Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 117

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг, улсын яллагч Д.Оюунгэрэл, шүүгдэгч И.Дарханбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Их гойнжуур овогт Ишдоржийн Дарханбаатарт холбогдох эрүүгийн “1711003800069” дугаартай, 186/2018/0093/э индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, дунд нарангийн 9 дүгээр гудамжны 240 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороо Жаргалантын гудамж 2-3 тоотод оршин суудаг гэх, хэрэг хариуцах чадвартай, Их гойнжуур овогт Ишдоржийн Дарханбаатар /РД:ИЦ80120536/,

                                                                                                                                  

           Холбогдсон хэргийн талаар;

И.Дарханбаатар нь 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Дэнжийн ноёд нэртэй зоогийн газарт иргэн П.Мижиддоржийг ширээн дээр согтуу унтаж байхад нь биеэс нь монетон гинж, бөгжийг нь хулгайлан авч 1.416.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

1.1.Шүүгдэгч И.Дарханбаатар нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. би таксинд явж байгаад согтоод тасарсан хүний бөгж, гинж зэрэг эд зүйлийг авсан. Тухайн үед хүүхдийн бие муу байсан. Хохирогчийн гинжийг буцааж өгсөн. Харин бөгжний үнэ 500.000 төгрөгийг өгч, хохирол төлбөргүй болгосон. Улсын яллагч намайг 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял сонсгосон. Би энэ ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

2.1.Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч П.Мижиддорж:...би өөрийн найз Бат-Эрдэний хамтаар 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 09 цагийн орчимд цагаан өнгийн такси түрээслээд 3, 4 дүгээр хорооллын эцсийн автобусны буудлаас Метромолл их дэлгүүрийн ойролцоо байх Метробизнес центр орохоор явсан. Тэгээд түрээслэж явсан таксиндаа өөрийн найз Бат-Эрдэнийг үлдээгээд өөрөө Метробизнес төврүү орчихоод 15 минутын орчим дараа буцаж гарч ирээд түрээслэж явсан такситайгаа дэнжийн мянга орохоор явсан. Замдаа цагаан байрны орчим байх хүнсний дэлгүүр орж 1 шил 0.5 литрийн "Соёрхол" нэртэй архи аваад тус архины талыг нь  би ганцаараа уусан.  Тэгээд Хүчит шонхор зах дээр 10 цагийн орчим ирээд би нөгөө  таксины жолооч залууд чи нэгэнт халтуур хийж байгаа юм чинь өнөөдөр бид хоёрт үйлчлээд цуг явчих ах нь хөлс мөнгийг нь өгий гэж хэлэхэд нөгөө залуу тэгье хэдүүлээ сайхан танилцья гээд бид 3 Хүчит Шонхор захын махны худалдаан дээрээс Бадам гээд махны худалдаачин найзаасаа 5 кг адууны мах аваад такси барьж явсан бор царайтай, саравчтай малгайтай залууд өгсөн Тэгээд Хүчит шонхор захын хашааны ертөнцийн зүгээр баруун хойд буланд байх 2 давхарт байдаг "Дэнжийн ноёд" нэртэй зоогийн газарлуу ороод байж байхад махны худалдаачин Бадамын нөхөр Бавуу гээд манай найз ирсэн.  Бавуу тухайн ресторан дотроос 1 шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архи бид гуравт авч өгөөд явсан. Тэгээд Бат-Эрдэнэ бид 2 цуг 1 шил архиа хувааж уусан.  Тухайн үед миний хажууд тэр цагаан таксины жолооч архи уухгүй хараад сууж байсан. Тэгээд нэг мэдэхэд би архиндаа согтоод унтаад өгсөн байсан. Хэсэг унтаад сэргэхэд миний хүзүүнд байсан гинж, гарт байсан бөгж хоёр алга болсон байсан. Тэгээд би найз Бат-Эрдэнээс бөгж, гинж хоёроо асуухад мэдэхгүй байсан. Харин нөгөө цагаан таксины жолооч алга болчихсон байсан. Тэгээд би Дэнжийн ноёд нэртэй зоогийн газрын хяналтын камерийг шүүж үзэхэд намайг хүргэж ирсэн цагаан өнгийн таксины жолооч миний гарт байсан бөгж, хүзүүнд  байсан гинж хоёрыг тайлаад авч явж байгаа бичлэг хадгалагдан үлдсэн байсан. Тэгээд би нөгөө таксины жолоочийг олохоор Метробизнес төвийн үүдний камерийг шүүхэд  таксины дугаар нь 25-87 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд би алдагдсан эд зүйлсээ олж авахаар цагдаагийн байгууллагад хандаад маргааш өглөө нь нөгөө таксины жолоочийн гэрт нь очиход уг таксины жолооч сандарсан байдалтай чи надад гинжээ хадгалуулсан шүү дээ гинжээ аваарай гээд надад миний гинжийг өгсөн. Тэгээд би бөгжөө асуухад би чиний бөгжийг бол аваагүй. Чи өөрөө надад гинжээ өгсөн шүү дээ, санахгүй байгаа юм уу гээд байсан. Би тэр залууд гинж, бөгжөө алийг нь ч өгөөгүй. Би угаасаа хүнд юмаа тайлж өгдөггүй. Тэр залуу хулгайлсан байхаас зайлахгүй гэх мэдүүлэг. /хх 37-38/, 

 

          2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад И.Дарханбаатар гэрчээр мэдүүлэхдээ:..би 25-87 УБВ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Спринтер маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явдаг юм. 2017 оны 08 дугаар сарын 11-ийн өдрийн 09-10 цагийн орчимд Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хорооллын эцсийн орчмоос хоёр залуу гар өргөхөөр нь зогсоод автомашиндаа суулгаад Метромолл их дэлгүүрийн грашинд ороод зогссон. Тухай үед миний машинд суусан залуу нь ажилруугаа ороод хурууныхаа хээг уншуулна гээд нэг залуу нь миний машинд үлдсэн. Тэгээд нөгөө хурууны хээ уншуулах гэж орсон залуу нь 1 цаг орчмын дараа гарч ирээд тэр 2 залуу дэнжийн мянгын хүнсний зах орно гээд машинтай явцгаасан. явж байх замдаа Цагаан байрны автобусны буудлын орчимд байх хүнсний дэлгүүрээс 1 шил "Соёрхол" нэртэй 0.75 литрийн архи аваад тэр 2 залуу замдаа хувааж уугаад Хүчит шонхор зах орж хөзөр тоглоно гээд намайг цуг ор сайхан танилцья гээд бид 3 Хүчит шонхор зах дээр ирсэн. Тэгээд тэр 2 залуу намайг цуг яв гээд Хүчит шонхор захын махны лангуун дээр очоод нэг эмэгтэйгээс 5 кг адууны мах аваад гурвуулаа наад махыг чинь шарж иднэ гаргаад машиндаа хийчих гэсэн. Тэгээд би махыг нь гаргаж багажиндаа хийчихээд эргээд ороход нөгөөхөө бодуул өндөр, туранхай залуу нь чи эхнэр хүүхэдтэй юм чинь наад махаа чанаж идээрэй гэсэн. Тэгээд   Хүчит Шонхор захын ертөнцийн зүгээр хойд булан 2 давхарт байх нэг өрөөнд ороод хөзөр тоглож байгаа хүмүүстэй уулзсан. Тэгээд тэр хөзөр тоглож байсан хүмүүс дунд байсан нэг найз нь тэр 2 залууд "Соёрхол" нэртэй 0.75 литрийн 1 шил архи авч өгөөд тэр архийг Хүчит шонхор захын ертөнцийн зүгээр хойд талд байх 2 давхарын зоогийн газарт тэр 2 залуу хувааж уугаад талд нь оруулсан. Тэгээд байж байхад тэр 2 залуугийн арай
намхан, тарган залуу нь Бавуу гээд найзыг нь олж ирнэ гээд гараад явчихсан. Тэгээд
би нөгөө залуутай цуг байж байхад нөгөө залуу тасраад газар шалан дээр унтаж
байсан. Үүнийг нь зоогийн газрын бармен гээд нэг эмэгтэй наад залуугаа хурдан гарга битгий энд хүмүүс үргээгээд бай гээд байхаар нь би найзыг нь цуг орж ирэхээр нь өргөж гаргахгүй бол би ганцаараа дийлэхгүй гээд гарч явсан найзын хүлээсэн. Тэгээд 10 орчим минутын дараа гарч явсан найз нь орж ирээд бид 2 нийлээд өргөөд зоогийн газраас гараад эхнэрийг нь дуудмаар байна гээд байхаар нь би гэрийг нь мэдэхгүй юм уу гэж асуухад нөгөө залуу би гэрийн мэдэхгүй гээд байсан.  Тэгээд байж байтал нэг хүн надруу утасдаад машинаа гаргамаар байна. Машинаа холдуулаад өг гэхээр нь залууд хэлэхэд тэр залуу надад чи их сайн залуу байна. Чамайг их зовоож байна. Чи эртхэн ажлаа бод гэхээр нь би машинаа унаад гараад явсан гэх мэдүүлэг. /хх 14-15/,           

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Хавтас хэргээс эд зүйл хүлээлгэн өгсөн баримт /хх-29/, хохирлын мөнгө хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-30/, эд зүйлийн үнэлгээ /хх-31/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 32-35/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-47/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-56/, хохирогч П.Мижиддоржийн нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр үйлдсэн хүсэлт /хх-65/, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт  зэргийг шинжлэн судлалаа.

Дээрхи  хуульд заасан журмын  дагуу цугларсан  нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн  шалгах ажиллагааны явцад  хийгдвэл зохих ажиллагаа бүрэн  хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад  тулгуурлан дараахи үйл баримтыг  тогтоов.

Шүүгдэгч И.Дарханбаатар нь 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Дэнжийн ноёд нэртэй зоогийн газарт иргэн П.Мижиддоржийг ширээн дээр согтуу унтаж байхад нь биеэс нь монетон гинж, бөгжийг нь хулгайлан авч 1.416.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг

 зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч И.Дарханбаатарыг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  Эрүүгийн  хуулийн ерөнхий  ангийн  5.4 дүгээр зүйлд заасан “Нийтэд тустай ажил хийлгэх ял” оногдуулж, хохирогч П.Мижиддорж нь И.Дарханбаатараас нэхэжлэх зүйлгүй, хохирлоо бүрэн барагдуулсан тул бид хоёр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллгааны явцад бичгээр бичиж өгсөн болохыг дурдаж шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд  хөрөнгөгүй, шүүгдэгч нь  цагдан хоригдсон  хоноггүй, бусдад  төлөх төлбөргүй  болохыг тус тус  дурьдаж  шийдвэрлэв.

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Их гойнжуур овогт Ишдоржийн Дарханбаатарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Дарханбаатарыг 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар И.Дарханбаатарт нийтэд тустай ажил хийлгэх ялыг  өдөрт 3 цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар И.Дарханбаатар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй  бол нийтэд тустай ажил хийлгэх ялын  найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж  болохыг  шүүгдэгч И.Дарханбаатарт мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч И.Дарханбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Дарханбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БАТЖАРГАЛ