. Дээрх хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд, аливаа хот, тосгон, суурины газар нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх зохицуулалттай, энэхүү хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө нь урт хугацаанд /12-16 жил/ хэрэгжиж, улмаар тухайн бүс нутгийн хөгжил, хүн амын нийтлэг эрх ашиг, улс орны хөгжлийн бодлого, зорилттой уялджээ.
4.7. Гэтэл маргаан бүхий энэ нөхцөлд, дээрх ерөнхий төлөвлөгөө, уг төлөвлөгөөний дагуу батлагдсан хэсэгчилсэн төлөвлөгөөг зөрчиж газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
5. Хариуцагчаас маргаан бүхий Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/569 дугаартай захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээтэй эсэх, ийнхүү шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй эсэх тухайд
5.1. Хариуцагчаас маргаан бүхий Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/569 дугаартай захирамждаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.-т Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана., мөн зүйлийн 66.3-т Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно.” гэж заасныг үндэслэн урьд газар эзэмших эрх олгосон захирамжаа хүчингүй болгожээ.
5.2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасан зохицуулалтын дагуу Засаг дарга урьд гаргасан захирамжийнхаа хууль тогтоомжид нийцээгүй хэсгийг эсхүл захирамжаа бүхэлд нь хүчингүй болгох эрхийг тухайн Засаг даргад хуулиар олгогдсон гэж үзнэ. Гагцхүү ийнхүү өмнө гаргасан захирамжаа Засаг дарга өөрөө хүчингүй болгох гол үндэслэл нь хууль тогтоомжид нийцээгүй тохиолдолд хэрэгжихээр байна.
5.3. Хэрэв захиргааны байгууллагаас өөрийн гаргасан шийдвэрийг хожим нь “хууль бус” гэх үндэслэлээр хүчингүй болгох шаардлагатай гэж үзвэл энэ нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол …түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, ….хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоох эрх хариуцагчид олгогдсон гэж үзнэ.
5.4. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2. дахь хэсэг Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно: 48.2.1.-д “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан” гэж заасан.
5.5. Өөрөөр хэлбэл хариуцагч аймгийн Засаг дарга нь урьд гаргасан эерэг нөлөөл бүхий шийдвэр буюу иргэнд газар эзэмших эрх олгосон шийдвэрээ /захирамж/ хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэл нь хууль тогтоомжид нийцээгүй тохиолдолд л хэрэгжихээр байна.
5.6. Энэ хэргийн тухайд хариуцагч нь маргаан бүхий актдаа Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. дэх хэсэг “Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ.” Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1. дэх хэсэг Аймаг, нийслэлийн Засаг дарга нь хот байгуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 9.1.1.-д “хот, тосгоны батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилгажилтын төслийг үндэслэн газар олгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасныг үндэслэсэн байх бөгөөд хуулийн дээрх зохицуулалтаар аймгийн Засаг даргаас урьд гаргасан захирамж нь дээрх байдлаар Газрын тухай хууль, Хот байгуулалтын хуулийн холбогдох зохицуулалттай нийцээгүй байх тул эл үндэслэлээр хүчингүй болгох эрх хариуцагч аймгийн Засаг даргад олгогдсон гэж үзнэ.
5.7. Дээрхээс дүгнэхэд, Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/569 дугаартай захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсгийн 4.2.1., 4.2.5.-д заасан зарчимд нийцжээ.
5.8. Ийнхүү нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газар нь Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын 2018-2038 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, үүний дагуу Цэцэрлэг хотын шинэ Наран хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан зураг төсөлтэй нийцээгүй, уг иргэний газар нь Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1., 24 дүгээр зүйлийн 24.1.1., Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. дэх хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч аймгийн Засаг даргын гаргасан захирамж нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
5.9. Түүнчлэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас сонсох ажиллагаа хуулийн дагуу хийгээгүй гэх боловч, иргэдэд хамаарах газрыг эзэмших эрхийг хүчингүй болгох асуудлаар (нийт 50 иргэнд хамаарна) 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагт сонсох ажиллагаа явуулах талаар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2.-т хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж заасан зохицуулалтын дагуу тус аймагт үйл ажиллагаа явуулдаг АВ, Тамир телевиз болон Архангай амьдрал сониноор дамжуулан нийтэд мэдээлсэн үйл баримт тогтоогдож байна. (Хавтаст хэргийн 20-21, 183-186 дахь тал)
5.10. Нөгөөтээгүүр, энэ маргааны тухайд сонсох ажиллагаа явуулсан ч нэхэмжлэгчид олгосон газар нь Цэцэрлэг хотын хөгжлийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн гэх уг үйл баримтад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох, зөрчлийг арилгах, сонсох ажиллагааны үр дүнгээс нөхцөл байдал өөрчлөгдөхүйц үр нөлөөгүй байх бөгөөд сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй болохыг тэмдэглэв.
5.11. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5., 48 дугаар зүйлийн 48.2.1. дэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.Д-аас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/569 дугаартай захирамжийн Ц.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА