Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 13

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р баг, 44-р байрны 33 тоотод оршин суух Шарууд овогт Цогзолмаагийн Хандармаагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймгийн ******* даргад холбогдох,
“******* даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч Өмнөговь аймгийн ******* дарга *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Өмнөговь аймгийн Мэргэжлийн Хяналтын Газарт 2006 оны 02 дугаар сараас эхлэн Байгаль орчин, газрын харилцаа, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байгаад 2013 оны 08 дугаар сарын 26-нд хүүхэд төрүүлж, улмаар хүүхэд асрах чөлөө авсан. Д.Мөнхтулга даргад 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүүхэд асрах чөлөөгөө дуусган үндсэн ажилдаа орох өргөдөл гаргахад 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “Орон тоо байхгүй, цомхотгогдсон тул боломжгүй хариу өгөх” гэж өргөдлийг, мөн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажилд орох хүсэлтээ илэрхийлээд уулзахад “Орон тоо байхгүй, хил дээр очиж ажилла, нэг бол 6 сарын тэтгэмжээ аваад rap гэсэн. 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 307 тоотоор “Бага насны хүүхэдтэй тул ажил үүргийн шаардлагаар 2014 оны 14 тоот тушаалаар олгосон 3 жилийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дуустал ажилд эргэн авах боломжгүй" гэсэн хариу өгсөн.
Тухайн үед манай хуүхэд 2 нас 1 сартай, цэцэрлэгээр хүмүүждэг, хүүхэд асрах хүнтэй учир би үүрэгт ажлаа хийх бүрэн боломжтой байсан. Иймд 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт “миний урьд эрхэлж байсан албан тушаалын орон тоо цомхотгогдсон эсэх, үндсэн ажилдаа эргэн орох үндэслэлтэй эсэх’’-ийг тодруулж, үндсэн ажилд эргэн ажиллуулж өгөхийг хүсч өргөдөл гаргасан бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3/3146 тоотоор “уг ажлын байрны орон тоо цомхотгогдоогүй, хуулиараа ажлын байр хадгалагдаж байгаа, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106.2 дах хэсэгт заасныг хэрэгжүүлж, Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчаар үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй” гэсэн хариуг өгснөөр Д.Мөнхтулга даргын “орон тоо цомхотгогдсон учир боломжгүй хариу өгөх”, “хил дээр ажилла, нэг бол 6 сарын тэтгэмжээ аваад гар" гэсэн шаардлага үндэслэлгүй болох нь нотлогдсон.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирсэн 3/3146 тоот хариуг үндэслэн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Мөнхтулгад 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ажилд орох өргөдлөө дахин өгсөн боловч шийдвэрлэж өгөөгүй. Үүнээс хойш дарга Э.Ишбаяраас утсаар өргөдөл шийдвэрлэгдсэн эсэхийг асуухад “дарга Д.Ичинноров байцаагчийг жирэмсний амралтаа авахаар таныг оронд нь авна гэсэн” гэж, мөн “байгууллагаас фэйсбүүкээр Байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилд авна гэсэн зар тавьсан байна, аймгийн төвд авна гэж байгаа юм уу” гэж асуухад “үгүй, хил дээр авах гэж байгаа юм” гэсэн. Судалж үзэхэд манай аймгийн Хил, хорио цээрийн хяналтын хэлтэст Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн орон тоо батлагдаагүй, огт байдаггүй нь мөн нотлогдсон.
Тухайн үед 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл өргөдлийн хариу гарсан эсэхийг нийтдээ 6-7 удаа асуухад өргөдлийн хугацааг сунгасан тухай мэдэгдээгүй болно. Д.Мөнхтулга дарга өөрийн хянаж баталгаажуулсан 2014 оны 29 тоот "Ажилд түр томилох тухай” тушаалыг үгүйсгэн, хуулиараа үндсэн ажилдаа эргэн орох эрх нээлттэй байсан миний ажилд орох хүсэлтийг шууд шийдвэрлэх боломжтой, өөрийн эрх хэмжээний асуудал байхад өргөдөл шийдвэрлэх хугацааг удаа дараа хэтрүүлж, үндэслэлгүй хариу өгч, удирдах дээд шатны байгууллагын хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэхгүй, хууль зөрчсөн шаардлага тавьж, бүтэн 6 сарын турш ажилд томилох шийдвэр гаргалгүй өргөдлийн хугацааг сунгасан гэх зэргээр шалтаглан миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон. Миний хувьд Д.Мөнхтулга даргатай урьд өмнө ямар нэг байдлаар хамтарч ажиллаж, үг сольж ч байгаагүй. Ийм учраас хувийн ямар нэг зөрчил байхгүй. Иймээс 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Ёс зүйн хороо, Төрийн албаны салбар зөвлөлд “үндсэн ажилдаа эргэн орох үндэслэлтэй эсэхийг тодруулж өгөх”-ийг хүсч өргөдөл гаргасан.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3/3931 тоотоор Д.Мөнхтулга даргад “үндсэн ажлын байраар хангах арга хэмжээ авч, хариу мэдэгдэх” гэсэн нэг хариу ирсэний дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Мөнхтулга нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс дотооддоо орон тооны зохицуулалт хийж, ажилд авна гэж мэдэгдсэн. Гэвч тухайн өдөр миний ажилд орох асуудал шийдвэрлэгдээгүй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 6/06 дугаар тушаалаар миний улсын байцаагчийн эрх олгогдсоноор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “ажилд томилох тухай” 6/04 тоот тушаал гаргасан боловч би энэ хугацаанд 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр  дахин хүүхэд төрүүлэх болсон. Миний өмнөх ажилд орох хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байсаар дараа нь жирэмсэн байснаа урьдчилж мэдэгдээгүй, зөрчил үүсгэсэн гэсэн шалтгаанаар 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/06 дугаар тушаалаар газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн миний үндсэн ажилд томилох тухай 6/04 дугаартай тушаалыг хүчингүй болгосон байна. Энэ тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8 4 гэсэн заалтыг барьсан байна.
Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар би жирэмсэн эсэхээ хэлэх үүрэггүй гэж ойлгож байгаа, мөн төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, зөрчил үүсгээгүй, ажилд орох хүсэлтээ хуулийн дагуу гаргасан, харин хуулийн хүрээнд шийдвэрлээгүйгээс өнөөгийн нөхцөл байдал үүссэн гэж үзэж байгаа бөгөөд уг тушаалыг үндэслэлгүй гаргасан, хууль зөрчсөн шийдвэр гэж үзсэн тул урьдчилсан шатны шийдвэрлэлтийг хангаж хүчингүй болгуулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан боловч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн, дотоод хяналтын улсын байцаагч М.Нармандах 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1/707 тоотоор хариу өгсөн.
Д.Мөнхтулга дарга намайг хүүхэд асрах чөлөөгөө дуусган үндсэн ажилдаа эргэн орох тухай хүсэлтийг 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гаргахад Хөдөлмөрийн тухай хуулийн 106.2-т заагдсан үүргээ тухайн үед биелүүлж ажилласан бол миний хууль ёсны эрх ашиг зөрчигдөхгүй, би хуулийн дагуу ажлаа хийж байгаад жирэмсэн, амаржсаны чөлөөгөө авч, бүх асуудал хуулийн хүрээнд шийдвэрлэгдсэн байх байсан.
Би дээрх хуулийн үндэслэл, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 29 тоот тушаалаар “орон тооны зохицуулалтгүй"-ээр үндсэн ажилдаа шууд томилогдон орох давуу эрхтэй харин хяналтын байгууллагын удирдах албан тушаалтны буруутай үйлдлээс миний хууль ёсны эрх ашиг хохирсон гэж, 2016 оны 6/06 тоот тушаалыг заавал гаргах, бусдад зарлах шаардлага байгаагүй, надад жирэмсний амралт авч буй бусад байцаагч нарын нэг адил хандаж улсын байцаагчийн эрхийг холбогдох журмын дагуу цуцлуулж болох байсан гэж үзэж байгаа юм. Анх 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ажилдаа орон хүсэлт гаргахад энэхүү журам болон хуульд заасан үүргээ биелүүлж ажилласан бол миний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй, эрхээ хамгаалуулахаар удирдах дээд шатны байгууллага, шүүхэд хандах нөхцөл үүсэхгүй байсан.
Миний хувьд жирэмсэн болж хууль зөрчсөн зүйлгүй, “би жирэмсэн” гэж өөрийгөө бусдад тунхаглах үүрэггүй, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах ямар нэг гэмт үйлдэл хийгээгүй, миний оронд түр томилогдсон Э.Ариунтулга нь энэ бүх хугацаанд ажиллаж байсан тул байгууллагад ямар нэг байдлаар хохирол учруулаагүй, харин байгууллагын удирдлагын хууль бус үйлдлээс миний хууль ёсны ашиг сонирхол хохирсон. Дарга намайг бүтэн 5 сар хагасын туршид ажилд авахгүй хохироосон байтлаа 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн б/06 тоот “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалыг заавал гаргах, улмаар эмнэлгийн байгууллагаас миний эрүүл мэндийн хувийн мэдээллийг гаргуулан авч, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл фэйсбүүкээр нийтэд зарлан тарааж, миний нэр төрийг хамт олон, найз нөхөд бусад хүмүүсийн дунд гутаах шаардлага байгаагүй, жирэмсний амралт авч буй бусад байцаагч нарын нэг адил улсын байцаагчийн эрхийг холбогдох журмын дагуу цуцлуулж болон байсан гэж үзэж байна.
Иймд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 6/06 дугаар тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Мөнхтулга шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдөр би хувь хүнийхээ өмнөөс биш Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өгсөн чиг үүргийн дагуу байгууллагаа төлөөлж, байгууллагынхаа эрх ашгийн төлөө шүүх хуралдаанд оролцож байна. Хандармаа нь хүүхэд асрах чөлөөтэй байх үедээ хүрч ирээд ажилдаа орох хүсэлтээ тавьсан. Тухайн үед би Хандармаад ажлын онцлогоос хамаарч хүүхдээ том болтол 3 жилийн хугацаагаа дуусгаад ирээ гэдэг санал тавьсан. Манай ажлын нэг онцлог хуучин бүтцээр бол Хандармаа газрын харилцаа, байгаль орчны байцаагч гэсэн орон тоон дээр ажилладаг байсан. Намайг ажилд орох үед байгууллагын бүтэц өөрчлөгдөж байгаль орчин, газрын харилцааны байцаагч болж нэршил өөрчлөгдсөн. Ингэснээр энэ байцаагчийн хийж байсан ажлууд газрын харилцаа гэдэг нь эхэндээ байсан бол нэн тэргүүнд байхаа больж зөвхөн газар олголтод хяналт тавих л үүрэгтэй болсон.
Байгаль орчин нь урдаа ороод дагавар маягаар газрын харилцаа гэдэг нь орж ирсэн. Энэ нь манай байгууллагад нэн тэргүүнд хэрэгтэй байсан байгаль орчны байцаагчын ажил орж ирсэн, нэршил өөрчлөгдсөн ч ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа. Эдгээр нөхцөл байдал бий болсон учраас хүүхэд асрах 3 жилийн хугацаагаа дуусгаад ороод ир гэсэн хариуг өгсөн. Манай байгаль орчны байцаагч бол байнгын хөдөө явж байдаг, байнгын постонд явдаг, байнгын эргүүлд явдаг, юм хураадаг, нинжа нартай тэмцдэг ийм л хүнд хэцүү ажил байсан учраас ийм саналыг тавьсан боловч хүлээж аваагүй. Байгууллагын даргын хувьд авахгүй гэж татгалзсан зүйл байхгүй, авна гэхдээ хугацааг нь хэлсэн.
Гэтэл шат шатны байгууллагуудад хандаж маргаан үүсгэсэн, тухайн маргааныг дуусгавар болоход манай газраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2006 оны 325 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу улсын байцаагчийн эрхийг олгуулахаар 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 тоот албан бичгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлснээр улсын байцаагчийн эрх олгогдсон тушаал 2016 оны 01 дүгээр сарын 21-нд манай газарт ирж, газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 6/04 дүгээр тушаалаар *******г ажилд томилж, хуулийн хүрээнд үүргээ биелүүлсэн.
******* нь 6/04 тоот тушаалаар ажилдаа орох ёстой байтал санаатайгаар төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр жирэмсэн болохоо мэдэгдэж, төрөхийн өмнөх 60 хоногийн эмнэлгийн хуудсыг ирүүлсэн. Энэ нь байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байна гэж үзсэн тул 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн б/06 тоот тушаалаар ажилд томилох тухай 6/04 тоот тушаалыг хүчингүй болгосон юм. Мөн манай газраас б/06 тоот тушаалыг хүчингүй болгосноор *******гийн ажилдаа орж ажиллах нөхцөл бүрдэх хэдий ч жирэмсэний амралт эдэлж эхэлсэнтэй холбоотойгоор хэрэгжих боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх заалтыг зөрчиж, жирэмсэний амралттай байгаа ажилтны амралтыг зогсоож, ажилд томилсон зөрчил үүсэх болно гэж үзсэн. Би байгууллагынхаа эрх ашгийн төлөө б/04 тоот тушаалаа хүчингүй болгоод байгаль орчны байцаагчийн ажлаа тасралтгүй явуулах үүднээс дээрх тушаалыг гаргасан юм.
Тэгэхгүй бол байгаль орчны байцаагчгүй болох гээд байсан. Энэ тушаалыг гаргаснаараа би Хандармааг ажилд авахгүй гэсэн утгыг илэрхийлээгүй. Байгууллагынхаа зүгээс бүх халамж, тэтгэмжийг өгөөд явж байгаа. Ажилд нь эргүүлэн авах нь миний хуулиар хүлээсэн үүрэг учраас би авна. Хэрэв энэ тушаалыг хүчингүй болгуулах гэж байгаа болвол Хандармаа тухайн үед ажилдаа орох байсан.
Байгууллагын эрх ашиг болохоос Хандармаа, Мөнхтулга нарын хувийн алба биш. Миний эрх хэмжээний хувьд ерөнхий газартай, ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээн дээр байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, тасралтгүй явуулах үндсэн үүрэгтэй учраас энэ тушаалыг гаргасан. Хандармаа 2016 оны 04 дүгээр сарын 17-нд хүүхэд асрах чөлөө хүссэн  хүсэлтээ өгсөн боловч өөрийнх нь үүсгэсэн маргаантай холбоотой байдлаас болоод шийдвэр гаргаагүй байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

        Гуравдагч этгээд Э.Ариунтулга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...би Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ажилд орох өргөдлөө өгч 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 29 дугаар тушаалаар ажилд томилогдсон. Ажилд томилогдоод албан үүргээ гүйцэтгэж байтал 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн б/03 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдөх тушаалаа хүлээж аваад ажлаа өгөхөд бэлдэж байтал 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн б/06 тоот тушаал гарснаар өнөөдрийг хүртэл 2016 оны төлөвлөгөөт ажлаа гүйцэтгээд явж байна.
    2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн б/04 тоот тушаалаар *******г ажилд томилох үед жирэмсэн байсан тул намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгосон б/06 тоот тушаалыг хүчингүй болгох нь ач холбогдолгүй, ******* нь жирэмсэний амралттай байгаа тул тухайн хяналтын чиглэлээр ажил тасрах учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь "Өмнөговь аймгийн ******* даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
******* нь Өмнөговь аймгийн ******* даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн б/06 дугаар тушаалыг өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэн Мэргэжлийн Хяналтын ерөнхий газарт 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гомдлоо  гаргасан ба уг гомдолд тус газраас 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 1/707 тоот албан бичгээр  хариуг ирүүлсэн тул тэрээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны хууль/ 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.2-т зааснаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч ******* нь хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаагүй байх үедээ 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ажилдаа эргэн орох хүсэлт өгсөн боловч ажил олгогч нь ажилд эргүүлэн томилохгүй байсаар 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ажилд томилох үед би дахин жирэмсэний амралт авах болсон, намайг ажилд авсан бол би ажил үүргээ гүйцэтгэж байгаад амралтаа авах байсан, жирэмсэн болж төрийн алба тасалдуулсан зүйлгүй, хүүхэд төрүүлсэн хүнийг ажилд авахгүй гэсэн хуулийн заалт байхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.
Хариуцагч ******* нь 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн б/06 дугаар тушаалыг хүчингүй болгосноор Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх заалтыг зөрчиж, жирэмсэний амралттай байгаа ажилтны амралтыг зогсоож, ажилд томилсон зөрчил үүсэх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Төрийн албан хаагч дараахь баталгаагаар хангагдана”, 27.1.11-д “хууль тогтоомжоор тогтоосон бусад баталгаа”, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэл насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно...” гэж тус тус заасны дагуу ******* нь байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн ******* даргын 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр тушаалаар  2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрүүлсэн охин Б.Дөлгөөнийг 3 нас хүртэл хугацаанд асрах чөлөөг авсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна .
******* дээрх чөлөөний хугацаа дуусаагүй байхдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч хүсэлт гаргах эрхийн дагуу ажилдаа орох хүсэлтээ Өмнөговь аймгийн ******* дарга *******д 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гаргасан ба “бага насны хүүхэдтэй тул ажил үүргийн шаардлагаар чөлөөний хугацаа дуустал ажилд эргэн авах боломжгүй” гэсэн хариуг 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 307 тоот албан бичгээр, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дахин хүсэлт гаргахад “хил дээр ажилла” гэсэн хариуг тус тус өгч түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилоогүй байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна .
    Өмнөговь аймгийн ******* дарга нь *******гийн 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн хүсэлтээр түүнийг ажилд аваагүйгээс ******* нь  холбогдох дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд тодруулбал 2015 оны 9 дүгээр сарын 08-нд Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын дарга Ш.Раднаасэдэд, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд тус тус гомдол гаргасан бөгөөд Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3/3146 тоот албан бичгээр “...орон тоо хэвээр хадгалагдаж байгаа, ажил олгогчийн зүгээс тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлж таныг Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчаар үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй”, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3/3931 тоот албан бичгээр “... дарга Д.Мөнхтулгад...*******г ажлын байраар хангах арга хэмжээ авч, хариу мэдэгдэхийг чиглэл болгож байна” гэсэн хариуг тус тус ирүүлсэн байна. Ийнхүү дээд шатны байгууллагаас гарсан удаа дараагийн шийдвэрийн дагуу Өмнөговь  аймгийн ******* дарга нь 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн б/04 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 106 дугаар зүйлийн 106.2, Засгийн газрын 2007 оны 354, 2014 оны 332 дугаар тогтоол, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын даргын 2016 оны б/06 дугаар тушаалыг үндэслэн *******г тус газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчаар 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс томилсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 208 тоот тушаалаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын бүтэц орон тоог шинэчлэн баталсан ба Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн б/06 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар *******д Өмнөговь аймгийн *******  байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн эрхийг олгосон байна.  
Харин 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн б/04 дүгээр тушаалаар ажилд томилох үед ******* нь дараагийн хүүхдээ төрүүлэх жирэмсэний амралт авах хугацаа болж эмнэлгийн хуудсаа ирүүлэхэд Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга  нь 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн б/06 дугаар тушаалаар  өмнөх б/04 дүгээр тушаалыг Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “Агентлагийн дарга нь Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана” гэж заасныг баримтлан “******* нь 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн б/04 дүгээр тушаалаар ажилд томилох үед жирэмсэн болохоо мэдэгдээгүй, 2016 оны 01 дүгээр сарын 10-наас жирэмсэний амралтаа авах байтал жирэмсэний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг ажилд томилсон тушаал гарсаны дараа буюу 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ирүүлж санаатайгаар төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж зөрчил үүсгэсэн” гэх үндэслэлээр хүчингүй болгожээ.
    Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар “******* нь санаатайгаар төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж зөрчил үүсгэсэн” гэх хариуцагчийн тайлбар болон б/06 дугаар тушаалын үндэслэл тогтоогдохгүй, *******гийн ажилдаа эргэн орох хүсэлтийг шийдвэрлэхгүй, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэх томилохгүй хугацаа алдуулсан ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанд “ажилд томилох үед жирэмсэн болохоо мэдэгдээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч *******г буруутгах боломжгүй байна.
    Мөн “*******гийн хүүхэд асрах чөлөөний хугацааг дуусган ажилд томилох тухай” 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн б/04 дүгээр тушаал хүчингүй болсноор *******гийн ажилдаа орох тухай 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хүүхэд асрах чөлөө дуусаагүй боловч эх /эцэг/ хүсвэл түүнийг ажил албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүргээ ажил олгогчийн хувьд биелүүлж ажилд нь томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүй хэвээр үлдэж байна гэж үзлээ. Тиймээс уг хууль бус эс үйлдэхүй нь дээрх хуулийн заалттай нийцээгүйгээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны хууль/ 8 дугаар зүйлийн 8.2-т “Энэ хуулийн 8.1-т заасан захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтан заавал биелүүлнэ”, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албанд дараахь зарчмыг баримтална”, 4.2.6-д “төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах”, 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Төрийн албан хаагч дараахь баталгаагаар хангагдана”, 27.1.11-д “хууль тогтоомжоор тогтоосон бусад баталгаа” гэж тус тус заасныг хариуцагч Өмнөговь аймгийн ******* дарга Д.Мөнхтулгыг зөрчсөн гэж үзлээ.
Өмнөговь аймгийн Мэргэжлийн Хяналтын Газраас *******д 2016 оны 3 дугаар сард түүний дараагийн төрөлт буюу 2016 оны 02 дугаар сарын 19-ны өдөр хүүхэд төрүүлсэн төрөлтөнд жирэмсэний болон амаржсаны  амралтын тэтгэмжийг олгосон, мөн хариуцагч нь шүүх хуралдаанд “...энэ тушаал гаргаснаараа би Хандармааг ажилд авахгүй гэдэг утгыг илэрхийлээгүй, ажилд авна...” гэсэн тайлбар зэргээс *******г Өмнөговь аймгийн Мэргэжлийн Хяналтын Газарт хөдөлмөр эрхэлж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн агуулгатай байна. Гэхдээ дээрх маргаан бүхий захиргааны акт болох б/06 дугаар тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хуульд нийцсэн, тушаалын баримталсан хуулийн заалт нь бодит үндэслэлтэйгээ тохирсон байх байтал дээрх тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т заасан агентлагийн даргын тушаал гаргах эрх хэмжээг зохицуулсан зохицуулалтыг баримталсан байна.
Түүнчлэн *******гийн нэхэмжлэлээр үүсгэсэн захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр Э.Ариунтулгыг шүүгчийн 2016 оны 5 дугаар зүйлийн 27-ны өдрийн 37 дугаар захирамжаар  татан оролцуулсан.
Э.Ариунтулга нь Өмнөговь аймгийн ******* даргын 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 29 дүгээр тушаалаар хүүхэд асрах чөлөөтэй байгаа *******г ажилдаа эргэн ортол хугацаагаар томилогдсон байна.  Тиймээс Э.Ариунтулгыг Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд хэвээр хадгалагдаж байгаа *******гийн ажил, албан тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байсан гэж үзэх тул ******* ажилдаа орсноор Э.Ариунтулгыг ажилд томилсон 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 29 дүгээр тушаалын үйлчлэл дуусгавар болохоор байна.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж үзвэл, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн б/06 дугаар тушаал гарах бодит нөхцөл байдал хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар тогтоогдоогүй, баримталсан хуулийн зүйл хэсэг нь тушаал гаргах үндэслэлийг зохицуулсан хуулийн зүйл, хэсэгтэй нийцээгүй байгаагаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч үүргээ биелүүлээгүй байх тул уг тушаалыг хууль бус гэж үзэх улмаар нэхэмжлэгч *******гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 11 дүгээр зүйл зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.1.11, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Өмнөговь аймгийн ******* даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” б/06 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108 .2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.





ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ОТГОНЦЭЦЭГ