Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/446

 

 

 

 

2023             04               25                                      2023/ДШМ/446

                          

Г.З-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай 

                                                                                                                                                         Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Билгүүн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.О, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэбулган,

шүүгдэгч Г.З, түүний өмгөөлөгч Н.Ганбат,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/303 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.З-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн эрүүгийн 2206000003125 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

...,

- Октябрийн районы Ардын шүүхийн 1974 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 123 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 219 дүгээр зарлигаар эдлээгүй үлдсэн ялаас өршөөн хэлтрүүлсэн,

- Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

Шүүгдэгч Г.З нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Б- дүүргийн 7 дугаар хороо, .... хонгилд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Ц.А-тай маргалдаж, улмаар түүний цээжний зүүн дээд хэсэгт нь хутгалж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Б- дүүргийн прокурорын газраас: Г.З-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Б- дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.З-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,  хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.З-оос 6.760.711 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.О-д олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.З гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие 1980-1986 онд Цэргийн ерөнхий сургуулийн холбооны курсыг төгсөх сонсогч нарт радио холбооны дадлагын хичээл заадаг байсан бөгөөд 2000 онд ар гэр, амьдрал ахуйгаа сайжруулахаар Солонгос улсыг зорьж байсан. Хүний газар хар ажил хийж олон жил болохдоо  харийн хүний доромжлол, ааш аягийг тэвчиж, хамт ажилладаг Монгол залуусдаа “битгий уурлаж бухимд, яах гэж ирсэн зорилгоо бод, ард чинь хайртай бүхэн чинь намайг хүлээж байгаа, жоохон тэсчихвэл зорьсондоо хүрээд эх орондоо буцна” гэж мэддэг, чаддаг бүхнээ зааж сурган, олон залуустай эвтэй, найртай ажиллаж байгаад 2015 онд эх орондоо буцаж ирсэн. Би уг нь архийг хайж явж донтож уудаггүй, тухайн үед эхнэртэйгээ жоохон ам зөрөөд байрны гадаа сууж байхдаа Г- руу утсаар ярьсан чинь “... А- хүрээд ир” гэж байна гэхээр нь яваад очсон. А намайг автобусны  буудал дээрээс тосч аваад  ууж байсан газар руугаа дагуулж явсан. Тэндээ гурвуулаа ууж хоноод өглөө нь дахиж уугаад нилээн согтсон байх үед талийгаач доромжлоод, толгой дээр гишгээд, нүд рүү хуруугаараа чичээд байсан. Хүний газар олон жил хар ажил хийж, харийн хүнд доромжлуулж явсан болохоор хүн доромжилж, гутаахаар цочир уурлаж, өөрийгөө барьж, хянаж чадахгүй болжээ. Хүн доромжлуулж, нэр төрөө гутаалгасан үедээ л хүсээгүй зүйлээ хийчихдэг юм байна. Надад талийгаачийн амь насыг хохироох ямар ч санаа, сэдэл, зорилго байгаагүй. Тухайн үед  өөрөө ч мэдэхгүй цочир уурандаа ийм уучлашгүй зүйлийг хийжээ. Миний түмэн буруу, би гэм буруугаа ойлгон ухамсарлаж, маш ихээр гэмжиж байна. Би өөрийн буруутай үйлдлээ өмгөөлөх гэсэнгүй ээ, гагцхүү ийм өндөр насан дээрээ өршөөж боломгүй хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж, харамсаж, талийгаачийн үр хүүхдийг бодохоор өр зүрх эмтэрч, ард үлдсэн хөл муутай, таяг тулж явдаг хөгшин хань, болон үр хүүхдүүдээ л өрөвдөж байна. ... Миний бие олон жил хүний газарт хортой нөхцөлд ажиллаж, уушиг шохойжилттой, зүрх судас сахрын өвчтэй буюу 20-оос дээш гардаг. Үүнээс болж даралт ихсэж 220-240 хүрдэг. Хорих ангийн эмнэлэгт 2 удаа хэвтсэн, байнга эмчийн хяналтад байж, олон эм тариа хэрэглэдэг. Иймд миний биеийн эрүүл мэндийн байдал болон гэм буруугаа хүлээн гэмшиж, хохирлоо төлж барагдуулсан зэргийг харгалзан гуч гаруй жил ханилсан хань, үр хүүхдүүдтэйгээ уулзаж, сэтгэлийн зовлонгоо хуваалцах боломжийг олгож, хорих дэглэмийг минь нээлттэй болгож, хорих ялаас минь цөөн ч болтугай хэдэн жил хасч өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.З-ын өмгөөлөгч Н.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.З-той хорих 461 дүгээр ангид очиж удаа дараа уулзахад даралт нь 230-240 хүрч, хорих ангийн эмнэлэгт хоёр удаа хэвтсэн. Сахарын өвчтэй, 1958 онд төрсөн, 69 настай, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, энэ хэрэг гарсан өдрөөс хойш цагдан хоригдож байгаа тул хохирогчийн ар гэрээс уучлалт гуйх, хохирлоо төлөх боломж олдоогүй. Мөн эхнэр нь Шарын голд амьдардаг тул хохирол төлбөр төлөх боломжгүй байгаа. Хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа тул үйлчлүүлэгчийнхээ гомдлыг дэмжиж, оногдуулсан ялыг нь багасгаж өгнө үү гэж хүсч байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирол барагдуулаагүй буюу үүргээ биелүүлээгүй байж дахин эрхээ эдэлье гэж байгааг ойлгохгүй байна. Шүүгдэгч нь ямар ч сэтгэлгүй, надтай огт уулзаагүй, мөн хүний амь хохироосон байж эцгийг маань доромжилж өөрийнх нь дээрээс гишгэсэн мэтээр ярьж байна. Миний эцэг хүний дээрээс гишгэх нь байтугай доромжилж байгаагүй. Үүнийг би огт худлаа гэж бодож байна. Амьдарч байх хугацаанд хүний төлөө гэсэн сэтгэлтэй байсан. Энэ хэрэг гарахын өмнө өөрийг нь дуудсан гэх найзыгаа 5-6 жил дэргэдээ байлгаж, орогнуулсан. Миний эцэг ямар сайхан сэтгэлтэй хүн байсныг өөрөө ч мэдэж байгаа байх. Иймд шүүгдэгчийн давж заалдах гомдлыг нь эсэргүүцэж байна. Харин ч оногдуулсан ял нь бага санагдаж байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.О-ийн өмгөөлөгч Э.Эрдэнэбулган тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс хуульд заасан хэмжээний дотор шүүгдэгч Б.З-од ял шийтгэл оногдуулсан. Хэдийгээр сэтгэл санаа нь цочрон давчидсан байж болзошгүй гэдэг ч энэ нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй. Шүүгдэгч нь өдий хүртэл хохирол төлбөрийг огт төлж барагдуулаагүй. Оногдуулах ял шийтгэлийн тухайд давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх тул энэ талаар хэлэх тайлбаргүй.” гэв.

Прокурор Г.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.З-д холбогдох хэргийн гэм буруугийн нотлогдсон байдал, учирсан хохирол, шүүгдэгчид оногдуулах ялын талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хуульд нийцсэний зэрэгцээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байна. Шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлсний үндсэн дээр шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алсан бол 8-15 жил хорих ял шийтгэхээр заасан бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц мөн хуулиар тогтоосон төрөл хэмжээний дотор буюу 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүхийн бүрэн эрхийн асуудал юм. Давж заалдах гомдлын тухайд, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус харин эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болсон хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд хэрэглэж болох шүүхийн эрх хэмжээний асуудал учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болгохгүй. Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амь насыг хохироосон үйлдлийг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэм бурууд нь тохирсон, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

            Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

амь хохирогч Ц.А-гийн хувийн байдал, тухайн  болсон үйл явдал болон түүний дараах нөхцөл байдлын талаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.О-ийн өгсөн: “ ... Миний аав Ц.А нь ... архи уудаггүй, баяр ёслол, найзуудтайгаа уулзахаараа л хааяа уудаг, гэхдээ тааруулж уудаг байсан. ... 2021 оноос Б- дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 37а байрны 50 тоотод ганцаараа амьдарч эхэлсэн. Миний охин Ц-г намайг ажилтай байх үед харж өгдөг байсан. Үндсэн гэр нь манай гэр буюу Б- дүүргийн 27 дугаар хороо, 10- 2019 тоотод бүртгэлтэй байдаг. Харин одоо амьдарч байгаа байр нь төрсөн дүү Ө-н гэр байгаа юм. ... 2022 оны 10 дугаар сарын 04-ний өглөө охиноо үлдээчихээд орой нь 20 цагийн үед очиж авсан. Тэгэхэд л уулзсан, харин сүүлд аав миний гар утар руу залгаад охин Ц-г авчирч үлдээх юм уу гэхээр нь үгүй гэж ярьсан. Тэр үед гэртээ байна гэж хэлсэн ба архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ... Би З гэж хүнийг огт танихгүй, харин Г нь 1-р орцны подволд амьдардаг хүн байгаа юм. ...” /1-р хх-ийн 37/,

гэрч Д.У-ийн “... Манай хажуу талд Г гэх цагаан үстэй өвгөн ганцаараа амьдардаг. ... 2022 оны 10 дугаар сарын 05-ны орой 19:00 цагт гэртээ ирэхэд Г-ын гэрт Г-, А-, Г-ын найз З- нар нь архи уугаад сууж байсан. Би гэртээ шөнө унтаж байхад согтуу орилж хашгираад байсан. Өглөө 09:00 цагийн үед Г-ын гэр рүү ороход дахиад “Хараа” нэртэй архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь “та нар шөнөжин архи уулаа шүү дээ, болиоч” гэж хэлчихээд гараад явсан юм. Тэгээд 11:00 цагийн үед гэртээ байж байсан чинь цагдаагийн алба хаагч нар орж ирж байсан. Намайг өглөө Г-ын гэрт ороход Г- газар согтсон байдалтай унтаж байсан. А- Г-ын хажууд газарт сууж байсан, З- ширээний хажуу талд сандал дээр сууж байсан. Намайг гэртээ байхад маргалдаж, хоорондоо зодолдсон чимээ гараагүй, би сонсоогүй. Г- нь байнга архи уудаг, А- 37а байрны СӨХ-ийн дарга, З-г би сайн мэдэхгүй, Г-ын найз гээд байдаг. Энд урьд нь ирж байгаагүй.” /1-р хх-ийн 59-60/,

гэрч Ц.Ө-ийн “ ... би хүү З.Б-аас мөнгөний хэрэг байна, түрээсийн мөнгөө өгөх гэсэн юм гэж асуусан. Тэгсэн чинь З.Б нь орой явуулъя гэж хэлсэн чинь Г.З явуулахгүй удаж байна гэх шалтгаанаар уурлаж, улмаар надтай маргалдаад, бид хоёр хэрэлдсэн чинь Г.З нь хувцсаа өмсөөд, уурлаад 21:00 цагийн үед гараад явсан юм. Тэрнээс хойш Г.З руу би нэг ч удаа залгаагүй. Харин өнөөдөр өглөө 09 цаг 55 минут, 11 цаг 11 минут, 11 цаг 38 минутад над руу залгахаар нь би гар утсыг нь огт аваагүй. Тэгтэл өдөр намайг цагдаагийн байгууллагаас дуудаж, би гэрээсээ гараад ирж байсан чинь над руу 9 ... дугаараас 16 цаг 47 минутад Г.З нь залгаад “ ... би хүн алчихлаа, шорон руу явж байна, чи яанаа” гэж хэлчихээд гар утсаа тасалсан юм. ...”/1-р хх-ийн 80/,

гэрч Ж.Г-ын “... 2022 оны 10 дугаар сарын 06-ны өглөө Ц.А ганцаараа 0.75 литрийн “Хараа” нэртэй архи авч ирсэн. Тухайн архийг нь хуваагаад ууж байсан чинь Г.З- миний 99 ... дугаар руу өөрийнхөө 99 ... дугаараас залгаад “би гадаа явж байна” гэж хэлсэн чинь хажуу талаас Ц.А- нь “Г.З ахыг хүрээд ир гээд хэлчих” гэсэн. Тэгэхээр нь би Г.З-ыг манай гэрт хүрээд ир гэж хэлсэн юм. Тэгтэл удалгүй ганцаараа орж ирээд бид гурав нөгөө архиа хувааж уугаад сууж байсан чинь Ц.А нь бид хоёрын толгой дээр хөлөө тавиад, миний болон Г.З-ын нүд рүү хуруугаа хийж хатгаад байсан. Тэгсэн чинь Г.З, Ц.А нар хоорондоо маргалдаж, барилцаж авсан. Тэрнээс цааш би юу болсныг мэдэхгүй байна. Нэг харахад Ц.А хөргөгчний зүүн талын газарт дэвссэн байсан ягаан өнгийн гудас дээр дээшээ харчихсан хэвтэж байсан. Г.З нь буйдан дээр сууж байсан. Тэгтэл шууд цагдаагийн алба хаагч нар орж ирээд Г.З- бид хоёрыг аваад, гарч эрүүлжүүлэх байр руу хүргэсэн юм. Тэгээд өнөөдөр Г.З-той эрүүлжүүлэх байрнаас ирж явахдаа юу болсон талаар асуухад Г.З- нь бас санахгүй байсан. Ямар ч байсан би өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэж хэлж байсан. Тухайн өдөр мэдүүлэг өгөхөд олон хоног архи уучихсан байсан учраас он, сар, өдрийг сайн санахгүй байсан. Харин сүүлд нь бодоод байхад 2022 оны 10 дугаар сарын 05-ны орой л ирсэн, гэхдээ яг цагийг нь бол санахгүй байгаад байна. Эхлээд Ц.А орж ирсэн, дараа нь Г.З- руу гар утсаар яриад Г.З орж ирсэн. Маргааш өглөө нь дахиад архи уусан. Уг гэмтлийг талийгаач Ц.А- нь миний биед учруулсан юм.” /1-р хх-ийн 62, 65/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13865 тоот “Ж.Г-ын биед баруун, зүүн нүдний алим, дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /1-р хх-ийн 72-73/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2626 тоот “Талийгаач Ц.А-гийн цогцост үнхэлцэг хальс, зүрхний зүүн тосгуур, уушгины тараагуур судас, гол судасны нум, зүүн 2-р хавирга, булчин, зөөлөн эдийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, зулгаралт, зүүн сарвуунд зүсэгдсэн шарх, духны хуйх, баруун дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн болон ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Цус нь 3-р бүлгийн харьяалалтай байна. Цогцост хийсэн 2022.10.06-ны өдрийн 22:20 цагийн анхны гадна үзлэгээр нас бараад 10-12 цаг орчим хугацаа өнгөрсөн байжээ. Цусанд 2.5 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Ходоодны шингэнд 3.6, цөсөнд 2.3, шээсэнд 2.6 промилли спиртийн агууламж илэрсэн. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас үнхэлцгийн хөндийд цус хуралдан зүрх чихэлдэж нас баржээ” /1-р хх-ийн 83-93/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4983 тоот “Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр цус илэрсэн. Хутган дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо Ц.А-гийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” /1-р хх-ийн 151-153/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4988 тоот “Шинжилгээнд ирүүлсэн арчдас нь марль дээр цус илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн арчдас гэх марль дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна. Шинжилгээнд ирүүлсэн арчдас гэх марль дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо Ц.А-ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” /1-р хх-ийн 157-159/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4984 тоот “Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн өмд дээр цус илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн өмд дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна. Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн өмд дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо Ц.А-ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” /1-р хх-ийн 163-165/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5017 тоот “Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн хос оймс дээр цусны толбо илрээгүй, бусад хувцас дээр цус илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн цамц, цагаан саарал өнгийн цамц, жинсэн өмд, улбар шар өнгийн дотоож, саарал өнгийн дотуур өмд, хөх өнгийн гутал дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн цамц, цагаан саарал өнгийн цамц, жинсэн өмд, улбар шар өнгийн дотоож, саарал өнгийн дотуур өмд, хөх өнгийн гутал дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо Ц.А-ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” /1-р хх-ийн 168-171/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 02/634 тоот “2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Б- дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... орцны подвалд О овогт Ц-ийн А нь бусдад хутгалуулж нас барсан хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн №1, 4, 5 гэж дугаарлан тэмдэглэсэн дакто хальсан дахь 3 ширхэг гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. №2, 3 гэж дугаарлан тэмдэглэсэн 2 ширхэг гарын мөрүүд нь адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэх №4 “Хараа гэсэн бичиглэлтэй задлаагүй байх архины шилний гадаруу дээрээс” гэж дугаарласан дакто хальсан дахь 1 ширхэг гарын мөр нь амь хохирогч Цэвээндоржийн А-гийн зүүн гарын долоовор хурууны дардастай, харин N25 “Ширээн дээр байх хүрэн иштэй хутганы ажлын хэсэг дээрээс” гэж дугаарласан дакто хальсан дээрх 1 ширхэг гарын мөр нь Г.З-ын зүүн гарын эрхийн хурууны хээний дардастай тус тус тохирч байна. Шинжилгээнд тэнцэх 1 гэж дугаарласан гарын мөр нь нэгдсэн санд бүртгэгдсэн иргэдийн гарын хээний дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 5 9 хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөрүүдтэй хоорондоо тохирохгүй байна. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй” /1-р хх-ийн 99-110/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2870 тоот “Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн ногоон цамцанд үүссэн 10*10 мм хэмжээтэй гэмтэл нь гогогдон татах хүчний нэг удаагийн үйлчлэлээр үүссэн, хуучин гогдолт, ногоон цамцанд үүссэн 25 мм, цагаан саарал цамцанд үүссэн 25 мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлтэй тус бүрдээ нэг удаа үйлчлэх үед үүссэн шинэ зүсэгдэлт, ногоон цамцанд үүссэн 5*5 мм хэмжээтэй гэмтэл нь хатуу, мохоо зүйлтэй нэг удаа үйлчлэх үед үүссэн хуучин цооролт, ногоон цамцанд үүссэн 7*10 мм хэмжээтэй гэмтэл нь эдэлгээний явцад үүссэн хуучин цооролт, цэнхэр жинсэн өмдөнд үүссэн 50 мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин урагдалт байна. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр жинсэн өмдөнд үүссэн урагдалтыг хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг материалын нимгэн, зузаан, эдэлгээ, үйлчилсэн хүчний хэмжээ зэргээс хамаарч тодорхойлох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас ямар нэгэн гэмтэлгүй байна. Шинжилгээ хийх явцад нэмэлтээр хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй болно.” /1-р хх-ийн 115-120/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 13848 тоот “Г.З-ын биед баруун гарын эрхий, зүүн гарын дунд хурууны зүсэгдсэн өнгөц шарх, зүүн нүдний алимны салст, доод зовхинд цус хуралт, амны баруун талын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." /1-р хх-ийн 187-188/,

Шүүх сэтгэц, эмгэг судлалын 1008 дугаар “Г.З- нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Г.З нь өөрийнхөө үйлдлийг зөвөөр ойлгон мэдэж, удирдан жолоодох чадвартай байсан байна. Г.З нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Г.З нь өөрийнхөө үйлдсэн хэргийн учир холбогдлыг зөвөөр тусган авах, хэрэг хариуцах чадвартай байна.” /1-р хх-ийн 211-213/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 23-29/,

Г.З-ын эзэмшлийн “Самсунг Галакси А51” маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 203-207/,

2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Б- дүүргийн ... байрны гадна талын болон дотор талын подвал хэсгийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 198-201/,

гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 9/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 14-22/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад Г.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Б дүүргийн 7 дугаар хороо, ... байрны 1 дүгээр орцны хонгилд хохирогч Ц.А-тай маргалдаж, улмаар түүний цээжний зүүн дээд хэсэгт нь хутгалж алсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

          Энэхүү үйл баримтаас өмнө болоод нас барах хүртлээ Ц.А- нь бусадтай маргалдсан, зодуулсан, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биедээ дээрх гэмтлийг авсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Г.З-ын гэм буруутай үйлдлийг бодитой тогтоожээ.

          Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэгт заасан “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.

          “Хүнийг санаатай алах гэмт хэрэг” нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байна.

          Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, түүний үйлдлийн улмаас тухайн үр дагавар үүссэн эсэх нөхцөлийг зайлшгүй шаарддаг.

          Амь хохирогч Ц.А-гийн цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2626 тоот дүгнэлтээр амь хохирогч нь цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас үнхэлцгийн хөндийд цус хуралдан зүрх чихэлдэж нас барсан байх ба энэ нас барахад хүргэсэн гэмтэл нь шүүгдэгч Г.З-ын амь хохирогчийн цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий гэмтлийг хутгаар хатгаж учруулсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

          Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.З-ыг хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

          Шүүгдэгч Г.З “Миний уушиг шохойжилттой, зүрх судас, сахрын өвчтэй, даралт ихсэж 220-240 хүрдэг учраас эмчийн хяналтад байж, олон эм тариа хэрэглэдэг. Иймд эрүүл мэндийн байдал болон гэм буруугаа хүлээн гэмшиж, хохирлоо төлж барагдуулсан зэргийг харгалзан хорих дэглэмийг нээлттэй болгож, хорих ялаас хасч өгнө үү.” гэжээ.

             Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

            Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

          Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд 8-12 жил хүртэл хорих ял шийтгэхээр зохицуулсан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Г.З-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт зааснаар 12 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлсөн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.

Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/152, А/366 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар “хүнд өвчтэй хоригдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээ журам”-ын 2-т хорих ангид ял эдэлж буй хоригдолд хамаарах хэсгийг журамлан зохицуулжээ.

Мөн журмын 3.2-т “Эмнэлэг хяналтын комисс нь энэ журмын 3.1-д зааснаар шилжүүлсэн баримтыг үндэслэн энэ тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан “Хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалт”-ын 2.4-т заасан шинжилгээ, оношилгоог нягтлан шалгаж, бүрэн бүрэлдэхүүнээрээ хоригдлын биеийн байдалтай танилцах бөгөөд дүнг хурлаар хэлэлцэж санал нэгдвэл хурлын тэмдэглэлд бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулан, ялаас чөлөөлөх санал, эрүүл мэндийн тодорхойлолтыг хоригдлын хувийн хэрэг, ялын тооцооны хамт прокурорт хүргүүлнэ.” гэж заасан тохиолдол нь зөвхөн хорих ангиас нэгдсэн эмнэлэгт шилжиж ирсэн хоригдолд холбогдох баримтыг үндэслэн Эмнэлэг хяналтын комисс эрүүл мэндийн тодорхойлолтыг гаргахаар байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.З-ын эрүүл мэндтэй холбоотой баримтууд хэрэгт авагдаагүй байхаас гадна хорих ялыг биеэр эдлэхэд саад болохуйц өвчин болон бусад шалтгаанаар комисс дүгнэлт гаргаагүй байх тул тус журмыг хэрэглэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.З-ын “ял хөнгөрүүлэх тухай” гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч Г.З-ын 2023 оны 03 дугаар сарын 06-наас 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 50 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/303 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.З-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З-ын 2023 оны 03 дугаар сарын 06-наас 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нийт 50 /тавь/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                           Б.ЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН