Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2020/02298

 

 

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2020/02298

 

 

К ХХК дахь банкны эрх

хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

                                                     иргэний хэргийн тухай

 

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/03175 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч КХХК дахь банкны эрх хүлээн авагчийн хариуцагч “С” ХХК, Н.А нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 6 235 496 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч К ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээлдэгч “С” ХХК нь Капитал банктай 2014 оны 12 сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг сарын 0.42 хувь, жилийн 5 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай, нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл зориулалтаар авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Н.Адьяажавын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 22б байрны 99 тоот хаягт байрлалтай 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалахаар барьцааны гэрээ байгуулсан. Зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт 23 888 370.27 төгрөг, зээлийн хүүд 4 729 906.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 86 650.87 төгрөг тус тус төлсөн. 2020 оны 06 сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 6 111 629.73 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 85 455.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 16 911.63 төгрөг, нийт 6 213 996.59 төгрөгийг төлөөгүй болно. Мөн нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримтын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан зардал 21 500 төгрөг, нийт 6 235 496.59 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “С” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: 2014 оны 12 сарын 12-ны өдөр жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл зориулалтаар Капитал банкнаас 30 000 000 төгрөгийг 5 жилийн хугацаатай зээлж авсан. Зээлийг зориулалтын дагуу ашиглан шинээр 5 ажлын байр нээн зээлээ цаг тухайд нь төлсөн боловч 2019, 2020 онуудад болсон эдийн засгийн хямрал, халдварт цар тахлын хөл хорио зэргээс компанийн үйл ажиллагаа зогсож зээлийн эргэн төлөлтөө хоцроох, улмаар төлж чадахгүй байдалд хүрсэн. Зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 28 704 926 төгрөг төлсөн. Зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхдөө манай компанийн санхүүгийн байдлыг харгалзан тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцож шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Банк татан буугдсанаас хойш тооцсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон нотариатын хураамж 21 500 төгрөг зэргийг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

 Хариуцагч Н.Адьяажавын шүүхэд гаргасан тайлбарт: КХХК-ийн эрх хүлээн авагч нь “С” ХХК-аас зээлийн төлбөрөө нэхэх ёстой. Энэхүү нэхэмжлэл хангагдахгүй, төлөгдөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс төлбөр гаргуулахаар нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байгаа тул хамтран хариуцагч болохгүй. Кнь 2019 онд албан ёсоор татан буугдсан атал эрх хүлээн авагч нь банкны хүү, нэмэгдүүлсэн хүүг одоог хүртэл тооцон, банкны үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа нь хууль зөрчсөн. Банк татан буугдсанаар үйл ажиллагаа нь зогсох ёстой гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч “С” ХХК-аас 6 182 867.61 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 52 628,98 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “С” ХХК зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч Н.Адьяажавын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 22/Б байр, 99 тоотын 30 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204007610 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч КХХК дахь банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч “С” ХХК-аас 113 875 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч “С” ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “С” ХХК нь зээлийн гэрээний хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 28 704 926 төгрөг төлсөн. “Капитал банк” ХХК 2019 онд татан буугдсан атал шүүхээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү мөн нотариатын зардал зэргийг төлүүлэхээр шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрээр гаргуулсан 6 182 867 төгрөгөөс зээлийн хүү 85 455 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16 911 төгрөг, нотариатын зардал 21 500 төгрөг, нийт 123 866 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Адьяажавын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхээс Н.Адьяажавыг хамтран хариуцагчаар тогтоон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр биелэгдээгүй тохиолдолд банк тусдаа нэхэмжлэл гарган хариуцагчаар татах ёстой гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/03175 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан Н.Адьяажавыг хамтран хариуцагч биш болохыг тогтоож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч КХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч “С” ХХК, Н.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6 235 496 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч “С” ХХК 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Капитал банк” ХХК-аас 30 000 000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэй зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд Н.Аын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 22Б байрны 99 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай орон сууцыг барьцаалж, зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан байна. /хх 11-22/

 

Шүүх нэхэмжлэгч болон хариуцагч “С” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ, хариуцагч Н.Атай мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан зээл, барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

 

Хариуцагч “С” ХХК нь зээлийн гэрээний хугацаанд зээлд 30 000 000 төгрөг, хүүд 7 500 000 төгрөг, нийт 37 500 000 төгрөг төлөхөөс 28 704 926 төгрөг төлсөн үйл баримт зохигчдын тайлбар, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, зээлийн дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдсон, гэрээний талууд энэ үйл баримтын талаар маргаагүй. /хх 15-16,25-38/

Нэхэмжлэгч нь хариуцагчийн зээлийн гэрээний хугацаа хэтэрснээс хойш буюу 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 499 999 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 499 999 төгрөг, нийт 999 998 төгрөгөөс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон авч, хариуцагчаас үндсэн зээлд 6 111 629 төгрөг, зээлийн хүүд 85 455 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 16 911 төгрөг, нийт 6 213 996 төгрөг шаардсан нь үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ” гэж, 216.2 дах хэсэгт “Хэд хэдэн өрийг төлөх хугацаа нэгэн зэрэг болсон тохиолдолд гүйцэтгэхэд илүү хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, хугацаа хэтэрсэн үүрэгтэй холбоотой төлөгдөж буй төлбөрөө зээлийн гэрээний дагуу үүсэх үндсэн болон нэмэлт үүргийн алинд суутгуулахыг сонгох, илүү хүнд нөхцөлтэй үүрэгт тооцуулах эрхийг үүрэг гүйцэтгэгчид хуулиар олгогдсон байна. 

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.” гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.20-д “... Хэрэв зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг барагдуулаагүй, хугацаа хэтэрч нэмэгдүүлсэн хүү төлөх тохиолдолд орж ирсэн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлүүлнэ.” гэж заажээ. Гэрээий энэхүү заалт нь үүрэг гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгэх дарааллыг хуульд тогтоосноос өөрөөр тогтоон хязгаарласан шинжтэй байна. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.8-д зааснаар стандарт нөхцөл бүхий гэрээний санал хүлээн авагч тал нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэн байгаа тохиолдолд “нөгөө талын үүргээ гүйцэтгэх, эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан буюу үгүйсгэсэн” бол уг стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байхаар заасан.

 

 Иймд хариуцагчийн зээлийн гэрээний хугацаа хэтэрснээс хойш төлсөн 999 998 төгрөгийг зээлийн гэрээний 3.20-д зааснаар бус, харин Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт заасны дагуу зээлийн үлдэгдлээс хасч тооцох үндэслэлтэй байна. Учир нь зээлийн үлдэгдэл нь төлөгдөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх нэмэгдэл үүрэг үүсгэх үр дагавартай буюу илүү хүнд нөхцөлтэй үүрэг юм.

 

Энэ байдлаар тооцоход хариуцагч нь үндсэн зээл 5 856 502 төгрөг, зээлийн хүү 81 162 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16 232 төгрөг, нийт 5 953 896 төгрөг төлөх үүрэгтэй байх боловч анхан шатны шүүхийн шийдвэрийн хүрээнд хангасан 6 182 867 төгрөгөөс 123 866 төгрөгийг хасуулах агуулгатай гомдол хариуцагч гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.6 дахь хэсэгт зааснаар ажиллагааны аль ч шатанд талуудын зарчим үйлчилнэ. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд 6 059 000 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Хариуцагч Н.Атай байгуулсан барьцааны гэрээ нь хуулиар тогтоосон шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Нэхэмжлэгч нь барьцааны гэрээгээр хангагдсан зээлийн үүрэг гүйцэтгэгдээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй. Энэ талаар гаргасан хариуцагч Н.Аын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь дээрх гэрээний үүрэг буюу мөнгө төлөх шаардлагыг хариуцагч Н.Ад холбогдуулан гаргаагүй, зөвхөн барьцааны гэрээний дагуу шаардлага гаргасан тул хариуцагч Н.Аын “шүүхийн шийдвэр биелэгдээгүй тохиолдолд банк тусдаа нэхэмжлэл гарган хариуцагчаар татах ёстой” байсан гэх гомдлыг хангах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/03175 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “6 182 867.61 төгрөг” гэснийг “6 059 000 төгрөг”, “52 628.98 төгрөг” гэснийг “176 496 төгрөг” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “113 875 төгрөг” гэснийг “111 894 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “С” ХХК-ийн төлсөн 4 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ш.ОЮУНХАНД

                        ШҮҮГЧ                                                    Д.БАЙГАЛМАА

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ