Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 446

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Б.Буянтогтоход холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Мягмаржав, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Уранчимэг,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1073 дугаар Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч улсын яллагч А.Нямсүрэнгийн бичсэн 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 19 дүгээр эсэргүүцлээр эрүүгийн 201625030502 дугаартай Б.Буянтогтоход холбогдох хэргийг 2016 оны 6 дугаар сарын 20ы өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Уран овогт Батзулын Буянтогтох, 1993 оны 3 дугаар сарын 3-нд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Увс аймгийн Давст сумын 2 дугаар баг, Зүүн хөвөөгийн 2-18 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ОВ93030319/;

 

Б.Буянтогтох нь 2016 оны 2 дугаар сарын 21-ний орой 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Соёл урлагийн их сургуулийн дотуур байранд иргэн Т.Санжаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь цохиж хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Буянтогтохын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татах тогтоол үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Буянтогтохын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа үйл баримттай тохирохгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Прокуророос шүүгдэгч Б.Буянтогтохыг 2016 оны 2 дугаар сарын 21-ний орой 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Соёл урлагийн их сургуулийн дотуур байранд иргэн Т.Санжаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь цохиж хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн боловч, шүүх хуралдаанд шүүгдэгчээс “би учраа олох гэж Т.Санжаатай уулзахад урдаас том том дуугараад байхаар нь мөргөсөн” гэж мэдүүлсэн ба чухам яагаад шүүгдэгчийн дээрх үйлдлийг хувийн сэдэлттэй гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл Б.Буянтогтох нь тухайн дотуур байранд амьдардаг Т.Санжааг өөрийн өрөөндөө байхад нь оройн 21 цагийн үед Цэрэнтогтохоор дуудуулж, уулзсан байх бөгөөд энэ үед хохирогч Т.Санжаа нь шүүгдэгчийн эсрэг ямар буруутай үг хэлж, үйлдэл гаргасан эсэх нь тодорхойгүй, хохирогчийн “том том” дуугарсан нь түүнийг зодох шалтгаан мөн эсэх гэх мэт гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр буюу хэрэгт зайлшгүй нотолбол зохих зүйлийг бүрэн шалгаагүй гэж үзэх үндэслэлтэй. Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Б.Буянтогтоход холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Буянтогтоход урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, прокурор уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

 

Прокурор А.Нямсүрэн бичсэн эсэргүүцэлдээ: “...Хавтаст хэрэгт авагдсан бичгийн бүхий л нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөхөд Б.Буянтогтох нь тодорхой сэдэлттэй буюу 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр муудалцаж маргалдсан асуудлаас Т.Санжаатай уулзах гэж тооцон төлөвлөн ирсэн, улмаар хохирогч Санжаатай уулзаад муудалцаж маргалдсан, Т.Санжаа нь Б.Буянтогтохыг цохих гэж гараараа далайсан, заамдсан зэрэг нь ямар ч шалтгаангүй эсвэл ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, урьдаас төлөвлөөгүй, гэнэт үүссэн зэрэг танхайн гэмт хэргийн шинжүүдтэй нийцэхгүй юм.

Хэрэгт авагдсан гэрч Б.Чүлтэмсүрэнгийн “...Санжаа Буянтогтохтой ойрхон зогсоод маргалдаж байгаад Буянтогтох Санжааг цохиход би очоод болиулах гэхэд Б.Хатанбаатар гэх залуу миний араас тэврээд авахад Буянтогтох Санжааг мөргөхөд Санжаа хамраа бариад тонгойход Буянтогтох өшиглөсөн. Буянтогтохтой хэд хоногийн өмнө Санжаа бид 2 маргалдсан. Тэгээд Буянтогтох та хоёртой сургууль дээр чинь очиж дээд курсийн ах нартай чинь хамт уулзана гэж хэлээд явсан. Тэр асуудлаас болж Санжааг зодсон гэж бодож байна...”,

гэрч Г.Цэрэнтогтохын “...2016 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 20 цагийн орчимд Буянтогтох би эртээд танай байранд хүүхэдтэй уулзах гээд ирсэн байхад нэгдүгээр курсийн 2 хүүхэдтэй маргалдсан одоо тэр 2 хүүхэдтэй учраа олмоор байна гэж хэлсэн. Тэгээд бид 2 байрны үүдэнд Б.Хатанбаатартай тааралдаад гадаа юм яриад сууж байхад М.Хатанбаатар бид нар дээр ирсэн. Буянтогтох Санжаа, Чүлтэм хоёртой уулзана гэж хэлээд байр луу орох хэрэгтэй байна гээд байсан учраас би ч битгий хүнтэй маргалдаж зодолд, хэрэггүй шүү зүгээр хэлээрэй гэж хэлэхэд тийм юм байхгүй би найздаа тэгэж гай болохгүй янз бүрийн асуудал үүсгэхгүй хэл амаараа учраа олно гэж хэлээд бид нар орсон. Тэгээд би Санжаа, Чүлтэм хоёрыг дуудаад өрөөнд оруулсан. Санжаа өрөөнд орж ирээд яасан, Тогий ах гэхэд тэр хүн чамтай уулзана гэж хэлээд ирчихлээ гэж хэлэхэд Санжаа Буянтогтохтой уулзаад ах нь ирж уулзана гэж хэлснээрээ ирлээ гэхэд Санжаа сургууль дээр нэг 1 дэх өдөр ирнэ гэсэн яасан бэ гээд тэр 2 маргалдаж байгаад зодолдсон. Хэд хоногийн өмнө маргалдсан асуудлаас болоод маргалдсан. Буянтогтох хэлэхдээ би хүүхдээс юм авах гээд очоод байж байхад гаднаас 2 хүүхэд чанга, чанга орилоод байхаар нь жоохон чимээгүй бай гэж хэлэхэд над руу дайраад бид 3 маргалдаад дараа уулзаж учраа олно гээд салсан гэж хэлсэн...”,

гэрч Б.Хатанбаатарын “...Буянтогтох танай байрны Чүлтэм, Санжаа гэдэг 2 хүүхэд намайг байранд хүүхдийн өрөөнд амарч байхад гаднаас чанга яриад орж ирэхээр нь би ахын дүү нар жоохон чимээгээ намдчих би ядраад байна энэ хүүхэдтэй уулзаад явлаа гэхэд чи хэн юм гэж хэлээд бид нар маргалдаад байж байхад хүмүүс салгахад би Санжаа, Чүлтэм хоёрыг согтуу байсан учраас 1 дэх өдөр сургууль дээр чинь уулзъя гэж хэлээд явсан учраас одоо уулзах гэж ирлээ гэж хэлсэн. Тэгээд Буянтогтох, Хатанбаатар, бид 4 байр луу ороод Цэрэнтогтохын өрөөнд байж байхад Цэрэнтогтох Санжаа, Чүлтэм хоёрыг дагуулж орж ирсэн. Санжаа, Чүлтэм хоёрыг өрөөнд орж ирэнгүүт Буянтогтох би дээр болсон асуудлаас болж та хоёртой уулзах гэж ирлээ гэж хэлэхэд Санжаа маргааш сургууль дээр ирж уулз гэж хэлэхэд Буянтогтох ахын дүү их омголон ууртай байна, би бас чам шиг ийм омголон байж үзсэн гэж хэлээд тэр 2 маргалдаад байсан. Маргалдаж байхдаа Санжаа Буянтогтохын урдаас далайж байсан. Тэгээд тэр 2 маргалдаж байгаад Санжаа, Буянтогтохын хоолойноос заамдаж байгаад түлхэхэд Чүлтэм тэр 2 луу ойртох гэхэд би Чүлтэмийн баруун гарын булчин хэсгээс зүүн гараараа татаад болиулахад Санжаа, Буянтогтох 2 маргалдаад нүүрээрээ тулаад байж байхад Буянтогтох Санжаагийн нүүр лүү мөргөх шиг болоод Санжаа нүүрээ бариад тонгойход Буянтогтох нүүр лүү нь нэг удаа өшиглөхөд Чүлтэм бид хоёр очоод салгасан. Буянтогтох Санжаагийн нүүр лүү нэг удаа толгойгоороо мөргөж нэг удаа нүүр лүү нь хөлөөрөө өшиглөсөн, Санжаа Буянтогтох руу гараа далайгаад зангаад, заамдаад түлхсэн харин Буянтогтохыг цохиогүй. Буянтогтох байрны гадаа байхдаа надад хэлэхдээ Би Санжаа, Чүлтэм хоёртой уулзаж хэл амаа олохоор ирлээ, өнөөдөр хүнтэй зодолдохгүй гэж хэлээд Санжаа, Чүлтэм хоёртой уулзсан. Тэгтэл Санжаа, Чүлтэм 2 өрөөнд орж ирэхдээ ууртай орж ирсэн. Буянтогтохыг юм ярихаар өөдөөс нь хэдэрлээд байсан. Санжаа, Буянтогтох 2 маргалдаж байгаад цохисон. Санжаа, Чүлтэм хоёр Буянтогтох руу дайрах гээд байсан учраас Чүлтэмийг холдуулах юм бол зодоон болохгүй байх гэж бодоод Чүлтэмийн баруун гарнаас татаад болиулсан...”,

гэрч М.Хатанбаатарын “...Тэгээд бид нар гадаа зогсож байхад Буянтогтох гэх хүүхэд Цэрэнтогтох, Хатанбаатар хоёрт байр луу орох хэрэг байна гэж хэлээд хамт орсон. Бид нар Цэрэнтогтохын байранд ороод сууж байхад Цэрэнтогтох манай байрны Санжаа, Чүлтэм хоёрыг дагуулаад ороод ирсэн. Тэр 2 орж ирэнгүүт Буянтогтох очоод дүү нартай дээр болсон асуудлын талаар ярих гэж ирлээ гэж хэлэхэд Санжаа одоо яах гээд байгаан дараа сургууль дээр уулзъя гэж хэлээд Буянтогтох тэр 2 маргалдаад байсан. Тэгээд маргалдаж байхдаа Буянтогтох чи одоо намайг цохимоор байна уу гэж хэлэхэд Санжаа гараа далайж байгаад би чамайг цохиж гараа бузарлахгүй гэж хэлээд буулгасан. Буянтогтох, Санжаа хоёр маргалдаж байгаад Санжаа Буянтогтохыг заамдаад түлхэхэд Буянтогтох Санжаагийн нүүр лүү мөргөхөд Цэрэнтогтох, Хатанбаатар, Чүлтэм гурав очоод тэврээд холдуулж байхад Санжаа хамраа бариад тонгойсон байхад Буянтогтох нүүр лүү нь хөлөөрөө өшиглөсөн. Санжаа, Буянтогтох, Чүлтэм 3-ын хэд хоногийн өмнө болсон асуудлаас болоод маргалдаад зодолдсон...” гэх мэдүүлгүүдээр гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр бүрэн нотлогдон тогтоогдсон байхад хэрэгт зайлшгүй нотолбол зохих зүйлийг бүрэн шалгаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар “...шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана...” гэсний дагуу хэргийг шийдвэрлэлгүйгээр зөвхөн шүүгдэгчээс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өгсөн “урдаас том, том дуугараад байхаар нь мөргөсөн” гэх мэдүүлэгт үндэслэн хэргийг буцааж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1073 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр улсын яллагч эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

 

Прокурор Б.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “...Мөрдөн байцаалтын шатанд цугларсан гэрч нарын мэдүүлгээр 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн маргаанаас үүдэлтэйгээр 2016 оны 2 дугаар сарын 21-ний өдөр зодоон болсныг тогтоосон. Мөн уг гэмт хэргийг танхайрах гэмт хэрэг биш гэж зүйлчилсэн үндэслэл нь 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр муудалцаж маргалдсаны улмаас 2016 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Т.Санжаатай очиж уулзахаар төлөвлөсөн. Уг үйлдлийн улмаас Т.Санжаатай муудалцаж, түүний үйлдлийн улмаас биед нь хөнгөн гэмтэл учруулсан. Эдгээр шинжүүдээр танхайн гэмт хэргээс ялгагдаж байгаа учраас бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж хэргийг зүйлчилсэн. Шаардлагатай гэж үзвэл гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулж, хэргийг хянан хэлэлцэх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Б.Буянтогтоход холбогдох хэрэгт нотолбол зохих зүйлүүдийг мөрдөн байцаалтад бүрэн шалгасан байх ба нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “...шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана...” гэж зааснаар хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Б.Буянтогтоход холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1073 дугаар Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Буянтогтоход холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

            2. Хэрэг шүүхэд очтол Б.Буянтогтоход урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

            3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

                        ШҮҮГЧИД                                                       Д.МЯГМАРЖАВ

 

                                                                                                Д.ОЧМАНДАХ