Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 131

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Сүхжаргал, улсын яллагч Б.Байгалмаа, шүүгдэгч Э.Мөнхдэмбэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

             Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Зуун богд овогт Энхтүвшингийн Мөнхдэмбэрэлд холбогдох эрүүгийн “1811003330095” дугаартай, 186/2018/0109/э индекстэй хэргийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймаг Богд суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан техникийн их сургуулийн 5 дугаар курсийн оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянгол дүүрэг 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 47 дугаар байрны 30 тоотод оршин суух бүртгэлтэй, Зуун богд овогт Энхтүвшингийн Мөнхдэмбэрэл /РД:ЙД95092318/,

 

           Холбогдсон хэргийн талаар

Э.Мөнхдэмбэрэл нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, ойн булаг амралтын газар хохирогч Ж.Даваасамбуугийн нүүрэн тус газарт гараараа цохиж  түүний биед зүүн нүдний ухархай доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                                                                                     

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

1.1. Шүүгдэгч Э.Мөнхдэмбэрэл нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:...хохирол төлсөн,  эмчилгээний зардлыг бүрэн төлсөн, 350.000 төгрөг хохирогчид өгсөн. 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг  прокуророос  надад сонсгосон, би прокуророос  сонсгож байгаа  ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 2.1.Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

           2.2. Хохирогч Ж.Даваасамбуу нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:..2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр найз Болор, Баттулга, Тэмүүжин, Алтай. Эрдэнэсүрэн, Ууганбаяр нарын хамтаар Ойн булаг амралтын газар очиж амарсан. Тэгээд амарч байгаад 2018 оны 01 дүгээр сарын 08-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 19-нд шилжих шөнө 03-04 цагийн үед найз Болорын машиныг гражид оруулах гээд гарсан. Тэгээд Болорын хамтаар яваад машиныг нь гражид оруулчихаад буцах замдаа амралтын газрын үүдэн дээр зогсож байсан 4 эрэгтэйгээс гар утас цэнэглэгч байна уу гэж асуусан. Тухайн үед Болорын гар утасны цэнэг дууссан байсан. Тэгээд би тэр дөрвөн эрэгтэйгээс айфоны цэнэглэгч байна уу гэхэд байгаа гэхээр нь эрэгтэйг нь дагаад амарч байгаа өрөө рүү нь орсон. Тэгээд тэр залуу цэнэглэгч өгөөд тэрийг нь аваад гараад ирэхэд тэр 4 эрэгтэйгийн нэг нь цэнэглэгчийн талаар яриад байсан. Тухайн үед би нилээн согтуу байсан. Тэгээд тэр эрэгтэй цэнэглэгчний талаар янз бүрийн зүйл яриад байсан. Би тухайн үед юу гэж ярьж байсныг нь санахгүй байна. Тэгээд маргалдаж байгааг тэр залуучуудтай үл ойлголцох болсон. Тэр эрэгтэйчүүдийн гурав нь өндөр нуруутай, нэг нь намхан нуруутай байсан. Тэгээд маргалдаж байгаад намхан нуруутай эрэгтэйтэй нь  барилцаж аваад байж байхад нэг өндөр нуруутай эрэгтэй нь намайг хувцаснаас татаад салгасан. Тухайн үедээ тэр эрэгтэйтэй харилцан цохилцсон шиг санагдсан. Тухайн үед тэр дөрвөн эрэгтэйгийн нэг болох намайг салгасан эрэгтэй миний хамар руу нэг удаа цохьсон. Тэгээд миний хамраас цус гарч эхэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Би урьд өмнө хамартаа гэмтэл авч байгаагүй. Тухайн өдөр хамартаа цохиулсаны улмаас хамар хугарсан байсан гэх мэдүүлэг. /хх-15/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Даваасамбуу гэрчээр мэдүүлэхдээ:.. Өчигдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 16 цагийн үед найз Баттулга, Болор, Астай, Тэмүүжин, Эрдэнэсүрэн нарын хамт Чингэлтэй дүүргийн  нутаг дэвсгэрт байрлах Баян булаг амралтын газарт очсон юм. Тэгээд тэнд байж байгаад шөнө 03:00 цагийн үед найз Болорын хамт гараад машинаа гражид оруулчихаад буцаж байрлаж байсан гэрлүүгээ явж байгаад амралтын газрын үүдэнд 4-5 залуу зогсож байхаар нь утасны цэнэглэгч байна уу гэж асуусан чинь нэг залуу нь цэнэглэгч байгаа аваад өгье гэж хэлээд амралтын газрын 3 давхарлуу дагуулж гарч цэнэглэгч авч өгөөд бид хоёр доошоо бууж ирсэн чинь үүдэнд байсан залуучуудын нэг нь энэ цэнэлэгч биш гэж хоорондоо юм ярьж байсан чинь өндөр залуу нь намайг цохиж унгаасан юм. Тухайн үед юу болсныг нь би өөрөө ч ойлгоогүй гэнэт намайг цохиод унгаачихсан юм. Би тэр залуучуудтай хэрэлдэж маргалдаагүй. Би тухайн үед нэлээд согтуу байсан намайг яаж цохисныг нь сайн санахгүй байна тухайн үед миний хажууд манай найз Болор хамт байсан юм гэжээ. /хх 6-7/,

 2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Чимэддорж гэрчээр мэдүүлэхдээ:.. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 09 цагийн үед Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Шадивланд байрлах Ойн булаг гэх амралтын газар найз                 Мөнх-Оргил, Мөнх-Дэмбэрэл, Батмөнх, Бунь-Од, Бямбасүрэн, Амгаланбаатар, Ганхуяг, Ариунаа, Ууганбат бид нар амрах гэж очсон. Тэгээд бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж уусан. 2018 оны 01 дүгээр сарын 19-ний шөнө 04 цагийн үед Мөнх-Оргил, Мөнхдэмбэрэл, Батмөнх, Ууганбат бид дөрөв амралтынхаа байрны үүдэн дээр тамхи татаад зогсож байсан. Тэгсэн 2 залуу амралтын байрнаас гарч ирээд бид нараас IРНОNЕ гар утасны цэнэглэгч байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би тамхи татаад зогсож байсан найзуудаасаа гар утасны цэнэглэгч асуусан чинь манай найзууд өрөөнд гар утсаны цэнэглэгч байгаа гэж хэлсэн. Тэгээд би өрөөрүү ороод цэнэглэгч аваад улаан куртик өмссөн залууд гар утасны цэнэглэгч өгсөн. Тэгсэн манай ангийн Бямбасүрэн чи миний цэнэглэгчийг өгсөн байна миний гар утасны цэнэг дуусаж байгаа гэсэн. Тэгэхээр нь би өрөөрүү ороод гар утасны цэнэглэгчийг нь сольж өгөх гээд өрөөрүү орчоод буцаад амралтын байрны үүдэнд гараад ирсэн чинь манай найзууд цэнэглэгч асуусан хоёр залуутай маргалдаад зодолдож байсан. Тэгэхээр нь би найзуудаа тэр хоёр залуугаас нэг нэгээр нь салгаад өрөө өрөөнд нь оруулж унтуулсан. Бид нар өрөөндөө унтаж байсан чинь цагдаа ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс дээр авчирсан гэжээ.              /хх 8-10/,

2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Мөнх-Оргил гэрчээр мэдүүлэхдээ:..Миний бие 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр сургуулиа төгсөөд  ангийнхантайгаа Ойн булаг гэх амралтын газар очоод 2018 оны 01 дүгээр сарын      19-ний өглөө 04 цагийн орчим гадаа тамхи татаад зогсож байхад манай ангийнхан хүүхдээс үл таних залуу ирээд цэнэглэгч асуухаар нь би цэнэглэгч гуйсан гэх залууг дагуулаад 208 тоот өрөөнд ороход цэнэглэгч олдохгүй байна чи хүлээгээд сууж бай гээд хамт гарсан. Тэгсэн тэр залуу манай ангийн Батмөнхтэй маргалдаж Батмөнхийн нүүр нь тус газар нь мөргөсөн. Тэгээд Батмөнх тэр залуугийн нүүрэн тус газар нь нэг удаа мангасдсан. Бид нар тэр хэдийг салгаад өрөө өрөөндөө унтаж байхад цагдаагийн албан хаагч нар ирж бид нарыг цагдаагийн хэлтэс дээр авчирсан гэжээ. /хх-11/,    

        2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ө.Батмөнх гэрчээр мэдүүлэхдээ:..Би 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр орой 21 цагийн үед найз Чимэддорж,            Мөнх-Оргил, Мөнхдэмбэрэл бид 4 "Ойн булаг" амралтын газар очсон. Тэгээд амралтын газарт амарч байгаад шөнө 03-04 цагийн үед бид 4 тамхи татах гээд амралтын газрын үүдэнд зогсож байхад үл таних залуу ирээд гар утасны цэнэглэгч байна уу гэж асуусан. Тэгээд манай найз Чимэддорж цэнэглэгч авах гээд дээшээ гарсан. Тэгээд цэнэглэгч аваад бууж ирчихээд ахархаад эхэлсэн. Тэгээд эрэгтэй бид нарлуу хандаад томрох, ахархах байдал гаргаж эхэлсэн. Тэгээд тэр эрэгтэйг ахархахаар нь бид нар өөдөөс нь үг сөрөөд эхэлсэн. Тэгээд байж байхад тэр эрэгтэй миний хамарлуу мөргөхөөр нь бие биеэ хамгаалаад тэр эрэгтэйг бариад авсан. Тухайн үед миний хамар болон биед гэмтэл учраагүй. Тэгээд тэр эрэгтэй намайг мөргөхөөр нь биеэ хамгаалаад тэр эрэгтэйг бариад авсан. Тэгээд тэр эрэгтэйтэй барилцаад авсан байхад манай найзууд ирээд салгасан. Тэр үед нөгөө эрэгтэйн хамраас цус гарчихсан байсан. Тухайн үед тэр эрэгтэйтэй би зууралдаж байхад манай найз Мөнхдэмбэрэл тэр эрэгтэйг нэг удаа цохьсон гэжээ. /хх-12/,  

2.7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1779 тоот актын:                                                                                                                                                    1. Ж.Даваасамбуугийн биед зүүн нүдний ухархайн доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно.

 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болороо гэсэн дүгнэлт. /хх-174/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 24-25/, хохирогчийн санал гомдолгүй гэсэн баримт /хх-37/, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-34/  зэргийг шинжлэн судлалаа.

 

Дээрхи  хуульд заасан журмын  дагуу цугларсан  нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн  шалгах ажиллагааны явцад  хийгдвэл зохих ажиллагаа бүрэн  хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад  тулгуурлан дараахи үйл баримтыг  тогтоов.

 

Шүүгдэгч Э.Мөнхдэмбэрэл нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, ойн булаг амралтын газар хохирогч Ж.Даваасамбуугийн нүүрэн тус газарт гараараа цохиж түүний биед зүүн нүдний ухархайн доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нарын мэдүүлэг шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1779 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Мөнхдэмбэрэлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг  тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, дахь хэсэгт тус тус зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.                     

 

Шүүгдэгч Э.Мөнхдэмбэрэл нь, хохирогч Ж.Даваасамбуу нар нь  мөрдөн шалгах ажиллагааны явцад  хоорондоо эвлэрэн тохиролцсон, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгч нь гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ж.Даваасамбуу нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр хүсэлт гаргасан  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Зуун богд овогт Энхтүвшингийн Мөнхдэмбэрэлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Зуун богд овогт Энхтүвшингийн Мөнхдэмбэрэлийг 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнхдэмбэрэлд оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнхдэмбэрэл нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Э.Мөнхдэмбэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Мөнхдэмбэрэлийн хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ