Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 117/2017/0009/З |
Дугаар | 221/МА2017/0677 |
Огноо | 2017-09-20 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2017/0677
2017 оны 09 сарын 20 өдөр | Дугаар0221/МА2017/0677 | Улаанбаатар хот |
Ц.И-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Ц.И, түүний өмгөөлөгч Х.О, хариуцагч Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Г.Х нарыг оролцуулан Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ц.И-ын гаргасан давж заалдах гомдлоор Ц.И-ын нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Х холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Ц.И 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
“Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн “Ц.И-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/01 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажлын байраар хангахыг хариуцагчид даалгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр:
“Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.И-н Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн “Ц.И-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/01 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажлын байраар хангахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.И-ын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргад эгүүлэн томилуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тухайн хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгч Ц.И дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Миний бие 2009 онд Төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгч тэнцэн төрийн жинхэнэ албан хаагч болсон. 2007-2010 онд Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газарт Байгаль орчны байцаагч, мэргэжилтэн, 2011-2012 онд Хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтэн, 2013-2016 он хүртэл Хөдөлмөрийн хэлтэст мэргэжилтэн, 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар Хөдөлмөрийн харилцаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. 2016 оны 8 дугаар сард аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамжийн хэлтэс нэгдэж шинээр дарга Г.Х томилогдон ирсэн. Томилогдсоноос хойш бүх ажилчидтай ганцаарчлан уулзаж хэнийг ажиллуулах, ажиллуулахгүй талаар ярилцаж байсан. Надтай Г.Х дарга уулзаад “...таныг хүүхэд харах чөлөөтэй байгаа Ц.О оронд Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтнээр түр томилохоор боллоо” гэхэд нь би “...хүний оронд томилогдмооргүй байна” гэхэд “...таныг ямар ч байсан би ажилгүй болгохгүй, та зүгээр ажиллаж бай” гэсэн.
Ингээд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/39 дугаар тушаалаар би Ц.О оронд Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтнээр түр томилогдож ажилласан. Гэтэл С.Б шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа дарга Г.Х нь С.Б шүүх дээр эвлэрч миний эрхэлж байсан Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний албан тушаалд авахаар эвлэрч, улмаар шүүхийн шийдвэр гарсан тул гээд дарга Г.Х 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 дүгээр тушаал гаргаж намайг ажлаас чөлөөлж уг албан тушаалд С.Б авч ажиллуулсан. Ийнхүү миний хөдөлмөрлөх эрх ноцтой зөрчигдөж би шүүхэд хандсан.
Гэтэл анхан шатны шүүх хэргийг хэт нэг талд шийдвэрлэх гэж улайран миний эрхийг зөрчөөгүй мэтээр дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
С.Б миний эрхэлж байсан ажил, албан тушаалд томилох болсон тухай би ажлаас халагдсан тушаал аваад мэдсэн. Яагаад заавал миний эрхэлж байсан ажилд С.Б томилохыг дарга зөвшөөрсөн, үүнд шүүх яагаад эвлэрлийг баталсныг би ойлгохгүй байна. Уг албан тушаалд өөр хүн ажиллаж байгааг мэдсээр байж ийм албан тушаалын наймаа, тохироо шиг зүйл хийж, ажилгүй болгосон. Мөн хариуцагч намайг ажлаас чөлөөлөх тушаалыг гаргахдаа сонсох ажиллагаа хуульд зааснаар хийгээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгодог. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар санал гаргах боломжийг хангасан байна” гэж заасан. Гэтэл намайг ажлаас халах болсноо шууд л 2017 оны 1 дүгээр сарын 20-ны баасан гарагийн орой нэг мэдэгдэл өгөөд, 2017 оны 1 дүгээр сарын 23-ны даваа гарагийн өглөө ажлаас халах тушаалаа өгөөд, өмнө нь мэдэгдсэн мэтээр тэмдэглэл шиг зүйл үйлдсэн байсан. Миний эрхийг огт бодож үзээгүй, анхнаасаа миний эрхэлж байсан ажилд Ц.О-ийг томилсон тушаал байдаггүй, намайг хуурах гэж хүний оронд түр томилсон мэт тушаал гаргасан. Хэрэв миний эрхэлж байсан ажил болох ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний ажилд Ц.О-ийг хүүхэд харах чөлөө нь дууссан гээд томилсон бол бас өөр боловч шал өөр хүнийг томилсонд би гомдолтой байна.
Миний өөрийн эрхэлж байсан ажил болох Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтний ажлын байр нь бүтцийн өөрчлөлтөөр Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын гүйцэтгэх ажил үүрэгт хамтатган батлагдсан байсан. Уг албан тушаалд би томилогдох талаар ажил олгогчид санал болгож байсан хэдий ч сонгон шалгаруулалт хийгдэнэ. Сонгон шалгаруулалт зарлана, тэр болтол ажлаа хийхгүй бай гэсэн. Тэгээд 2016 оны 12 дугаар сард Э.Ц томилсон байсан. Би Э.Ц уг албан тушаалд түр томилогдсон, сонгон шалгаруулалт явагдана л гэж бодож байсан, гэтэл жинхэлж томилогдсоныг шүүх дээрээс л мэдсэн.
Гэтэл надад ямар ч өрсөлдөх боломж олгоогүй, ажилгүй болгохгүй гээд л ажиллуулж байгаад ийм байдалтай боллоо. Миний бие Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт “...өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу ...хууль тогтоомжид заасны дагуу ажлын байраар хангуулах эрхтэй” Би энэ эрхээ эдлээгүй гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл намайг ажлын байраар хангах боломж хариуцагчид бүрэн байсан. Гэтэл анхнаасаа хуураад л ажилгүй болгохгүй гээд л явсаар байгаад юу ч үгүй хоцроож миний эрхийг ноцтой зөрчөөд байна. Хариуцагч 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Б/39 дүгээр тушаалаар Ц.О оронд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтнээр түр томилсныгоо ажлын байраар хангасан гэж тайлбарлаж байгаа нь намайг хэт доромжилсон, хуурсан үйлдэл болж байна.
Захиргааны хэргийн шүүхийн гол зорилго нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдлээс иргэнийг хамгаалах үндсэн зорилготой. Гэтэл анхан шатны шүүх эсрэгээрээ аль болох захиргааны байгууллага буюу хариуцагчийн зөв болгох гэж бүх шийдвэрээ бичсэн нь харагдаж байна. Тухайлбал, намайг чөлөөлөх болсон талаар шийдвэр гаргахдаа 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан. Тухайн өдөр нь даваа гараг байсан ба 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр буюу баасан гарагт ажлаас халах тухай мэдэгдэл гэсэн /2016 оны 1 дүгээр сарын 20 гэсэн огноотой, 2016 оны 1 дүгээр сарын 23-наас чөлөөлөх тухай/ бичгийг өгсөн.
Мөн ажлаас чөлөөлсөн тушаалдаа ч гэсэн 2016 оны 1 дүгээр сарын 23-наас эхлэн ажлаас чөлөөллөө гэсэн байгаа. Үүнийг анхан шатны шүүх энэ алдаа хууль зүйн хувьд ач холбогдолгүй, тухайн актад тухайн албан тушаалтны хүсэл зориг бүрэн гүйцэд илэрхийлэгдсэн, оны алдаа нь уг актын агуулгыг өөрчлөхөөргүй байх тул утга агуулгын илэрхий алдаатай байна гэж үзэх боломжгүй гэсэн дүгнэлтийг хийсэн нь хариуцагч талд хэргийг шийдвэрлэх гэсэн санаа зорилгыг бүрэн илэрхийлж байна гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэснээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэлийн эхний шаардлага нь “Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” бөгөөд энэхүү тушаалаар Ц.И-ыг тус газрын Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажил зуучлал хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлжээ.
Өөрөөр хэлбэл энэхүү маргаан бүхий акт гарах хүртэл газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/39 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Ц.И дээрх албан тушаалд түр томилогдон ажиллаж байсан, энэхүү томилгоотой холбоотой ямар нэгэн маргаан гаргаагүй, 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг энэхүү ажлын байранд хийж гүйцэтгэсэн ажлаараа дүгнүүлсэн байна.
Гэтэл чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулсны дараа 2 дахь шаардлагаа урьд эрхэлж байсан дээрх албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох бус харин “Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилуулах, эсхүл ажлын байраар хангуулах” шаардлага гаргасан нь ойлгомжгүй болжээ.
Анх Ц.И аймгийн Хөдөлмөрийн болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс нэгдэхээс өмнө Хөдөлмөрийн хэлтэст Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан, харин дээрх байгууллагуудыг нэгтгэснээс хойш Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/39 дүгээр тушаалаар мэргэжилтэн Л.О-ийг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түүний эрхэлж байсан ажилд түр томилогдсон байдаг.
Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт нь шинээр бий болсон бүтэц дэх Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолттой адил гэж үзвэл бодит байдалд уг албан тушаалд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн Б/66 дугаар тушаалаар Э.Ц түр томилсон, цаг хугацааны хувьд энэ нь Ц.И Л.О оронд түр томилсноос хойш гарсан байх бөгөөд тухайн үед нь нэхэмжлэгч мөн л маргаагүй байна.
Хэдийгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч өөрөө тодорхойлох эрхтэй боловч урьд нь эрхэлж байгаагүй эрхэлж байгаагүй албан тушаалд томилуулах, эсхүл өөр ажлын байраар хангуулах байдлаар хоёрдмол агуулгатай нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй энэ тохиолдолд шүүхээс хэргийг хэрхэн шийдвэрлэхээс үл хамааран нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагааг зайлшгүй явуулах үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл “эсхүл” гэсэн агуулгатай нэхэмжлэлийг шүүх мөн адил “эсхүл” гэсэн дүгнэлт өгч шийдвэрлэх боломжгүй.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дахин тодруулж, тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэвэл зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН