Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 109/ШШ2024/0040

 

 

 

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Л

Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга нарын хоорондох “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн “Н.Л-ийг албан тушаалаас огцруулах тухай” Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин 17,867,850 төгрөг, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохыг Архангай аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.У, Л.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Иргэн Н.Л-оос Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн “Н.Л-ийг албан тушаалаас огцруулах тухай” Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин 17,867,850 төгрөг, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохыг Архангай аймгийн Засаг даргад даалгах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч Н.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Л миний бие 2020 оноос Эрдэнэмандал сумын Засаг даргаар ажиллаж байгаа ба 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Архангай аймгийн Засаг дарга Б/26 дугаар захирамжаар үүрэгт ажлаас огцруулсан шийдвэрийг 2024 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авсан. Уг шийдвэрийг эс зөвшөөрч Ерөнхий сайдад хандаж 2024 оны 7 дугаар сарын 9-ний өдөр гомдол гаргасан боловч өнөөг хүртэл хариу өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Б/26 дугаар захирамжид аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 17/03/09, 17/03/10 дугаартай албан шаардлагуудаар илэрсэн зөрчил, Архангай аймаг дахь Төрийн Аудитын газрын 2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн “Сахилгын хариуцлага тооцуулах тухай” 331/АО360217АРА-2024/16/НА-СТА-ТТЗ дугаартай албан шаардлагын дагуу Эрдэнэмандал сумын Засаг дарга Н.Л нь хууль тогтоомж, холбогдох журмуудыг ноцтой зөрчин төсвийг хэмнэлтгүй, зориулалт бусаар зарцуулсан зөрчлийг удаа дараа давтан гаргасан гаргасан тул 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөр тасалбар болгон албан тушаалаас нь огцруулсугай гэжээ. Аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3. дахь хэсэгт “Энэ хуулийн 42.1, 42.2-т заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд төрийн аудитын байгууллага тухайн албан хаагчид холбогдох сахилгын шийтгэл ногдуулах, албан тушаалаас чөлөөлөх талаар эрх бүхий албан тушаалтанд албан шаардлага өгөх ба эрх бүхий албан тушаалтан ямар шийдвэр гаргасан талаараа албан шаардлагад заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хариу мэдэгдэнэ.” гэж заасан. Гэтэл аймгийн Засаг даргын захирамжийн үндэслэл болсон Архангай аймаг дахь Төрийн Аудитын байгууллагаас ирүүлсэн ... Эрдэнэмандал сумын 2023 оны санхүүгийн ажиллагаанд хийсэн дүгнэлтийн дагуу гарсан зөрчилд зохих арга хэмжээ авахуулах тухай албан шаардлагад 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 42.1, ...-т заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд төрийн аудитын байгууллага тухайн албан хаагчид холбогдох сахилгын шийтгэл ногдуулах ... талаар эрх бүхий албан тушаалтанд албан шаардлага өгөх ба эрх бүхий албан тушаалтан ямар шийдвэр гаргасан талаараа албан шаардлагад заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад мэдэгдэнэ.” гэсэн заалтыг дурдсан байхад намайг удаа дараа давтан зөрчил гаргасан гэсэн хийсвэр дүгнэлт хийж огцруулах арга хэмжээ авсан байна. Хэрэв аудитын байгууллагаас мөн зүйлд зааснаар ажлаас нь чөлөөлөхөөр ноцтой зөрчил гаргасан байсан бол тухай заалтыг тодорхой дурдах байсан байх. Миний хувьд өмнө нь сахилгын арга хэмжээ авагдаж байсан бол хууль тогтоомж журмыг зөрчин гаргасан шийдвэр гэж үзэж маргахгүй байсан. Гэвч сахилгын арга хэмжээ авахуулж байгаагүй ба Аудитын шалгалтаар илэрсэн зөрчил гэгдсэн төсвийн зарцуулалт нь Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын дагуу хэрэгжүүлсэн арга хэмжээ Монгол улсын хууль тогтоомжид зааснаар сахилгын зөрчил гаргасан нөхцөл байдлыг харгалзан үзэж хариуцлага тооцдог байхад аймгийн Засаг дарга аудитын байгууллагын шаардлагад заасан удаа дараа зөрчил гаргасан гэдгийг үндэслэн намайг огцруулах хариуцлага тооцсон нь хууль тогтоомжийг зөрчсөн байна гэж үзэж байна. Иймд Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин 17,867,850 төгрөг, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохыг Архангай аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Төрийн аудитын газрын 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн сахилгын хариуцлага тооцуулах тухай гэсэн албан шаардлага хэргийн материалд авагдсан байдаг. Үүнд маш тодорхой дурдсан байдаг. Сахилгын хариуцлага тооцуулах тухай албан шаардлага авахаар тавьчихсан байтал Архангай аймгийн Засаг дарга 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Н.Л-ийг албан тушаалаас нь огцруулах тухай захирамж гаргасан нь хууль бус үндэслэлгүй. Архангай аймгийн Төрийн аудитын газар аудитын зөрчил удаа дараа гаргасан гэж дүгнээд байгаагаас гадна энэ хүнийг удаа дараа санхүүгийн зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр Авлигатай тэмцэх газар гомдол гаргасан. Авлигатай тэмцэх газар шалгаж үзээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Прокурор хянаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тогтоол нь үндэслэлтэй гэж үзсэн. Миний үйлчлүүлэгч аудитын газрын хоёр үндэслэлээр зөрчил гаргасан гэж үзээд байгаа зөрчлийг хийгээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2023 оны төсөв батлах тухай 14 дүгээр тогтоолд дэд хөтөлбөрүүд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулахаар төсөвлөсөн 12,700,000 төгрөгөөс тус аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 95 дугаарт төсөв зарцуулах тухай захирамжаар сумын дэд хөтөлбөрүүд хэрэгжүүлэх төсвөөс Эрдэнэмандал шилмэл сүргийн үржлийн төвийн үйл ажиллагаанд 5,700,000 төгрөгийн санхүүжилтийг олгосон байгаа. Уг санхүүжилтээр Эрдэнэмандал шилмэл сүргийн үржлийн төв орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь өөрийн ажилчдын цалин урамшуулалд олгосон болох нь тэр иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол баримтуудаар тогтоогдож байгаа. Сумын Засаг дарга нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т бүх шатны  төсвийн захирагч, төсвийн хэрэгжилтийн талаар дараах үүргийг хүлээнэ. Мөн хуулийн 41 дүнгээр зүйлийн 41.2.2-т батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах гэсэн заалтаар батлагдсан төсвийг зарцуулсан гэж үзэх үндэслэлтэй байгаа. Мөн Ар саравч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай холбоотой гомдлыг аудитын дүгнэлтээр зөрчил гаргасан гэж дүгнээд байдаг. Гэтэл энэ ажиллагааг хийхдээ Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудыг баримталж Засаг дарга шийдвэрээ гаргасан. Тэгэхээр Засаг даргын огцруулах энэ захирамж нь үндэслэлгүй гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа гэв.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4-т зааснаар Засаг дарга арга хэмжээ авахдаа шат дараалсан арга хэмжээ авах ёстой. Шат дараалсан арга хэмжээ гэдэг нь юу вэ гэхээр хэрэв огцруулах арга хэмжээ авч байгаа бол ямар учраас удаа дараа гэдгийг хэрэглэж байгаа вэ гэхээр хоёр ба түүнээс дээш удаа бол сахилгын арга хэмжээ авч байгаа нөхцөлд хэрэглэгдэх ёстой. Үүнийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4-т заасан. Тэгэхээр энэ зүйл заалтыг зөрчсөн Засаг даргын захирамж байна. Урьд нь захиргааны арга хэмжээ авагдаж байгаагүй. Тухайн нөхцөлд Аудитын газраас албан шаардлагадаа сахилгын арга хэмжээ ав гэсэн болохоос биш ажлаас нь чөлөөл гэж сахилгын арга хэмжээ авсан байгаа учраас анх удаагаа сахилгын арга хэмжээ авагдаж байгаа хүн цалингийн 20 хувь, сануулах арга хэмжээ авагдаж болох байсан. Иймд огцруулах захирамж нь үндэслэлгүй гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу хийсэн Эрдэнэмандал сумын Төсвийн төвлөрүүлэн захирагчийн 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар 2022 онд орон нутгийн хөгжлийн сангаас нийт 22,901,300 төгрөгийг иргэдийн саналд үндэслээгүй, урсгал үйл ажиллагааны зардалд зарцуулсан, төсвийн орлогын төлөвлөгөө 8 нэр төрлөөр 43,805,700 төгрөгөөр тасарсан, Сум хөгжүүлэх сангийн зээлийн авлагыг тулган шалгахад 5 зээлдэгчтэй холбоотой чанаргүй 40,606,000 төгрөгийн авлагын үлдэгдлийг барагдуулах талаар тодорхой арга хэмжээ авч, хяналт тавин ажиллаагүйгээс сангийн хөрөнгийн эх үүсвэрийг дутагдуулж, зээлийн ашиглалтаас бий болох үр нөлөөг бууруулсан, “Шилмэл сүргийн үржлийн төв" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагааны дэмжлэгт 13,600,000 төгрөг, модны манаачийн урамшуулалд 2,970,000 төгрөг, нийт 16,570,000 төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж, зарцуулсан зэрэг зөрчлүүд илэрч 309/А0360217ААА-2023/16/НА-СТА-ТТЗ, 310/А0360217ААА-2023/16/НА-СТА-ТТЗ, 311/АО360217ААА-2023/16/НА-СТА-ТТЗ, 312/АО360217АА-2023/16/НА-СТА-ТТЗ дугаар зөрчил арилгах албан шаардлагуудыг Архангай аймаг дахь Төрийн аудитын газраас өгсөн байна. Гэтэл Эрдэнэмандал сумын Засаг дарга Н.Л нь дээрх зөрчлүүдийг арилгах чиглэлээр арга хэмжээ аваагүй бөгөөд албан үүргээ гүйцэтгэх явцдаа үйл ажиллагаандаа хууль, тогтоомжийг баримтлаагүй, удаа дараа дахин давтан зөрчил гаргасныг холбогдох мэргэжлийн байгууллагуудаас шалган тогтоосон. Тухайлбал: Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн "Сахилгын хариуцлага тооцуулах тухай" 331/А0360217АРА-2024/16/НА-СТА-ТТЗ дугаартай албан шаардлагаар дараах зөрчил илэрсэн. Үүнд: 1.Эрдэнэмандал сумын Засаг даргын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар тайлант онд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр “Иргэдийн оролцоо малчдын хөгжлийг дэмжих", "Малын үүлдэр угсаа сайжруулах" дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр баталснаас 9,000.0 мянган төгрөгийг тэмцээн, уралдаан зохион байгуулж шагнал, бэлэг дурсгалын зүйлд, 5,700.0 мянган төгрөгийг "Шилмэл сүргийн хөгжлийн төв" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагааны дэмжлэг болгон олгосон нь орон нутгийн төсөвт энэ хэмжээний ачааллыг бий болгосон, хуулийн этгээдийн өөрөө өөрийгөө санхүүжүүлэх дүрмийг хэрэгжүүлээгүй, төсвийг хэмнэлтгүй, зориулалт бусаар зарцуулсан, төсвийн үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихтай холбоотой албан үүргээ үр дүнтэйгээр хэрэгжүүлээгүй, өмнөх оны аудитаар илэрсэн зөрчлийг давтан гаргасан. Шинээр байгуулагдсан "Ар саравч" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хуулийн этгээдийн нэр дээр хоршоог хөгжүүлэх сангаас Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн А/56 дугаар захирамжаар 202306 дугаартай зээлийн гэрээний дагуу 66,000.0 мянган төгрөгийн зээл олгосон нь зээлийн өртөг зардлын бодит тооцоолол, баталсан стандарт, хэрэгцээ шаардлагад үндэслэгдээгүй, зээлийн хөрөнгийг зориулалт бусаар ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн, хөрөнгийг тайлан бүртгэлд тайлагнаагүй, хувь хүний дансанд шилжүүлэн зарцуулсан зэрэг зөрчлүүд илэрсэн. Мөн аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын байцаагчийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 17/03/09, 17/03/10 дугаар албан шаардлагуудаар дараах зөрчил илэрсэн. Үүнд: 1. Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас Эрдэнэмандал сумын Хоршоо хөгжүүлэх сангийн 2022-2023 оны санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийхэд хугацаа хэтэрсэн зээлийг төлж барагдуулаагүйгээс 63,511,300 /жаран гурван сая таван зуун арван нэгэн мянга гурван зуун/ төгрөгийн зөрчил илэрсэн. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайдын 2021 оны А/361 дүгээр тушаалаар баталсан Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журмын 3.4.5-д “зээл, зээлийн хүүгийн орлогыг сангийн дансанд төвлөрүүл”, 11.3-д “Энэ журмыг зөрчсөн гэм буруутай этгээд санд учирсан хохирлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцан барагдуулна” гэсэн заалтуудыг зөрчсөн. Орон нутгийн хөгжлийн сангийн хөгжүүлэх сангийн санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийхэд 2022 онд Эрдэнэмандал сумын Засаг даргын 2022 оны А/30 дугаар захирамжаар "Эрдэнэмандал шилмэл сүргийн үржлийн төв" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагааны дэмжлэгт 13,600,000 төгрөгийг, 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/98 дугаар захирамжаар Эрдэнэмандал шилмэл сүргийн үржлийн төвийн үйл ажиллагаанд 5,700,000.0 мянган төгрөгийг аж ахуйн нэгжийн цалин хөлсний зардалд дэмжлэгээр олгож төсвийг зориулалт бусаар зарцуулснаас бүгд 19,300,000 төгрөгийн зөрчил илэрсэн нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, 6.5.5-д батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, Сангийн сайдын 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 86 дугаар тушаалаар баталсан Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын 4.7-д энэ зүйлийн 4.6-д зааснаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулах зөвшөөрөхгүй зардалд хамаарах ба үүгээр хязгаарлагдахгүй, 4.7.6-д аливаа аж ахуй нэгж, байгууллага, иргэнд олгох буцалтгүй тусламж, дэмжлэг, тэтгэмж, урамшуулал олгохыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Эрдэнэмандал сумын Засаг дарга Н.Л нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.18 дахь заалт, 39 дүгээр зүйлийн 39.1.18 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэг, 6.5.5 дахь хэсэг, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 4.2.7 дахь заалтууд, Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, Сангийн сайдын 2021 оны 86 дугаар тушаалаар баталсан "Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам"-ын 4 дүгээр зүйлийн 4.6 дугаар хэсэг, 4.7.6 дахь заалт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны А/361 дүгээр тушаалаар баталсан "Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ыг тус тус ноцтой зөрчсөн үйлдлийг удаа дараа давтан гаргасан тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.17 дахь заалт, 64 дүгээр зүйлийн 64.2.2 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасан өөрийн бүрэн эрхийн хүрээнд 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Б/26 дугаар захирамжаар Эрдэнэмандал сумын Засаг дарга Н.Л-ийг албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбараа гаргасан байгаа. Гаргасан зөрчлүүд нь Аудитын байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. Өөрөө ч энэ зөрчилтэйгөө, аудитын байгууллагын дүгнэлттэй холбогдуулж гомдол гаргаагүй, зөрчил нь аудитын байгууллагын дүгнэлтүүдээр тодорхой тогтоогдчихсон ийм нөхцөл байдал байгаа. Тийм ч учраас аймгийн Засаг дарга өөрийнхөө эрх хэмжээнийхээ хүрээнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.17, 60.1.21, 64 дүгээр зүйлийн 64.2.2 дахь заалтыг үндэслэж арга хэмжээ авсан байгаа. Тэрнээс бол уг хуулийн 65 дугаар зүйлийг үндэслэж арга хэмжээ аваагүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Аудитын байгууллагаар удаа дараа зөрчил гаргаж байсан гэдэг нь тогтоогддог. Энэ аудитын байгууллагын дүгнэлт дээр ч тодорхой дурдагдсан байгаа. Өмнө нь гаргасан зөрчлийг арилгаагүй давтан гаргасан гэдэг нь удаа дараа гэдэг асуудлыг гаргаж байгаа. Дээрээс нь ноцтой зөрчил гэж үзэж аймгийн Засаг дарга шийдвэрээ гаргасан байгаа. 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Б/26 дугаартай захирамжийн үндэслэлд тодорхой байгаа. Аймгийн санхүүгийн хяналт дотоод аудитын 2024 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 17/0309, 17/0310 дугаар  албан шаардлагаар илэрсэн зөрчил. Төрийн аудитын газрын 2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн сахилгын хариуцлага тооцуулах тухай албан шаардлагаар тогтоогдож байна гэж үзсэн. Хууль тогтоомжийг зөрчсөн энэ зөрчил нь ноцтой төсвийг хэмнэлтгүй зориулалт бусаар зарцуулсан, уг зөрчлийг бас удаа дараа давтан гаргасан байна гэж үзэж албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргасан. Тийм учраас аймгийн Засаг даргын захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй зорилгодоо нийцсэн захиргааны акт гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү. Нэгэнт хуулийн дагуу ажил албан тушаалаас нь огцруулж байгаа энэ нөхцөлд нэмэгдүүлсэн шаардлага болох ажилгүй байсан хугацааны нөхөн олговор мөн сонгуулийн үр дүнгээр ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд олгодог 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж зэргийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Түүнийг ажил албан тушаалаас нь огцруулсан асуудал байгаа болохоос биш сонгуулийн үр дүнгээр ажил албан тушаалаас нь чөлөөлөөгүй байгаа. Тийм учраас нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлэсэн тухайд

1.1. Шүүхээс хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчид мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч Н.Л- нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй, эзгүйд шийдвэрлүүлэх талаар хүсэлт ирүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.-д “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж түүнийг байлцуулахгүйгээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

1.2. Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь

2. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд

2.1. Маргаан бүхий захиргааны актын үндэслэл, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.17, 60.1.21 заалт, 64 дүгээр 64.2, 64.2.2, 64.5 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.18 дахь заалт, 39 дүгээр зүйлийн 39.1.18 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэг, 6.5.5 дахь хэсэг, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  дугаар зүйлийн 4.2.6, 4.2.7 дахь заалт, Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, Сангийн сайдын 2021 оны 86 дугаар тушаалаар батлагдсан “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.6 дугаар хэсэг, 4.7.6 дугаар заалт, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны А/361 дүгээр тушаалаар баталсан “Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын үндэслэн Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 17/03/09, 17/03/10 дугаар улсын байцаагчийн албан шаардлага, Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 331/А0360217АРА-2024/16/НА-СТА-ТТЗ дугаартай “Сахилга хариуцлага тооцуулах тухай” албан шаардлагын дагуу хууль тогтоомж, холбогдох журмуудыг ноцтой зөрчин төсвийг хэмнэлтгүй, зориулалт бусаар зарцуулсан зөрчлийг удаа дараа давтан гаргасан хэмээн үзэж Н.Л-ийг 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөр тасалбар болгон Эрдэнэмандал сумын Засаг даргын албан тушаалаас огцруулжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 11-12 дахь тал)

3. Төсвийг хэмнэлтгүй, зориулалт бусаар зарцуулсан зөрчлийг удаа дараа давтан гаргасан нь эрх бүхий байгууллагуудын хяналт шалгалтаар тогтоогдсон гэх үндэслэлийн тухайд

3.1. Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу хийсэн Эрдэнэмандал сумын төсвийн төвлөрүүлэн захирагчийн 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар 2022 онд орон нутгийн хөгжлийн сангаас нийт 22,901,300 төгрөгийг иргэдийн саналд үндэслээгүй, урсгал үйл ажиллагааны зардалд зарцуулсан, төсвийн орлогын төлөвлөгөөг 8 нэр төрлөөр 43,805,70 төгрөгөөр тасалсан, сум хөгжүүлэх сангийн зээлийн авлагыг тулган шалгахад 5 зээлдэгчтэй холбоотой чанаргүй 40,606,000 төгрөгийн авлагын үлдэгдлийг барагдуулах тулаар тодорхой арга хэмжээ, хяналт тавин ажиллаагүйгээс сангийн хөрөнгийн эх үүсвэрийг дутагдуулж, зээлийн ашиглалтаас бий болох үр нөлөөг бууруулсан байна., “Шилмэл сүргийн үржлийн төв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /цаашид ОНӨААТҮГ гэх/-н үйл ажиллагаа дэмжлэгт 13, 600,000 төгрөг, модны манаачийн урамшуулалд 2,970,000 төгрөг, нийт 16,570,000 төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж, зарцуулсан зэрэг зөрчлүүд илэрч 309/АО360217ААА-2023/16/НА-СТА-ТТЗ, 310/АО360217ААА-2023/16/НА-СТА-ТТЗ, 311/АО360217ААА-2023/16/НА-СТА-ТТЗ, 312/АО360217ААА-2023/16/НА-СТА-ТТЗ дугаар зөрчил арилгах албан шаардлагуудыг Архангай аймаг дахь Төрийн аудитын газраас гаргаж Эрдэнэмандал сумын Засаг даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч Н.Л-д хариуцуулж, даалгаж шийдвэрлэж байжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 55-61 дэх тал)

3.2. Маргаан бүхий Б/26 дугаартай захирамжид Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 17/03/09, 17/03/10 дугаар улсын байцаагчийн албан шаардлага, Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 331/А0360217АРА-2024/16/НА-СТА-ТТЗ дугаартай “Сахилга хариуцлага тооцуулах тухай” албан шаардлагыг тус тус дурдсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 4-8, 81-82 дахь тал)

3.3. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.49.-д "дотоод аудит" гэж төсвийн хөрөнгийг зүй зохистой, үр ашигтай зарцуулах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн төсвийн дотоод хяналтын үйл ажиллагааг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8.-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж заасан.

3.4. Тодруулбал, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 17/03/09 дугаартай улсын байцаагчийн албан шаардлагаар “... Эрдэнэмандал сумын Хоршоо хөгжүүлэх сангийн 2022-2023 оны санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийхэд хугацаа хэтэрсэн зээлийг төлж барагдуулаагүйгээс 63,511,300 /жаран гурван сая таван зуун арван нэгэн мянга гурван зуу/ төгрөгийг зөрчил зөрчил илэрсэн ... гэх үндэслэлээр хавсралтад дурдсан нэр бүхий иргэдээр 63,511,300 /жаран гурван сая таван зуун арван нэгэн мянга гурван зуу/ төгрөгийг төлүүлэн авч, Эрдэнэмандал сумын Хоршоо хөгжүүлэх сангийн төсвийн орлогын Төрийн сан банкин дахь ... тоот дансанд 2024 оны 6 дугаар сарын 30-ын дотор төвлөрүүлэхийг Эрдэнэмандал сумын Засаг дарга Н.Л, Засаг даргын Тамгын газрын дарга З.Б, нягтлан бодогч П.Б нарт хариуцуулав.” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 4-5 дахь тал)

3.5. Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 17/03/10 дугаартай улсын байцаагчийн албан шаардлагаар “... 2022 онд Эрдэнэмандал сумын Засаг даргын 2022 оны А/30 дугаар захирамжаар “Эрдэнэмандал шилмэл сүргийн үржлийн төв” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааны дэмжлэгт 13,600,000 төгрөгийг, 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/98 дугаар захирамжаар “Эрдэнэмандал шилмэл сүргийн үржлийн төв”-ийн үйл ажиллагаанд 5,700,000.0 мянган төгрөгийг аж ахуйн нэгжийн цалин хөлсний зардалд дэмжлэгээр олгож төсвийг зориулалт бусаар зарцуулснаас бүгд 19,300,000 /арван есөн сая гурван зуун мянга/ төгрөгийн зөрчил илэрсэн гэх үндэслэлээр “Эрдэнэмандал шилмэл сүргийн үржлийн төв” ОНӨААТҮГ-ыг татан буулгаж хөрөнгийг Засаг даргын Тамгын газарт 2024 оны 6 дугаар сарын 30-ны дотор шилжүүлэхийг Эрдэнэмандал сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Б, Засаг дарга Н.Л нарт үүрэг болгож, захирамжаар “Эрдэнэмандал шилмэл сүргийн үржлийн төв” ОНӨААТҮГ-ын захирал Д.Т, нягтлан бодогч Б.Ц нарт хариуцуулав.” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 7-8 дахь тал)

3.6. Мөн Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн “Сахилга хариуцлага тооцуулах тухай” 331/А0360217АРА-2024/16/НА-СТА-ТТЗ дугаартай албан шаардлагаар “ ...  тайлант онд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталж ОНХС-ийн хөрөнгөөр “Иргэдийн оролцоо малчдын хөгжлийг дэмжих”, “Малын үүлдэр угсаа сайжруулах” дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр баталснаас 9,000.0 мянган төгрөгийг тэмцээн, уралдаан зохион байгуулж шагнал, бэлэг дурсгалын зүйлд, 5,700.0 мянган төгрөгийг “Шилмэл сүргийн үржлийн төв” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааны дэмжлэгт олгосон нь орон нутгийн төсөвт энэ хэмжээний ачааллыг бий болгосон, хуулийн этгээдийн өөрөө өөрийгөө санхүүжүүлэх дүрмийг хэрэгжүүлээгүй, төсвийг хэмнэлтгүй, зориулалт бусаар зарцуулсан, төсвийн үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихтай холбоотой албан үүргээ үр дүнтэйгээр хэрэгжүүлээгүй, өмнөх оны аудитаар илэрсэн зөрчлийг давтан гаргасан байна. 2. Мөн түүнчлэн шинээр байгуулагдсан “Ар сарав” ОНӨААТҮГ хуулийн этгээдийн нэр дээр сумын хоршоог хөгжүүлэх сангаас Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн А/56 дугаар захирамжаар 202306 дугаартай зээлийн гэрээний дагуу 66.000.0 мянган төгрөгийн зээл олгосон нь зээлийн өртөг зардлын бодит тооцоолол, баталсан стандарт, хэрэгцээ, шаардлагад үндэслэгдээгүй, зээлийн хөрөнгийг зориулалт бусаар ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн, хөрөнгийг тайлан бүртгэлд тайлагнаагүй, хувь хүний дансанд шилжүүлэн зарцуулсан зөрчил илэрсэн гэх үндэслэлээр Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 “Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан этгээд, хүчин төгөлдөр болсон балан шаардлага, төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй, ... хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, .... нь аудитаар илэрсэн бол тухайн албан хаагчид сахилыг шийтгэл ногдуулах үндэслэл болно”, 42 дугаар зүйлийн 42.3-т “энэ хуулийн 42.1, ...-т заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд төрийн аудитын байгууллага тухайн албан хаагчид холбогдох сахилгын шийтгэл ногдуулах ... талаар эрх бүхий албан тушаалтанд албан шаардлага өгөх ба эрх бүхий албан тушаалтан ямар шийдвэр гаргасан талаараа албан шаардлагад заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хариу мэдэгдэнэ” гэсэн заалтыг үндэслэн Эрдэнэмандал сумын Засаг дарга Н.Л-д хуульд заасны дагуу хариуцлагын арга хэмжээ авч, биелэлтийг 2024 оны 6 дугаар сарын 1-ний дотор Архангай аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхийг аймгийн Засаг даргад даалгав.” гэжээ (1 дүгэр хавтаст хэргийн 9-10 дахь тал)

3.7. Нэхэмжлэгч Н.Л нь дээр дурдсан Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын байцаагчийн шаардлага, мөн тус аймаг дахь Төрийн аудитын газрын албан шаардлагуудад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, тус албан шаардлага, хяналт шалгалтаар тогтоогдсон зөрчил нь бодит байдалд тогтоогдсон эдгээр эрхийн актууд хууль зүйн хувьд хүчин төгөлдөр болсон байна.

3.8. Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. дэх хэсэг Дараах албан тушаалтан төсвийн ерөнхийлөн захирагч байна: 14.1.20.-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.18, 14.1.19-д зааснаас бусад төсвийн” гэж зааснаар нэхэмжлэгч нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргаар ажиллаж төсвийн ерөнхийлөн захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлж байсны хувьд  мөн хуулийн 14.3.-т зааснаар “… өөрийн эрхлэх асуудлын төсвийн орлого, зарлагын зүй зохистой, үр ашигтай байдал, үр дүнгийн гүйцэтгэлийг хангаж, өөрт хамаарах төсвийн гүйцэтгэлийн биелэлтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, болон Зөвлөл Засгийн газар, Улсын Их Хурлын өмнө бүрэн хариуцна.”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4. дэх хэсэг Энэ хуулийн 5.1.3-т заасан санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ: 6.4.1.-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 16 дугаар зүйлийн 16.5.5.-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэж зааснаар нэхэмжлэгч нь төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд хуулиар хүлээсэн чиг үүргээ  бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй, Төсвийн тухай хууль болон холбогдох журмаар хориглосон үйл ажиллагаа явуулж хууль зөрчсөн болох нь дээрх акт, тэдгээрт дурдсан үндэслэлээр тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй.

3.9. Нэхэмжлэгч Н.Л нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг дарга буюу төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн нь дээрх байдлаар тогтоогдсон нөхцөлд нэхэмжлэгчийг төсвийг хэмнэлтгүй, зориулалт бусаар зарцуулсан зөрчил гаргасан гэж үзсэн хариуцагчийн шийдвэрийн үндэслэлийг буруутгах боломжгүй, уг шийдвэр үндэслэл бүхий болжээ.   

3.10. Маргаан бүхий уг хэргийн тухайд, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 17/03/09, 17/03/10 дугаар улсын байцаагчийн албан шаардлага, шалгалтын материалд сумын Эрдэнэмандал сумын Хоршоо хөгжүүлэх сангийн 2022-2023 оны санхүү төсвийн үйл ажиллагаа, орон нутгийг хөгжүүлэх сангийн санхүүгийн үйл ажиллагаатай холбоотойгоор тус сумын Засаг дарга Н.Л- болон нэр бүхий бусад албан тушаалтанд хариуцуулахаар тусгасны зэрэгцээ тухайлан Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 331/А0360217АРА-2024/16/НА-СТА-ТТЗ дугаартай “Сахилга хариуцлага тооцуулах тухай” албан шаардлагаар Эрдэнэмандал сумын Засаг дарга Н.Л-д хуульд заасны дагуу хариуцлагын арга хэмжээ авч, биелэлтийг 2024 оны 6 дугаар сарын 1-ний дотор Архангай аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхийг аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 4-8, 81-82 дахь тал)

3.11. Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1. дэх хэсэгт Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан этгээд, хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй, аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитаар илэрсэн бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно., 42.3. дахь хэсэгт “Энэ хуулийн 42.1,...-т заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд төрийн аудитын байгууллага тухайн албан хаагчид холбогдох сахилгын шийтгэл ногдуулах, албан тушаалаас чөлөөлөх талаар эрх бүхий албан тушаалтанд албан шаардлага өгөх ба эрх бүхий албан тушаалтан ямар шийдвэр гаргасан талаараа албан шаардлагад заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хариу мэдэгдэнэ.” гэж тус тус заасан.

3.12. Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 331/А0360217АРА-2024/16/НА-СТА-ТТЗ дугаартай “Сахилга хариуцлага тооцуулах тухай” албан шаардлагад: “...өмнөх оны аудитаар илэрсэн зөрчлийг давтан гаргасан байна.” гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг сумын Засаг даргаар ажиллаж байхад төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд хамаарах хууль болон журмын шаардлага, нөхцөлийг зөрчсөн, эл зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй хугацаанд биелүүлээгүй зэрэг үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлагыг эрх бүхий албан тушаалтан болох аймгийн Засаг даргад хүргүүлжээ.

3.13. Дээрх нөхцөлөөс дүгнэхэд аймгийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.17.-д зааснаар “сумдын үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт тавих;” чиг үүрэг, мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.-т заасан “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна: ... “, 64.2.2.-т заасан “хууль тогтоомж удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн” гэж заасныг үндэслэсэн эрх бүхий этгээдээс ирүүлсэн албан шаардлагын дагуу нэхэмжлэгчийг албан тушаалаас огцруулах шийдвэр гаргасныг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

3.14. Мөн дээрх эрх бүхий этгээдийн албан шаардлагыг үндэслэн Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4. дэх хэсэгт Энэ хуулийн 5.1.3-т заасан санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ: 6.4.1.-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6.-д заасан “үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоогүй хандив, тусламжийн шинжтэй зарлага, санхүүжилт гаргахгүй байх”, 4.2.7.-д заасан “аливаа үйл ажиллагааны зохион байгуулалт нь өртөг зардлын бодит тооцоолол, баталсан стандарт, хэрэгцээ, шаардлагад үндэслэгдсэн байх” зохицуулалтыг маргаан бүхий актын үндэслэл болгосон нь маргааны үйл баримт, бодит нөхцөлд тохирсон байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан зарчмын агуулгад нийцсэн гэж шүүх дүгнэв.

3.15. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас “ ... Эрдэнэмандал сумын Засаг дарга нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлсэн, энэ нэхэмжлэгчийг шууд буруутгах үндэслэл болохгүй ...” гэх тайлбар гаргаж буй боловч, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллага (албан тушаалтан) буюу сумын Засаг дарга нь хууль ёсны буюу хууль, тогтоомжид нийцсэн шийдвэр гаргах үүрэгтэй ба тухайн шатны хурлын шийдвэрийг хэрэгжүүлж байгаа гэх үндэслэлээр хууль зөрчсөн (дээрх албан шаардлагад дурдсан санхүүгийн зөрчил) шийдвэр гаргах эрх хэмжээгүй, дээрх үндэслэлийг зөвтгөх хууль зүйн боломжгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

3.16. Мөн тус санхүүгийн зөрчилтэй холбоотойгоор Эрдэнэмандал сумын Засаг даргаар ажиллаж байсан Н.Л-д холбогдуулан аймгийн Засаг даргаас гомдол, мэдээлэл гаргасныг шалгаад, Архангай аймгийн Прокурорын газрын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” 547 дугаар прокурорын тогтоолоор бүртгэлтийн 1294 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байх бөгөөд уг прокурорын тогтоол нь авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотойгоор гэмт хэргийн шинж бий эсэхэд л дүгнэлт өгсөн болохыг дурдах нь зүйтэй. (2 дугаар хавтаст хэргийн 94-98 дахь тал)

3.17. Иймд шүүх дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн “Н.Л-ийг албан тушаалаас огцруулах тухай” Б/26 дугаар захирамжийг хууль зүйн үндэслэлтэй хэмээн дүгнэсэн тул нэхэмжлэгчийн ихэсгэсэн шаардлага хангагдах боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2, Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Н.Л-оос Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин 17,867,850 төгрөг, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг Архангай аймгийн Засаг даргаас гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ТҮВШИНТУЛГА