| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/00049/И |
| Дугаар | 308/шш2025/00085 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 308/шш2025/00085
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д аймгийн А сумын 4-р баг, Ч г гэх газар оршин суух, М овогт С Ч нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч С.Ч,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Ч нь ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Д аймгийн А сумын Саруул зам нэгдэлд ажиллаж байгаад 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цэрэгт татагдсан. Мөн 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Саруул зам хоршоонд ачигчаар ажиллаж байсан. Энэ хугацааны тушаал олдохгүй байгаа учир ажиллаж байсан байдал тогтоож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч С.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д аймгийн А сумын Саруул зам нэгдэлд ажиллаж байгаад 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цэрэгт татагдсан. Мөн 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Саруул зам хоршоонд ачигчаар ажиллаж байсан. Энэ хугацааны тушаал олдохгүй байгаа учир ажиллаж байсныг тогтоо боломжгүй байгаа юм. гэв.
2.Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Д аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 20** оны 12 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаартай цалингийн тодорхойлолт, Д аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 20** оны 10 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай тодорхойлолт, 20** оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагааны тодорхойлолт, Д аймгийн А сумын Саруул зам нэгдлийн даргын 1980 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 29 дугаартай илгээлтийн эздийг ажилд томилох тухай тушаалын хуулбар, Д аймгийн А сумын Саруул зам хувьцаат компанийн ерөнхий захирлын 1992 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 25 дугаартай ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын хуулбар, 87 дугаартай цэргийн батлахын хуулбар, ******** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ч.С тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Б.Г тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Г гэрчээр асуув.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Ч нь Д аймгийн А сумын Саруул зам нэгдэлд 1980 оны 6 сарын 16-ны өдрөөс 1983 оны 6 сарын 13-ны өдрийг хүртэл, 1990 оны 1 сарын 1-ний өдрөөс 1992 оны 6 сарын 1-ний өдрийг хүртэл барилгын туслахаар ажиллаж байснаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
1.Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ дараах байдлаар үндэслэсэн. Үүнд: Миний бие Д аймгийн А сумын Саруул зам нэгдэлд ажиллаж байгаад 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цэрэгт татагдсан. Мөн 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Саруул зам хоршоонд барилгын туслахаар ажиллаж байсан. Энэ хугацааны тушаал олдохгүй байгаа учир ажиллаж байсан байдал тогтоож өгнө үү. гэв.
Нэхэмжлэгч С.Ч нь Д аймгийн А сумын Саруул зам нэгдэлд 1980 оны 6 сарын 16-ны өдрөөс 1983 оны 6 сарын 13-ны өдрийг хүртэл, 1990 оны 1 сарын 1-ний өдрөөс 1992 оны 6 сарын 1-ний өдрийг хүртэл барилгын туслахаар ажиллаж байсан болох нь Д аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 20** оны 12 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаартай Д аймгийн А сумын Саруул зам нэгдлийн туслах үйлдвэрийн туслах ажилчин С.Ч-н цалингийн 1981-1991 он хүртэлх хугацааны тодорхойлолт, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагааны тодорхойлолт, Д аймгийн А сумын Саруул зам нэгдлийн даргын 1980 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 29 дугаартай Илгээлтийн эздийг ажилд томилох тухай тушаал, Д аймгийн А сумын Саруул зам хувьцаат компанийн ерөнхий захирлын 1992 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 25 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаал, 87 дугаартай С Ч-н цэргийн батлахын хуулбар, ***** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Мөн гэрч Б.Г нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ 1980 онд Д аймгийн А сумын дунд сургуулийг 8 дугаар анги төгсөөд Саруул зам нэгдлийн барилгын бригадад барилгын ажил хийдэг байсан. 1992 онд нэгдэл нь тараад хязгаарлагдмал хариуцлагатай компани болсон. С.Ч нь нэгдэл тартал буюу 1992 он хүртэл ажилласан. Тасралтгүй ажиллаж байсан. 1983 онд байсан байх. 3 жил байсан. Ардын армийн цэрэгт алба хаасан байх, халагдаж ирээд эргээд ажилдаа орж ажилласан. гэж нэхэмжлэгч С.Ч-той хамт ажиллаж байсан талаар гэрчилж байна.
Нэхэмжлэгч С.Ч нь шүүхэд гаргасан тайлбартаа ажилд томилсон, чөлөөлөгдсөн тушаал архивд байхгүй гэх тайлбарыг гаргаж байх ба түүний тайлбар үндэслэлтэй болох нь Д аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 20**оны 10 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр С Ч Д аймгийн А сумын Саруул зам нэгдэлд 1980 оны 6 сарын 16-ны өдрөөс 1983 оны 6 сарын 13-ны өдрийг хүртэл, 1990 оны 1 сарын 1-ний өдрөөс 1992 оны 6 сарын 1-ний өдрийг хүртэл барилгын туслахаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч С.Ч-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар М овогт С Ч-г Д аймгийн А сумын Саруул зам нэгдэлд 1980 оны 6 сарын 16-ны өдрөөс 1983 оны 6 сарын 13-ны өдрийг хүртэл, 1990 оны 1 сарын 1-ний өдрөөс 1992 оны 6 сарын 1-ний өдрийг хүртэл барилгын туслахаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч С.Ч-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА