Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/906

 

 

  2023             9            06                                        2023/ДШМ/906

Л.Н, Б.Унарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Батцэцэг,  

хохирогч Н.Цын өмгөөлөгч Ц.Монгол,

шүүгдэгч Л.Н, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу,

нарийн бичгийн дарга Л.Саранзаяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/369 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Ганболд болон шүүгдэгч Л.Н нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Л.Н, Б.Унарт холбогдох 2011007400663 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 1. Л.Н, 

2. Б.У, 

Шүүгдэгч Б.У, Л.Н нар нь бүлэглэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах “Оранж” худалдааны төвийн 701 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Г” сэтгүүлийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 3/128 дугаар, “С” веб сайт, “GG.mn” фэйсбүүк хуудсанд Улсын Их хурлын гишүүн, Монгол Улсын засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Ц, Улсын Их хурлын гишүүн Г.МСолонгос улсад амаржуулсан “ү” гэсэн гарчиг бүхий “бөхийн гэргий, яруу найрагч”, “БУ” гэхчлэн тодотгуулдаг Г.М эрхэм сайдын хүүхдийг төрүүлсэн гэх бор шувуу нисэж байна” гэж нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.У, Л.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.Н, Б.Унарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Б.У холбогдох хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нд оногдуулсан 1.350.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар “Гньюс сэтгүүл” буюу “Г маршал констракшн” ХХК-аас 6.610.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Цад олгож үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт хадгалагдаж байгаа “Г” сэтгүүлийн 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 03/128 дугаартай 178 ширхэг сэтгүүлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.М нь хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Н, Б.Унарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.У, Л.Н нарын өмгөөлөгч Б.Ганболд давж заалдах гомдолдоо: “...Дээрх тогтоолыг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан бөгөөд түүнийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дэг ёсны дагуу шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хувьд дор дурдсан үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд: 1. Гэм буруу ба шүүхийн шийдвэрийн талаар:

- Энэ хэргийг шүүгч анхнаасаа гэм буруутайд тооцох нь илт тодорхой байсан ба энэ нь шүүх хуралдааны бичлэг, тэмдэглэлд тусгалаа олсон болно. Үүнд:

- Шүүгч шүүх хуралдаан явуулж ирцийн асуудал шийдсэн атлаа хуралдааныг завсарлуулж, уг шүүх хуралдааныг хойшлуулсан, ингээд иргэний хариуцагчийг буюу түүний хууль ёсны төлөөлөгчийг заавал оролцуулах болсон, ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргаж өгөх нотлох баримт, хүсэлт байна уу гэж “Гэм буруугийн шүүх хуралдаан” дээр асуусан, мөн гэм буруугийн хуралдааны мэтгэлцээний шатанд "... хохирогч хэний ямар үйлдлийг буюу хэнд хандаж гомдол гаргахаа сонгох эрхтэй” гэхчлэн хэлж ”... урьд өмнө өөр эх сурвалж сэтгүүл дээр гарсан эсэх нь хамаагүй л дээ” гэх зэргээр шууд дүгнэлт, няцаалт өгсөн юм.  /жич: хуралдааны бичлэгийг заавал үзэхийг хүсье/. Энэ талаараа шүүгч шийтгэх тогтоолынхоо 16 дахь талд "... хохирогч нар нь нэр төр, алдар хүндэд халдсан эсэхийг өөрсдөө тодорхойлж, худал мэдээлэл тараасан гэж үзвэл гомдлоо тухайн иргэн, байгууллагад холбогдуулан гаргах” гэж дүгнэсэн байдлаар нотлогдож байгаа юм. Дээрх болон хуралдааны байдал, асуулт, шүүгчийн хандлага нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан “Гэм буруугүйд тооцох” болон мөн тус хуулийн 7.2 дугаар зүйлд заасан “Гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоохыг хориглох” тухай суурь зарчмуудыг ноцтой зөрчсөн тул шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдэлж чадаагүйдээ гомдолтой байна. Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4 дэх хэсэгт шүүгч ”... шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэхийг хориглоно” гэж тов тодорхой заасан байдгийг ч дурдах нь зүйтэй.

2. Сut ба шүүхийн дүгнэлт

            Шүүгч анхнаасаа гэм буруутай гэж ойлгосон, ийм ч итгэл үнэмшилтэй байсан учир тус хэргийг шийдвэрлэхдээ өөрт хэрэгтэй хэсгийг хайчлан таслан авч, түүн дээрээ л үндэслэж дүгнэлт өгсөн. Энэ нь тус шийтгэх тогтоолын 16 дахь талд байгаа "... эрхэм сайдын хүүхдийг төрүүлсэн гэх бор шувуу нисэж байна” гэх дан ганц өгүүлбэрийг таслан авч үүнд гагцхүү тулгуурласан байдлаас нь харагддаг. Гэтэл шинжээчийн дүгнэлт нь “... нийтлэл бүхэлдээ ямар утга агуулгатай байна вэ? гэсэн асуултад ... таамаглал дэвшүүлсэн аястай бичсэн байна ... Манайхан дэгсдүүлж дундаасаа хүүхэдтэй болсон мэтээр шуугьсан юм биш байгаа гэснээс харагдана” гэж гарсан байдаг. Бид энэ 2 дундаасаа хүүхэдтэй болсон, хүүхэд төрүүлсэн гэх зэрэг зүйлсийг огт бичээгүй бөгөөд урьд өмнө нь өөр эх сурвалжтай, нийтэд нэгэнт ил болсон, ор тас нууц биш зүйлийг дэлгээгүй юм.  Мэргэжлийн сэтгүүл зүйн ёс зүйн ухамсарт захирагдаж мэдээллийн эх сурвалж гэх зүйлийг нуусан буюу задруулахгүй байхыг л хичээсэн. Харин хэргийг мөрдөн шалгах явцдаа дээрх байдлыг тогтоох ёстой байсан боловч шалгаагүй, жирэмсэн болсон эсэх, үр хөндүүлсэн эсэх, хаана, яаж үр хөндүүлсэн энэ тэрийг шалгасан бол тогтоогдох байсан боловч бодит үнэнийг нууж чадлаа.

            3. Эрүүгийн процессын ноцтой алдааны тухай

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдаанууд энэ хэрэг дээр тоймгүй олон билээ. Дурдаж барахгүй тул жишээлбэл: Мөрдөгч “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргасан. Гэтэл прокурор нэмэлт өөрчлөлт оруулаагүй ба энэ талаар шийдвэр гаргаагүй. Прокурор ч няцаалт, хариу өгөөгүй. Мөрдөгч “... Яллагдагч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар гэх зүйлээр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал өгсөн. Гэтэл прокурор зүйлчлэлийг 13.14 дүгээр зүйл гэж санал болгосноос өөр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар, зөвхөн Ундралыг татсан. Үүнийг техник алдаа гэж үзэж болохгүй бөгөөд хэргийн хувь заяанд цэг таслал хүртэл нөлөөтэй байдаг. Энэ талаар шүүхээс огт дүгнэлт өгөөгүй бөгөөд энэ нь яллагдагч гэж үзэх эсэхэд маш ноцтой эргэлзээ төрүүлж байх тул давж заалдах шатны шүүх заавал хянан үзэж өгнө үү. Дээрх процессын алдаануудыг зөвтгөж үл болох бөгөөд энэ талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2, 32.9 дүгээр зүйлд маш тодорхой зааж өгсөн байгааг анхаарч үзэх ёстой байсан боловч шүүхийн мэдлэг чадвар дутав.

            4. Дүгнэлт ба таамагласан шийдвэр:

Шүүгч хэргийг таамаглалд үндэслэж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь уг хэргийн хувьд гарсан шинжээчийн дүгнэлтээр “таамаглал” гэж үзсэн байдаг бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос тус хэргийг таамаглал төдий гэх хууль зүйн зөв дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгож байсан байдаг юм /үз. Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай хх-3, 191 дэх хуудас/. Хэлний шинжээчийн дүгнэлтээр ”... сайд Н.Ц, гишүүн Г.М хоёрын хайр сэтгэлийн холбоотой болж, хүүхэдтэй болсон хийгээд Г.Мийг Солонгос явж амаржуулахад нь Н.Ц тусалсан эсэх, талаар ТААМАГЛАЛ дэвшүүлсэн аястай бичсэн байна. Энэхүү таамаглал нь “... Г.М эрхэм сайдын хүүхдийг ямар нэг байдлаар гишүүнээ амаржихад гадаадад явуулдаг, тусалдаг тохиолдол байдаг уу, Зүгээр тусалсныг манайхан дэгсдүүлж дундаасаа хүүхэдтэй болсон мэтээр шуугисан юм биш байгаа гэсэн өгүүлбэрээс харагдах бөгөөд үүнийг хэл шинжлэлд тодорхой бус байдалд үндэслэсэн Таамаглах Баймж утга хэмээн үздэг. Тиймээс уг нийтлэл нь үнэн бус эсэх нь үл мэдэгдэх цуу ярианд үндэслэж бичсэн агуулгатай байна” гэжээ /үз. хх-2., 206 дахь хуудас/. Ийм тодорхой нотлох баримт байхад шүүх үнэлж үзэхгүй байгаа явдал нь шүүх нотлох баримт хийгээд өмгөөлөгчийн саналд заавал дүгнэлт өгөх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай /үз. 36.7 дугаар зүйлийн 2.3/ болон Шүүхийн тухай хуулиар /үз. 50.1.27/ хориглосон хэм хэмжээг тус тус зөрчсөн явдал боллоо. Шүүгч шийдвэрийнхээ үндэслэлийг хянах үүрэгтэй атал энэ талаар хууль зүйн ямар нэг дүгнэлт өгөөгүй явдал нь хууль бус төдийгүй шүүгчийн ёс зүйн нэг алдаа гэж үзэж байна.

5. Хэрэг биш гэмт хэрэг ба манай шүүх

Манай улсаас өөр улс оронд гүтгэх, доромжлох зэрэг үйлдлийг гэмт хэрэг гэж үзэхээ байгаад маш их удсан болохыг онцлон тэмдэглүүштэй. Дэлхий нийтийн чиг хандлага, сайн туршлага манай улсын эрүүгийн шүүхэд нэвтэрч чадахгүй, хуучин онол сургаал амь бөхтэй оршин байгаагийн бодит жишээ энэ хэрэг мөн болов. Гэмт хэрэг гэж үзэх гэж байгаа юм бол түүний наад захын обьектив, субьектив гэх шинжийг нотлох, байгаа талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт гаргах ёстой атал энэ хэрэг дээр анхан шатны шүүх жижүүрийн хэдэн өгүүлбэр л бичиж хүнийг гэм буруутайд тооцсон нь харамсалтай. Ядаж хуульд байгаа “илт” гэдэг үгийн утга санаанд тайлбар өгч “илт” гэж үзэх ямар шинж байгаа талаар хууль зүйн дүгнэлт өгсөн бол шүүхийн шийдвэр хууль ёсны ба бодит үндэслэлтэй болох байлаа. Гэтэл зорилго, сэдэлт нь тогтоогдоогүй, хохирогч үр хөндүүлсэн эсэх нь огтхон шалгагдаагүй, өмнө нь нийтэд цацагдсан эх сурвалжтай, бодит эх сурвалжаа нуух эрх нь нээлттэй, бодит мэдээллийн эх сурвалжтай, учирсан бодит хохирол буюу тооцоо огт байхгүй, ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа нь тодорхой бус гэх зэргээс үзэхэд бүгд таамаглалд үндэслэсэн байна. Эрүүгийн гэмт хэргийн шинж гэдэг бол нотлогдсон байхыг шаарддаг. Түүнээс бус хохирогч ингэсэн, та нар тэгсэн энэ тэр гэдэг таамаглалаар хүнд ял халдаах нь хүний эрхийн ноцтой зөрчилд тооцогдоно. Бүр сүүлдээ сэтгүүлчийн ёс зүй зөрчсөн хэмээн үзэж, улсын яллагч шинжээчийн дүгнэлтийг мушгин гуйвуулж, нэг байр суурин дээрээ байлгүй 2 өөр дүгнэлтийг нэг гэмт хэрэгт өгч, шүүх нь мэдэн будилсан байдлаар хэргийг шийдсэн болж орхив. Хохирогч түүний өмгөөлөгчийн зүгээс улс төрийн зорилго, сонгуулийн үр дүн гэх зэрэг асуудалтай холбон тайлбарлаж, захиалагч нь Мандахбаяр гэх хүн байдаг гэж нэрлэх байдлаар мэтгэлцээн өрнөсөн. Дээрх байдлаас үзвэл улс төрийн өнгө аясаар хэрэгт хандаж, хэдэн муу сайн сэтгүүлч нараар туг тахих хандлага гаргасан гэх хардлагыг бид бүхэнд төрүүлснийг нуух юун билээ. Өөрөөр хэлбэл захиалгат хэрэг юм байна, захиалагч нь тодорхой юм байна, тэр хүмүүс хоорондын тулаан дунд 2 сэтгүүлч орж ирсэн учир арчигдаж байна, хэргийн гол эзэн холбогдогч ардаа нуугдаж үлдэж чадсан зэргээр дүгнэж болох байна.

6. Бүлэглэсэн гүтгэлэг ба шүүхийн дүгнэлт

Сэтгүүлийн зөвлөл бүхэлдээ энэ 2 шүүгдэгч нараас бүрдсэн учраас бүлэглэн гүйцэтгэсэн гэж таамаглан яллалаа. Хэрэв энэ сэтгүүлийн зөвлөл 5 хүнтэй байсан бол тэд 5 бүгд бас бүлэглэсэн гэж буруутгагдах байжээ. Сэтгүүлийн зөвлөлд ажилласнаараа гэмт хэрэгтэн болдог хаанахын ямар хууль ёс гээч байгаад байгааг асууж, магадлуулмаар байна. Зөвхөн эх бэлтгэсэн буюу чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдлийнхээ төлөө яллагдаж байгааг ойлгохгүй юм. Хэрэв ингэж зөвлөлөөр нь хоморголон шийтгэдэг юм бол сэтгүүлч нарыг бус сэтгүүлийн зөвлөл, тэр сонирхон татаад, буруутгах гэж оролдоод байгаа далдхан санааныхаа хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагад татахгүй яасан юм бэ? Энэ мэт эрүүгийн эрх зүйн онолоос хэт гажсан хууль зүйн үндэслэлгүй шүүхийн тогтоол гарсан тул эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны болон бодит байдлын үндэслэлгүй болсон тул уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж өгөх саналыг давж заалдах шатны шүүхэд оруулж байна. Учир нь таамаглалд үндэслэж шүүхийн шийдвэр гарсан бөгөөд шинжээчийн ба өмгөөлөгчийн саналд шүүх огт дүгнэлт өгөхгүй байдлаар хууль хэрэглээний болон процессын ноцтой зөрчлүүдийг гаргаж, илт гэмт хэргийн шинжгүй үйлдлийг гэмт хэрэг гэж дүгнэн үндэслэлгүйгээр ялласан тул дээрх байдлуудыг нэг бүрчлэн яс магадлах замаар гаргасан уг гомдлыг минь хүлээн авч, ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Л.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэм буруутай хэмээн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болсон нийтлэлийг бичээгүй бөгөөд “Г” сэтгүүлийн эрхлэгч Б.Унь өөрийн уран бүтээлийн нэрийг ашиглаж бичсэн. Мөрдөн байцаалтын явцад Б.Унь надад “байгаа ганц сэтгүүлч нь чи учраас мэдүүлэг өгөхдөө чамайг бичсэн гээд хэлчихлээ шүү. Чамайг бичсэн гэвэл гайгүй өнгөрөх байх. Тухайн үед мэдээллээ сошиалд байснаар авсан, хэдийнээ тархсан байсан мэдээлэл учраас бичсэн гэж хэлээрэй” гэж хэлээд, намайг өөрийнх нь хэлснээр мэдүүлэг өгчихвөл эрүүгийн хариуцлага хүлээхгүй мэтээр буруу ойлголт өгсний улмаас би эрхлэгчийн хэлсэн зааврын дагуу тухайн нийтлэлийг бичсэн хэмээн мэдүүлэг өгөхөд хүрсэн. Ажлын байраа хадгалж үлдэхийн тулд сэтгүүлийн эрхлэгч Б.Уын хэлснээр мэдүүлэг өгсөн нь намайг гэм буруутай хэмээн шүүхээс тогтооход хүргэсэнд гомдолтой байна. Хэдий миний бие үнэн бодитоор нь мэдүүлгийг өгөхийг хүссэн боловч нэгэнт хэрэг шүүхийн шатанд очсон учраас чи мэдүүлгээ өөрчлөх боломжгүй хэмээн өмгөөлөгч хэлсэн учир мэдүүлгээ өөрчилж хэлж чадаагүй. Тодруулбал, Б.Уболон түүний өмгөөлөгчийн хэлснээр мэдүүлэг өгсний улмаас уг алдааг залруулж, мэдүүлгээ өөрчлөх боломжгүй болсон бөгөөд хэрвээ мэдүүлгээ өөрчилбөл худал мэдүүлэг өгсөн хэмээн нэмж эрүүгийн хариуцлага хүлээнэ гэж намайг айлгасан учраас миний бие гарцаагүй байдалд орж, хилс хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээх болсонд гомдолтой байна. Гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдээс өөр хүнд ийнхүү эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь шударга бус бөгөөд миний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байгаа тул би маш их гомдолтой байна. Иймд миний гомдлыг хүлээн авч, хэргийг хуулийн дагуу бодитоор, үндэслэлтэй шийдвэрлэж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, гэм буруугүй миний нэр төрийг сэргээж, цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Л.Н өмгөөлөгч Ч.Баднайнямбуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шүүгдэгч Л.Нн өмгөөлөгчөөр давж заалдах шүүхийн шатнаас эхэлж оролцож байна. Хэргийн материалтай танилцсан. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Л.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, түүнд 1.350.000 төгрөгийн торгох ял оногдуулсан. Миний үйлчлүүлэгч Л.Н нь мөрдөн шалгах ажиллагааны болон анхан шатны шүүхийн шатанд өгсөн тайлбар, мэдүүлгээсээ өөрөөр “би тухайн нийтлэлийг бичээгүй” гэж гомдол гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж, оролцож байгаа учраас түүний гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Тухайн нийтлэлийг шүүгдэгч Б.Убичсэн бөгөөд миний үйлчлүүлэгч Л.Нд “байгаа ганц сэтгүүлч нь чи учраас мэдүүлэг өгөхдөө чамайг бичсэн гэж хэлчихлээ шүү. Чамайг бичсэн гэвэл гайгүй өнгөрөх байх” гэж хэлсэн байдаг. Энэ талаар миний үйлчлүүлэгч давж заалдах гомдолдоо тодорхой бичсэн. Шүүгдэгч Б.Унь анхны мэдүүлэгтээ тухайн нийтлэлийг хэн бичсэн талаар хэлдэггүй. Харин дараагийн мэдүүлэгтээ “нийтлэлийг Л.Н бичсэн” гэж мэдүүлдэг. Шүүгдэгч Б.Унь миний үйлчлүүлэгч Л.Нн дээд шатны албан тушаалтан буюу тухайн “Г” сэтгүүлийн эрхлэгч, ерөнхий редактор учраас дээр дурдсан чиг үүргийг Л.Нд өгсөн байхыг үгүйсгэхгүй. Мөн шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Б.Ганболд нар өнөөдрийн шүүх хуралдаанд ямар шалтгааны улмаас оролцохгүй байгааг хэлж мэдэхгүй байна. Хэдийгээр миний үйлчлүүлэгч Л.Н нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ “би тухайн нийтлэлийг бичсэн” гэж мэдүүлсэн боловч уг мэдүүлгээс өөрөөр түүнийг тухайн нийтлэлийг бичсэн гэж нотлох баримт хэрэгт авагдаагүй. Иймд хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгтэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, төлбөрөө төлж барагдуулсан, төлж барагдуулахаа илэрхийлсэн тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжтой. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ.” гэж заасан. Мөн Өршөөл үзүүлэх тухай хууль нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт хамаардаг. Миний үйлчлүүлэгч Л.Н Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүй байх үндэслэл байхгүй. Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх нөхцөл байдлыг харгалзан миний үйлчлүүлэгч Л.Н Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү.” гэв.

Хохирогч Н.Цын өмгөөлөгч Ц.Монгол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хуралдаан нээлттэй явагдсан бөгөөд шүүгч аль нэг талд давуу байдал олгосон хандлага огт гаргаагүй. Өмгөөлөгч Б.Гыг анхан шатны шүүхийн шүүгчийг гүтгэсэн агуулгаар гомдол гаргасан гэж үзэж байна. Миний бие хуулийн байгууллагад олон жил ажилласан. Өмгөөлөгч Б.Ганболдыг “шүүгчийн шалгалтад тэнцсэн. Шүүгч болох гэж байгаа” гэж яригддаг. Өмгөөлөгч Б.Ганболд хэт ёс суртахуунгүй гомдол гаргасан байна. Анхан шатны шүүх хохирогчийн хүсэлтийн дагуу шүүх хуралдаанд иргэний хариуцагч, түүний хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахаар шийдвэрлэж шүүх хуралдааныг хойшлуулсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг огт зөрчөөгүй. Мөн шүүхээс олон нийтэд мэдээлэл хийгээгүй. Өөрт нь ашиггүй шийдвэр гарахаар шүүхийг илт гүтгэж болохгүй. Өмгөөлөгч Б.Ганболдын гаргасан гомдлын агуулга нь түүний өмгөөлөгч байх эрхийг хасах хэмжээний ёс суртахуунгүй байна. Тухайлбал, өмгөөлөгч Б.Ганболд давж заалдах гомдолдоо “Шүүх анхнаасаа гэм буруутай гэж ойлгосон, ийм ч итгэл үнэмшилтэй байсан учир тус хэргийг шийдвэрлэхдээ өөрт хэрэгтэй хэсгийг хайчлан таслан авч, түүн дээрээ л үндэслэж дүгнэлт өгсөн...” гэж дурдсан нь үндэслэлгүй. Шүүгдэгч нар нь миний үйлчлүүлэгчийг гүтгэж нийтлэл бичсэн. Харин өмгөөлөгч Б.Ганболд шүүгчийг гүтгэсэн агуулгатай гомдол бичсэнд гомдолтой байна. Уг хэрэгт 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. 1 дүгээр хавтаст хэргийн 181 дүгээр хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлтэд “...нэр төрд нь халдсан гэж утга агуулгатай гэж үзнэ” гэж дурдсан. Өөрөөр хэлбэл, шинжээчийн шүүгдэгч нарыг бусдын нэр төрд халдсан гэж дүгнэсэн дүгнэлт хэрэгт авагдсан атал өмгөөлөгч Б.Ганболд давж заалдах гомдолдоо уг баримтыг хэрэгт огт авагдаагүй мэтээр бичсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гарсан гэж хэргийг 2 удаа прокурорт буцааж байсан. Мөн өмгөөлөгч Б.Ганболд нь шүүхэд үнэлэлт, дүгнэлт өгч “хэргийг эцэслэн шийдвэрлэхэд мэдлэг чадваргүй” гэж ёс суртахуунгүй үйлдэл гаргаж болохгүй. Давж заалдах гомдлуудыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх үндэслэлгүй. Шүүхийн байгууллага хуульд захирагдаж, хуулийн дагуу шийдвэрээ гаргадаг. Гэтэл өмгөөлөгч Б.Ганболд давж заалдах гомдолдоо “Дэлхийн нийтийн чиг хандлага, сайн туршлага манай улсын эрүүгийн шүүхэд нэвтэрч чадахгүй” гэж шүүхийг бүхэлд нь басамжилсан нь ойлгомжгүй байна. Мөн шүүгдэгч Л.Нд анхнаасаа хуульд заасан эрх, үүргийг танилцуулж мэдүүлэг авсан бөгөөд худал мэдүүлэг өгсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх талаар тайлбарласан. Иймд шүүгдэгч нарыг цаг хугацаа авах гэж явуургүй арга хэмжээ авсан гэж үзэхээр байна. Мөн тухайн нийтлэл нь сонин, сэтгүүлээс гадна цахим орчноор хүртэл тархсан учир хэн ч унших боломжтой. Би хохирогч Н.Цтай нэг байранд амьдардаг. Түүний том охины сэтгэл зүйд уг асуудал маш хүнд туссан. Үеийнх нь хүүхдүүд хүртэл уг асуудлын талаар ярьж хүүхдийн сэтгэл зүйд маш том гэмтэл учруулж байсан учраас би үйлчлүүлэгчийнхээ том охинд энэ талаар тайлбарлаж өгсөн. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гарсан гэж үзсэн тул эсэргүүцэл бичээгүй. Шүүгдэгч болон шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, давж заалдах гомдолд шүүгдэгчийн цагаатгах болон хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү гэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ямар тохиолдолд шүүгдэгчийг цагаатгах тухай тодорхой хуульчилсан. Шүүгдэгч Л.Н өмнө өгсөн мэдүүлгээсээ буцсан мэдүүлэг өгч байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд зааснаар яллагдагчийн мэдүүлгийн эх сурвалжийг шалгах ажиллагааг хийсэн бөгөөд хэргийн бодит байдлыг тогтоох, цагаатгах болон яллах талын нотлох баримтыг судлан бэхжүүлэх ажиллагааг хийсэн. Шүүгдэгч нар нь дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, “GG.mn”-д сэтгүүлч болон сэтгүүлийн эрхлэгчээр ажилладаг бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн сэтгүүлийг бэлтгэн гаргаж олон нийтэд тараан борлуулсан болох нь хэрэгт авагдсан гэрч Сайханбилэг, Солонго, Уранчимэг, Мөнхзул нарын мэдүүлэг мөн “GG сэтгүүлээс ирүүлсэн 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 1 дүгээр албан бичиг, мөрдөгчийн “GG сэтгүүлд үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн оролцогч нараас гаргаж өгсөн бичгийн нотлох баримт зэргээр нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч Л.Н нь энэ хэрэгт анх гэрчээр тогтоогдсон байсан ч түүний мэдүүлгийн эх сурвалжийг шалгасны үндсэн дээр Б.Утай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн. Өмгөөлөгч Б.Ганболд давж заалдах гомдолдоо шүүгчийг хувийн сонирхолтой, шийдвэрээ урьдчилж гаргасан байсан гэж дурджээ. Хэрэв анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгчийг шууд болон шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой гэж үзсэн бол шүүгчээс татгалзах эрх нээлттэй байсан. Гэсэн хэдий ч уг эрхээ хэрэгжүүлээгүй. Өмгөөлөгч Б.Ганболд мөрдөн шалгах ажиллагааны шатнаас өнөөдрийг хүртэл уг хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд хэргийн нөхцөл байдлыг хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг юм. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж байсан прокурорын шийдвэрүүдээс хааж байсан, дээд шатны прокуророос гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж байсан, үүнийг хэрэг биш гэж үзэж байсан зэргээр гомдолдоо дурдсан байсан. Эдгээр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед гарч байсан явцын шийдвэрүүд бөгөөд эцэст нь прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хүчин төгөлдөр эцсийн шийдвэр байсан. Уг шийдвэрт өмгөөлөгчийн зүгээс Монгол Улсын ерөнхий прокурорт хүртэл гомдол гаргасан байдаг. Энэ хуульд заасан эрхийг нь хангасны дараа шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсний дагуу анхан шатны шүүх хянан хэлэлцэж гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Иймд гомдолд дурдсан дээрх асуудал нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн мөрдөгч санал гаргахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталсан нь үндэслэлгүй, хууль зөрчсөн байх тул зөвтгөх шаардлагатай гэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөгч эрхийнхээ хүрээнд санал гаргаж, үндэслэлтэй эсэхийг прокурор хянадаг учир дээр дурдсан үндэслэл нь хэргийг прокурорт буцаах үндэслэлд хамаарахгүй гэж үзэж байна. Өмгөөлөгчийн бичгээр гаргасан давж заалдах гомдол болон шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргаж буй тайлбар зэргээс үзэхэд прокурорын яллах талын дүгнэлт, хохирогчийн өмгөөлөгчийн гаргаж буй тайлбарыг үндэслэл бүхий нотлох баримтаар няцаан үгүйсгэж чадахгүй байна. Хэрэв хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах хүсэлтэй байгаа бол ямар ажиллагаа хийлгэх талаараа тодорхой санал гаргах хэрэгтэй гэж үзэж байна. Хэрэв шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байгаа бол цагаатгах үндэслэлээ хэрэгт авагдсан баримтад үндэслэн дэлгэрэнгүй гаргах шаардлагатай. Гэтэл энэ талаар ямар нэг тайлбар хэлсэнгүй. Уг хэрэгт шинжээчийн 2 удаагийн дүгнэлт гарсан. Анхны шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч талаас эс зөвшөөрч дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу гарсан шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч талуудаас хэн нь ч ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана.” гэж заасан. Гэтэл өмгөөлөгч Б.Ганболд нь тухайн шинжээчийн 19 заалттай дүгнэлтийн зөвхөн нэг хэсэгт үндэслэн “хүний нэр төрд халдсан гэдэг нь үгүйсгэгдэж байна” гэж гомдол гаргасан атлаа бусад 18 заалтыг үгүйсгэж ямар нэгэн тайлбар гаргаагүй. Прокурорын зүгээс тухайн шинжээчийн дүгнэлтийг яллах талын нотлох баримтаар үнэлж байгаа. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэтгүүлч нарын албан ёсоор харьяалагддаг, сэтгүүлч нарын мэргэжлийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгдөг Хэвлэл мэдээллийн зөвлөлд дүгнэлт гаргах боломжтой эсэх талаар хандахад “манай байгууллага нь иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгжээс сэтгүүлч нарын үйл ажиллагаанд нь хандаж гаргасан гомдлын дагуу хянаж, хууль дүрэм, журам зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргадаг. Иймд манай байгууллагаас уг хэрэг дээр дүгнэлт гаргах боломжгүй. Сэтгүүлч хүн үйл ажиллагаа явуулахдаа хэвлэл мэдээллийн ёс суртахууныг баримтлах үүрэгтэй” гэж хариу албан бичиг ирүүлж, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа баримтлах зарчмын хамт ирүүлсэн. Энэ талаар баримт хавтаст хэргийн 242-245 дугаар хуудсанд авагдсан. Анхан шатны шүүх хуралдаанд прокурорын зүгээс шүүгдэгч нараас тухайн сэтгүүлд нийтлэл бэлдэхдээ баримтлах ёстой зарчмуудаа хэрхэн баримталсан талаар асууж тодруулсан. Шүүгдэгч Л.Н нь анх гэрчийн мэдүүлэг өгөхдөө 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хэвлэгдсэн сэтгүүлд тухайн нийтлэлийг бэлтгэсэн талаар мэдүүлсэн. Мөн шүүгдэгч Б.Унь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “уг нийтлэлийн мэдээллийг сэтгүүлч Л.Н бэлтгэсэн. Би нийтлэлийг хянасан” гэж мэдүүлдэг. Харин гэрч н.Шинэжаргал “сэтгүүлч Л.Н энэ дугаарыг бэлдэхэд надтай хамт ажилласан. Мөн сэтгүүлд тавигдах зургуудыг сонгож өгсөн” гэж, гэрч н.Солонго “сэтгүүлийн эрхлэгч Б.Унь нийтлэлийн бодлогыг зангидаж, чиглүүлэх, хянах үүрэгтэй бөгөөд мэдээ бэлтгэдэг. Харин сэтгүүлч Л.Н нь мэдээ мэдээлж, сурвалжлах үүргийг хүлээдэг” гэж тус тус мэдүүлсэн. Уг гэмт хэргийг шүүгдэгч Л.Н нь шүүгдэгч Б.Утай бүлэглэн үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Б.Уд 1.350.000 төгрөгөөр торгосон. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн торгох ялын хэмжээг дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун /1.300/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэж заасан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэргийг зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Л.Н, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Ганболд нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна, шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий болдог учиртай.

Прокуророос, Б.У, Л.Н нарыг бүлэглэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах “О” худалдааны төвийн 701 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Г” сэтгүүлийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 3/128 дугаар, “WWWGG.mn” веб сайт, “GG.mn” фэйсбүүк хуудсанд Улсын Их хурлын гишүүн, Монгол Улсын засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Ц, Улсын Их хурлын гишүүн Г.МСолонгос улсад амаржуулсан “ү” гэсэн гарчиг бүхий “бөхийн гэргий, яруу найрагч”, “БУ” гэхчлэн тодотгуулдаг Г.М эрхэм сайдын хүүхдийг төрүүлсэн гэх бор шувуу нисэж байна” гэж нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Б.Уыг бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Батсүхийн Б.У холбогдох хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 17 дугаар талд прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 184/а дугаар яллах дүгнэлтэнд уг гэмт хэргийг 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гарсан талаар дурдаж, шүүгдэгч Б.Уд 2022 оны 10 дугаар сарын 19-нд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол үйлдэж, яллагдагчид мөн өдрөө тогтоолыг танилцуулсан /4 хх 64-68/ гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “... гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” байх тул шүүгдэгч Б.Уд холбогдох хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Тухайлбал, Б.Уыг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2011007400663 дугаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1хх 5-8/, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар Б.Уаас мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх 200-203/ хэрэгт авагдсан байна. 

Тодруулбал, Б.Уд 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2011007400663 дугаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 75 дугаар прокурорын тогтоол /3хх 187-188/-оор хүчингүй болгосон боловч 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 03 дугаар Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор “2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 75 дугаар прокурорын шийдвэрийг хүчингүй болгох тухай” тогтоол /3хх 211-212/-ыг хүчингүй болгож, хяналтын прокурор Ц.Батбямбын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Тариаланч овгийн Батсүхийн Ундралыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан” прокурорын тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

  Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-д “илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.” гэж хуульчилсан байхад анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүх нь (1) анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, (2) анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, (4) хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах гэсэн шийдвэрийн аль нэгийг гаргахаар заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6, 7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэх боломжтой байхад анхан шатны шүүх нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэл болохгүй.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах эрх хэмжээтэй бөгөөд мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч заавал биелүүлэх үүрэгтэй болно.

Мөн анхан шатны шүүх 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх эсэх асуудлаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна.

Иймд магадлалд дурдсан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтуудад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/369 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Ганболд болон шүүгдэгч Л.Н нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.У, Л.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/369 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.   

2. Шүүгдэгч Б.У, Л.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ш.БАТ-ЭРДЭНЭ

                     ШҮҮГЧ                                           Д.МӨНХӨӨ

                   ШҮҮГЧ                                           Б.АРИУНХИШИГ