Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2024/0867

 

 

 

 

 

 

       2024        11          04                                     128/ШШ2024/0867

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М******* ТӨҮГ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А*******

Хариуцагч: Үндэсний аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Н*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.А*******,

Хариуцагч: Аудитын менежер Б.Д*******,

Хариуцагч: ******* ХХК-ийн захирал Д.*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******

Нэхэмжлэлийн шаардлага: “Үндэсний аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай ******* дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А*******, Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.М******* ТӨҮГ-аас тус шүүхэд Үндэсний аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Н*******, аудитын менежер Б.Д*******, ******* ХХК-ийн захирал Д.*******д холбогдуулан Үндэсний аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ний өдрийн ******* дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.

Хоёр. Маргааны үйл баримтын талаар:

2.1.Үндэсний аудитын газраас 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн СНАГ-2024/30/ΗΑ-СΤΑ-ΤӨΑ дугаар актыг М******* ТӨҮГ-т Төлбөр барагдуулахаар гаргасан.  

2.2.Нэхэмжлэгч нь уг актыг эс зөвшөөрч Монгол Улсын ерөнхий аудиторын үүргийг түр орлон гүйцэтгэгчид гомдол гаргахад Үндэсний аудитын газрын 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дугаар албан бичгээр шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн.

2.3.М******* Төрийн өмчит үйлдвэрийн газраас Үндэсний аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Н*******, аудитын менежер Б.Д*******, ******* ХХК-ийн захирал Д.*******д холбогдуулан гаргасан "Төрийн өмчит үйлдвэрийн газраас Үндэсний аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай ******* дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүх 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:

3.1.М******* ТӨҮГ-аас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:  

"Үндэсний аудитын газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг үндэслэн санхүүгийн тайлангийн аудитын ажил гүйцэтгэх тоот гурван талт гэрээ байгуулсан.

Гэрээний дагуу Үндэсний аудитын газраас томилогдсон ХХК М******* ТӨҮГ-ын 2023 оны санхүүгийн тайланд аудит хийж гүйцэтгэсэн бөгөөд Үндэсний аудитын газраас 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 07/792 албан бичгээр аудитын тайланг ирүүлээд байна.

Нэг. Тус актад ийн танилцуулга, контентын зардалд 19,000,000 төгрөг, сэтгүүлд байгууллагын танилцуулга нийтлүүлэх зардалд 33,000,000.00 төгрөг, нийт 52,000,000.00 төгрөг зарцуулсан нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1.4-т "Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, Засгийн газрын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт, цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулахаас бусад зорилгоор байгууллага, хамт олныг сурталчлах, салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, контент, баримтат болон цуврал киноны уран бүтээл зэргийг санхүүжүүлэх" гэж заасныг зөрчсөн гэж үзсэн нь дараах эрх зүйн баримтаар үгүйсгэгдэж байна.

Үүнд: Монгол Улсын Их Хурлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр тогтоолын 1-т " Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн хавсралтын 3.2.2-т ийн жоншны далд уурхайг ашиглалтад оруулна, Засгийн Газрын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 203 дугаар тогтоолын 1-т "Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г 1 дүгээр хавсралтаар, хавсралтын 3.2.2-т тусгагдсан бөгөөд зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, хэрэгжүүлэх байгууллага /үндсэн/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, М******* ТӨҮГ гэж тусгагдсан бөгөөд энэ тухай ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01/727 дугаар албан тоотоор батлагдсан төсвийн хүрээнд хэрэгжүүлж санхүүжүүлэхийг дэмжсэн, дээрх Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэр байхад Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Хоёр.Үндэсний аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ний өдрийн дугаар актын үндэслэл болгосон Төрийн аудитын тухай хуулийн 21.2. “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно.", Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны дугаар "Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмын" 4.2.3.8-д Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2- т хуулийн зохицуулалтад хамаарахгүй бөгөөд нарийвчлан судлан үзэхэд тус хуулийн 21.4-д "Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална" гэж хуульчилсны дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны дугаар "Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам" баталсан бөгөөд тус журмын 4.2.1-д "Албан шаардлага өгөхөд дараах нийтлэг үндэслэлийг харгалзана” гэж 4.2.3-д "Төлбөрийн акт тогтооход дараах нийтлэг үндэслэлийг харгалзана" гэж журамласан байна.

Төлбөрийн акт тогтоох хууль зүйн үндэслэл нь Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2. "Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно" гэж, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны дугаар тушаалын хавсралтаар баталсан "Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам"-ын 1.3. "Төлбөрийн акт нь төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэж буй аудитын явцад илэрсэн төлбөрийг нөхөн төлүүлэхэд чиглэсэн заавал биелэгдэх шинжтэй захиргааны акт байна" гэж тус тус зохицуулсан.

Хариуцагч нь маргаан бүхий актад нэхэмжлэгчийг Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж тус хуулийг зөрчсөн нь Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан "..: төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж... зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно" гэдэг заалтад хамруулан хууль бус захиргааны акт ногдуулсан.

Учир нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д "Энэ хуулийн зорилт нь төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино", 3 дугаар зүйлийн 3.2-д "Энэ хуулийн 3.1-д заасан этгээдийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн горимыг мөрдүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцаанд энэ хуулийг мөрдөх ба бусад хуульд өөрөөр заасан бол энэ хуульд заасныг дагаж мөрдөнө” гэж тус тус зохицуулснаас үзвэл тус хууль нь Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомжид хамаарахгүй, тус хуулийн заалтын урьдчилсан нөхцөлүүдэд мөн хамаарахгүй юм. Иймд маргаан бүхий акт нь хуульд үндэслэх зарчимд нийцсэн буюу эрх зүйн үндэслэлтэй байх, тухайн эрх зүйн үндэслэлийг зөв хэрэглэсэн байх, хуулийн урьдчилсан нөхцөл нь бодит нөхцөл байдалд тохирсон байх захиргааны актын материаллаг эрх зүйн шаардлагыг хангаагүй тул хууль бус захиргааны акт юм.

Гурав: Хариуцагч нь маргаан бүхий актыг батлан гаргахын өмнө Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны дугаар "Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам"-ын 5 дугаар зүйлийн 5.1-д "Аудитын баг албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох шийдлийг шалгагдагч этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэх бөгөөд баримтаар нотолж, баталгаажуулна", 5.2-д "Шалгагдагч этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдээс санал, тайлбар ирсэн тохиолдолд аудитор, аудитын менежер судлан, хэрхэн шийдвэрлэх талаар санал бэлтгэж, тэргүүлэх аудитор танилцуулан шийдвэрлүүлнэ”, мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж заасан заалтуудыг хэрэгжүүлээгүй сонсох ажиллагааг явуулаагүй юм. Тухайлбал 2024 оны 03 дугаар сарын 25-ний өдрийн дугаар актыг батлан гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуульд заасан 26, 27 дугаар зүйлийн 27.2-т "Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ" гэж заасны дагуу сонсох ажиллагааны талаарх мэдэгдэл 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр цахим шуудангаар ирүүлсэн бөгөөд мөн хуулийн 27.5-д "Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна." гэсэн хуулийн шаардлага хангаагүй, хуулийн 27.7-д "Сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй." гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлээгүйгээр Захиргааны актыг 2024 оны 03 дугаар сарын 25-ний өдрийн огноотой гаргасан байх тул Захиргааны ерөнхий хуулийг хэрэглээгүй, захиргааны акт гаргах ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй хууль бус захиргааны акт гэж үзэж байна.

Түүнчлэн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн цахим шуудангаар ирүүлсэн сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1."..., ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал...." мэдээллийг тусгаагүй байгаа нь хуулийн шаардлагад нийцээгүй, хангаагүй байгаа нь хууль бус бөгөөд хууль ёсны дагуу явуулсан гэж үзэхгүй байна.

Иймд 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаар актыг гаргахдаа хариуцагч нь дугаар тушаалын хавсралтаар баталсан "Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам"-ын 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дахь заалтыг хэрэгжүүлээгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй мөн тус хуулийн 4.2 дугаар зүйлийн 4.2.5-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй, хуульд үндэслэх зарчимд нийцсэн буюу эрх зүйн үндэслэлтэй байх, тухайн эрх зүйн үндэслэлийг зөв хэрэглэсэн байх, хуулийн урьдчилсан нөхцөл нь бодит нөхцөл байдалд тохирсон байх захиргааны актын материаллаг эрх зүйн шаардлагыг тус тус хангаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу актыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. 

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"Нэхэмжлэл гаргахдаа маргаан бүхий захиргааны актыг хоёр үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тус актанд ийн танилцуулга, контентын зардалд 19,000,000 төгрөг, сэтгүүлд байгууллагын танилцуулга нийтлүүлэх зардалд 33,000,000 төгрөг, нийт 52,000,000 төгрөг зарцуулсан нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1.4-т заасныг зөрчсөн байна гэж маргаан бүхий акт дээр дурдсан байдаг. Төлбөрийн акт тогтоох хууль зүйн үндэслэл нь Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно гэснийг үндэслэл болгож тогтоосон байгаа. Мөн 2020 оны дугаар албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох тухай журмын 4.2.3.8-д заасныг үндэслэл болгосон.  

ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн тоот албан бичгээр дээрх үйл ажиллагааг явуулахад Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1.4-т заасныг зөрчсөн эсэх санал авахал Засгийн газрын шийдвэр хэрэгжүүлэхтэй холбоотой арга хэмжээ байх тул батлагдсан төсвийн хүрээнд хэрэгжүүлж санхүүжүүлэлтийг дэмжиж, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчөөгүй гэсний дагуу бид үйл ажиллагаа явуулсан.

Үүнтэй яагаад маргаж байгаа гэвэл Монгол улсын их хурлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр тогтоолын 1 дүгээр заалтад Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хавсралтаар баталсан Их хурлын тогтоол байгаа. Энэ хавсралтын 3.2.2-т жоншны далд уурхайг ашиглалтад оруулна гэж заасан. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 203 дугаар тогтоолын 1-т Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 1 дүгээр хавсралтаар, хавсралтын 3.2.2-т жоншны далд уурхайг ашиглалтад оруулна гэж төлөвлөгөөг тусгасан байдаг. Энэ төлөвлөгөөний дагуу буюу Засгийн газрын хөтөлбөр төлөвлөгөөнд тусгасны дагуу харьяалах байгууллага нь хэн юм, үндсэн үйл ажиллагааг хэн хариуцах юм. Монгол Улсын Их хурлын тогтоол буюу Засгийн газрын тогтоолоор үйл ажиллагааны төлөвлөгөө хөтөлбөрийг бол баталсан түүнтэй уялдуулаад төлөвлөгөө хэрэгжүүлэх ажлын хүрээнд далд уурхайг ашиглалтад оруулах ажил тусгагдсан байна. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1.4 дэх заалтыг зөрчөөгүй.

Актын хоёр дахь үндэслэл нь Төрийн аудитын тухай хуулийн 21.2-т шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх гэж цааш нь зааж өгсөн. Төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчсөн гэж үзээд байгаа юм бол акт тавихгүй албан шаардлага байх ёстой гэсэн байр суурьтай байна. Яагаад гэвэл Төрийн аудитын тухай хуулийн 21.1-т шалгагдагч этгээд хууль тогтоомж гэсэн байгаа юм.

Мөн ерөнхий аудиторын баталсан 2020 оны дугаар журамд ямар нөхцөлөөр акт тогтоох, албан шаардлага өгвөл ямар нөхцөлөөр зөрчил гаргах юм гэдэг асуудлыг нарийвчлан журамласан байгаа. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримт болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт мөн эсэх талаар нотлох баримт гаргуулах хүсэлтээр тодруулсан. Уг акт нь Хууль зүйн яамны нийтээр дагаж мөрдөх дугаар актаар бүртгэгдсэн байсан. Энэ журмын 4.2.1-д албан шаардлага өгөхдөө дараах нийтлэг үндэслэлийг харгалзана, 4.1.11-д хууль тогтоомж, гэрээ хэлцэл зөрчсөн алдаа зөрчлийг таслан зогсоох давтан гаргуулахгүй байх үр нөлөөтэй гэж үзсэн бусад нөхцөл байдал гэдэгт хамаарах юм байна.

Хэрвээ зөрчсөн гэж үзвэл акт биш албан шаардлага тавих ёстой. Төсвийн санхүү, нягтлан бодох бүртгэлтэй холбоотой байвал цэвэр акт тогтоох юм байна. Мөн төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах нийтийн өмч хөрөнгийг олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалахтай холбоотой ноцтой санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой байх юм бол шууд акт тогтоохоор хууль болон журамд заасан байна.    

Маргаан бүхий акт дээр шууд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн гэж аудит хийсэн. Шууд актын төслийг Төрийн аудитын газарт танилцуулаад акт хэлбэрээр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Манай компанийн тухайд улсын төсвөөр санхүүждэг аж ахуй нэгж биш. Харин улсын төсөвт мөнгө төвлөрүүлдэг төрийн өмчит үйлдвэрийн газар. Хэрвээ төсвөөс санхүүжээд төсвийн мөнгө хэрэгжүүлдэг байсан бол акт тавих нь тодорхой байх. Мөн Үндэсний аудитын газраас ирүүлсэн албан тоот байгаа. Уг албан тоот дээр тухайн акт тавих үйл ажиллагаа нь хууль зөрчөөгүй буюу манай нийтлэг журмыг барьсан байна. Энэ үйл ажиллагаа нь ямар нэгэн процессын алдаа гаргаагүй байна гэж хариу ирүүлдэг. Үүндээ 2022 оны хэм хэмжээний актыг үндэслэл болгосон байдаг. Энэ нь Хууль зүйн дотоод хэргийн яаманд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актад бүртгэгдээгүй гэсэн лавлагааг шүүхийн журмаар гаргуулж авсан байдаг. Манай зүгээс Үндэсний аудитын газарт энэ гаргасан актаа дахин нэг хараач ээ гэсэн хүсэлтийг гаргасан. Хүсэлтэд хариу өгөхдөө нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актыг үндэслэл болгож хариу өгч байгаа нь учир дутагдалтай байна.

Маргаан бүхий акттай маргаж байгаа хоёрдох үндэслэлийн тухайд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу захиргааны акт, захиргааны гэрээ гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гарахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 27 дугаар зүйлийн 27.2-т сонсох ажиллагааны талаар мэдээллийг эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ гэж заасан. Сонсох ажиллагааны талаар ерөнхий нягтлан бодогчид цахим шуудангаар 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр буюу акт гарснаас хойш мэдэгдсэн байгаа юм. Энэ үйлдэл нь Захиргааны ерөнхий хуульд заасан процесс ажиллагааг нөхөж хийсэн гэдэг нь харагдаж байна.

Үндэсний аудитын газраас гарсан акт нь хуулийг зөрчиж хийсэн үйлдэл байна гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ. 

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

4.1.Хариуцагчаас тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

"Үндэсний аудитын газраас М******* ТӨҮГ-ын 2023 оны санхүүгийн тайланд хийх аудитыг ХХК-иар гүйцэтгүүлсэн.

Аудит гүйцэтгэх явцад шалгагдагч этгээд ийн танилцуулга, контентын зардалд 19,000,000.00 төгрөг, сэтгүүлд байгууллагын танилцуулга нийтлүүлэх зардалд 33,000,000.00 төгрөг, нийт 52,000,000.00 төгрөгийг зарцуулсан байсан.

Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т "Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, Засгийн газрын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт, цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулахаас бусад зорилгоор байгууллага, хамт олныг сурталчлах, салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, контент, баримтат болон цуврал киноны уран бүтээл зэргийг санхүүжүүлэх" гэж заасныг зөрчсөн гэж үзээд контент, танилцуулгын зардалд зарцуулсан 52,000,000.00 төгрөгийг шийдвэр гаргасан буруутай албан тушаалтнаар төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "... төрийн болон орон нутгийн өмчийн 50 болон түүнээс дээш хувийн оролцоотой хуулийн этгээд, түүний албан тушаалтан" гэдэгт М******* ТӨҮГ нь хамаарч байна.

Төрийн аудитын тухай хуулийн 6, 8 дугаар зүйл, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.8-д заасан бүрэн эрхийн хүрээнд аудитыг гүйцэтгэсэн бөгөөд шалгагдагч этгээд ийн танилцуулга, контентын зардалд 19,000,000.00 төгрөг, сэтгүүлд байгууллагын танилцуулга нийтлүүлэх зардалд 33,000,000.00 төгрөг, нийт 52,000,000.00 төгрөгийг зарцуулсан болох нь баримтаар нотлогдсон, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон.

Мөн төлбөрийн актыг тогтоохдоо Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т "Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно", Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны дугаар тушаалаар баталсан "Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам"-ын 4.2.3.8-д "Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан бусад нөхцөл байдал үүссэн" гэж заасныг тус тус үндэслэсэн шийдвэр гаргасан.

Сонсох ажиллагаа явуулсан талаар:

Дээрх зөрчлийг явцын аудитаар салбар дээр илрүүлсэн бөгөөд тухайн үед салбарын захирал нягтлан бодогч нарт танилцуулсан бөгөөд мөн төв салбар дээр жилийн эцсийн аудитаар танилцуулсан.

Сонсох ажиллагааг явуулах үед М******* ТӨҮГ-ийн захирал томилолттой байхгүй гэх шалтгаанаар хугацааг хойшлуулж байсан бөгөөд ирсний дараа ерөнхий нягтлан бодогч, захиралд утсаар мэдэгдэн ирэх санал тавьсан боловч ажил ихтэй очиж амжихгүй гэж хариу өгсөн. Сонсох ажиллагааг тухайн үед санаатайгаар хуулийн хугацааг хойш татан баталгаажуулахгүй байсан гэж үзэж байна.

Энэ хугацаанд ерөнхий нягтлан бодогч манай ажлын байранд хэд хэдэн удаа ирж байсан бөгөөд хүлээн зөвшөөрч байгаа талаар мэдээлж байсан, мөн газрын захирал утсаар хүлээн зөвшөөрч байгаагаа хэлж байсан болно. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу шалгагдагч этгээд буюу М******* ТӨҮГ-т "Аудитаар илэрсэн алдаа, зөрчилтэй асуудлыг үнэлж, шийдвэрлэх хуудас"-аар тухай бүр танилцуулан, саналыг авч байсан бөгөөд тайлбар хэсэгт "хэрэгжилтийг хангаж ажиллана" гэж хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулж байсан. Мөн аудитлагдсан тайланг хүлээлгэн өгөх үед ерөнхий нягтлан бодогчтой хийсэн ярилцлагын тэмдэглэл дээр зөрчлийг арилгаж, хэрэгжүүлж ажиллах талаар хийсэн ярилцлагын тэмдэглэлээр баталгаажиж байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өнгө үү.” гэжээ.

4.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

"Нэхэмжлэгч жоншны далд уурхайг сурталчилсан гэж тайлбарлаад байгаа юм. Гэтэл ын сэтгүүл дээр нийтэлсэн баримтууд нь М******* ТӨҮГ-ын үйл ажиллагааг танилцуулсан байгаа юм. Бид тухайн үед сэтгүүл болон кинотой танилцсан. М******* ТӨҮГ-ын 50 жилийн ойд зориулан сэтгүүл болон баримтад кино гаргасан байгаа юм. Үүнийг бол хуулиар хязгаарласан байгаа. Ном, сэтгүүл буюу хэвлэлийн байгууллагыг ивээн тэтгэж таниулан, сурталчлах үйл ажиллагаа хийхгүй. жоншны далд уурхайг сурталчилсан бол зөвхөн жоншны далд уурхайн талаар л гарах ёстой. Гэтэл даргын мэндчилгээ, 50 жилийн ойн төлөвлөгөө, М******* ТӨҮГ-ын үйл ажиллагааны талаар дурдсан үйл ажиллагаа нь хууль зөрчсөн байгаа юм. сэтгүүл 1000 ширхэг хэвлэгдсэн. Хэрвээ ард нийтэд түгээх байсан бол 1000 ширхэг гарахгүй. Уг сэтгүүлийг 19,000,000 төгрөгөөр хийсэн. Яагаад акт тавьсан гэвэл Үндэсний аудитын газраас бидэнд өгсөн зөвлөмж байдаг. Төрийн хэмнэлтийн тухай хууль нь бусад хуулиудын малгай хууль шүү дээ. Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой заалт дээр төлбөрийн акт, албан шаардлага өгнө. Сэтгүүл болон баримтад кино нь байгууллагын 50 жилийн ойд зориулж хийгдсэн байгууллагаа сурталчлан таниулах зорилгоор хийгдсэн асуудал байгаа юм.

Тухайн үед нь энэ талаар ярилцсан хууль зөрчсөн байна гэдгийг байгууллагын дарга нар хүлээн зөвшөөрч байна гэж сонсох ажиллагааны мэдэгдэлд гарын үсэг зурсан. Хуулийн хугацаа хоцроосон асуудал нь нэхэмжлэгч компанитай холбоотой. Засварласан тайлангаа хуулийн хугацаа хоцроож өгсөн. Мөн орлогын данс дотор өртгийн данс холилдсон. Энэ нь орлого, зарлага буруу илэрхийлж байгаа гэсэн үг юм. Бидний зүгээс энэ алдааг зас гэсэн боловч хүлээн зөвшөөрөхгүй байж байгаад, хүлээн зөвшөөрч их засвар орсон. Данс бүрийг засна гэдэг нь бүгдийг засна гэсэн үг юм. Хойшлогдсон татварын хөрөнгө, хойшлогдсон татварын өр хоёрыг буруу тооцоолоод 2 тэрбум гаруй төгрөгийн буруу бичилт хийсэн байсан. Энэ бүгдийг хамт сууж тооцоолол хийж үүний дагуу засаад ир гэхэд ойлголоо гэснээ балансаа засмааргүй байна гэсэн. Харин манайхаас буруу бичилт хийсэн орлого, авлагын данс холилдсон тохиолдолд хүлээн зөвшөөрөхгүй, хязгаарлалттай дүгнэлт өгч балансыг хаана гэхэд буцаж ирээд дахин засварлая гэсэн хариу өгдөг. Засварлахад их хугацаа орж хуулийн хугацаа хэтрүүлсэн. Яагаад гэвэл оны эхнээс бүх дансны гүйлгээ хийгдэж байгаа юм. Үүнээс болж дараа дараагийн ажиллагаанууд хойшилсон. 

4.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

"Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлд аудитын хуулийн этгээдийг санхүүгийн тайлангийн баталгаажуулах аудитад гэрээгээр гүйцэтгүүлж болно гэж эрх олгосны дагуу ******* ХХК аудитыг хийж гүйцэтгэсэн. Төсвийн тухай хуулийн 3.1-т зааснаар М******* ТӨҮГ нь шалгагдагч этгээд мөн юм. Шалгагдагч этгээд төлөвлөх, зарцуулах, бэлтгэх, олж авахтай холбоотой санхүүгийн үйл ажиллагаа бүхэлдээ хамаарч байдаг. Энэ утгаараа хуулийн 21.2-т үндэслэж захиргааны акт гарсан байгаа.

Төрийн аудитын тухай хуулийн 15.1.4-т тодорхой нөхцөлүүдийг дурдаж өгсөн байгаа. Үүнд мэдээллийг олон нийтэд хүргэх сурталчлан таниулахаас бусад зорилгоор байгууллага хамт олноо сурталчлах салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг контент баримтат болон цуврал киноны уран бүтээлийн ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг бэлдэх зэргийг санхүүжүүлж болохгүй гэсэн асуудал байгаа. Үүнтэй холбоотой тайлбар хэлсэн учраас хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна. Төрийн аудитын тухай хуулиар Монгол улсын ерөнхий аудитор албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмыг баталж хэм хэмжээний актад бүртгүүлж, мөрдүүлэхээр заасны дагуу хэм хэмжээний актад бүртгээд нийтээр даган мөрдөх хэмжээний акт болж нийтээр даган мөрдөж байгаа. Захиргааны актад дурдсан хэм хэмжээний акт нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Мөн сонсох ажиллагааны тухайд бол 04 дүгээр сарын 04-ний өдөр мэйлээр хүргүүлсэн. Сонсох ажиллагааны мэдэгдлийг ямар хэлбэрээр хүргүүлж болдог. Зөрчлийг компанийн удирдлага болон ерөнхий нягтлан бодогч нарт танилцуулж гарын үсэг зуруулсан. Эдгээр бүх нотлох баримтууд хэргийн материалд авагдсан байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр актаар тогтоосон төлбөрийн хэмжээг бууруулж шийдвэрлэв.

         2.Нэхэмжлэгчээс “Үндэсний аудитын газрын Төлбөр барагдуулах тухай 2024 оны 03 дугаар сарын 25-ний өдрийн ******* дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гарган дараах үндэслэлээр маргасан.

          2.1. Үндэсний аудитын газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн гэрээ байгуулах эрх олгох тухай дугаар албан бичгийг үндэслэн санхүүгийн тайлангийн аудитын ажил гүйцэтгэх дугаар гурван талт гэрээ байгуулсан.

          2.2.Тус актад ийн танилцуулга, контентын зардалд 19,000,000 төгрөг, сэтгүүлд байгууллагын танилцуулга нийтлүүлэх зардалд 33,000,000.00 төгрөг, нийт 52,000,000.00 төгрөг зарцуулсан нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1.4-т  заасныг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй.

          2.3.Хариуцагч нь маргаан бүхий актад нэхэмжлэгчийг Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтад хамруулан акт ногдуулсан нь хууль бус.

          2.4.Маргаан бүхий акт нь хуульд үндэслэх зарчимд нийцсэн буюу эрх зүйн үндэслэлтэй байх, тухайн эрх зүйн үндэслэлийг зөв хэрэглэсэн байх, хуулийн урьдчилсан нөхцөл нь бодит нөхцөл байдалд тохирсон байх захиргааны актын материаллаг эрх зүйн шаардлагыг хангаагүй.

          2.5.Хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахын өмнө Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны дугаар "Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам"-ын 5 дугаар зүйлийн 5.1, 5.2. мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасан заалтуудыг хэрэгжүүлээгүй, сонсох ажиллагааг явуулаагүй гэж маргажээ.

          3.Үндэсний аудитын газраас М******* ТӨҮГ-ын 2023 оны санхүүгийн тайланд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчилд 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар актаар төлбөр тогтоосон.

          Үүнд: ийн танилцуулга, контентын зардалд 19,000,000 төгрөг, сэтгүүлд байгууллагын танилцуулга нийтлүүлэх зардалд 33,000,000 төрөг, нийт 52,000,000 төгрөгийг зарцуулсан. Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, Засгийн газрын болон ... шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт, цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг олон  нийтэд хүргэх, сурталчлан таниулахаас бусад зорилгоор байгууллага, хамт олныг сурталчлах, салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, контент, баримтат болон цуврал киноны уран бүтээл зэргийг санхүүжүүлэх” гэж заасныг зөрчсөн гэж үзэн контент, сэтгүүл, танилцуулгын зардалд зарцуулсан 52,000,000 төгрөгийг шийдвэр гаргасан буруутай албан тушаалтнаар төлүүлж, Үндэсний аудитын газрын ... дансанд төвлөрүүлэх, ... Актын биелэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дотор Үндэсний аудитын газарт ирүүлэхийг даалгажээ.

4.Хариуцагчаас Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Төрийн аудитын байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 6.3.1-д "шалгагдагч этгээдэд энэ хуулийн 11, 12 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх;”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Төрийн аудитын байгууллага Төсвийн тухай хуульд заасны дагуу улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн байгууллага, төсөв захирагчийн жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан, санхүүгийн нэгтгэсэн тайлан, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдийн жилийн санхүүгийн тайланд аудит хийнэ.”, 8.9.8-д “Төрийн аудитын байгууллага энэ хуульд заасан санхүүгийн тайланд аудит хийх чиг үүргээ аудитын хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно.” гэж тус тус заасны дагуу М******* ТӨҮГ-ын 2023 оны санхүүгийн тайланд хийх аудитыг Б энд Си аудит ХХК-иар гүйцэтгүүлжээ.

5.Монгол Улсын ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмын 1.3-д “Төлбөрийн акт нь төрийн байгууллагаас гүйцэтгэж буй аудитын явцад илэрсэн төлбөрийг нөхөн төлүүлэхэд чиглэсэн заавал биелэгдэх шинжтэй захиргааны акт байна.” гэж, мөн журмын 4-т Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох үндэслэлд ... 4.2.1.6-д төсвийг зориулалтын бусаар зарцуулсан, 4.2.1.10-т аудитын илэрсэн алдаа, зөрчил, түүнийг арилгахаар өгсөн зөвлөмжийг хугацаанд нь хэрэгжүүлээгүй ... гэж үзсэн бусад нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд төлбөрийн акт тогтоохоор журамласнаас үзвэл Үндэсний аудитын газрын ******* дугаар актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

6.Түүнчлэн Монгол Улсын ерөнхий аудитораас 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дүгээр  тушаалын 1 дэх заалтаар Төрийн аудитын байгууллагаас Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих бодлого, чиглэл, хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн дугаарт бүртгүүлсэн нь Хууль үйн, дотоод хэргийн сайдын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өрийн дугаар албан бичгээр тогтоогдож байна. /х.х 101/

7. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 203 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт, шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг баталж, тогтоолын 2 дугаар хавсралтын 3.2.2-т ийн жоншны далд уурхайг 2021-2024 онд ашиглалтад оруулахаар заажээ.

          8.Хэдийгээр М******* ТӨҮГ-т төлбөр ногдуулсан маргаан бүхий акт үндэслэлтэй боловч нэхэмжлэгчээс Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 203 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 3.2.2-т ийн жоншны далд уурхайг 2021-2024 онд ашиглалтад оруулах үйл ажиллагааны хүрээнд үйл ажиллагаа явуулсан эсэхийг үнэлж дүгнээгүй гэж үзэхээр байна.

          9.Өөрөөр хэлбэл, М******* ТӨҮГ нь Монгол Улсын Их Хурлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 3.2.2.2.-т ийн жоншны далд уурхайг ашиглалтад оруулна, Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 203 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.2.2-т тусгагдсан зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, хэрэгжүүлэх байгууллага ... М******* ТӨҮГ гэснээс үзэхэд  эдгээр төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх үйл ажиллагааг явуулсан гэж үзэхээр байна.

          10.Түүнчлэн М******* ТӨҮГ нь төрийн өмчит үйлдвэрийн газар болохын хувьд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “төрийн болон орон нутгийн өмчийн 50 болон түүнээс дээш хувийн оролцоотой хуулийн этгээд, түүний албан тушаалтан энэ хуульд заасан хориглосон зохицуулалтад хамаарч байгаа хэдий ч ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01/727 дугаар албан бичгээр "... ийн  нээлтийн үйл ажиллагаанууд нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасны дагуу Монгол улсын Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхтэй хоблоотой арга хэмжээ байх тул батлагдсан төсвийн хүрээнд хэрэгжүүлж, санхүүжүүлэхийг дэмжсэн" болохыг дурдах нь зүйтэй.

         11.Эдгээр үйл ажиллагаа нь УБҮ-ийн захирал нь Рэд фильм ХХК-ийн гүйцэтгэх захиралтай 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр BV-2023-03-13 дугаар Ажил гүйцэтгэх гэрээгээр ... Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт багтсан Далд уурхайн төсөл хөтөлбөрийг сурталчлах, олон нийтэд түгээх зорилгоор баримтат кино хийх /2023 оны 11 дүгээр сарын 09-ний дотор/ ажлыг гүйцэтгэх, захиалагч тал нь гэрээнд заасан ... үнийн дүн 19,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. /х.х-24-27/

Мөн ХХК-ийн захиралтай 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 23/61 ВИ-2023-03-14 дугаар Ажил гүйцэтгэх гэрээгээр “... сэтгүүлийг М******* ТӨҮГ-ийн үйлдвэрийн газрын үйл ажиллагаа болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан 2020-2024 онд хэрэгжүүлэх Далд уурхайн төсөл хөтөлбөрийг сурталцлах, олон нийтэд түгээх уул уурхайн чиглэлийн сэтгүүлийн тусгай дугаарын ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцож /х.х 28-31/, ажил гүйцэтгүүлснээр нотлогдож байна.

12.Үүнээс үзэхэд М******* ТӨҮГ нь Монгол Улсын Их Хурлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 3.2.2.2.-т ийн жоншны далд уурхайг ашиглалтад оруулна, Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 203 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.2.2-т тусгагдсан зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, хэрэгжүүлэх байгууллага болох М******* ТӨҮГ нь /х.х-92/ эдгээр төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэсэнтэй холбоотой зардлыг төлүүлэхээр тогтоохдоо эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээгүй.

13.Маргаан бүхий актыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байгаа хэдий ч Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж заасныг хариуцагч дутуу хэрэгжүүлж бодит нөхцөл байдлыг дутуу тогтоосон гэж үзэх үндэслэлтэй байна.

14.Иймд маргаан бүхий актаар тогтоосон төлбөрийг Монгол Улсын Их Хурлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 3.2.2.2.-т ийн жоншны далд уурхайг ашиглалтад оруулна, Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 203 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.2.2-т тусгагдсан зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, хэрэгжүүлэх байгууллага М******* ТӨҮГ-т холбогдох хэсэг буюу ийн жоншны далд уурхайн үйл ажиллагааг олон нийтэд мэдээлсэнтэй холбоотой үйл ажиллагаанд холбогдох хэсэгт ногдуулсан төлбөрийг бууруулах нь зүйтэй гэж үзлээ.

15.Дээрх үндэслэлээр Үндэсний аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ний өдрийн ******* дугаар актаар  тогтоосон 52,000,000 төгрөгийн төлбөрөөс  27,000,000 төгрөгөөр бууруулж, 27,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээр төлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.6-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.3.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.9.8, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4-т заасныг тус тус баримтлан Үндэсний аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ний өдрийн 152/А0150092 дугаар актаар тогтоосон 52,000,000 төгрөгийн төлбөрийг 27,000,000 төгрөгөөр бууруулсугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.АДЪЯАСҮРЭН